Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 208

 

                                                          Г.Одонд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Гантулга,

хохирогч Б.Бат-Өлзий, П.Баттогтох, 

хохирогч Д.Мөнхтуулын өмгөөлөгч Г.Батболд,

ялтан Г.Одон, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан, Д.Даваа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Г.Одон, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Одонд холбогдох эрүүгийн 201525022397 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Өндөр овогт Ганхуягийн Одон, 1987 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЕС87070619/,

Г.Одон нь шууд санаа, шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр;

1. 2014 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн Ж.Буяннэмэхээс таньдаг байдлаа ашиглан бизнес хийж байгаа гэж итгүүлэн “Хүүтэй мөнгө зээлээч” гэж 4.870.000 төгрөгийг,

2. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн Д.Эрдэнэбатаас хүү Ч.Бат-Эрдэнийг нь таньдаг байдлаа ашиглан “Бизнес хийх гэж байгаа, хэдэн төгрөг хэрэг болоод байна” гэж 21.650.000 төгрөгийг,

3. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн А.Бибишээс таньдаг байдлаа ашиглан “6 сарын хугацаатай мөнгө зээлээч, хэрэг болоод байна” гэж 6.800.000 төгрөгийг,

4. 2015 оны 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн Б.Буяндэлгэрээс “Бичил хороололд байгаа эгчийнхээ байрыг авах гэж байна, мөнгө хэрэгтэй байна” гэж 5.000.000 төгрөг, мөн 2015 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөг, нийтдээ 15.000.000 төгрөгийг,

5. 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн Д.Нарангаас хамт ажилладаг байдлаа ашиглан  “Мөнгөний хэрэг гараад байна” гэж 4.000.000 төгрөгийг,

6. 2015 оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн О.Батболдоос таньдаг байдлаа ашиглан “Мөнгөний хэрэг гарлаа, 15 хоногийн дотор хүүтэй нь буцаагаад өгье” гэж 13.000.000 төгрөгийг,

7. 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн Ц.Шижирхүүгээс таньдаг байдлаа ашиглан “Өргөст хэмх хураах гэтэл тогны мөнгө байдаггүй” гэж 4.000.000 төгрөгийг,

8. 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр иргэн Д.Мөнхтуулаас “Зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу “Нэг хоногийн хугацаатай мөнгө зээлээч, зээлээ хаагаад буцаагаад өгье” гэж  16.700.000 төгрөгийг,

9. 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн П.Баттогтохоос “30 минутын дотор 300.000 төгрөг нэмж өгнө” гэж 4.500.000 төгрөгийг,

10. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн Б.Дөлгөөнөөс таньдаг байдлаа ашиглан “Зээл дарах гэсэн юм, богино хугацаатай мөнгө зээлээч” гэж 8.500.000 төгрөгийг,

11. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Б.Бат-Өлзийгөөс “12.600.000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай”, мөн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “19.000.000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай хүүнд нь 1.000.000 төгрөг өгнө” гэж нийтдээ 31.600.000 төгрөгийг,

12. 2015 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн Ч.Бат-Эрдэнээс таньдаг байдлаа ашиглан “Тэмээний мах худалдаж авна, хүүтэй мөнгө хэрэгтэй байна” гэж 9.000.000 төгрөгийг,

13. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор иргэн Г.Болортуяагаас “Зээл чөлөөлүүлнэ” гэж  7.600.000 төгрөгийг тус тус итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч, бусдад нийт 147.220.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Г.Одонгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Одонг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, Г.Одон цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Одонгоос нийт 108.039.001 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эрдэнэбатад 2.339.001 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд 9.000.000 төгрөг, хохирогч Б.Буяндэлгэрт 8.150.000 төгрөг, хохирогч А.Бибишид 5.050.000 төгрөг, хохирогч Б.Дөлгөөнд 4.500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхтуулд 14.700.000 төгрөг, хохирогч О.Батболдод 13.000.000 төгрөг, хохирогч Ц.Шижирхүүд 4.000.000 төгрөг, хохирогч Д.Болортуяад 7.600.000 төгрөг, хохирогч Б.Бат-Өлзийд 31.600.000 төгрөг, хохирогч Д.Наранд 3.600.000 төгрөг, хохирогч П.Баттогтоход 4.500.000 төгрөгийг тус тус олгож, Г.Одонд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Одон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие тухайн үед Хаан банкны аюулгүй байдлын албаны ажилтан байсан юм. Намайг ажлынхаа хажуугаар махны наймаа хийдэг, өргөст хэмх тарьдаг байсныг бүгд мэддэг байсан. Уг мөнгийг би хамт ажилладаг хүмүүсээс “Хийж буй бизнестээ хэрэглэнэ” гэж хэлээд хүүтэй зээлж, зарим хүмүүстэй зээлийн гэрээ байгуулж авсан. Түүнээс ямар нэгэн байдлаар худал хэлж, хуурч мэхлэн залилж авсан зүйл байхгүй. Уг мөнгийг буцаан төлөөд явж байхад хийж байсан бизнес маань амжилтгүй болж мөнгө төлөхөд хүндрэлтэй болсон. Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлснээс хойш хүмүүсийн мөнгийг өгч чадаагүй, ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр, бизнес эрхэлж чадахгүй байсан. Энэ хэрэгт:

1. 2014 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Мандах суманд байхдаа Б.Дөлгөөнөөс мах худалдаж аваад явж байхад түүний эцэг Батжаргал “Мөнгө хэрэгтэй юу, хүүтэй мөнгө зээлэх үү” гэж утсаар ярьсан. Би урьд нь Дөлгөөн болон түүний эцэг Батжаргал нараас хүүтэй мөнгө зээлээд буцаан төлдөг байсан, тэд намайг махны бизнес хийж байсныг мэддэг. Тэгээд Батжаргалыг ярихад нь би “Мөнгө хэрэгтэй болох юм шиг байна, 8.500.000 төгрөг авъя” гэхэд “Манай охинтой яриад ав” гэж хэлсэн. Тухайн үед хөдөө явж байсан болохоор мөнгийг дансандаа хийлгээд хотод очоод 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийхээр тохиролцсон... би хөдөөнөөс ирээд Дөлгөөнтэй уулзаж уг гэрээг хийсэн. Гэтэл Дөлгөөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...уг мөнгийг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ... байр авах гэсэн юм, 14 хоногийн хугацаатай зээлээч гэж хэлээд авсан...” гэж худал мэдүүлсэн байдаг.

2. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.Бат-Өлзийтэй уулзаад “Өргөст хэмх тарьж байгаа, мөнгө зээлээч” гэж хэлэн, түүнээс 12.600.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Мөн 2015 оны 1 сард ажлын газрын Д.Дэлгэрмаагийн хадам эцэг С.Жалсан гэх хүнээс 18.000.000 төгрөгийг хүүтэй зээлж авсан бөгөөд сар бүр хүүг нь төлж байсан. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Дэлгэрмаа нь надтай уулзаад “...өөрийнхөө төрсөн эцэг, эхийнхээ байрыг Төрийн банкинд 19.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа, уг зээлийг хаагаад өгөх хүн байна уу, хүүг нь өгнө ... Голомт банкнаас манай эцэг, эх хоёр 80.000.000 төгрөгийн зээл авч байгаа, зээл бүтчихсэн болохоор гялс байраа чөлөөлж аваад Голомт банкны барьцаанд тавиад мөнгөө авчихна, тэгээд чамд 5, 10 сая төгрөг урт хугацаатай зээлж тус болъё” гэж хэлсэн. Би Д.Дэлгэрмааг Б.Бат-Өлзий гэх хүнтэй уулзуулсан ба Б.Бат-Өлзий нь “...Одонд бол мөнгө өгөхгүй ээ, урьдны мөнгөө өгсний дараа авч болно...” гэхэд Д.Дэлгэрмаа нь “...Одонд хамаагүй, би авч байгаа юм, би өөрөө танд буцааж өгнө, манай эцэг МҮОНТ-д ажилладаг, Голомт банктай гэрээтэй ажилладаг, зээл нь гарчихаад байраа авч барьцаанд өгөөд л мөнгөө авчихна, тэгээд таны мөнгийг өгчихнө...” гэж хэлсэн. Улмаар Б.Бат-Өлзий нь өөрийнхөө данснаас 19.000.000 төгрөгийг Д.Дэлгэрмаагийн данс руу шилжүүлсэн бөгөөд тухайн өдрөөс хойш Д.Дэлгэрмаа нь утсаа унтраагаад алга болсон. Д.Дэлгэрмаа нь мөрдөн байцаалтын шатанд “...уг мөнгийг Одонгоос хадам эцэг С.Жалсанд авч өгсөн...” гэж худал мэдүүлсэн. Уг мөнгө нь миний мөнгө биш бөгөөд Д.Дэлгэрмаа нь өөрөө Б.Бат-Өлзийгөөс худал хэлж авсан. Мөн Б.Бат-Өлзий нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “...Одонгийн авсан 12.600.000 төгрөгийг бид хоёр хоорондоо тохиролцсон, иргэний журмаар шийднэ. Харин Дэлгэрмаа нь надаас 19.000.000 төгрөгийг залилан авсан учир би уг мөнгийг Дэлгэрмаагаас нэхэмжилж байна...” гэж мэдүүлсээр байхад намайг Б.Бат-Өлзийг залилсан гэж үзсэн.

Түүнчлэн С.Жалсан гэх хүн надаас 19.000.000 төгрөг нэхэмжлээгүй, ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй байхад уг мөнгийг Д.Дэлгэрмаа нь надаас авч С.Жалсан гэх хүнд өгсөн гэж худал мэдүүлсэн.

3. 2015 оны 6 дугаар сард хамт ажилладаг Ч.Бат-Эрдэнээс 9.000.000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл Ч.Бат-Эрдэнэ уг мөнгийг 2015 оны 9 дүгээр сард авсан гэж худал мэдүүлдэг.

4. Мөрдөн байцаалтын явцад өргөст хэмх тарьж байсан газарт очиж шалгалт хийгээгүй.

 Иймээс дээрх байдлыг дахин шалгуулахаар, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна...” гэв.

Ялтан Г.Одонгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь хохирогч Б.Бат-Өлзий нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Дэлгэрмаа гэгчид 19.000.000 төгрөгийг зээлж түүний дансанд шилжүүлсээр байхад уг мөнгийг Г.Одонд холбогдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин энэ мөнгийг Д.Дэлгэрмаагаар төлүүлмээр байна” гэж мэдүүлсээр байхад анхаарсангүй.

Г.Одон нь Д.Дэлгэрмаагийн хадам эцэг болох С.Жалсан гэгчээс 2014 онд 19.000.000 төгрөгийг зээлийн гэрээ үйлдэн авсан ба хугацаанд нь хүүг нь өгч байсан. С.Жалсан нь зээлийн талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй байхад Д.Дэлгэрмаа нь Г.Одонг хуурч мэхлэн зуучлуулж хохирогч Б.Бат-Өлзийгөөс 19.000.000 төгрөгийг залилан авч, уг мөнгөө хадам эцгийн хохирлыг барагдуулж авсан гэж мэдүүлэг өгсөн. Прокурорын шатанд Д.Дэлгэрмаагийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй юм.

Мөн хохирогч Ж.Буяннэмэх, А.Бибиш, Б.Буяндэлгэр, Д.Наран, Д.Эрдэнэбат нарыг залилан мэхэлсэн гэх үйлдлүүд нь 2015 онд батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамрагдаж байхад эдгээр үйлдлүүдийг өршөөлд хамруулахгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Одонгийн өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан Г.Одон болон түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Д.Дэлгэрмаа нь мөрдөн байцаалтын шатанд “...Г.Одон нь миний хадам эцэгт 20.887.000 төгрөгийн өртэй байсан юм. Энэ мөнгөө нэхэхэд тэр Б.Бат-Өлзий гэх хүн дээр намайг дагуулж очсон... Б.Бат-Өлзий миний дансанд 19.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг би маргааш нь хадам эцэгтээ өгсөн” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг энэ хэрэгт сэжигтэнээр тооцож, улмаар үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Д.Дэлгэрмаа энэ мөнгийг Б.Бат-Өлзийгөөс авахдаа Г.Одонд “...би 19.000.000 төгрөгөөр байраа барьцаанаас чөлөөлөөд, эргүүлж барьцаанд тавьж 80.000.000 төгрөгийн зээл аваад үүнээсээ тодорхой хэмжээний мөнгийг чамд өгч туслая...” гэж хэлсэн байдаг. Б.Бат-Өлзий нь Д.Дэлгэрмаад 19.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж өгсөн байдаг. Д.Дэлгэрмаагийн 80.000.000 төгрөгийн зээл авсан гэх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Хэдийгээр анхан шатны шүүх “...Д.Дэлгэрмаа нь авсан зээлээ хадам эцэг С.Жалсанд өгсөн болох нь тогтоогдож байх тул Д.Дэлгэрмаа нь бусдыг залилан мэхлээгүй байна” гэж дүгнэсэн ч хохирогч Б.Бат-Өлзий болон Г.Одон, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын ярьж байгаа зүйлийг бид эргэн харж, дүгнэлт өгөхгүй бол болохгүй. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд Д.Дэлгэрмаагийн “Г.Одонгоос 1.500.000 төгрөгийн авлагатай байсан боловч бид хоёрын хооронд харилцан тохиролцсон асуудал байгаа учир уг мөнгөө нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар, мэдүүлэг авагдсан. Хэргийн материалтай танилцахад, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байдал харагдаж байсан. Г.Одон анхнаасаа бусдыг залилан мэхлэх санаа бодол байгаагүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Г.Одон бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан нь үнэн. Энэ бизнесийн үйл ажиллагаа ямархуу байдалтай, яаж явагдаад, яагаад эрсдэлд ороод ийм байдалд хүрсэн бэ гэдгийг нарийн шалгаж тогтоогоогүй. Г.Одон тус шүүх хуралдаанд “Дорноговь аймагт өргөст хэмх тарьсан бөгөөд энэ асуудлыг газар дээр нь очиж шалгана гэсэн боловч шалгаагүй” гэж байна. Энэ нь шүүх бүрэлдэхүүний хувьд анхаарч сонсох ёстой зүйлийн нэг гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалд бичиглэлийн алдаатай, он, сар зөрүүтэй бичигдсэн асуудлууд олон байсан. Давж заалдах шатны шүүхээс дээрх асуудлуудыг анхааруулах ёстой байх. Г.Одон бусдад онц их хэмжээний хохирол учруулсан нь үнэн. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдахаас өмнө бусдаас авсан зарим зээлийнхээ тодорхой хэсгийг төлж барагдуулсаныг анхааран үзнэ үү...” гэв.

Хохирогч Б.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Дэлгэрмаа нь Г.Одонгийн хамт ирээд “...бид хоёр Хаан банкинд хамт ажиллаж байсан... та надад 19.000.000 төгрөгийг зээлүүлчих, би орон сууцаа барьцаанаас чөлөөлөөд, дахин барьцаанд тавьж 80.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа... мөн Г.Одонд тодорхой хэмжээний мөнгийг өгөх гэж байгаа...” талаар хэлсэн. Би Г.Одонг хүмүүсийн дунд зуучилж хариуд хэдэн төгрөг олох юм бол өөрийнхөө өр зээлийг тодорхой хэмжээгээр төлөх боломжтой юм болов уу гэж бодсоноос гадна,  хэн хэндээ тус болох үүднээс 19.000.000 төгрөгийг Д.Дэлгэрмаад итгээд зээлүүлсэн. Гэтэл тэд намайг хуурч, надаас зугтаасан. Би Д.Дэлгэрмаатай хэлцэл хийж, мөнгөө зээлүүлсэн учраас түүнээс энэ мөнгөө нэхэмжилнэ...” гэв.

Хохирогч П.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Одон нь “Зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу надтай холбогдсон. Тэр надад “...4.500.000 төгрөг зээлүүлээч, 30 минутын дотор эргүүлээд өгье, би Нямдаваа гэх хүнээс байнга мөнгө зээлдэг, тэр хүнд 4.500.000 төгрөгийг өгвөл надад эргүүлээд 10.000.000 төгрөг өгнө гэсэн...” гэж хэлээд Нямдаваа гэх хүний дансруу өөрийнхөө нэрээр мөнгө шилжүүлсэн. Дараа нь Г.Одонгийн хамт Нямдаваа гэх хүн дээр очсон боловч тэр хүн “Хаалгаа тайлахгүй, мөнгө өгөхгүй” гэж байсан. Г.Одон нь Нямдаваа гэх хүнд өртэй байсан бөгөөд тэр өр төлбөрөө надаар төлүүлээд, намайг хохирогч болгосонд гомдолтой байна...” гэв.

Хохирогч Д.Мөнхтуулын өмгөөлөгч Г.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй үнэлж, зөв зүйтэй шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Прокурор М.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Энэ хэрэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулсан. Тухайлбал: Г.Одонгийн өргөст хэмх тарьсан байдал, махны наймаа хийсэн асуудлыг тогтоохын тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр удаа дараа буцаасан. Г.Одонгийн хувьд нэг компанитай 1.770.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэрээ л хийсэн байсан. Тэр “Би туршлагагүйгээс болж өргөст хэмхээ наранд хатаагаад, өргөст хэмх маань сайн ургаагүй” гэж хэлдэг. Г.Одонгоос хаанаас, хэдэн төгрөгөөр мах авчирч, хэрхэн худалдан борлуулсан, яаж алдагдалд орсон талаар нь удаа дараа асуусан боловч нэг ч мэдүүлэг өгөхгүй зөвхөн “Шатсан” гэж хэлдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч нараас “Та энэ их мөнгийг юунд захиран зарцуулсанаа яриач” гэхэд Г.Одон энэ талаар огт яриагүй. Өмгөөлөгч Ө.Амарбаясгалан бусад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах, гэм хорын асуудлын талаар нэг ч удаа ярьдаггүй. Тэрээр энэ хэрэгт ганц л хохирогч байгаа мэтээр Б.Бат-Өлзийгийн талаар л маргадаг. Хохирогч Б.Бат-Өлзий нь Г.Одонгоос мөнгө авч чадахгүй болсон тул Д.Дэлгэрмааг барьж авах санаа зорилгоор ийм зүйл ярьж байна. Д.Дэлгэрмааг энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч үйлдэл холбогдол нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон. Д.Дэлгэрмаа нь Г.Одонтой хамт ажиллаж байсан ба хадам эцгээсээ түүнд мөнгө зээлүүлсэн. Ингээд Г.Одон нь мөнгөө эргүүлэн өгөхгүй байсан тул Д.Дэлгэрмаагийн гэр бүлд маргаан үүсэж, тухайн үед бие давхар байсан Д.Дэлгэрмаа нь Г.Одонгийн араас уйгагүй хөөцөлдөж явж байж энэ 19.000.000 төгрөгийг олж өгсөн нь тогтоогдсон. Г.Одон бусдаас 147.220.000 төгрөгийг залилан мэхлэх аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн атлаа өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг төлөх талаар оролдлого хийгээгүй байж өмгөөлөгч нэмж авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, бусдад буруугаа тохох зэргээр явж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлага хангагдсан байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн тогтоолын шаардлага хангагдаагүй хэсгийг зөвтгөж засах боломжтой байна.

Хавтаст хэргийг бүхэлд хянаж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүн шинжилгээ хийж судлахад:

Нэг: Г.Одон нь 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарууд дээр өөрийн танил болон “Зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу холбогдсон хүмүүстэй уулзаж “...богино хугацаатай, өндөр хүүтэй мөнгө зээлээч, зээлийг маань чөлөөлвөл урамшуулал өгнө...” гэж итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар, удаа дараа нэр бүхий 12 иргэн буюу Д.Эрдэнэбат, А.Бибиш, Б.Бат-Өлзий, Б.Буяндэлгэр, Д.Наран, О.Батболд, Ц.Шижирхүү, Д.Мөнхтуул, П.Баттогтох, Б.Дөлгөөн, Ч.Бат-Эрдэнэ, Г.Болортуяа нараас нийт 91.039.001 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр болон ам хэлцэл хийн, өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан болох нь:

- хохирогч Б.Буяндэлгэрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Г.Одон нь надтай хамт Хаан банкны аюулгүй байдлын албанд ажиллаж байсан. Тэрээр 2015 оны 4 дүгээр сард 5.000.000 төгрөг, мөн оны 6 дугаар сард 10.000.000 төгрөгийг надаас авсан. Г.Одон нь “Эгчийнхээ 2 өрөө байрыг худалдаж авах гэж байгаа, зээл удахгүй гарах гэж байгаа, яаралтай мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлээд авсан ба одоо хүртэл миний мөнгийг өгөхгүй байна... одоо үлдэгдэл 8.500.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” /1хх-39, 3хх-163/,

- хохирогч Б.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би “Шуурхай зар мэдээ” сонинд “Зээл чөлөөлнө” гэсэн зар өгсөн ба зарын дагуу Г.Одон нь надтай холбогдсон... ингээд 2015 оны 8 дугаар сарын 19-нөөс 24-ний өдрийг хүртэл 5 хоногийн хугацаатай өдрийн 200.000 төгрөг өгөхөөр тохирон 12.600.000 төгрөгийг зээлж авсан. Энэ явдлаас хойш 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.Одон нь хамт ажилладаг Д.Дэлгэрмаа гэх хүнтэй ирээд “Энэ хүний орон сууцны зээлийн үлдэгдэл болох 19.000.000 төгрөгийг чөлөөлчих юм бол, эргүүлж барьцаанд тавиад мөнгийг чинь өгчихнө” гэж хэлэхээр нь “Би чамд мөнгө өгөхгүй” гэж хэлсэн... гэтэл Д.Дэлгэрмаагийн эцэг Дарамсүрэн нь МҮОНТ-д ажилладаг гэж хэлэхээр хэлцэл хийж, гарын үсэг зуруулан 19.000.000 төгрөгийг Д.Дэлгэрмаагийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш тэд холбоо барихаа больсон...” /1хх-16, 3хх-164/,

- хохирогч Д.Мөнхтуулын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Г.Одон нь “Би зээлээ дарах гэсэн юм, нэг хоногийн хугацаатай 16.700.000 төгрөг зээлүүлээч, би зээлээ хаачихаад буцаагаад өсгөөд өгнө” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд түүний данс руу 16.700.000 төгрөгийг шилжүүлсэн... одоо үлдэгдэл 14.700.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” /1хх-45, 3хх-163/,

- хохирогч О.Батболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Г.Одон бид хоёр 2011 оноос хойш нэг газарт хамт ажиллаж ирсэн. Би 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 13.000.000 төгрөгийг Г.Одонгийн данс руу шилжүүлсэн. Ингэхдээ Г.Одон нь “Цовоогоос махны мөнгө” гэх нэрээр шилжүүлээрэй гэж хэлсэн... Г.Одон нь нэг  төгрөг ч буцааж өгөөгүй тул 13.000.000 төгрөгөө түүнээс нэхэмжилж байна...” /1хх-72, 3хх-164/,

- хохирогч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Г.Одон нь миний хүү Ч.Бат-Эрдэнэтэй хамт Хаан банкны төв дээр ажилладаг байсан. Хүү маань надад “Манай ажлын Г.Одон гэх залууд хэдэн төгрөгийн хэрэг болоод байна, бизнес хийх гэж байгаа гэнэ, хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж хэлэхээр нь би 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Г.Одонгийн данс руу 21.650.000 төгрөгийг шилжүүлсэн... намайг гадаадаас ирэхэд 5 сарын хүү гэж 1.100.000 төгрөг өгсөн... Үлдэгдэл мөнгөө авмаар байна...” /1хх-92, 3хх-163/,

- хохирогч Б.Дөлгөөний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Г.Одон нь “Байрны зээл хаах хэрэгтэй байна, яаралтай мөнгөний хэрэг гарлаа, надад мөнгө зээлээч, 14 хоногийн дараа зээл бүтэхээр буцаагаад өгнө” гэж хэлэхээр нь 8.500.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Үүнийхээ дараа зээлийн гэрээгээ хийсэн. Г.Одон нь сар бүр хүү өгч байсан. 2015 оны 6 дугаар сард мөнгөө өгөхгүй болохоор нь гэрээгээ цуцалсан. Түүнээс хойш мөнгө өгөөгүй. Нийт 6.000.000 төгрөг нэхэмжилж байна...” /1хх-97, 3хх-163/,

- хохирогч Д.Нарангийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Г.Одонтой цуг ажиллаж байсан... 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр түүнд итгээд 4.000.000 төгрөгийг эхнэр Б.Хонгорзулынх нь данс руу шилжүүлсэн. Ингээд мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Г.Одонгоос мөнгөө шаардахад өгөхгүй байсан... би Г.Одонгоос үлдэгдэл 3.600.000 төгрөгөө авмаар байна...” /2хх-10-11, 3хх-164/,

- хохирогч П.Баттогтохын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хувиараа цалин, тэтгэврийн зээл чөлөөлдөг ажил хийдэг. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зарын дагуу ярьж байна гээд Г.Одон надтай холбогдсон... тэрээр 30 минутын хугацаатай 4.500.000 төгрөг зээлээч, уг мөнгөн дээр 300.000 төгрөг нэмж өгнө” гэж хэлэхээр нь би дээрх мөнгийг Нямдаваа гэх хүний данс руу шилжүүлсэн... Г.Одон нь Нямдаваатай уулзаж гарч ирээд “Мөнгө өгөхгүй байна” гэж хэлэхээр нь би намайг залилчихлаа гэдгийг мэдсэн... тэгээд сүүлдээ бүтэхгүй болохоор нь Г.Одонтой гэрээ хийж баталгаажуулсан. Би өөрт учирсан хохирлоо авмаар байна...” /2хх-159, 3хх-164/,

- хохирогч Г.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...би “Шуурхай зар” сонинд “Цалин, тэтгэврийн зээл чөлөөлнө” гэсэн зарыг байрлуулсан ба уг зарын дагуу 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Г.Одон нь холбогдож “Би Хаан банкны аюулгүй байдал хамгаалалтын албанд ажилладаг, цалингийн зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг үлдсэн, надад 7.600.000 төгрөг хэрэгтэй байна, үлдэгдэл нь надад байгаа, энэ зээлийг чөлөөлж өгөөч, миний зээл 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарчихна, танд буцааж өгөхдөө 1 хоногийн 1 хувийн хүүгээр тооцож өгнө” гэхээр нь ... түүний өгсөн данс руу нь 7.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тохиролцсон ёсоор 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр түүн рүү залгахад “Миний зээл гараагүй байна, өнөөдөртөө бүтнэ” гэж байснаа гар утас нь холбогдохоо больсон...” /1хх-53/,

- хохирогч Ч.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Г.Одон бид хоёр Сайншандад өргөст хэмхний талбай ажиллуулж байсан. Бид хоёр тэндээ хүмүүс ажиллуулж цалинжуулдаг байсан. 2015 оны 9 дүгээр сард Г.Одон над руу залгаад “Найз нь тэмээний мах бөөндөж авахаар боллоо, мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би 9.000.000 төгрөгийг хүнээс зээлж авч өгсөн... ер нь бол түүнийг махны наймаа хийж байсан гэдгийг мэднэ. Одоо болтол 9.000.000 төгрөгөө өгөхгүй байна... урьд нь мөн надаар дамжуулан манай эцгээс 21.650.000 төгрөгийг зээлж авсан. Тэгээд 2, 3 дугаар сарын үндсэн мөнгөний хүүг төлж явж байгаад бас алга болчихсон...” /1хх-87, 3хх-163/,

- хохирогч Ц.Шижирхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай дүү Б.Буяндэлгэр нь Хаан банкны аюулгүй байдлын албанд ажилладаг бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г.Одонг уулзуулсан. Г.Одон нь “Өргөст хэмх хурааж байгаа, мөнгө байхгүй учраас тогоо тасдуулчихаад байна, ажил зогсох гээд байна” гэхээр нь түүний эхнэр Б.Хонгорзулын данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш миний мөнгийг өгөхгүй худлаа яриад зугтаагаад байгаа...” /1хх-74/,

- хохирогч А.Бибишийн мөрдөн байцаалтад өгсөн “...би Г.Одонтой Хаан банкинд хамт ажилладаг байсан. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Г.Одон нь “Мөнгөний хэрэг болчихлоо, мөнгө зээлээч” гээд шаналгасаар байгаад 4.000.000 төгрөгийг зээлж авсан. Мөн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Мөнгө зээлээч” гээд гуйгаад байхаар нь 2.800.000 төгрөгийг зээлүүлсэн. Эдгээр мөнгийг авахдаа аман болон бичгээр гэрээ хийсэн. Тэгтэл гэрээнд заасан хугацаандаа мөнгөө өгөхгүй, худлаа хэлж зугтаасаар өдийг хүрлээ...” /1хх-94/ гэсэн мэдүүлгүүд, эдгээр мэдүүлгүүд үндэслэлтэй болохыг нотолсон гэрч Г.Ундрах /1хх-99/, Б.Пүрэвгэрэл /2хх-22-23/, П.Ууганбат /3хх-70/ нарын болон дээрх нэр бүхий 12 хохирогч нараас мөнгө зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн ялтан Г.Одонгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1хх-113, 122, 126, 128-129, 2хх-33-34, 240, 3хх-49-50, 97-99, 160/, мөн Г.Одонг Хаан банкны Аюулгүй байдал, хамгаалалын албанд аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан тухай тодорхойлолт /1хх-9/, Г.Одонгийн хохирогч Б.Бат-Өлзий, А.Бибиш, П.Баттогтох нартай байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд /1хх-10, 2хх-18-19, 155/, хохирогч Ц.Шижирхүү болон Г.Одонгийн эхнэр Б.Хонгорзул нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хуулбар, Б.Хонгорзулын Хаан банкны 5376102395 дугаарын дансанд мөнгө шилжүүлсэн тухай баримт /2хх-133, 188, 237/, хохирогч Ч.Бат-Эрдэнэ, Г.Болортуяа нараас Г.Одонгийн Хаан банкны 5133049063, 5003350717 дугаарын дансанд мөнгө шилжүүлсэн тухай баримт /1хх-35-36, 51/, Г.Одон болон хохирогч Ч.Бат-Эрдэнэ, Б.Буяндэлгэр, Б.Дөлгөөн, Д.Наран нарын Хаан банкны 5003156969, 5003540129, 5003856531, 5070144750, 50999990585, 5003350717, 5133049063 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-79, 95, 98, 138, 140-166, 2хх-36-132, 2хх-185-186/, хохирогч Ч.Бат-Эрдэнэ, Б.Буяндэлгэр, Ж.Буяннэмэх нартай хийсэн хохирлын тооцооны баримт /3хх-111-112/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар эдгээр хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Г.Одон нь өөрийгөө өргөст хэмх тариалж байгаа, махны худалдаа арилжаа эрхэлж байгаа тогтмол орлоготой гэж, мөн цалин орон сууц барьцаалсан зээл хөөцөлдөж байгаа гэх мэтээр бусдад ойлгуулж, төлбөр төлөх боломжгүй хирнээ өндөр хүү амлах, урамшуулал өгнө гэх зэргээр итгүүлэн хуурч мэхлэх аргаар, энэ аргаа олон хохирогчид хэрэглэж, мөнгийг нь авч, богино хугацаанд тухайлбал 2014 оны 6, 9, 11 дүгээр сар, 2015 оны 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад үргэлжлүүлэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Хохирогч нарын хохирсон байдлын талаарх мэдүүлгүүд нэгэн адил утга бүхий байх ба энэ нь Г.Одон нь хохирогч нарын мөнгийг буцаан өгөх боломж, нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул шууд санаа, шунахайн зорилготой үйлдэгдсэн гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс Г.Одонг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсоны гадна, шүүхээс Г.Одонд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан байна.

Ялтан Г.Одонгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан “...хохирогч Ж.Буяннэмэх, А.Бибиш, Б.Буяндэлгэр, Д.Наран, Д.Эрдэнэбат нарыг залилан мэхэлсэн гэх үйлдлүүдийг “Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамруулах...” тухай гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна. Учир нь ялтан Г.Одонгийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан давтан үйлдэл бөгөөд энэхүү хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн эхлэл ба төгсгөл нь 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацааг хамарсан байна. Иймд ялтан Г.Одонгийн үйлдэл нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаа, шаардлагад хамаарахгүй гэж үзлээ.

Хоёр: Ялтан Г.Одонгийн гэмт үйлдэлд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байх тул энэ хугацаанаас өмнө хохирогч нарт төлбөр төлсөн хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүй бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирлын дүнд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тухайлбал: Хохирогч Ж.Буяннэмэхийн хохиролд 4.870.000 төгрөг бүрэн төлөгдсөн, мөн хохирогч Б.Дөлгөөнд 4.000.000 төгрөг, Б.Буяндэлгэрт 6.850.000 төгрөг, Д.Мөнхтуулд 2.000.000 төгрөг, Д.Эрдэнэбатад 19.310.999 төгрөг, А.Бибишэд 1.750.000 төгрөг, Д.Наранд 400.000 төгрөг тус тус Г.Одонгоос тодорхой хэмжээгээр нөхөн төлөлт хийгдсэн нь тогтоогдож байгаа ба анхан шатны шүүхийн тогтоолд ялтан Г.Одонгоос гаргуулах төлбөрийн дүнгээс энэ хэсгийг хасаж тооцсон нь зөв боловч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүнгээс хасаж тооцох, эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу байна.

Хохирогч Б.Бат-Өлзий нь өөрт учирсан 31.600.000 төгрөгийн хохирлоос 19.000.000 төгрөгийн төлбөрийг Г.Одон дангаар хариуцах бус харин хариуцвал зохих этгээд нь Д.Дэлгэрмаа байсан бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болсон тул уг хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авахаар хүсэлт гаргасан байна.

Иргэн Д.Дэлгэрмаа, Г.Одон нар нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Бат-Өлзийгөөс 19.000.000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай өндөр хүү амлаж авсан байх ба анхан шатны шүүх Г.Одонг энэ үйлдэлд дангаараа гэм буруутай гэж дүгнэн түүнээс уг төлбөрийг гаргуулсан байна. Хавтаст хэрэгт дээрх 19.000.000 төгрөгийг … банк дахь Б.Бат-Өлзийгийн данснаас Д.Дэлгэрмаагийн дансанд шилжигдсэн баримт байх ба Д.Дэлгэрмаа нь уг мөнгийг дангаар захиран зарцуулж өр төлбөрт шилжүүлсэн тухай мэдүүлсэн байна. Иймээс уг төлбөрийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлье гэсэн хохирогч Б.Бат-Өлзийгийн хүсэлт нь үндэслэлтэй байх тул Г.Одонд холбогдох эрүүгийн хэргээс хохирогч Б.Бат-Өлзийд учирсан 31.600.000 төгрөгийн хохирлоос 19.000.000 төгрөгийн хохирол бүхий үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүй гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Мөн хохирогч Ж.Буяннэмэх нь Г.Одонд мөнгө зээлүүлж, мөнгөө буцаан авсан тухай тооцоо хавтаст хэрэгт авагдсан байх ба энэ талаар Ж.Буяннэмэх маргахгүй байхгүй тул түүнд холбогдох Г.Одонгийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иймд хохирогч Б.Бат-Өлзийд учирсан үлдэх 12.600.000 төгрөгийн хохирлыг бусад нэр бүхий 11 хохирогчид /шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад заасан/ төлөгдөөгүй үлдсэн 76.439.001 төгрөгийн хохирол тус бүртэй нэгтгэн нийт 89.039.001 төгрөгийг Г.Одонгоос гаргуулж, Г.Одонгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 91.039.001 төгрөгөөр тооцож тогтоов.

Дээрх үндэслэлээр ялтан Г.Одон, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлын хохирогч Б.Бат-Өлзийд холбогдох хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлоос бүх үйлдэлд гэм буруугүй гэсэн болон хууль хэрэглээний талаар маргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад, “...хохирогч Г.Болортуяаг “Д.Болортуяа”...” гэж ташаарч бичсэнийг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Одонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “...иргэн Б.Бат-Өлзийгөөс “5 хоногийн хугацаатай хүүнд нь 1.000.000 төгрөг өгнө” гэж 19.000.000 төгрөгийг авсан...” гэх, мөн “…иргэн Ж.Буяннэмэхээс “хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж 4.870.000 төгрөг авсан...” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.”,

- “Хохирогч Б.Бат-Өлзий нь өөрт учирсан 19.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн төлбөр хариуцвал зохих этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын зарим хэсэгт “...шүүгдэгч Г.Одонгоос нийт 108.039.001 төгрөг гаргуулж ... хохирогч Б.Бат-Өлзийд 31.600.000 төгрөг, хохирогч Д.Болортуяад 7.600.000 төгрөг ... тус тус олгосугай.” гэснийг “...шүүгдэгч Г.Одонгоос нийт 89.039.001 төгрөгийг гаргуулж ... хохирогч Б.Бат-Өлзийд 12.600.000 төгрөг, хохирогч Г.Болортуяад 7.600.000 төгрөг ... тус тус олгосугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Ялтан Г.Одон, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлоос бүх үйлдэлд гэм буруугүй болох тухай болон хууль хэрэглээний талаар маргасан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ГАНСҮХ

                            ШҮҮГЧИД                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                           Д.МӨНХТУУЛ