Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа  хөтлөн,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Э.Анхбаяр, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 09-нд Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сум 3 дугаар баг 2-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: ИЙ90040916/, Алаач овогт Эрдэнэ-Очирын Анхбаярт холбогдох 1905012880361 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдон хэргийн талаар  яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Анхбаяр 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэсо нэртэй караоке дотор иргэн Ц.Ариунболдын Самсунг Жи-7 загварын 277.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж бодит байдлыг нуух замаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Ариунболд мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгаас автобусаар ирээд хажууд сууж байсан хүн надтай Анхаа гэдэг нэрээр танилцаад цуг Улаанбаатарт ирсэн. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг 30 минутад танилцсан Анхаа гэдэг залуу 95117239 дугаараас залгаад “ахтайгаа уулзъя” гэж хэлэхээр нь би тухайн Анхаатай зүүн 4 замын тэнд уулзаад “ахтайгаа нэг газар орж дуулъя” гээд хорооллын эцэст байдаг Тэс нэртэй нийтийн караокед ороод бид хоёр 100 гр экс нэртэй архи авч уугаад Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво уугаад дуулж байхад “миний утас цэнэггүй болчихлоо таны гар утсаар яръя” гэж хэлээд миний Самсунг Жи-7 маркийн гар утсыг аваад гадаа гарч яриад ирье гэж хэлээд тэр чигээрээ залилаад аваад явсан. Самсунг жи 7 маркийн цагаан өнгөтэй 352205080052854, 352206080052852 гэсэн сериал дугаартай дотор нь 95116851, 89700978 гэсэн дугаар байсан. Гадуураа хар өнгийн кестэй байсан, сэв зураас байхгүй. 2016 онд мобикомын төвөөс 650000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 500000 төгрөгөөр үнэлнэ. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Samsung J7 маркийн гар утас 277.000 төгрөгөөр үнэлэгдсэн” /хх-ийн 14/

 

Яллагдагчаар Э.Анхбаяр мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед барилга дээр ажиллаж байгаад ажлаасаа тараад гарсан. Тэгээд урд өдөр нь Өвөрхангай аймгаас 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хамт автобусаар ирсэн Ариунболд гэдэг ах намайг утсаар залгаад амралтынхаа өдрөөр залгаарай ах нь хоёр гурван өдөр амарч байгаа гэж хэлж байсан. Тэгээд Ариунболд ах руу залгаад бид хоёр зүүн 4 зам дээр уулзаад Хархорин захын энд Есүлэн нэртэй пабад орсон. Тэгээд Ариунболд ах бид хоёр 0,75 гр архи нэг шилийг аваад хувааж ууж байгаад хорооллын эцсийн тэнд нэг караокед бид хоёр явж орсон. Тэнд бид хоёр ороод 100, 100 гр архи аваад 1,1 шил пиво аваад уугаад суусан. Тэгээд би тэнд сууж байгаад юу болсон талаар бол огт санахгүй байгаа. Би нэг мэдсэн чинь гэртээ маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байх үед сэрсэн. Тэгээд би гэртээ байж байх үед над руу Ариунболд ах залгаад ахынхаа утсыг аваад гарсан яасан бэ гэж хэлсэн. Тэгээд би Ариунболд ахад ямар утас байсан юм, надад ямар ч утас байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би одоо авч гараад хаячихсан юм шиг байна танд төлөөд өгье гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр өдрөө Ариунболдтой уулзаж чадаагүй. Над руу утсаар залгаад байхаар нь аваагүй юм. Би гар утсыг нь  авснаа хүлээн зөвшөөрч байна, Ариунболдод хохирлыг нь төлж барагдуулсан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Э.Анхбаяр 277.000 төгрөг мөрдөгчид хүлээлгэн өгч, мөрдөгч 277.000 төгрөгийг Ц.Ариунболдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл“ /хх-ийн 37-38/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Э.Анхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Анхбаяр нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэсо” караоке дотор иргэн Ц.Ариунболдын Самсунг Жи-7 загварын 277000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Ариунболдын”... миний утас цэнэггүй болчихлоо таны гар утсаар яръя гэж хэлээд миний Самсунг Жи-7 маркийн гар утсыг аваад гадаа гарч яриад ирье гэж хэлээд тэр чигээрээ залилаад аваад явсан...” /хх-ийн 8/ гэх мэдүүлэг болон хохирол төлсөн баримт /хх-ийн 37-38/,  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.Анхбаярын“...би одоо авч гараад хаячихсан юм шиг байна танд төлөөд өгье гэж хэлээд утсаа тасалсан...Би гар утсыг нь  авсанаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 25/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

 

Э.Анхбаярын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

 

Хяналтын прокуророос Э.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл Э.Анхбаяр нь гэм буруугийн санаатай хэлбэрээр        Ц.Ариунболдын гар утсыг хуурч авсан үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд Э.Анхбаярыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Э.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн талаар хохирогч Ц.Ариунболд мөрдөн байцаалтанд”...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул Э.Анхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Э.Анхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Э.Анхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Э.Анхбаярын Залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Анхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Э.Анхбаярт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.