| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00433/И |
| Дугаар | 523 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 523
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй Б.Ууганчимэгт холбогдох “2.067.660 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ууганчимэг нь “Style” худалдааны төвийн гоо сайхны тасагт борлуулагчаар 2011 оны 10 дугаар сарын 05-наас 2012 оны 03 дугаар сарын 05 хүртэл 5 сар ажилласан. Энэ хугацаанд 1.231.260 төгрөгний мөнгийг хувьдаа хэрэглэж дутагдал гаргаж, мөн хүнд өгсөн зээл нь 528.600 төгрөг бусад тасгуудаас авсан барааны зээл 307.800 төгрөг нийт 2.067.660 төгрөгний хохирол манай дэлгүүрт учруулаад өгнө, төлнө гэсээр өдрийг хүрлээ. Иймд шүүхийн байгууллагад хандаж байна. Б.Ууганчимэгээс 2.067.660 төгрөгийг гаргуулж хохирогүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 3 дугаар хэсгийн 069 тоотод оршин суух хаягтай Б.Ууганчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баттөмөр овогтой Ууганчимэг миний бие нь 2011 оны 10 дугаар сарын 05-наас 2012 оны 03 дугаар сарын 05-н хүртэл Style худалдааны төвд ажиллахдаа 2.067.660 төгрөгийн дутагдал гаргасан нь үнэн болно. Энэ гаргасан дутагдалаа 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сарун хугацаанд барагдуулж дуусгана. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Одончимэг нь хариуцагч Б.Ууганчимэгээс “2.067.660 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.033 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24.016 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 24.016 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй Б.Ууганчимэгт холбогдох “2.067.660 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 48.033 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 24.016 төгрөгийг, үлдэх 24.016 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ