Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 833

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.М т холбогдох эрүүгийн 1906 020002 0834 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Говь Алтай аймгийн  суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн   хоолны газар тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Г.М .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 3 дугаар хэсэг гудамжинд эхнэр Э.Сайнзаяаг бусадтай хардсаны улмаас зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Сайнзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-5-12/, гэрч Д.Сүнжидмаагийн өгсөн мэдүүлэг /хх-45-46/, гэрч Э.Урантунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-48/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /хх-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3789  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-53-57/, хохирогчийн бэртэж гэмтсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31/, хохирлын баримтууд /хх-61-76/, Г.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-42/, шүүгдэгч Г.М ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа, хувийн байдлын тухай баримтууд /хх-22, 34/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 3 дугаар хэсэг гудамжинд эхнэр Э.Сайнзаяаг бусадтай хардсаны улмаас зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Сайнзаяагийн өгсөн: “..2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би ажлын хүмүүстэй Баянгол дүүрэгт караокед сууж байгаад орой 22 цаг 10 минутын үед гараад такси барьж Улиастайн хуучин эцэст байдаг “Болор” дэлгүүрийн үүдэнд буусан. Гудамж руу ороод явж байсан урдаас манай нөхөр Г.М  гүйж ирээд “хэнтэй ирж байгаа юм, хэнтэй ирж байгаа юм юун машинаас буугаад, тэр машин чинь зугтаачихаж байгаа юм” гээд нүүр рүү нэлээн хэдэн удаа гараараа болон хөлөөрөө өшиглөж цохисон. Тэгээд би нүүрээ дараад хэвтсэн чинь үснээс чирээд тэгээд гараа нүүрнээсээ ав гээд байхаар нь авахад том чулуу барьсан зогсож байсан. Тэгсэн манай нөхөр “цагдаа ирлээ, бос” гээд “эсвэл би цагдаад баригдаад явах уу” гэхлээр нь би “за тэгвэл миний тайлбарыг сонсоорой” гээд би босоод дагаад арын гудамж руу орсон. Аавын гэр рүү ороход манай нөхөр тоос сорогчны хог хийдэг шилэн саваар миний гэдэс руу нэг удаа цохисон. 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс ажилдаа орсон. Тэр үеэс байнга харддаг, хэрүүл маргаан хийж зоддог болсон. 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр намайг оройтож ирлээ гэх шалтгаанаар зодож хамар хугалж байсан. Тэр үед цагдаад хандаагүй, ер нь өмнө нь зодуулж, цагдаад хандаж байгаагүй.” /хх-5-12/ гэх мэдүүлэг,

Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Нөхөр болох Г.М  нь эмчилгээний төлбөрийг төлсөн. Нөхөр болох Г.М т гомдол санал байхгүй.” /хх-80/ гэх хүсэлт,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3789 дугаартай дүгнэлтэд:

1. Э.Сайнзаяагийн биед эрүү ясны баруун талын зөрөөгүй далд, хамар ясны далд хугарал, нүүрний тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуу, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөр, зүүн тохой, баруун бугалганд цус хуралт, баруун шанааны арьсан доорх цусан хураа, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-18/ гэх дүгнэлт,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ын яллагдагчаар өгсөн: “...Одоо эхнэр бид хоёр харилцаа бол сайн байгаа утсаар байнга ярьж гурван ч удаа уулзсан. Би ч уучлалт гуйж өөрийн хийсэн хэрэгтээ их харамсаж байгаа талаар хэлсэн. Цаашид би эхнэр, хүүхдээ халамжлан дахин өөрийн хийсэн алдааг дахин гаргахгүй амьдарч чадна.” /хх-41-42/ гэх мэдүүлэг,  

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-53-57/,

Хохирогчийн бэртэж гэмтсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31/,

Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн авсан өвчтөний түүх /хх-17/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-61-76/,

  Шүүгдэгч Г.М ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-22/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

         Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

         Иймд шүүгдэгч Г.М ын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 3 дугаар хэсэг гудамжинд эхнэр Э.Сайнзаяаг бусадтай хардсаны улмаас зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэм бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсаныг ойлгоно.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Э.Сайнзаяа нь шүүгдэгч Г.М т гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох бөгөөд үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

            Шүүхээс шүүгдэгч Г.М т ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д оногдуулсан зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.М  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                                                                                                                        

           2. Г.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Г.М  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.М  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС