Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 255

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: С.Д

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын харьяа Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 сарын 18-ны өдрийн 720 тоот тушаалыг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Угдайн дунд ус гэх газарт алтны олборлолт эрхэлж буй Ш СХХК-д олгосон 15170А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Ш СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Дшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие р овогт Д нь Баянхонгор аймгийн Бр сумын 2-р багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг ба гэр бүлийн хамт 2013 оноос хойш Б сумын 2-р багт "Угдайн дунд ус" гэх газар хаваржиж, өвөлд нь уг хаваржаанаас 1 км орчим зайд байрлах "Дэнжийн хөндөл" гэх газар хадам аавынхтайгаа хамт нутагладаг. Харин миний эхнэр Б нь тус нутагт бага байхаасаа нутаглаж, тус хаваржаа, өвөлжөөнд бага насаа үдсэн бөгөөд 2006 оноос хойш мал маллан өвөлжиж, хаваржиж амьдарч байгаад улмаар надтай гэрлэж албан ёсоор 2013 оноос хойш айл гэр болон нутаглах болсон.

Миний хадам аав ЦАч гэсэн "Угдайн дунд ус" болон "Дэнжийн хөндөл" гэх газруудад эрт дээр үеэсээ нутаглаж, өвөлжиж хаваржиж ирсэн ба миний бие нь 2013 онд тэдний хүргэн болж "Угдайн дунд ус" гэх газарт нутаглаж ирсэн юм. Бид энэ газарт нутаглах болсноос хойш өвөг дээдсээс уламжилж ирсэн "Угдайн дунд ус" гэх хаваржааны газрыг эзэмших хүсэлт гаргаж, иргэдийн нийтийн хурлаар оруулж шийдвэрлүүлсэн боловч надад гэрчилгээ олгохгүй байсаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус "Угдайн дунд ус" гэх хаваржааг эзэмшихээр 000636385 тоот гэрчилгээг авсан. Манайхыг тухайн газар нутаглаж байхад ганц, нэг хүн ирчихсэн судалгаа хийж байгаа гээд явж байдаг байсан.

Гэтэл 2016 оны 05 сард манайхыг зусланд гарсан хойгуур үл мэдэх уул уурхайн компани ирээд газар ухаад, манай хаваржааны дэргэдэх худгийг дарж 00 ухчихсан байсан. Би тухайн үед хадам аавтайгаа очиж уулзахад, бид нар хамгаалагч нар нь байгаа юм, өөр мэдэх зүйл байхгүй гэж хэлсэн. Харин хэсэг хугацааны дараагаас буюу 2016 оны 08 сарын дундуур очиж үзэхэд, манай гэрийн буйр дээр гэрүүд барьсан, мал хэвтдэг хотонд маань усан буу байрлуулах гэж байна гээд, техник хэрэгсэлээ авчирчихсан, далан, сан байгуулсан байсан. 

Би мөн ямар учиртай компани гэдгийг нь сайн ойлгоогүй, надад мэдээлэл ч өгөхгүй байхаар нь сумын удирдлагуудаас асууж хөөцөлдөж байгаад 2016 оны 08 сарын 29-нд тусгай зөвшөөрлийг нь олж хартал Ш СХХК гэх нэртэй, улсын бүртгэлийн 9019037119 дугаартай, 15170А ашиглалтын тусгай зөвшөөрөлийн хуулга олж харсан.

Тэгээд энэ асуудлыг зөвшөөрөөгүй тухайн компани миний тухайн газарт газар ашиглах зөвшөөрөлтэй байгаа гэснийг үл тоож үйл ажиллагаагаа явуулах гэсээр байсан тул би тухайн компаний үйл ажиллагааг хүчингүй болгох тухай гомдлыг тухайн тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын удирдах газар болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт 2016 оны 9 сарын эхээр явуулсан. Удаагүй 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргахад, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй, харин өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой талаар дурьдсан хариуг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр надад хариу ирүүлэхдээ "ЦАХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн юм.

Би залуу хүн. Гэр бүлийн хувьд хадам аавынхаа нутагладаг байсан хаваржааг уламжлан авч, мал ахуйгаа маллан амьдарч байсан хаваржаагаа уул уурхайн компанид булаалгаж, хаваржаагүй, бэлчээргүй, амьдрах орчингүй болох эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгарч, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох зэрэг эрхүүдээ зөрчүүлж нутаглах,хаваржих хаваржаагүй, мал бэлчээрлүүлэх газаргүй болж байгаад гомдолтой байна. Бас Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-д зааснаар уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх гэж заасан байхад, тус нутагт оршин суугч биднээс ямар ч зөвшөөрөл авахгүйгээр хаваржааны газар дээр маань уурхайн үйл ажиллагаа эрхэлж байна. Манай улсад нүүдлийн тэр дундаа малчин хүний амьдрал ахуйгаас үүдэлтэй олон зуун жилийн соёл иргэншил, тухайн нутагт идээшиж дассан мал ахуй, хүн ард нь тэр нутгийн эзэн байх уламжлал өвлөгдөн ирсэн.

Миний хувьд энэ нутагт мал маллан уламжлалт мал ахуй, түүнийг хөгжүүлэх үйлсэд өөрийн хөдөлмөр, авьяас чадвараа зарцуулахаар хүчин зүтгэж амьдарч байхад надаас асуухгүйгээр, тус нутгийн малчин иргэдээс асуухгүйгээр малаа бэлчээрлүүлдэг газрыг нь, өвөлжөө, хаваржааг нь хамруулан хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгодог, түүнээс болоод ашигт малтмал ашиглагч компани хийгээд, тус нутагт оршин суугаа иргэдийн хооронд зөрчил гардаг. Үүнээс болж эрх ашиг, сонирхол нь зөрчигддөг, малаа бэлчээх газаргүй болдог, өвөлжөөлж, хаваржаалах газаргүй болдог байдал маш их байна. Надад ч гэсэн энэ нөхцөл байдал тулгараад арга буюу шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс "ЦАХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо тус Бөмбөгөр сумын малчин иргэдээс нэг ч удаа асуугаагүй, энэ газарт хэдэн айл, хэдэн малчин байнга оршин суудаг тэдгээр нь тус газарт газар эзэмших эрхтэй эсэх, тухайн газарт ямар нэгэн хөрөнгө эзэмшдэг эсэхийг нарийвчлан тодруулалж асуулгүйгээр 2009 оны 09 сарын 18-ны өдрийн 720 тоот тушаалаар "ЦАХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь тус газарт оршин суудаг малчид төдийгүй миний дараахь эрхүүдийг зөрчсөн.

1. Үндсэн хуульд зааснаар миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас би тус бүс нутагт амьдрах малаа бэлчээх аргагүй болж, уурхайн үйл ажиллагааны үр нөлөөгөөр тус газарт байсан худаг дарагдаж, энэ газарт байсан ургамал ус алга болох, бэлчээр нутаг ус сүйтгэгдэх гол нөхцөл үүсч байна.

2. Миний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг зөрчсөн. Учир нь уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газар нь манай хаваржаа бөгөөд тус газарт бид малаа төллүүлэн, малаа бэлчээдэг газар байсан. Мөн тус газар нь манай үе уламжлан нутаглаж байсан газар бөгөөд энэ газарт нутаглаж байсан учраас удаа дараа хүсэлт өгч байж хаваржааны газартай болсон боловч одоо хаваржих ямар ч боломжгүй болж миний газар эзэмших эрхийг зөрчсөн.

3. Миний түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхийг зөрчсөн. Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2-р багт оршин суухаар төлөвлөж, тус багийн одоо "ЦАХХК-ны уурхайн үйл ажиллагаа явуулаад байгаа газарт оршин сууж "Угдайн дунд ус" гэх хаваржаа, өвөлжөөгөө тус газарт сонгосон боловч уул уурхайн үйл ажиллагааны улмаас тус нутагт хаваржиж чадахгүйд хүрээд байна. Тус компанид тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл олгосон газарт хэдэн хүмүүс оршин сууж байгаа, тэдгээрийн ямар эрх, ашиг зөрчигдөж байгаа талаар урьдчилан асуулгүйгээр хүчээр энэ тусгай зөвшөөрлийг олгосноос болж миний эрх зөрчигдөөд байна.

Аливаа тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн нутгийн иргэдээс нь урьдчилан асууж, тэдгээрт ямар хохирол учрах, тэдгээрийг хэрхэн яаж төлөх талаар тохиролцолгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосонд гомдолтой байна. 

Иймд Ашигт малтмалын газрын харьяа Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 сарын 18-ны өдрийн 720 тоот тушаалыг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Угдайн дунд ус гэх газарт алтны олборлолт эрхэлж буй Ш СХХК-д олгосон 15170А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож бидний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж өгнө үү гэжээ” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Ихэр худаг нэртэй 1686 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 10865Х тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Ш СХХК эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу Ш СХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд буюу 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйл, Байгаль орчин аялал жуучлалын яамны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/684 тоот байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийсэн тухай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 7/625 тоот ашиглалтын үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй тухай тодорхойлолтыг тус тус үндэслэж Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-015170 тоот тусгай зөвшөөрлийг Ш СХХК-д олгосон. 

Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж заасны дагуу эрх бүхий компаниар шав тэмдэг суулгасан ажлын тайланг хийлгэж төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулах үүргээ биелүүлсэн байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар ... хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг зөрчсөн, тусгай зөвшөөрлийг олгохдоо тус газар оршин суугаа иргэд, орон нутгийн удирдлагын саналыг авахгүйгээр хүчээр олгосон тухай дурджээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 402 дугаар зүйлд соёлын өвийг хамгаалах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч үүрэг хүлээдэг бөгөөд 402.1.1, 402.1.2-д ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн, соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж хуульд заасан журмын дагуу соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэх ба тухай үед холбогдох байгууллагаар хадгалуулахаар шилжүүлэх үүргийг хүлээнэ”, түүнчлэн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр, бусад барилга байгууламж болон түүх соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг өмчлөгч эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн үйлдвэрлэлийн явцад нэхэмжлэгчийн өвөлжөө болон хаваржаа зэрэг бусад эд зүйлсэд гэм хор учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн төлөх хуулийн зохицуулалттай болно. Маргаан бүхий тусгай зөвшөөрлийг олгохдоо байгаль орчны ерөнхий үнэлгээ, сумын Засаг даргын тодорхойлолтуудыг авч ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан процессын дагуу явсан. Нэхэмжлэгч талаас байгаль орчны нарийвчилсан үнэлгээний асуудлыг хөндөж эхэлж байна. Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилдэг байгууллага юм. Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ иргэд аж ахуйн нэгж байгууллагаас хуульд заагаагүй баримтыг шаардах эрхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь хэсэгт өргөдөл гаргахад тавигдах шаардлага байдаг. Үүнд: Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг байгаль орчин аялал жуучлалын яам 2008 онд хийлгэж байсан. Нэхэмжлэгчийг тухайн газарт амьдарч эхлээгүй байхад Ш СХХК нь тусгай зөвшөөрлийг авч төлбөр тооцоог төлсөн. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргаас Ш СХХК-ийг ашиглалтын үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн. Харин энэ компани нь цаашид байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэх ёстой гэсэн. Гэхдээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах материалд нарийвчилсан үнэлгээ хамаардаггүй. Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж гарсан захиргааны акт нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгчийн яг ямар эрх ашиг нь хөндөгдсөн бэ гэдэг нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, Ашигт малтмал, газрын тосны газарт нэхэмжлэгчийн гаргаж байсан өргөдлөөс 2013 оноос Угдайн дунд ус гэдэг газарт нутаглах болсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргаас 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 43 тоот Газрын даамалд гэсэн албан бичгээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Угдайн дунд ус гэдэг газарт тусгай зөвшөөрлийг эзэмшиж одоог хүртэл үргэлжилж байна. Нэхэмжлэгч нь тухайн газар 2010 оноос хойш тухайн газарт амьдардаг байсан гэдэг нь үндэслэлгүй. 2013 онд тус газарт амьдардаг айлд хүргэн болж ирээд амьдарч эхэлсэн юм байна. Ш СХХК-д олгосон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2009 оны захиргааны акт юм. Захиргааны акт дундаа эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. 2005, 2009 онд нэхэмжлэгч нь тухайн газар амьдарч байгаагүй. Энэ захиргааны актыг гаргахад тэнд амьдарч байгаагүй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудал яригдах ёсгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын тодорхойлолт, 2008 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, 2016 оны ордыг ашигласан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу мэдээллийг хэрэгт хавсаргасан. Үүнийг тус аймгийн Байгаль, орчин аялал жуучлалын мэргэжилтэн н.Ганбаатар 2016 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын ажлыг хэрхэн гүйцэтгэсэн талаар дүгнэлт гаргаж, баталсан. Гуравдагч этгээдийн зүгээс уурхайн ашиглалтыг хүлээлцэх акт, ус ашиглах гэрээг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Төрийн өмчит үйлдвэрлэлийн газраас ус ашиглах асуудлаар гуравдагч этгээдийн зүгээс дүгнэлт гаргуулсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших шороо, ордыг ашиглах төлөвлөгөөний дагуу байгаль орчин, менежментийн биелэлтийг батлуулсан. Мөн ус угаах, ил аргаар ашиглах үндэслэлээ шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр үйл баримтаар 2016 оныг хүртэл Ш СХХК хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, байгаль орчинд хохирол учруулсан ямар нэгэн үр дагавар учруулаагүй гэдэг нь хангалттай тогтоогдоно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож тайлбарласан Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Энэ захиргааны акт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчсөн. Тэгэхээр 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших эрх олгох тухай захирамж гарахад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл дээрх захиргааны акт нь сөрөг нөлөөлөл бүхий акт. Энэ захиргааны акт гарснаар гуравдагч этгээд Ш СХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөх учраас Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж болох этгээдэд актыг мэдэгдэх ёстой байсан. Дараа нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулчихаад энэ актад үндэслэж би газар эзэмших эрхтэй болсон, газар эзэмших эрхээ эдлэх гэхээр энэ байгууллагын эзэмшиж байгаа газар надад саад болж байна. Тиймээс тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэж гуравдагч этгээдийн зүгээс ойлгож байна. 

Нэхэмжлэгч нь Ш СХХК-иас 150 гаруй сая төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн уул уурхайг эзэмшиж ашиглаж байгаа хуулийн этгээд байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй байх, нөхөн сэргээх ажиллагааг хийх, үүний дагуу мөнгөн хөрөнгийг байршуулж байх үүргээ биелүүлэх ёстой. Гуравдагч этгээдийн зүгээс дээрх үүргээ биелүүлсэн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Монгол Улсын иргэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тухайн захиргааны актыг гаргах үед нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж хөндөгдсөн бэ гэх асуудал хамгийн чухал. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч,  хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын харьяа Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 сарын 18-ны өдрийн 720 тоот тушаалыг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Угдайн дунд ус гэх газарт алтны олборлолт эрхэлж буй Ш СХХК-д олгосон 15170А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг тус тус зөрчиж байна. Хөдөө орон нутагт мал маллаж амьдарч байгаа хүн аль ч зүг рүү малаа бэлчээрлүүлж тухайн газрын ашигт шим чанарыг ашигладаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь дээрх нөхцөл байдлуудыг судалж үзэхгүйгээр байгалийн орчны нарийвчилсан үнэлгээг гараагүй байхад Ш СХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байгаа нь С.Дийн эрхийг зөрчих хангалттай үндэслэл болсон” гэж маргажээ.  

Гуравдагч этгээд Шинэсансар ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ихэр худаг нэртэй газарт орших 1686 гектар талбайг 10865Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаад Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасаны дагуу өргөдөл гаргаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 15170А дугаартай тусгай зөвшөөрлийг Шинэсансар ХХК-д олгосон байна. 

Хариуцагчаас дээрх тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичиг болох Шинэсансар ХХК-ийн баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл,  хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/684 дүгээр албан бичиг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 7-625 дугаар албан бичиг болон бусад шаардлагатай баримт бичиг зэргийг үндэслэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.   

Нэхэмжлэгч С.Днь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт Угдайн дунд ус нэртэй газарт гэр бүлийн хамт 2013 оноос эхлэн амьдарч байгаа болох нь нэхэмжлэл болон сумын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Угдайн дунд ус нэртэй газарт 700 мкв газар эзэмшсэн байх боловч уг газар нь мэдээллийн санд ороогүй, цаг хугацааны хувьд Шинэсансар ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хойш олгогдсон байх тул үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гараагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон гэж маргаж байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд нарийвчилсан үнэлгээг өргөдөлдөө хавсаргах талаар заагаагүй, зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байхыг шаардсан байх бөгөөд Ашигт малтмалын газар нь нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн талаар хяналт тавих үүрэггүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.1.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих гэж зааснаас үзэхэд тухайн орон нутгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хяналт тавих чиг үүрэгтэй байна.

Түүнчлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авах талаар хуульд тусгайлан заагаагүй тул хариуцагчийг “тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн нутгийн иргэдээс нь урьдчилан асууж, тэдгээрт ямар хохирол учрах, тэдгээрийг хэрхэн яаж төлөх талаар тохиролцолгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон” гэж буруутгах үндэслэлгүй байна.

Үүнээс дүгнэхэд хариуцагч нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 сарын 18-ны өдрийн 720 тоот тушаалаар Шинэсансар ХХК-д 15170А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын хуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу ажиллагаа явуулж, дээрх шийдвэрийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С. вийн “Ашигт малтмалын газрын харьяа Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 сарын 18-ны өдрийн 720 тоот тушаалыг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Бө сумын Угдайн дунд ус гэх газарт алтны олборлолт эрхэлж буй Шр ХХК-д олгосон 15170А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ