Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01527

 

 Х.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02735 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2020 оны 09 сарын 17-ны өдрийг хүртэл Т ХХК-д харуулаар ажилласан. Өглөөний 08:00 цагаас 08:30 цагийн хооронд ээлж солилцдог. Өдрийн нэг гарааны 40,000 төгрөгөөр ажиллаж байсан. 2020 оны 09 сарын 17-ны өдрийн өглөө ээлж солилцоход н.Б гэдэг гагнуурчин залуу дээр, доороо төмөртэй хаалганы төмрийн зүүлт гагнуурыг хийсэн байсан. н.С гэдэг залуу ковшоо авч явахдаа тэр сул хаалгыг надад бариулчхаад явсан. Би 30-40 минут хүлээж байгаад ирэхгүй болохоор нь чирээд тэндээсээ нэг бүс авч хөшиж ойртуулах гэж байсан. Хуучин болдог байсан ч н.Б дээр нь гагнасан байснаас дээгүүр нь давахгүй тэгж байгаад хаалгандаа даруулсан. Тэгээд босож чадахгүй ухаан алдсан. Энэ ослоос болж миний хөл хугарч, түнх гэмтсэнтэй холбоотой эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Иймд хариуцагч компаниас эмчид үзүүлсэн болон эмчилгээний зардалд 675,000 төгрөг, 2 жил буюу 2020 оны 09 сарын 17-ны өдрөөс шүүхэд хандах хүртэл хугацааны цалин 13,325,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус компани нь Баянгол дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт Багц-7 төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2018 оноос ажиллаж байна. Х.Г нь уг төслийн барилгын харуулаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны 12 сараас дур мэдэн ажлаа хаяж явсан. Манай барилгын талбайд тухайн цаг үед ийм осол гэмтэл огт болоогүй бөгөөд цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаж шийдвэрлэсэн талаар манай компанид ямар нэгэн мэдэгдэл, шийдвэр ирээгүй. Тухайн үед төсөл хариуцан ажиллаж байсан инженер техникийн ажилтнаас тодруулахад осол гэмтэл болсон талаар мэдээлэлгүй байсан. Х.Г нь гэмтсэн талаараа манай компанид мэдэгдээгүйгээс үзэхэд шүүхэд худал нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Т ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 14,000,000 төгрөг гаргуулах тухай Х.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлаагүй бөгөөд үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй.

4.2. Хэрэгт хамгийн ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрэгт хавсаргах хүсэлтийг шүүх хангаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Прокурорын тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч Х.Г гомдол гаргаагүй, хэрэг хэрэгсэхгүй болоод эцэслэн шийдвэрлэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан, гэм хорын хохиролд эмчилгээний зардал 675,000 төгрөг, олох ёстой байсан цалингийн орлого 13,325,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3.  Нэхэмжлэгч Х.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүйгээс гадна хэрэгт түүний нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтыг няцаасан нотлох баримт авагджээ. Тодруулбал:

3.1.  Баянгол дүүргийн Прокурорын газраас Х.Г-ын гаргасан ...2020 оны 09 сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт Т ХХК-ийн барьж буй барилга дээр харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа хашааны төмөр хаалга хаах гэж байгаад гэмтсэн... гэх гомдлыг хүлээн авч шалгаад тус Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 1759 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

3.2.  Уг тогтоолын Олсон нь хэсэгт ...Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 04 сарын 14-ний өдрийн 3272 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 402 дугаартай дүгнэлт, Т ХХК-ийн талбайн инженер Ц.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр Х.Г нь хаалганд дарагдсаны улмаас гэмтэж, эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй... гэж дүгнэгджээ.

3.3.  Нэхэмжлэгч Х.Г тус тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байна.

3.4.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 сарын 14-ний өдрийн 3272 дугаартай дүгнэлтэд ...Х.Г-ын биед гэмтэл тогтоогдсонгүй... гэж, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 402 дугаартай дүгнэлтэд ...Х.Г-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3272 тоот дүгнэлт үндэслэлтэй байна... гэж тус тус дүгнэгджээ.

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, улмаар хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Х.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х.Г-ын гаргасан ...анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй бөгөөд үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй... гэх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/13491 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Г-ыг давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР