Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Э.Х, Г.Т нарын  өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Галуут овогт Бат-Оршихын Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж,

Боржигон овогт Гантөмөрийн Т, Еншөбү овогт Эрдэнэчимэгийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809044120088 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б -ын Н.

 

2. Б овогт Г-ийн Т.

 

3. Е овогт Э-ийн Х.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Н нь Г.Т, Э.Х нартай бүлэглэж 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэн С.Хыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна, торгуулийн арга хэмжээ авна хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгон I phone X маркийн гар утсыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүүд Ломбарданд барьцаанд  тавиулж 600000 төгрөгийг авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн,

Г.Т нь Б.Н, Э.Х нартай бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн С.Хыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна, торгуулийн арга хэмжээ авна хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгон I phone X маркийн гар утсыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүүд Ломбарданд барьцаанд  тавиулж 600000 төгрөгийг авсан,

Э.Х нь Б.Н, Г.Т нартай бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн С.Хыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна, торгуулийн арга хэмжээ авна хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгон I phone X маркийн гар утсыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүүд Ломбарданд барьцаанд  тавиулж 600000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Ийм зүйл хийх санааг анх Х гаргаад 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Х өөрийнхөө найз гэж Т бид хоёрыг танилцуулсан. Би Тг өмнө нь огт таньдаггүй байсан. Тэгээд Т бид гурав гурвуулаа цагдаагийн хувцас өмсөөд баарнаас гараад машин бариад явсан тэр охидуудыг цагдаа болж зогсооход жолоо барьж явсан Х нь жолооны үнэмлэхтэй байсан.  Х бид хоёр “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна, торгуулийн арга хэмжээ авна” гэж хэлсэн. Тэр үед Т гадаа байсан.  Тэгээд тэр охины гар утсыг нь ломбарданд тавиулж 600.000 төгрөг аваад тэр мөнгөнөөс би 360.000 төгрөгийг нь аваад 240.000 төгрөгийг нь Х, Т хоёрт өгсөн. Энэ асуудлаас болоод би ажлаасаа халагдаж албаны хувцаснуудаа бүгдийг нь хураалгасан. Дохиур модны хувьд улаан өнгийн батериагүй зүйл байсан юм. Албаны үнэмлэх, читоныг бол байцаагчид хураалгасан. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна гэв.

Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ юм хийж байхад Н ирээд дуудсан. Нийг камер  холбож өгөөч  гэхээр нь хамт явсан. Налайх дүүрэг рүү барилгын дээвэр дээр камер байрлуулахаар хамт явсан. Тухайн өдөр Нтой хамт гарсандаа гэмшиж байна. Би тэр өдөр гэртээ байсан бол ийм хэрэгт холбогдохгүй байх байсан. Би ийм хэрэгт оролцсондоо харамсаж байна гэв.

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Х мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 10 жилийн ангийн хүүхдүүд болох Хишигжаргал, Ариунзул, Дэлгэрмөрөн, Энхбаяр бид нар уулзаад 20 цаг орчим МУИС-ийн байрны урд байрлах “Цэ” бааранд орж 0.5 литрийн архи хувааж уусан. Миний хувьд аавынхаа бор өнгийн приусс-20 маркийн автомашинтай явж байсан учраас архинаас уугаагүй. Энхбаяр, Дэлгэрмөрөн хоёр Хишигжаргал, Ариунзул бид гурвыг “Холливуд” баарны гадаа 23 цагийн үед хүргэж өгөөд яваад өгсөн. Бид гурав бааранд орж бүжиглэж байгаад манай хоёр найз 1 шил пиво уусан. Бид нар шөнө 02 цагийн үед баарнаас гараад би машинаа жолоодож хажууд Ариунзул, арын суудалд Хишигжаргал суугаад хөдлөөд явахад хажуунаас приусс-20 маркийн автомашин дотроос улаан өнгийн дохиураар дохихоор нь энгийн машин байсан учраас надаар тоглоод байна гэж бодоод хэсэг явахад урдуур орж ирээд зогсоогоод Н гэдэг залуу нь машинаасаа бууж ирээд бичиг баримт аваад“...согтуугаар машин жолоодсон...” гэж хэлсэн. Бид гурвыг “...эрүүлжүүлэхэд хийнэ, машиныг чинь журмын хашаанд хийлгэнэ...” гэж айлгасан. Миний машиныг Ноос өөр нэг залуу жолоодож явснаа хаана Дашчойлон хийдийн ойролцоо зогсож байснаа Н миний машинд суусан. Н бид гурвыг хэлэхдээ “...эрүүлжүүлэхийн хүн бүр 100,000 төгрөг, машин ачуулахад 60,000 төгрөг машин жолоодсон 450,000 төгрөг...” гэж хэлсэн. Н бид гурваас “...яриа хөөрөө юу байна, ямар нэгэн хүсэлт байна уу...” төлөх төлбөр чинь 800.000-1.000.000 төгрөг болох юм байна. Яамаар байна...” гэж нилээн их асуусан. Н бид нартай юм ярьж байгаад машинаас буугаад хар приусстэй 2 залуутайгаа машин дотор нь ярилцсан. Тэгээд Н гэх залуу машинд эргэж суугаад нөгөө хоёр найзыгаа үлдээгээд бид гурвыг дагуулж явж байхдаа “....яамаар байна. Ямар санал хүсэлт байна...” гэж асуухаар нь би “...бид нарт ямар ч мөнгө байхгүй байна. Ломбарданд утсаа тавиад торгуулийн мөнгөө өгье...” гэж хэлэхэд зөвшөөрч бид нар 07-10 цаг хүртэл ломбард хайж яваад хорооллын Минж плазагийн хажууд байрлах “Гүүд” ломбарданд би өөрийнхөө I phone X маркийн гар утсаа 600.000 төгрөгөөр тавиад Нид өгсөн. Бид гурвыг дагуулж яваад Дашчойлон хийдийн ойролцоо очиж нөгөө хоёр залуутай уулзаад бичиг баримтыг маань авч өгөөд Н буцаад хороололд хүргэж өгөөд явсан. Н өөрөө цагдаа хувцастай байсан.  Нөгөө хоёр залуугийн нэг нь цагдаагийн хувцастай байсан бол нөгөө нь энгийн хувцастай байсан. Н бид гурваас торгуулийн мөнгө гэж авсан. Нөгөө хоёр залуучуудын хувьд Ноос юу болж байна наад гурав чинь яахаар байна гэж асуусан. Н нөгөө хоёр залуутайгаа бид гурвын хажууд уулзахгүй машинаас буугаад тусдаа өөрсдийнхөө машинд уулзаад байсан. Гурвуулаа л бид нарыг эрүүлжүүлнэ, торгоно гэж хэлээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байлгаад байсан. Н бид нараас мөнгө авчихаад бид зургаагийн хооронд энэ асуудал үлдэнэ шүү гэж захиад байсан. /хх-ийн 36/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Ариунзул мөрдөн байцаалтанд: Өчигдөр орой буюу 2018 оны 9 дүгээр сарын 22-ны 20 цагийн орчим Х, Хишигжаргал бид гурав МУИС-ийн урд талын “Цэ” пабад орж суугаад 0.5 литрийн архи хувааж уусан. Тэндээсээ 23 цаг өнгөрч байхад гараад 10 жилийн найз Энхбаяраар машин бариулаад Автоплазагийн хажуу талын Холливуд бааранд хүргүүлсэн, Энхбаяр хүргэж өгчихөөд яваад өгсөн. Бид нар уг бааранд орж бүжиглэж байгаад шөнийн 02 цагийн орчим гарч ирсэн. тухайн үед Х автомашинтай явсан болохоор машинд ороод суусан чинь нэг танихгүй залуу ямар ч шалтгаангүйгээр салаавч гаргаад байхаар нь би хэрэлдсэн тэгээд нөгөө хүмүүсээс холдоё гээд Х машинаа бариад явж байсан чинь нэг машинтай хүн улаан дохиураар дохиод машинаараа шахаж орж ирээд цагдаагаас зугатлаа гээд байсан. Хыг буу гэж буулгаад та нар яахаараа согтуу машин жолооддог юм, одоо машиныг чинь ачна эрхийг чинь хасна гээд байхаар нь бичиг баримт, гар утсаа хураалгасан. Та нар хэнтэй ч ярих эрх байхгүй гээд нэг нь Хын машиныг унаад хаа сайгүй явснаа сүүлдээ та нар яг яамаар байна гэж асуугаад эхэлсэн, бид нар уйлаад байсан болохоор хаагуур явсаныг мэдээгүй тэгээд та нарт торгуулийг нь өгөөд явчихъя битгий эрүүлжүүлэхэд оруулаач гэж гуйсан. Тэгээд өглөөний 07 цаг болтол явж байснаа гэнэт ломбард хайж эхэлсэн. Тэгээд ломбард нь олдохгүй явсаар байгаад бараг 10 цагийн орчим Минж плазагийн хамт хажуугийн ломбарданд Х утсаа тавихаар болохоор 600.000 төгрөгөнд барьцаанд тавьж өгөөд бичиг баримтаа аваад салцгаасан. Би хараад танина гурван хүн байсан.  Нэг нь ахлахаа л гээд байсан, тэр намхан залуу байсан. Машин барьж яваад байсан залуу бордуу царайтай, нүд нь их сонин солир байж магадгүй нүдтэй санагдсан. Бид нарыг зодоогүй байнга л орилж хашгираад уйлахаар дуугай бол ядаргаатай юм гээд загнаад байсан. /хх-ийн 6/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Хишигжаргал мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 сарын 23-ны шөнө 02 цагийн орчим найз Х, Ариунзул бид гурав хамт “Холливуд” нэртэй бааранд архи согтууруулах ундаа ууж байгаад гарсан юм. Тэгээд баарнаас гарч байхдаа үл таних залуутай муудалцаад эндээс холдоё гээд дуудлагын жолооч дуудах гээд машинаа Х бариад зогсоолоос гаргаад явж байсан чинь хар өнгийн приус -20 автомашин дотроос дохиод байсан. Тэгэхээр нь анзаарахгүй зүүн гар тийшээ эргээд явсан чинь үл таних 2 залуу согтуу машин барилаа зугтаасан гэж хэлээд “СБД-н цагдаагийн нэгдүгээр хэлтэс орно, аав, ээжид чинь хэлнэ, 72 цаг саатуулна машиныг чинь хурааж авна” гэж хэлж байсан бид гурав айгаад агаа явуулчих гэж хэлсэн чинь тэр 2 хүн 800.000 төгрөгний торгууль төлнө тохироод мөнгөө олоод өгчих юм бол ямар нэг асуудалгүй явуулъя гэж хэлсэн тэгээд өөрсдийнхөө машинд суулгаад яваад байсан ба сүүлд нэг ах ирээд бид 3-ын машиныг барьж явсан юм. Мөнгө олоод өгчих ямар нэгэн юм байвал ломбарданд тавь гэж хэлсэн тэгээд бид 3 гурвыг  08 цагаас өмнө мөнгөө ол ээлж солигдоно гэж хэлээд тойроод яваад байсан нэг нэгээрээ орж ирээд жолоо барьж байсан залуу нь “би 1987 оных эхнэр хүүхдээсээ 4 жилийн өмнө салсан нэг тэвэрчие та хэд өмхий үнэртүүлчээд яаж гэртээ харих гэж байгаа юм өрөө аваад өгий та хэд унтчихгүй юу эхлээд мөнгө олоод өгчих гэж хэлсэн” тэгээд хороололд байдаг “Гүүд” нэртэй ломбарданд Х I phone Х загварын гар утсаа 600.000 төгрөгөөр тавиад мөнгийг нь өгсөн  бичиг баримтыг МУИС-ийн 5 дугаар байрны урдаас хар өнгийн приус 20 барьж байсан хүнээс бичиг баримт аваад буцаад “Гүүд” ломбардны гаднаас мөнгөө авчихаад тэр ах такси бариад явсан юм. Баттулга гэдэг ахлах гээд байсан хүн нь хар өнгийн цамцтай байсан машинаасаа бууж ирээгүй цонхоороо яриад байсан Батсүх гэдэг нь хар хөх өнгийн цамц хар өнгийн өмдтэй байсан таван хошуутай мөртлөө шаргал өнгийн тэмдэг харуулсан үнэмлэх харуулаагүй. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Гүүд ломбардын зээлийн мэргэжилтэн Э.Лутбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр С.Ариунзул гэх эмэгтэй нь манай I phone Х маркийн гар утсаа манай барьцаалан зээлдүүлэх газар 600000 төгрөгөнд тавьсан байгаа нь цахим бүртгэл дээр харагдаж байна. Энэ утсаа 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  48000 төгрөгний хүү нь нэмэгдээд нийлээд 648.100 төгрөгийг төлж утсаа авсан байна. /хх-ийн 53/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Г.Т мөрдөн байцаалтанд: 2018 оны 09-р сарын 22-ны өдрөөс 23-ныг шилжих шөнө Х манай найз 13-р хороололд дуудсан юм тэгээд очиж уулзаад байж байсан Н гэх Налайх дүүргийн цагдаа залуу энэ хувцасыг өмсчих гээд хар цагдаа хувцас надад өмсгөсөн юм. Тэгээд хотын төвөөр Хгийн машинтай явж байгаад “Холливуд” баарны гадна очиж зогсоод буу халаад зогсож байсан Н өөрөө жолоо бариад явж байсан юм тэгээд “Холливуд”  баарнаас 3 согтуу охин гарч ирээд машинаа унаад явсан ба араас Н машинаа бариад дагаж байгаад улаан өнгийн дохиураар дохисон чинь тэр охидууд машинтайгаа зугтаасан тэгээд араас нь очиж зогсоогоод Н тэр 3 охиныг хар өнгийн приус машинд суулгаад шөнөжингөө явсан. Тэгээд Нийг юу ярьсаныг мэдээгүй би тэр 3 охины машинд нь суугаад хүлээж байсан юм тэгээд өглөө Н гэрийн гадна байхад ирээд болчлоо гээд 120.000 төгрөг машины голд үлдээсэн. Тэгээд Хтай хамт гэрт нь хүргэж өгсөн юм. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Г.Т мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн үед найз Хгийн утас руу залгахад “13 дугаар хороололд Нийн гэрт байна хүрээд ир” гэж хэлэхээр нь яваад очиход Н надад цагдаагийн pоliсе гэх бичигтэй хар хувцас, өмд цамцтай нь өгөөд “...энийг өмсчих...” гэхээр нь би өмссөн. Х цагдаа хувцас өмсөөгүй. Би цагдаа хувцас өмсөөд бид гурав ярилцаад гудамжинд согтуу жолооч тааралдвал “торгоно” гэж хэлээд мөнгөтэй больё гэж хэлээд гэрээс нь гарч Хгийн машинтай хотын төвөөр явж байгаад нилээн орой цагийг нь хэлж мэдэхгүй. Холливуд баарны гадаа зогсож байтал 3 эмэгтэй бор өнгийн приусс-20 маркийн машинд суугаад хөдлөөд явахад Х гаднаас машинд суугаад “...энэ прусс-20 машинтай гурван эмэгтэй согтуу байна. Энийг зогсооё...” гэж хэлээд Н машин жолоодож араас явж байгаад улаан дохиураар машиныг зогсоосон. Н машиных нь бичиг баримтыг аваад намайг машиныг нь бариад явчих гэхээр нь би жолоодож яваад Дашчойлон хийдийн урд зогссон. Тэр гурван охидууд надаас “...ахаа торгуулаад салчихмаар байна. Аав ээжид мэдэгдэж болохгүй...” гэж хэлсэн. Би машинаас буугаад Н машинд суугаад 3 охиныг дагуулаад утсыг нь ломбарданд тавихаар явсан. Х бид хоёр машиндаа хүлээж байгаад хэсэг унтаад өгсөн. Н үүр цайж байхад хүрч ирээд “...утсыг нь ломбарданд тавьчихлаа, бичиг баримтыг өгчих...” гэж хэлээд Х бид хоёроос бичиг баримтыг нь аваад тус бүрд нь 120,000 төгрөг өгсөн...Тиймээ ямар учиртай мөнгө болохыг мэдэж байсан. Бид гурав согтуу жолоочийг зогсоогоод “торгоно” гэж хэлээд мөнгө олох бодолтой байсан. Бид гурав тэр гурван охидуудыг “торгоно, эрүүлжүүлнэ” гэж хэлээд торгуулийн мөнгө гэж авсан нь үнэн. Нийн Х бид хоёрт өгсөн нийт 240,000 төгрөг нь торгоно гэж хэлээд авсан мөнгө байгаа юм...Би үнэнээ хэлж чадахгүй, буруу мэдүүлсэн. Одоо мэдүүлж байгаа минь үнэн. Би ямар учраас хотын төвөөр явсан асуудлыг мэдэж байгаа.  /хх-ийн 66/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Э.Х мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 сарын 22-ны өдөр гэртээ байж байсан чинь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж камер тавих хэрэгтэй байна би товчоон дээр ирсэн байна гэхээр нь гэрээс гараад Н дээр очиж уулзсан тэгээд Нийг аваад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн баруун дээд өнцөг дээр камер суурилуулж өгсөн. Тэгээд намайг гэрт хүргээд өгчих гэж хэлэхээр нь 13-р хороололд Нийг хүргэж өгөх гээд  явж байх замд Н  надад засварын ажил авч өгнө гэж ярьсан юм. Тэгээд найз Тг дуудаад Нийн гэрийн гадна уулзаад гэрт нь ороод  сууж байсан чинь Н Тд өөрийнхөө хар өнгийн цагдаа хувцасыг өмсчих гэж хэлсэн тэгээд наадах чинь дараа асуудал болох юм бишүү гэсэн чинь би өөрөө цагдаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд Н миний 79-14 УБК улсын дугаартай хар өнгийн приус 20 машиныг бариад гадуур явна гэсэн хаашаа явж байгаагаа хэлээгүй тэгээд явж байгаад Холливуд баарны гадна очиж зогссон. Тэгээд бид 3 машиндаа сууж байхад согтуу 3 эмэгтэй хүн машин бариад хөдлөөд явж байсан тэгсэн чинь Н араас нь дагаад хөдөлсөн. Н улаан бороохойгоор дохисон чинь зугтаасан тэгээд Авто плазагийн арын уулзвараар эргээд холгүй явж байгаад урд нь хашиж зогсоогоод Т буугаад машиныг барь гэж хэлсэн. Тэгээд тэр 3 охиныг миний машинд суулгаад жолооч охиныг урд суудал дээр цуг явж байсан 2 охиныг арын сандал дээр миний машинд суулгасан тэр 3 охиныг яагаад зогс гэж байхад зогсохгүй байсан юм бэ гээд өөрийнхөө цагдаа үнэмлэхийг үзүүлсэн тэгсэн чинь тэр 3 охин аав ээжид битгий хэлээрэй ахаа торгуулийг нь төлөөд явъя гэж хэлсэн чинь Н нь хууль тайлбарлаж өгөөд 25.1-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар хэлж байсан тэр 3 охин уйлаад аав ээжид битгий хэлээрэй гэж хэлсэн тэгээд утаснуудыг нь гаргаж ирээд аав ээжийнх нь дугаарыг аваад ярина гэж хэлсэн чинь битгий гээд байсан утаснууд нь цоожлогдчихоод онгойхгүй байсан тэр 3 торгуулаа төлөөд явъя гэсэн чинь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн гадна 2 удаа ирсэн эхнийх дээр нь 3 охины машинтай ирсэн дараа нь хар өнгийн приустэй тэгээд тэндээс хөдлөөд төмөр замын тийшээ явж байхад ахаа битгий гээд 3 охин Нийг ятгаж эхэлсэн тэгсэн чинь Төмөр замын эрүүлжүүлэхийн гадна очиж зогсоод өөрөө буугаад явсан хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд машиндаа суугаад би өөрөө жолоогоо барина гээд Дэнжийн 1000 -н албадан саатуулах төв дээр очоод нэг охиныг дагуулаад тийшээ орсон хэсэг байж байгаад буцаж гарж ирээд охидуудын машин руу шилжиж суусан. Тэгээд шилжээд суунгуут надад машин барих боломж гараад би өөрийн машинаа бариад холдоод явсан тэр 3 охины машинтай 3 охиныг дагуулаад явсан. Т бид 2 хүнсний 4-р дэлгүүрийн тэнд  байж байхад буцаж ирээд Тг тэр машин руу суу гэж хэлсэн тэгээд би Нид чи юу хийгээд байна ингээд больчихож болдоггүй юм уу гэсэн чинь 3 согтуу охин жолоо барьсан байхад нь уу би өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Т бид хоёр Нид хэлж байгаад тэр хүүхдүүдийг явуулах талаар ярилцсан юм. Өглөө гэгээ орж байхад тэр 3 охины машинтай бид 2-оос салаад яваад өгсөн ба 10 цаг өнгөрч байхад бид 2 дээр ирээд мөнгө тоолоод өгсөн тухайн үед мөнгийг нь тоолоогүй гардаж аваагүй ба голын хайрцаг дээр тагалж орхиод нь гэрт нь хүргэж өгсөн юм тэгээд нэг дэвтэр барьсан явж байсан тэр дэвтэр дээр охидуудын талаар нэлээн юм бичсэн байсныг Т урсан чинь Н дургүйцсэн тэгээд чи энэ хүмүүсийн юмыг яах гэж байгаа юм гэсэн чинь хуудас бичсэн бичдэг юм гэж хэлсэн. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Э.Х мөрдөн байцаалтанд:...Нийн гэрт байхад манай найз Т над руу залгахаар нь “...Нийн гэрт хүрээд ир...” гэж хэлээд уулзсан. Н надад цагдаа хувцас өмсүүлэх гэхээр нь би өмсөөгүй Тд цагдаагийн хар хувцас өмсүүлсэн. Бид нар миний 79-14 УБК улсын дугаартай, приусс-20 маркийн автомашиныг жолоодоод бид нар хотын төвөөр явж байгаад дүрэм зөрчсөн, машин тэрэг зогсоож шалгахаар болсон. Ингээд Холливуд баарны гадаа шөнө хэдэн цаг 02-03 цаг орчим баарны гадаа гурван охин бор өнгийн приусс-20 маркийн автомашинд суугаад хөдлөөд явахад нь Н араас нь хөдлөөд улаан модоороо дохиход зогсоогүй явчихсан, араас нь Н явж байгаад урдуур нь орж зогсоосон. Машиных нь бичиг баримтыг нь аваад Н “...та нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж хууль тайлбарлаж өгсөн....” гэж хэлэхэд “... ээж, аавд битгий хэлээч...” гэж хэлээд уйлалдаад байсан. ...Нид энэ гурван охиныг зүгээр явуулчихгүй юм уу, болихгүй юм уу гэхэд гурван согтуу охиныг явуулна гэж юу байхав дээ би өөрөө мэдэж байна гэж хэлээд дагуулаад явсан....Н бид хоёрыг олж ирээд нойрмог байхад тус бүрд 120000 төгрөг бэлнээр өгсөн. Бид хоёрт өгсөн мөнгө охидуудаас авсан торгуулийн мөнгө гэдгийг мэдэж байгаа. /хх-ийн 72/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Б.Н мөрдөн байцаалтанд: 2018 оны 9-р сарын 22-ны өдөр найз Х бид хоёр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр камер янзлаад хотруу явсан тэгээд Х намайг тандагч олчих тэгвэл согтуу жолооч баръя Төөгөө өчигдөр нэг найзтайгаа барьсан гэнээ гэж хэлсэн би тандагч олдохгүй гэж хэлсэн би эрүүлжүүлэхээс асуусан өгөхгүй гэж хэлсэн юм. Тэгээд Х бид 2 манай гэрт ирээд байж байхад Төөгөө ирсэн юм Хгийн машиныг би унаад хотын төвөөр явж байгаад Холливуд баарны хажууд машинаа байрлуулсан Төөгөө машинаа энд байрлуул гэж хэлсэн өөдөөс гарч ирж байгаа согтуу хүмүүсийг харахаар зогсоочих гэж хэлсэн юм. Тэгээд 3 охин гарч ирсэн ба тэр охидууд 19-43 дугаартай машинтай байна наад 3 чинь согтуу байна алдахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд удалгүй машин хөдөлсөн би Хгийн машинтай араас нь дагасан. Тэгээд дохиураар дохисон чинь зугтаасан, араас нь хөөж очоод хашиж зогсоогоод цонхоо онгойлго гэж хэлээд хар приус 20 машинд жолоо барьж байсан охиныг суулгасан. Нөгөө 2 охиныг өөрсдийнх нь машинд суулгаад Т машиныг нь бариад явсан тэгээд Х хаашаа явах уу гэхээр нь хэлтэс рүү явъя гээд аваад явсан аваад явж байх замдаа бичиг баримтыг нь шалгасан 21 насанд хүрээгүй байсан. Тэгэхээр нь би насанд хүрээгүй байж яагаад согтуугаар машин жолооддог юм бэ ээж, аавд чинь хэлнэ гэсэн чинь уйлаад уучилаарай ахаа битгий хэлээч гэж хэлсэн. 2 найзтайгаа яриад зохицуулаад мөнгө төгрөгийг нь өгөөд салчихъя гэж хэлсэн тэгээд 2 найз нь мөнгө байхгүй гэж хэлэхээр нь шөнөжингөө гадуур дагуулж яваад өглөө утсаа тавихаар болсон. Тэгээд хороололын ахуй үйлчилгээний тэнд жолооч охин утсаа тавиад 600.000 төгрөг надад өгсөн. Одоо таныг хүргэж өгч чадахгүй гэхээр нь бичиг баримтаа ав гэж хэлсэн бичиг баримтыг нь Х Т 2-оос авч өгөөд буцаагаад хорооллын Тумбаашын эсрэг талд буулгаад салсан юм.  Х, Т нарт тус бүрд 120.000 төгрөг өгсөн. /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Б.Н мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Х, Т нартай уулзаад Тд цагдаагийн албаны хар өнгөтэй, хээрийн хувцасыг өмсүүлээд өөрөө улаан канттай, парад хувцасыг өмсөж Хгийн хар өнгийн приусс-20 маркийн автомашинтай хотын төвөөр явж байгаад Холливуд баарны гадаа очоод зогссон. Тухайн орой баарнаас 3 эмэгтэй гарч ирээд бор өнгөтэй улсын дугаарыг нь мэдэхгүй приусс-20 маркийн машинд суугаад хөдөлсөн. Хөдлөөд явахад нь Х машин руу заагаад “...энэ 3 согтуу хүүхэн машин бариад явчихлаа, араас нь дагаад зогсооё” гэж хэлэхээр нь би машин жолоодож улаан өнгийн дохиураар зогс гэж хэлээд зогсоосон. Т охидуудын машиныг жолоодож хэсэг явж байгаад Дашчойлон хийдийн гадаа очиж бид нар тэр гурван охидуудад “...эрүүлжүүлэхийн төлбөр хүн бүр 100.000 төгрөг, машин жолоодсон 450.000 төгрөг, машин ачуулна 60.000 төгрөг...” гэж хэлэхэд бид нар ажиллаж байгаа ломбард байвал бид гурав торгуулиа өгөөд салчихая, гэж хэлсэн. Би Хгийн машинаас буугаад нөгөө гурвын машиныг жолоодож 3 охиныг суулгаад 4-үүлээ ломбард хайж хотын төвөөр нилээн явж байгаад Хорооллын ахуй үйлчилгээний ойролцоо байрлах ломбард руу орж нэг охин нь өөрийнхөө I phone Х маркийн гар утсаа 600.000 төгрөгөнд тавиад надад өгөөд “...торгуулийн мөнгө болох уу? Бид гурав эндээс явчих уу...” гэж хэлэхээр нь болно гэдгийг хэлээд Дашчойлин хийдийн ойролцоо үлдсэн Х, Т хоёр руу очиж машин, жолооных нь бичиг баримтыг өгөөд явуулсан. Миний ажлын байрны тодорхойлолтонд цагдаагийн хэлтсийн техник хэрэгсэл, телекамер хэвийн ажиллагаа хангах. Мэдээлэл шуурхай солилцох нөхцлийг бүрдүүлэх байдаг. Түүнээс тээврийн хэрэгсэл зогсоож шалгах эрх, үүрэг байхгүй. Цагдаа нар согтуу жолооч торгоод мөнгөтэй болдог юм байна лээ. Чи нэг удаа ингээд мөнгөтэй болчиход яадаг юм вэ? гэхээр нь Т, Х бид гурав нийлээд согтуу жолоочийг торгоно, саатуулна гэж хэлээд мөнгөтэй болох бодол байсан... Г.Т, Х нар нь Улаанбаатар хотын төвөөр согтуу жолооч хайгаад явж байгаад Холливуд баарны гадаа согтуу хүн гарч ирдэг гээд тийшээ явах санааг Т гаргасан. Т, Х нар нь 3 охиноос “...эрүүлжүүлнэ, баривчилна...” гэж хэлээд мөнгө авах гэж байгаа санааг мэдэж байгаа, өөрсдөө ч тийм зорилготой манай гэрээс хувцас өмсөж гарсан. Надаас авсан нийт 240,000 төгрөгийг ямар учиртай мөнгө болохыг мэдэж байгаа. Би нууцаар машин тэрэгт нь тавиагүй. Миний хувьд хэрэгт гүтгэсэн, тулгасан зүйл байхгүй. Болсон үйл явдлын талаар тодорхой ярьж байна. /хх-ийн 60/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд “ А-0004209 дугаартай А серийн үнэмлэх 1 ширхэг, 17867 дугаартай офицер читон 1 ширхэг” Б.Ноос хөндлөнгийн гэрчүүд байлцуулан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бат-Орших хураан авсан тэмдэглэл үйлдэгдсэн байна. /хх-ийн 18/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 37, 40, 43/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

Б.Нийн Цагдаагийн албаны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 19/, ажил зан байдлын тодорхойлолт /хх-ийн 84-85/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 84-85/,

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 119/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 120/,

Г.Тгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-92/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 123/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 124/

Э.Хн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-94/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 121/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 122/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Н албан тушаалын байдлаа ашиглаж Г.Т, Э.Х нартай бүлэглэж, шүүгдэгч Г.Т, Э.Х нар нь Б.Нтой бүлэглэж 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж С.Хын 600.000 төгрөгийг авсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн нь:

шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэргийн үйл баримтыг нотолсон бичгийн нотлох баримтууд болох  хохирогч С.Хын    “...Н гэдэг залуу нь машинаасаа бууж ирээд бичиг баримт аваад“...согтуугаар машин жолоодсон...эрүүлжүүлэхэд хийнэ, машиныг чинь журмын хашаанд хийлгэнэ...” гэж айлгасан...би өөрийнхөө I phone X маркийн гар утсаа ломбарданд 600.000 төгрөгөөр тавиад мөнгийг нь Нид өгсөн... Гурвуулаа л бид нарыг эрүүлжүүлнэ, торгоно гэж хэлээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байлгаад байсан. Н бид нараас мөнгө авчихаад бид зургаагийн хооронд энэ асуудал үлдэнэ шүү гэж захиад байсан...” /хх-ийн 36/, гэрч С.Ариунзулын”...Х машин бариад явж байсан чинь нэг машинтай хүн улаан дохиураар тохиод машинаараа шахаж орж ирээд цагдаагаас зугатлаа гээд байсан Хыг буу гэж буулгаад та нар яахаараа согтуу машин жолооддог юм, одоо машиныг чинь ачна эрхийг чинь хасна гээд байхаар нь бичиг баримт, гар утсаа хураалгасан. Х утсаа тавихаар болохоор 600.000 төгрөгөнд барьцаанд тавьж өгөөд бичиг баримтаа аваад салцгаасан... Би хараад танина гурван хүн байсан.  Нэг нь ахлахаа л гээд байсан, тэр намхан залуу байсан...”/хх-ийн 6/, гэрч Д.Хишигжаргалын”...СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс орно, аав, ээжид чинь хэлнэ, 72 цаг саатуулна машиныг чинь хурааж авна гэж хэлж байсан...Баттулга гэдэг ахлах гээд байсан хүн нь хар өнгийн цамцтай байсан машинаасаа бууж ирээгүй цонхоороо яриад байсан Батсүх гэдэг нь хар хөх өнгийн цамц хар өнгийн өмдтэй байсан таван хошуутай мөртлөө шаргал өнгийн тэмдэг харуулсан үнэмлэх харуулаагүй...”/хх-ийн 11/, гэрч Э.Лутбаярын”...С.Ариунзул гэх эмэгтэй нь манай барьцаалан зээлдүүлэх газарт I phone Х маркийн гар утсаа 600.000 төгрөгөнд тавьсан байгаа нь цахим бүртгэл дээр харагдаж байна...” /хх-ийн 53/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 37, 40, 43/ зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Б.Н нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн холбоо, мэдээллийн инженерээр ажилладаг байсан нь Цагдаагийн албаны 17867 дугаартай үнэмлэх, ажлын байрны тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолтоор нотлогдсон. 

 

Түүний эрхэлж байсан тухайн албан тушаал нь “Цагдаагийн байгууллагын мэдээлэл холбоо, мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалт үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм зааврыг биелүүлэх, мэдээлэл холбооны техник  хэрэгсэлд батлагдсан графикийн дагуу үзлэг, үйлчилгээ хийх, техник хэрэгсэлд гарсан гэмтэл, саатлыг засварлах, нэгдсэн сүлжээний хэвийн ажиллагааг хангаж ашиглалт, тохируулгыг хариуцах, дотоод хяналтын телекамерын системийн ашиглалт, хадгалалтанд хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангаж ажиллах...” чиг үүрэгтэй.

 

Гэтэл Б.Н Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, Цагдаагийн байгууллагад ажилладаг албаны байдлаа ашиглаж өөрийн болон бусдын хууль бус ашиг сонирхлын үүднээс Э.Х,  Г.Т нартай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

 

Цагдаагийн албаны хувцас хэрэгсэл ашиглан улаан модоор дохиж урдуур нь автомашинтай хашиж зогсоон өөрсдийгөө цагдаагийн ажилтнууд мэтээр ойлголт төрүүлэн улмаар “торгуулийн арга хэмжээ авна, эрүүлжүүлнэ...” гэх мэтээр  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж гар утсыг нь ломбарданд барьцаалуулж 600.000 төгрөгийг нь авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг агуулсан гэж үзнэ.

Б.Н, Э.Х, Г.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Шүүх хуралдааны явцад

Өмгөөлөгч З.Хүрэлсүх  ”Нэр бүхий шүүгдэгч нарыг мөрдөн байцаалтын явцад эхэлж гэрчээр асуучихаад дараа нь яллагдагчаар татсан нь хуулийг ноцтой зөрчсөн тул тэдгээрийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасах,  түүнчлэн хяналтын прокурорын яллах дүгнэлтэнд зөвхөн Б.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж бичсэн, Э.Х,  Г.Т нарын үйлдэлд дээрхи заалтыг журамлаагүй нь яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй...” гэсэн санал дүгнэлтийг,

өмгөөлөгч Ө.Болормаа “өмсөж явсан гэх цагдаагийн хувцас болон улаан дохиур мод хэрэгт хураагдаагүй,  цагдаагийн үнэмлэх, читон нь хураагдсан боловч хэрэгт ирүүлээгүй...” эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Өмгөөлөгч нар гэм буруугийн хуралдаан дээр гаргаж буй дээрхи санал дүгнэлтүүдийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр тус тус гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, тэдгээрийн хүсэлтийг хэргийн оролцогчдын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж нотлох баримт шинжлэн судалсны эцэст шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар анхан шатны шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр шилжүүлсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд мөрдөн байцаалтын явцад Б.Н, Э.Х, Г.Т нараас эрх бүхий албан тушаалтан гэрчийн мэдүүлэг авахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж заасныг болон хуульд заасан бусад эрхийг тайлбарлан өгч мэдүүлэг авсан байна.

 

Ингэж авсан мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нотлох баримтаас хасах хууль зүйн үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

 

Хяналтын прокурор яллах дүгнэлтэндээ Б.Нийг Э.Х, Г.Т нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан байна.

Бүлэглэх гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэснийг ойлгох бөгөөд прокурор тэдгээрийн үйлдлийг  бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлтэнд ойлгомжтой бичсэн байх бөгөөд дээрхи зүйл заалтыг яллагдагч нарын нэр тус бүрийн өмнө заавал давхардуулан бичих шаардлагагүй юм. 

 

Хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан эд зүйл хураан авсан тэмдэглэлд “ А-0004209 дугаартай А серийн үнэмлэх 1 ширхэг, 17867 дугаартай офицер читон 1 ширхэг” Б.Ноос хөндлөнгийн гэрчүүд байлцуулан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бат-Орших хураан авсан тэмдэглэл үйлдэгдсэн байна. /хх-ийн 18/

 

Хураагдсан үнэмлэх, читон хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй, гэмт хэрэг үйлдэхэд өмсөж явсан цагдаагийн хувцас, дохиур модыг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ажиллагаа хийгдээгүй нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд хэргийг прокурорт буцаах хуулийн үндэслэл болохгүй.

 

Эдгээр үндэслэлүүдээр өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй тул Б.Н, Э.Х, Г.Т нарт холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэв.

 

Иймд хяналтын прокуророос Б.Н, Э.Х, Г.Т нарыг холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Нийг Э.Х,  Г.Т нартай бүлэглэж залилах гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

Э.Х,  Г.Т нарыг Б.Нтой бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирогч С.Хд залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн нь нэр бүхий шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.       

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Н, Г.Т, Э.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Нид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,  Г.Т, Э.Х нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Б.Н, Г.Т, Э.Х нарт торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Харин торгох ял оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо болон хувийн байдлыг нь харгалзаж ялгамжтай оногдуулах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдаж байна. 

 

Хэрэгт ирүүлээгүй, мөрдөн байцаалтын явцад Б.Ноос хураагдсан А-0004209 дугаартай А серийн үнэмлэх 1 ширхэг, 17867 дугаартай офицер читон 1 ширхэг”-ийг хуульд заасан журмын дагуу зохих байгууллагад нь шилжүүлэхийг хяналтын прокурор А.Намдагт даалгах нь зүйтэй.