Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0547

 

 

 

“П” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Б.Н, хариуцагч Д.А, Э.Ц, хариуцагч нарны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0484 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “П” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0484 дүгээр шийдвэрээр: Татварын тухай хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.4-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нарын “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0295834 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан “П” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нарын “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0295834 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл торгууль алдангийг зохих ёсоор өршөөн хэтрүүлж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...“Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүйгээр талаар: “П” ХХК-ийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж, зөрчилд шийтгэл оногдуулсан татварын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч өнөөдрийг хүртэл маргасаар байгаа юм.

Татварын улсын байцаагчид нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй байхад буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь илэрхий байна.

Татварын байцаагчид ч өөрсдөө анхан шатны шүүх хуралдааны явцад зөрчлийг 3 хоногийн дотор шалгах боломжгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлэх үед ямар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Анхан шатны шүүх хуралдааны явцад өөрсдөө хүлээн зөвшөөрсөөр байтал анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдал, хэрэгт цугласан нотлох баримтыг үл хэрэгсэн зөрчлийг ил тодорхой гэж үзэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаас зөрүүтэй байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацааг хэтрүүлсэн талаар: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж шийдвэрлэхээр байна.

Анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй зөвхөн татварын хяналт шалгалтын ажил явагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаар: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/2116 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд татварын улсын байцаагчид зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн талаараа прокурорын нэгдсэн бүртгүүлээгүй байх бөгөөд харин 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гомдлыг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн талаар бүртгүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн.

Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа үйлдвэрлэл, үйлчилгээ болох талаар: Анхан шатны шүүхээс хайгуулын үйл ажиллагаа нь үйлдвэрлэл, үйлчилгээнд хамаарах эсэх талаар дүгнэлт өгөөгүй бөгөөд “компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөв төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.2, 4.1.8 дахь заалтыг илт зөрчсөн байна.

“П” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг газрын тосны хайгуулын үйл ажиллагаандаа буюу өөрийн явуулдаг үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан бараа, ажил үйлчилгээ худалдан авсан бөгөөд харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т зааснаар хувийн болон ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдан авалт хийгээгүй болно.

Түүнчлэн “П” ХХК нь хувийн болон ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдан авалт хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Гэтэл анхан шатны шүүхээс хайгуулын үйл ажиллагаа явуулахыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан хувийн болон ажиллагчдын хувийн хэрэгцээтэй адилтган үзсэн байх бөгөөд энэхүү хууль бус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1,4.7.1.6,4.71.7-д заасан захиргааны илт хууль бус акт болох талаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт илт хууль бус болохоор байх бөгөөд 0295834 дүгээр шийтгэлийн хуудас нь дараах үндэслэлээр илт бус байна. Үүнд:

Шийтгэлийн хуудас утга агуулгын илэрхий алдаатай, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй талаар: Шийтгэлийн хуудаст “П” ХХК нь ... болох нь татвар, санхүүгийн тайлан, ЗШША-2, журнал, падаан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоож байна” хэмээн зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдлыг огт бичилгүй цэг тавин орхисон байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтаар чухам ямар зөрчлийг нотолж, тогтоосон, ямар зөрчилд шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй буюу 0295834 дүгээр шийтгэлийн хуудас нь утга агуулгын илэрхий алдаатай байна.

Шийтгэлийн хуудсыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй талаар: 250295834 дүгээр "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актаар зөрчил, зөрүү гараагүй гэх атлаа 0295834 дүгээр шийтгэлийн хуудсаар 33,336,217.80 төгрөгийн нөхөн татвар, 10,000,865.40 төгрөгийн торгууль, 6,667,243.50 төгрөгийн алданги ногдуулсан нь хоорондоо агуулгын эрс зөрүүтэй, татварын байцаагчдын шийдвэр, актыг нэг мөр ойлгож биелүүлэх боломжгүй байдалд хүргэж байна. Иймд “П” ХХК-ийн зүгээс тус шийтгэлийн хуудсыг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс 0295834 дүгээр шийтгэлийн хуудсыг илт хууль бус болох нь тогтоогдохгүй гэж үзсэн нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас илт зөрүүтэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 болон Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, гааль, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөх журмын 2.5-д үл нийцсэн байна.

Шүүх нотлох баримт цуглуулах, үнэлэх журам зөрчсөн талаар: Анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2017 оны 443 дугаар тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн материалыг бүхэлд нь энэхүү хэргийн үйл баримтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож, “П” ХХК-д үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан 0295834 дүгээр шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “П” ХХК-аас “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0295824 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Одмаад хуваарилсан, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор уг гомдлыг шилжүүлээгүй байхад шүүгч Б.Адъяасүрэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 128/ШЗ2019/0741 дүгээр захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ шүүгчийн нэрийг зөрүүтэй бичжээ.

Гэтэл гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчинтэй байхад[1] 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2019/1176 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн, гомдлыг хүлээн авахаас татгалзсан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2019/0741 дүгээр захирамжийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2019/4718 дугаар захирамжаар хүчингүй болгосон зэрэг нь ойлгомжгүй байна. 

Гомдол гаргагч нь шүүгч Б.Адъяасүрэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2019/0741 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг хүлээн авч, эс зөвшөөрсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-д “Энэ хуулийн 112.1.3, 112.4-т заасан маргааны хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй” гэж заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хянуулах эрх нь нээлттэй байсан байна.

Хэдийгээр нөхөж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, гомдлыг нөхөж бүртгэн хуульд нийцүүлэх боломжгүй боловч уг алдаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хэргийг Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 520 дугаар тогтоолоор шүүгч Ц.Одмаа чөлөө авсан үндэслэлээр шүүгч А.Насандэлгэрт шилжүүлсэн атлаа “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг өөр шүүгчийн нэр, гарын үсэгтэй хүргүүлсэн, мөн Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 698 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Ц.Одмаа ээлжийн амралтаа эдлэх болсон үндэслэлээр шүүгч М.Батзоригт шилжүүлсэн атлаа хянан шийдвэрлэх ажиллагаа явцад шүүгч Д.Чанцалням 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2019/5021 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 886 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Д.Чанцалнямаас шүүгч Ц.Одмаад буцаан шилжүүлсэн зэргээс үзэхэд уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэн явуулсан нь мөн ойлгомжгүй.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч нь хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар тухайн хэргийн оролцогчид тайлбарлан баримтжуулж хэргийн материалд хавсаргаагүй байх тул уг ажиллагааг хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн хэрэгт авагдсан “гомдлын хувийг хариуцагчид гардуулсан баримт”, “хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарласан баримт” дээр шүүгч гарын үсэг зураагүй, “хэргийн материал танилцуулсан баримт” дээр хэний гомдолтой, хэнд холбогдох, хэдэн хавтас, хуудас материал танилцуулсан нь байхгүй, урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарласан шүүгчийн захирамж, тов мэдэгдсэн баримт байхгүй, урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, шүүх хуралдаан товлон зарласан шүүгчийн захирамжид хурал товлосон цаг, минут зөрүүтэй, хариуцагчийн хариу тайлбарт шүүхийн дардас дарагдаагүйн улмаас шүүх хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж авагдаагүй, хэргийн 50 дугаар хуудсын дараа 2 хуудас, 56 дугаар хуудсын дараа 3 хуудас, 162 дугаар хуудсын дараа 4 хуудас, 172 дугаар хуудсын дараа 4 хуудас, 186 дугаар хуудсын дараа 1 хуудас дугаарлагдаагүй орхигдуулж, 76 дугаар хуудсны дараа 78 гэж, 176 дугаар хуудсын дараа шууд 178 гэж алгасч дугаарлагдан “нийт 239 хуудастай” гэж тус шүүхийн Ерөнхий шүүгчийн гарын үсэгтэй албан бичгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх боловч бодит байдалд 252 хуудастай хэрэг ирүүлсэн зэрэг алдаа дутагдлууд гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлүүд гаргасан, давж заалдах шатны шүүхээс зөвтгөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн тус шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0484 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР 

                       ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ 

                       ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ

 

 

 


[1] Хавтас хэргийн 183 дугаар тал, гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжаа 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүчингүй болгосон,