| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00436/И |
| Дугаар | 509 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 509
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй Б.Отгонцэцэгт холбогдох “924.950 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Отгонцэцэг нь “Style” худалдааны төвд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр борлуулагчаар ажилд орж, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа бараа материалаас дутагдал гаргаж, мөн бусад тасгуудаас бараа зээлээр авсан, таньдаг хүмүүстээ зээл өгч мөнгийг нь өөрөө авч хэрэглэсэн гэх мэт зөрчил гаргаж өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан.
Б.Отгонцэцэг нь нийт 924.950 төгрөгний хохирол учруулж одоо болтол төлнө, барагдуулна битгий шүүхэд хандаач гэсээр өдийг хүрсэн. Иймд Б.Отгонцэцэгээс 924.950 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг, Ар нуга 2 дугаар хэсгийн 57 тоотод оршин суух хаягтай Б.Отгонцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Style худалдааны төвөөс нэхэмжилж байгаа 860.150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс 634.650 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 3-наас эхлэн 4 дүгээр сард хуваагаад төлж харин үлдэгдэл 225.500 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 30-ны дотор багтаан төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Одончимэг нь хариуцагч Б.Отгонцэцэгээс “924.950 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Одончимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 924.950 төгрөгний 64.800 төгрөгнөөс татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.749 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13.374 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 13.374 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй Б.Отгонцэцэгт холбогдох “860.150 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26.749 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 13.374 төгрөгийг, үлдэх 13.374 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ