Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 510

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй А.Оргилбулагт холбогдох “185.630 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын  08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч Оргилбулаг нь байрны хөлсөө 2015 оны 01-12 сар, 2016 оны 01-07 сар хүртэл нийт 19 сар төлөхгүй сууц эзэмшигчдийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 185.630 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсгийн 1-60-03 тоотод оршин суух хаягтай А.Оргилбулаг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Оргилбулаг миний бие Ганзам СӨХ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 177.540 төгрөгнөөс 87.540 төгрөгийг тушаасан. Үлдэгдэл 90.000 төгрөгийг 10, 11, 12 саруудад хувааж  төлж барагдуулна гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэг нь хариуцагч А.Оргилбулагаас “185.630 гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Оргилбулаг нь 87.540 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч нь 8.090 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг тус тус дурьдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.699 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3.349 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 3.349 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.                                                                                                                    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар Ганзам Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй А.Оргилбулагт холбогдох “90.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6.699 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 3.349 төгрөгийг, үлдэх 3.349 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ