Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 65

 

 

Х.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр магадлалтай, Х.Ст холбогдох 2013000000211 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүд, эхийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Молхы овогт Х.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Стийг 9  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ст оногдуулсан 9 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сийн энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гүлгайымд сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Багжанатад гэмт хэргийн хор уршигт 10.302.150 төгрөг, нийт 20.302.150 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн ТОЗ-8 загварын, 8814367 гол төмрийн дугаартай, 367 замгийн дугаартай, галт зэвсэг 1 ширхэг, галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, сумны дайз болон сум 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгцээний дагуу Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, амь хохирогчийн өмсөж явсан пудволк 1 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, арчдас 4 ширхэг, өвс, ургамал хийсэн уут 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийн ажиллагааг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг /CD/-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Х.Сийн эзэмшлийн 2006 онд Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн, 2006 оны 8 дугаар сард Монгол Улсад импортлогдсон, УАЭ-31512 маркийн 81-53 БӨТ улсын дугаартай, 8.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр 29-ний өдрийн 5/64 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,

Шүүгдэгч Х.Сээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх      Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоол болон эрүүгийн 2013000000211 дугаар хавтаст хэргээс хуулбарлаж авсан нотлох баримтуудаас үзэхэд Х.С нь хулгайн гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн, түүнчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн, шүүхээс эдгээр нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож тухайн хэргийн яллагдагч М.Жыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байжээ. Үүнээс үзэхэд цагдаагийн байгууллага, прокурор, цаашлаад шүүх холбогдох хуульд заасны дагуу гэрчийг нууцлаагүй, гэрчийн аюулгүй байдлыг хангах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс болж талийгаач М.Ж нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ЕШЗ/208 дугаар захирамжаар суллагдсаны дараа өш хонзонгийн сэдэлтээр, согтуугаар, зэвсэг буюу зэвсгийн чанартай зүйл /хутга/ ашиглаж хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлчлүүлэгч Х.Сийг алахыг завдаж халдлага үйлдсэн, үүнээс болж Х.Сийн тухайн үед өмсөж байсан хар өнгийн дээлийн ханцуйны урд хэсэгт эгц доошоогоо 18.3 см-ийн хэмжээтэй зүсэгдсэн, дараа нь М.Ж дахиад халдлага үйлдэхээр завдаж “... чамайг ална ...” гэж хэргийн газарт байгаа ургаа модыг тойрох байдлаар аюултайгаар довтолсон, үйлчлүүлэгч Х.С цагдаагийн байгууллагад хандсан боловч тусламж авч чадаагүй тул халдагч этгээдийн хууль бус гэмт халдлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор аргагүй байдлаар буудлага үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал харагдаж байна. Тодруулбал, хавтаст хэрэгт цугларсан 1-р ХХ-ийн 26-р талд авагдсан цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан №11 фото зурагт “Шархны чиглэлийг харуулав”, 1-р XX-ийн 175-178-р талд авагдсан ШШҮХ-ийн шинжээч К.Хайратын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан №3 фото зурагт Талт зэвсгийн буудагдаж цээжний хөндийд орсон гэмтлийг харуулав гэсэн нотлох баримтаас үзвэл амь хохирогчийн зүүн далны доод хэсэгт цээжний хөндийд доороос дээшээ чиглэн нэвтэрсэн шарх хурц өнцөг /нэлээд налуу/ үүсгэсэн байдал зэргээс үзвэл буудлага маш ойрхноос үйлдэгдсэн буюу гэмт халдлага бодитой тулгарсан байсныг, довтолгооны аюул өнгөрөөгүй байсан гэж дүгнэхээр байна. Гэтэл анхан шатны шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ “... шүүгдэгч Х.Сиийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Х.Сийн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд: Мөрдөгч Е.Нурболаас 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10 цаг 20 минутад үйлчлүүлэгч Х.Сийг аймгийн Цагдаагийн газрын 214 тоот өрөөнд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж энэхүү баривчилсан тухай шийдвэр /мөрдөгчийн тогтоол болон тэмдэглэл/-ийг үйлчлүүлэгч Х.Сэд 10 цаг 36 минутад танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн гэж үзэхээр байна. Гэтэл мөрдөгчөөс Х.Сэд түүнийг баривчилсан тухай шийдвэрийг танилцуулж эрх үүргийг нь тайлбарлаж өгөхөөс нь өмнө 10 цаг 22 минутад сэжигтнээр мэдүүлгийг нь авсан байна. Ингэж мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс өмгөөлөгч Т.Бахытыг оролцуулсан бөгөөд үүнээс хойших мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч Т.Бахытыг огт оролцуулаагүй байна. Өмгөөлөгч Т.Бахыт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Т.Бахыт би Х.Сс анх 2020 оны 9-р сард мэдүүлэг авахад томилогдсон өмгөөлөгчөөр оролцож мэдүүлэг авахад байлцсан юм. Би түүнтэй албан ёсоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй тул шүүх хуралдаанд оролцохгүй болно” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдана” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн (b)-д “өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцах;”, мөн зүйлийн (d)-д "... өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх; өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь мэдэгдсэн байх гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д ““томилогдсон өмгөөлөгч” гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг;”, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтэн, ...-ийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангахдаа ... мөрдөгч тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй мөн хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч баривчлагдсан сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэр танилцуулахаас өмнө, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол баривчилсан даруй түүнд дараах зүйлийг танилцуулна: ... 1.2. хууль зүйн туслалцаа авах эрхтэй болох мөн хуулийн 31.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тэмдэглэлд баривчлах ажиллагааны үйл явцаас гадна дараах зүйлийг тусгана. 2.3 баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг, минут мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг, минутыг тэмдэглэж. гарын үсэг зуруулна мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн дараах эрхтэй: 1.3. өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, өмгөөлөгч, гэр бүлийн гишүүнтэй холбогдох боломжоор хангагдах;  ... 1.5. өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;” гэж тус тус заасан байна. Монгол Улсын олон улсын гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд мөрдөгч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай шийдвэр гаргах эрхтэй байна. Хэрэв мөрдөгч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай шийдвэр гаргасан тохиолдолд хамгийн түрүүнд сэжигтэнд хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг нь тайлбарлаж өгөхөөс гадна өмгөөлөгч сонгож авах боломжоор хангаж өгөх үүрэгтэй байна. Гагцхүү сэжигтэн өмгөөлөгчөө сонгож аваагүй тохиолдолд тухайн ажиллагаанд прокурор, шүүхийн шийдвэрээр томилогдсон өмгөөлөгч оролцуулахаар журамласан байна. Гэтэл энэ тохиолдолд мөрдөгчөөс Х.Сийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай шийдвэр гаргасан атлаа түүнд хуульд заасан эрхийг нь танилцуулж тайлбарлаж өгөөгүй, түүнчлэн өмгөөлөгч сонгож авах боломжоор нь хангаагүй, мөн түүнчлэн мөрдөгчийн ямар нэгэн шийдвэргүйгээр өмгөөлөгч Т.Бахытыг мөрдөн шалгах ажиллагаанд шууд оролцуулсан, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах нөхцөл боломжоор хангаагүй нь холбогдох хуулийг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маш ноцтой зөрчил болсон байна. Хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд Шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:       Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ. М.Жын амь насыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. ... С нь амь хохирогч М.Жын зүй бус үйлдлийн улмаас түүнийг морьтойгоо гол дагаад давхиж байхад нь араас нь чиглүүлсэн буудсан нөхцөл байдал тогтоогдож байна. ... гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн байдал нь түр сарнисан болох нь тогтоогдохгүй байна” гэжээ. Үүнээс үзэхэд шүүх /шүүгч/ тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэснийг, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэснийг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн /Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох/ 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, ... -ийг хориглоно” гэж заасныг ноцтойгоор зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ...” гэж заасныг маш ноцтойгоор зөрчсөн явдал болсон байна.  Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос сэргийлэх, түүнчлэн холбогдох хуульд зааснаар шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаагийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ гаргах гэж байгаа шийдвэр болон яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа дээрх байдлаар урьдчилан илэрхийлсэн байна. Тиймээс шүүгдэгч Х.С, болон түүний өмгөөлөгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс шүүгч Б.Болормаагийн хувьд уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзэж татгалзан гаргах хүсэлт гаргасан. Угтаа бол шүүгч Б.Болормаа нь гаргах гэж байгаа шийдвэр болон яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь саналаа урьдчилан илэрхийлснийхээ төлөө өөрийн санаачилгаар тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд шүүгдэгч Х.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 2020/ШЭ/384 дүгээр захирамжийн “ТОДОРХОЙЛОХ нь” гэсэн хэсэгт дурдсан шүүхээс гаргах гэж байгаа шийдвэр болон яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлсэн дүгнэлттэй агуулгын хувьд бараг адилхан дүгнэлт хийх байдлаар шүүгдэгч Х.Сийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон гэж үзэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна.  Дээрхээс дүгнэвэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Х.Сийн үйлдэлд хүнийг санаатай алах гэмт хэргийн субъектив талын нэмэгдэл шинж болох сэдэлт, санаа, зорилго нь хангалттай тогтоогдохгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоол, Баян- Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, үйлчлүүлэгч Х.Сийн хувьд дээрх байдлаар гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал гаргасан гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа    “... Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь амь хохирогч М.Ж нь 2 удаа довтолсон, амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй байдлаар довтолсон гэж зөв дүгнэсэн атлаа гэмт халдлага буюу довтолгоо төгссөний дараа амь хохирогч М.Жыг морьтойгоо гол гараад давхиж байхад нь араас нь чиглүүлж буудсан гэж хэргийн бодит нотлох баримтад тулгуурлаагүй, хавтаст хэрэгт байхгүй хийсвэр дүгнэлт хийсэн байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/36 дугаартай “яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай “яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол зэрэг нийт 3 удаагийн прокурорын тогтоолд М.Жын морьтойгоо гол гараад давхиж байхад нь араас нь чиглүүлж буудсан үйл баримт хавтаст хэрэг авагдаагүй байдаг. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/04 дугаартай магадлалд ... Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтаар тогтоогдсон Х.С нь хохирогчийг мориноосоо бууж ирэхэд айлгах зорилгоор эхлээд тэнгэр лүү нэг удаа хий буудсан, дараа нь амь хохирогч М.Ж буцаад мориндоо мордоод цааш нь явах үед 2 дахь удаа чиглүүлж байгаад буудсан, үүний дараа тэрээр морьтойгоо гол гарч явсан” хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүх “М.Жыг морьтойгоо гол дагаад давхиж байхад нь араас чиглүүлж буудсан” /4 дэх хавтаст хэргийн 183 дахь тал/ гэж бодит байдлаас зөрүүтэй тогтоосон талаарх шүүгдэгч, болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах гомдол тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуульд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна гэж дүгнэж хэргийн бодит байдалд нийцэхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ. Мөн хуулийн 31.2 дугаар зүйлийн 1.  Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ. /Хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/ Сэжигтэн Х.Сийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “... Ж нь надад хандаж   “... танд нэг юм хэлье гэсэн” гэхээр нь би түүнд “хэлээрэй, юу болов” гэхэд тэрээр надад “... чи өнгөрсөн жил намайг яагаад цагдаад барьж өгч байгаа юм бэ” гэхээр нь би “... би тухайн үед чамайг гэж мэдээгүй, сэжигтэй машин байхаар нь зогсоосон, чи намайг таньсан юм уу” гэхэд тэр надад “таньсан та байсан” гэж хэлж байх хооронд бид хоёр голын уснаас морьтойгоо гараад ирсэн. Гол гараад ирсний дараа би түүний мориноос буух үед тэр ч бас мориноосоо буухаар нь би түүний асуудал гаргах гээд байгааг анзаараад шууд гэр лүүгээ хурдан алхаад явж байтал араас тас түс гэх дуу чимээ гарахаар нь хойшоогоо эргэж харахад Ж нь морьтойгоо давхиж ирээд цуулбараараа намайг цохих гэж байх үед нь би түүний цуулбарыг нь барж аваад мориных нь ногтноос барьж зогсоод түүнд чамд юу болов гэхэд тэрээр надад “... чи надад тааралдахгүй яваад байсан, би чамайг ална” гэж хэлээд баруун гартаа байсан хутгаа над руу савах үед түүний хутга нь миний гадуур өмсөөд яваад байсан хар дээлийн мөр хавьцаа газар зүсэж авсан. Тэгэхээр нь би түүнийг намайг алах гэж ирсэн байна гэж бодоод мөн түүнийг дийлэхгүй гэдгээ ойлгоод дээлээ тайлж аваад түүний морийг үргээсэн. Тухайн үед Ж нь морин дээрээ байсан ба тэр над руу морьтойгоо дайрсан боловч түүний морь нь үргээд над руу ойртоогүй. Би түүний морийг дээлээрээ үргээх явцад гэр лүү дөхөх санаатай алхаад байсан. Худал хэлсэн хүнд бараг 1 орчим км газар түүний морийг үргээж, гэр лүү алхаад яваад байсан. Харин тэр над руу морьтойгоо дайраад байсан ба түүний гарт хутга нь харагдаж байсан. Тухайн үйл явц үргэлжлэх хугацаанд гадаа нилээн харанхуй болчихсон тэнгэрт саргүй байсан ба тэгж байтал би гэрлүүгээ дөхөж ирээд чангаар хашхирахад манай гэрээс нэг хүн гар чийдэн бариад гараад ирэх шиг болсон. Тэр үед Ж нь надад “... би чамайг гэрт чинь очиж байгаад ална, бэлэн байгаарай” гэж хэлээд морьтойгоо давхиад яваад өгөхөөр нь өөрт явж байсан гар утсаараа шууд сумын хэсгийн цагдаагийн даргад утастахад тэр хүн утсаа аваагүй болохоор нь би аймгийн төвд байдаг Мухаметжан гэх ах руугаа залгаад “... намайг хүн алах гэж байна, та аймгаас цагдаа авчрах хэрэгтэй байна” гэж хэлсэн ... Бууг авсан зорилго маань Ж нь дахиж ирвэл түүнийг айлгах санаатай байсан. Учир нь тэр надад анх хутгатай дайрсан шүү дээ. Тэр үе 23 цаг өнгөрч байсан үе байсан, дөнгөж cap гарч байсан. Ер нь гадаа нилээн харанхуй байсан. Тэгээд Ж нь морьтойгоо хүрч ирээд мориноосоо буугаад над руу дөхөөд ирэхээр нь би сууж байсан газраасаа босож аваад гартаа байсан буугаар агаарт, тэнгэрлүү нэг удаа буудсан. Тухайн үед бууны хошууг дээшлүүлж байгаад хий буудсанаа санаж байна. Тэгтэл Ж нь шууд морио унаад гол дагаж давхих үед нь би түүнийг чиглүүлж байгаад дахин нэг удаа буудсан. Тэр үед Ж нь голын усаар морьтойгоо гараад явах шиг болсон ... гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ. Гэтэл дээрх сэжигтнээр мэдүүлэг авахдаа 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 22 минутад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1.1-1.8 дэх хэсэгт заасан эрхийг танилцуулсан байна. Мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8 дэх хэсэгт заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3-т монгол хэл бичиг мэдэхгүй, мөн хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө сонгон авах, 1.3.өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг өгөх эрхээр хангаагүй бөгөөд уг эрхээр хангаагүй болох нь Х.Сийн өмгөөлөгч сонгон авах хүсэлт гаргаагүй гэдгээр нотлогдоно. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЭ/384 “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, зүйлчлэлийг зөвтгүүлэхээр Х.Сэд холбогдох хэргийг прокурорт буцааж шүүгдэгч Х.Сийн гэм буруугийн талаар урьдчилан дүгнэлт өгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийг зөрчиж шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүхээс үүнийг анхаарсангүй. Шүүгдэгч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ амь хохирогч М.Ж нь урьд хулгайлах гэмт хэргийн үйлдэлд ял шийтгүүлсэн уг хэрэгт шүүгдэгч Х.С гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл өгч, гэрчээр мэдүүлэг өгсөн гэх шалтгаанаар амь хохирогч М.Ж нь шүүгдэгч Х.Сийн амь насанд нь аюул учруулахаар зэвсэг хэрэглэн /хутга/ халдаж довтолсон үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй байна. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор шүүгдэгч Х.Сийн өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг үндэслэн яллагдагчаар татаж шүүх рүү шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.энэ хуульд заасныг зөрчиж авсан шүүгдэгч Х.Сийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүй зөвхөн өөрийнхөө эсрэг өгсөн сэжигтний мэдүүлгээр гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 7.1 дүгээр зүйлийн 1.Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ. Сэжигтэн Х.Сийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт  “... Ж нь надад хандаж “... танд нэг юм хэлье гэсэн” гэхээр нь би түүнд “хэлээрэй, юу болов” гэхэд тэрээр надад “... чи өнгөрсөн жил намайг яагаад цагдаад барьж өгч байгаа юм бэ” гэхээр нь би “... би тухайн үед чамайг гэж мэдээгүй, сэжигтэй машин байхаар нь зогсоосон, чи намайг таньсан юм уу” гэхэд тэр надад “таньсан та байсан” гэж хэлж байх хооронд бид хоёр голын уснаас морьтойгоо гараад ирсэн. Гол гараад ирсний дараа би түүний мориноос буух үед тэр ч бас мориноосоо буухаар нь би түүний асуудал гаргах гээд байгааг анзаараад шууд гэр лүүгээ хурдан алхаад явж байтал араас тас түс гэх дуу чимээ гарахаар нь хойшоогоо эргэж харахад Ж нь морьтойгоо давхиж ирээд цуулбараараа намайг цохих гэж байх үед нь би түүний цуулбарыг нь барж аваад мориных нь ногтноос барьж зогсоод түүнд чамд юу болов гэхэд тэрээр надад “... чи надад тааралдахгүй яваад байсан, би чамайг ална” гэж хэлээд баруун гартаа байсан хутгаа над руу савах үед түүний хутга нь миний гадуур өмсөөд яваад байсан хар дээлийн мөр хавьцаа газар зүсэж авсан. Тэгэхээр нь би түүнийг намайг алах гэж ирсэн байна гэж бодоод мөн түүнийг дийлэхгүй гэдгээ ойлгоод дээлээ тайлж аваад түүний морийг үргээсэн. Тухайн үед Ж нь морин дээрээ байсан ба тэр над руу морьтойгоо дайрсан боловч түүний морь нь үргээд над руу ойртоогүй. Би түүний морийг дээлээрээ үргээх явцад гэр лүү дөхөх санаатай алхаад байсан. Худал хэлсэн хүнд бараг 1 орчим км газар түүний морийг үргээж, гэр лүү алхаад яваад байсан. Харин тэр над руу морьтойгоо дайраад байсан ба түүний гарт хутга нь харагдаж байсан. Тухайн үйл явц үргэлжлэх хугацаанд гадаа нилээн харанхуй болчихсон тэнгэрт саргүй байсан ба тэгж байтал би гэр рүүгээ дөхөж ирээд чангаар хашхирахад манай гэрээс нэг хүн гар чийдэн бариад гараад ирэх шиг болсон. Тэр үед Ж нь надад “... би чамайг гэрт чинь очиж байгаад ална, бэлэн байгаарай” гэж хэлээд морьтойгоо давхиад яваад өгөхөөр нь өөрт явж байсан гар утсаараа шууд сумын хэсгийн цагдаагийн даргад утастахад тэр хүн утсаа аваагүй болохоор нь би аймгийн төвд байдаг Мухаметжан гэх ах руугаа залгаад “... намайг хүн алах гэж байна, та аймгаас цагдаа авчрах хэрэгтэй байна” гэж хэлсэн ... Бууг авсан зорилго маань Ж нь дахиж ирвэл түүнийг айлгах санаатай байсан. Учир нь тэр надад анх хутгатай дайрсан шүү дээ. Тэр үе 23 цаг өнгөрч байсан үе байсан, дөнгөж cap гарч байсан. Ер нь гадаа нилээн харанхуй байсан. Тэгээд Ж нь морьтойгоо хүрч ирээд мориноосоо буугаад над руу дөхөөд ирэхээр нь би сууж байсан газраасаа босож аваад гартаа байсан буугаар агаарт, тэнгэр рүү нэг удаа буудсан. Тухайн үед бууны хошууг дээшлүүлж байгаад хий буудсанаа санаж байна. Тэгтэл Ж нь шууд морио унаад гол унаад гол дагаж давхих үед нь би түүнийг чиглүүлж байгаад дахин нэг удаа буудсан. Тэр үед Ж нь голын усаар морьтойгоо гараад явах шиг болсон”... /Хавтаст хэргийн   80-81 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, Яллагдагч шүүгдэгч X.Сн удаа дараа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн “...Тэгтэл Ж хутга гаргаад ирээд надад “чи муу намайг цагдаад барьж өгнө гэнээ, би чамайг ална” гэж хэлээд хутгаар миний зүүн цээж хэсэг рүү хутгаа савах мөчид би хутгыг нь хараад хойшоогоо ухрах үед миний зүүн мөр хэсэгт зүсэх шиг болсон. Тэгээд би түүнд ингэж хутгалуулдаг юм байна гэж бодоод түүний морийг нь тавиад өөрийнхөө дээлийг тайлж аваад түүний морийг үргээж байсан, харин тэр над руу морьтойгоо дайраад байсан... Энэ хооронд мөн л сумын цагдаа болон ах Мухамеджанд болсон асуудлыг утсаар ярьж хэлсэн байсан ... Тэгээд нь би Ж ирвэл түүнд хутга байгаа ирвэл айлгана гээд майхандаа байсан өөрийнхөө буугаа аваад морио унаад голын эрэг тийшээ очоод мориноосоо буугаад утсаараа цагдаа Еркетай руу залгаж байтал Ж нь адууг туугаад манай талбайд орж ирээд шууд миний майхан руу очоод намайг тэнд хэсэг хайсан. Тэгэх хооронд би Еркетайд утсаар залгаад Ж ирчихсэн байна, та нар хурдхан ирэхгүй юм уу, би одоо утсаар ярьж чадахгүй, миний дууг сонсчих гээд байна гэж байтал над руу дөхөж ирээд би угаасаа шоронд явсан хүн би чамайг алчхаад явна гэж хэлээд морьтой давхиж ирсэн ... тэр над руу дөхөж ирэх хооронд би буугаа дээшлүүлж байгаад агаарт нэг удаа буудсан ... Тухайн үед Ж нь мориноосоо буух үед түүний нүүр царай бүдэг харагдаж байсан, учир нь тэр үед гадаа нилээн харанхуй болчихсон байсан. Буудсан шалтгаан маань яг тэр мөчөөс 2 орчим цагийн өмнө Ж над руу хутгатай дайрсан, хутгатай явж байна гэж бодоод түүний айлгах зорилгоор буудсан байсан. Би тэгж нэг удаа агаарт буудах мөчид Ж нь шууд морь руугаа очоод морио унаж аваад надад "чиний наад буу чинь надад сонин биш, би нэгэнт шоронд явахаар болсон, чамайг алчхаад явна" гэж зандарч модны цаанаас над руу дайраад байсан. Би тэр үед нь модны нөгөө талд гараад түүнийг ойртуулахгүйгээр Жын эргэсэн талын эсрэг тал руу нь зугтаж байгаад түүнийг айлгахаар дахин нэг удаа буудсан. Учир нь тэр мөчид би түүнээс маш их айж, зүрх маань хүчтэй цохилж цочирсон байсан. Би мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад мөрдөгчид мод болон тухайн үед болсон үйл явдлыг биеэрээ зааж өгсөн байсан. Хоёр дахь удаад нь буудах үед Ж юу ч дуу гаралгүйгээр, морьтойгоо давхиад голын ус гараад яваад өгсөн. Тэгэхлээр нь би сүүлийн буудлагаар айгаад явчихсан байх гэж бодсон ... Хоёр дахь буудлага үйлдэх мөчид өмнөхөөсөө маш ихээр айгаад, цочирдсон байсан ... Нэг тайлбар хэлэхэд тэр өдрийн орой 21 цагийн үед анх Ж нь над руу хутгатай дайрах үед нь би сумын цагдаад дуудлага өгсөн. Харин буудлага үйлдэгдэх цаг хугацаа шөнийн 23 цагийн үе байсан. Тэр хугацаанд цагдаа нар ирж, Жыг барьж авсан бол иймэрхүү асуудал гарахгүй байх гэж бодож байгаа, бас нэг талаас нь хэлэхэд шүүх нь олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэмт хэрэгтнийг суллаж явуулснаас болоод гэрчийн мэдүүлэг өгсөн намайг занаж, халдан, эцэст нь ийм асуудал гарсан гэж үзэж байна. ...Эцсийн эцэст мал хөрөнгөө алдсан иргэнд тус болж, гэмт этгээдийг гэрчилснээс болоод мөн өөрийнхөө амь насыг аврах гэж байгаад иймэрхүү асуудалд холбогдлоо. Тэрнээс би талийгаачид огт өш хонзон санаж байгаагүй, би өөрийнхөө мөрөөр, малчин амьдралаар амьдарч байсан жирийн нэгэн малчин хүн, түүний алах санаа огт байгаагүй ...” гэх зэрэг шүүгдэгч Х.Сийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь дараах гэрч нарын мэдүүлгүүдтэй эх сурвалжаараа таардаг. Үүнд: Гэрч Ш.Бауыржаны 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад Ахтилекийн хадланд С нь ачааны машинтайгаа хүрээд ирсэн бөгөөд гэрт ирсний хэсэг хугацааны дараа бид нарын хажууд морьтой залуу хүрээд ирсэн. Би тэр залууг урь нь харж байгаагүй, таньдаггүй залуу байсан. Сүүлд мэдсэнээр Ж гэх залуу байсан. ...Ахтилект хандаад “та хэд өдийг хүртэл юу хийж байсан бэ, би урьд шөнө хүнтэй зодолдоод унтсангүй, над руу хутга гаргалаа” гэх шиг юм ярьж байсан.” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 135-136-р хуудас/. Гэрч М.Ахтилекийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өглөө   09 цагийн үед С ах хүрч ирээд өчигдөр намайг явснаас хойш Ж ирсэн үү? Би шөнөжин унтаж чадаагүй. Ж нь надтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар ална гэж заналхийлж, хутга гаргаж танхайрсан. Тэгээд би түүнийг айлгах зорилгоор буугаа гаргаж буудсан гэж хэлсэн ... С ах өөрөө ярихдаа Ж нь ална гэж дайрсан ба түүнийг айлгах зорилгоор буу гаргаж буудсан юм гэж хэлсэн. Чухам хаана хэдэн удаа яаж буудсан эсэхийг нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн  139-140-р хуудас/.  Гэрч Д.Тунгатын 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 09 цагийн үед цай уугаад сууж байхад С ах хүрч ирээд та юм мэдсэн үү? Өчигдөр Ж нь надтай маргалдаж, заналхийлээд улмаар хутга авч дайрсан. Намайг ална гэж танхайрсан. Тэгээд би буу гаргаж түүнийг айлгаж буудсан. Тэгж байтал Ж яваад өгсөн. Жыг бариулах гээд цагдаа нарт дуудлага өгсөн боловч ирээгүй гэж хэлсэн. ... С ах өөрөө ярихдаа Ж нь ална гэж дайрсан ба түүнийг айлгах зорилгоор буу гаргаж буудсан юм гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 141-142-р хуудас/. Гэрч Х.Нурланы 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... тэгж байтал Сийн утас руу цагдаагийн байгууллагаас залгах шиг болсон ба тэр хүн машиныхаа дээгүүр өвсөн дээр гарч аваад “... өчигдөр орой Ж надруу хутга аваад дайрсан, би өөрийгөө хамгаалахаар морийг нь дээлээрээ үргээсэн ...” гэж хэлж байсныг сонссон. Тэр үед би доороос нь өвс ачиж байсан юм. Дараа нь бид нар луу “... өчигдөр Ж бид хоёр гол гарсны дараа тэр над руу хутга авч дайраад би дээлээрээ морийг нь үргээгээд зугтсан, өөрийгөө хамгаалахаар хоёр удаа чиглүүлж буудсан ...” гэж хэлсэн. Тэгээд цаашаагаа лавлаж юм асуугаагүй. ... Асуулт: Х.С 2 удаа буудсан гэсэн байна. Та хэд түүнээс 2 удаа юу буудсан талаар лавлаж асуусан юм биш үү? Хариулт: Ж дайрах үед өөрийгөө хамгаалахаар агаарт хий буудсан гэж хэлсэн. Асуулт: Урд өмнө Ж, С нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан үүсч байсан уу? Тэд нарын хооронд ямар нэгэн өш хонзонгийн асуудал бий уу? Хариулт: Ер нь Сийн хэлснээр Ж нь хулгайн гэмт хэрэгт холбогдсоноо түүнээс үзэж, өш санаад явдаг гэж сонссон. Тэрнээр Сийн хувьд Жтай асуудал гаргаж байгаагүй.” гэсэн мэдүүлгээр, /1-р     ХХ-ийн143-144-р хуудас/. Гэрч Х.Мухамеджаны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр    20 цаг 54 минутын үед гадуур явж байхад Улаанхус суманд оршин суудаг дүү болох С нь өөрийнхөө 93156482 дугаараас надруу залгаж Ж гэгч намайг ална гэж хутга барьсан дайраад байна. Та яаралтай аймгаас цагдаа дагуулж хүрээд ирээч гэхээр нь би удалгүй аймгийн Цагдаагийн газрын жижүүрт ирж дүүгийнхээ хэлсэн асуудлын хүрээнд дуудлага өгсөн. Тухайн үед эрэгтэй цагдаа сууж байсан ба Улаанхус сумын хэсгийн цагдаа руу залгаж хэлсэн. Одоо очих байх гэхээр нь би буцаад Цагдаагийн байгууллагаас гараад гэртээ очиж цагийн санахгүй байна ойролцоогоор 21 цаг болж байхад дүү Сийн утас руу залгаж, цагдаа нар очсон уу? Дуудлага өгсөн болно гэж хэлэхэд С нь “Улаанхус сумын цагдаа нар надруу залгаж ярьсан. Одоо ирнэ гэж байна” гэж хэлэхээр тайвшраад нэг хэсэг Сийн утас руу залгаагүй. Энэ хооронд эхнэр маань өвдөж 23 цагийн үед эмнэлэгт очиж хүлээж сууж байхад Срүү залгаж ярьсан. Тэгсэн цагдаа нар одоо хүртэл ирээгүй. Ж яваад буцаж ирсэн. Надруу дайраад ална гээд хутга гаргасан. Мөн согтуу байна. Би маш их сандраад айж байна. Зүрх маань өвдөөд байна. Ж надруу довтлоод учиргүй дайрч ална гэж хутга гаргасан. Тэгэхээр нь би буугаа гаргаж түүнийг айлгах зорилгоор хоёр удаа буудсан. Тэгсэн Ж маань зугтаагаад гол гатлаад явсан. Дахиж ирээгүй байна гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би сандраад юу яриад байгаа юм бэ? Нөгөө Ж чинь голын ус руу живсэн биш үү? Чи өөрөө хаана байгаа юм бэ гэхэд С нь Ж ус руу живээгүй, мориороо гол гатлаад яваад өгсөн. Би өөрөө гэр рүүгээ явж байна. Ж надруу дайраад ална гэж хутга гаргахаар нь маш их сандарч айсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,  /1-р хавтаст хэргийн 145-147-р хуудас/. Гэрч Т.Еркетайгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2020 оны 09 дүгээр сарын 03-ны 21 цагийн үед байх Цагдаагийн газрын жижүүрийн 94442902 дугаарын утсаар мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Арайбек миний 95117830 дугаарын утас руу залгаж “энд Мухамеджан гэх хүн ирж дуудлага өгч байна, танай сумын Улаан эрэг гэх газарт Күшат гэгч Мухаметжаны дүү Стэй хэрүү маргаан үүсгэж байгаа юм байна та нар очиж шалгаарай гэж иргэн Сийн 93156482 гэсэн утасны дугаарыг нь өгсөн”. Тэгээд миний бие Сийн 93156482 дугаарын утас руу залгаж болсон асуудлыг тодруулахад “сая Күшат гэгч ирж хэрүүл маргаан үүсгэж улмаар чамайг ална гэж яваад өгсөн, та нар ирж Жыг олоод аваад яв гэсэн. ... Стэй дахиад утсаар ярьж “бидний явж байсан машин усанд суусан, наана чинь юу болж байна гэхэд Ж ирээгүй, гэхдээ ирнэ гэж явсан, би нуугдаж сууж байна” гэсэн. Тэгэхээр нь би бидний машин усанд суусан учраас та өөрийн машинаар ч юм уу биднийг ирж авах юм уу гэхэд С нь надад би та нарыг хамгаалах ёстой юм уу, та нар намайг хамгаалах ёстой юм уу та нар өөрсдөө ир гэсэн. ... Асуулт: Х.С нь хэрэг гарах өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын  03- ны өдөр шөнийн 23 цагийн үед залгаж Ж нь хүрээд ирсэн талаар утсаар хэлсэн байна. Танд яг юу гэж хэлсэн байсан бэ? Хариулт: Тийм над руу 2020 оны    09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цаг өнгөрч байхад залгасан. Тэрээр надад хэлэхдээ Ж энд ирчихлээ та нар ирж байна уу, ирчихлээ ирчихлээ хэмээн шивнэсэн байдалтай яриад утсаа тасалсан байсан” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн  147-148-р/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр тус тус нотлогдоно. Шүүгдэгч Х.С нь хохирогчийн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь түүний удаа дараагийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон. Мэдүүлгийн эх сурвалж нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн кримналистикийн шинжээчийн дүгнэлтээр ... “Шүүгдэгч Х.Сийн өмсөж явсан хар өнгийн дээлийн зүүн ханцуйны урд хэсэгт эгц доошоогоо 18,3 см-ийн хэмжээтэй зүсэгдсэн, уг гэмтэл нь хурц иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл болно” ... гэх шинжээчийн дүгнэлт авагдсан” ... гэх 45 дугаар дүгнэлтээр /2 дахь хавтаст хэргийн 6 дахь тал/ тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг учрал болох цаг хугацааны хувьд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орой 19-23 цагийн хооронд амь хохирогч М.Ж нь шүүгдэгч Х.Сийн эсрэг 4 цагийн туршид үргэлжилсэн үйлдлээр 2 удаа халдан довтолсон үйл баримт тогтоогдсон бөгөөд эхний довтолгооны үеэр М.Ж нь хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн, шүүгдэгч Х.Сийн амь нас, эрүүл мэндийн эсрэг нийгэмд аюултай бодит халдлагыг хийж, түүний өмсөж явсан дээлийн мөр хэсгийг хутгаар зүсэж гэмтээсэн, тухайн үед Х.С нь амь хохирогчийн унаж явсан морийг дээлээрээ үргээж, өөртөө ойртуулаагүй явсаар гэртээ ойртож ирсэн байдаг. Амь хохирогч М.Ж нь 2 дахь удаагаа шүүгдэгч Х.Сийг өөрийн хадлангийн талбайд байхад түүн рүү халдан довтолсны улмаас шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочирч давчдаж хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсч, сэтгэл зүйн эмгэгт байдалд орж, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаараагүйд гомдолтой байна. Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Яллагдагч X. Сийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2013000000211 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би тус өдөр хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин би санаатайгаар энэ хэргийг үйлдээгүй. Өөрийгөө хамгаалж, аргагүй хамгаалалт хийснээс болж ийм асуудал гарлаа. ...Өш хонзонгийн асуудал байхгүй, харин өнгөрсөн жил буюу 2019 оны 10 дугаар сарын үеэр миний бие аймгийн төвөөс сум руу шөнө дунд ирж байтал урдаас ачааны портер машин ирж байхаар нь би тэр машиныг сэжиглээд хөөж очоод урдаас нь зогсоох үед тээшиндээ дүүрэн хонь ачсан, дотор нь битүү хар малгай өмссөн гурван залуу байхаар нь би тэр хүмүүсийг дийлэхгүй гэдгээ мэдээд буцаж машиндаа суугаад хэсэг явж байгаад аймгийн цагдаагийн газарт дуудлага өгөөд бариулж байсан. Харин тэр машин дотор байсан гурван залуугийн нэг нь Ж байсан байна. Дараа нь 2020 оны 01 дүгээр сард байх санахгүй байна манай гэрт аймгаас цагдаагийн газрын алба хаагч Ернар нарын бүрэлдэхүүнтэй алба хаагч нар дагуу манайхаар ороод цай уугаад бид нар гэрийн гадаа тамхи татаад зогсож байтал цагдаагийн машинаас Ж буугаад ирсэн. Тэгээд тэр машинаас бууж ирээд надаас тамхи асуухаар нь би тамхи өгөхөд тэр тамхи татаж байгаад надад хандаж “... үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно Сээ” гэхээр нь би түүнд “та юу яриад байгаа вэ” гэж хэлж байтал Ернар цагдаа түүнийг машиндаа суулгаад аваад явсан байсан. Тэр бүгдийг бодвол талийгаач нь гэмт хэрэгт холбогдсон учир шалтгаанаа надаас болсон мэт бодож надад өш хонзон санаж явсан байна. Тэрнээс миний зүгээс Жыг хэвийн таньдаг. Ямар нэгэн өш хонзонгүй болно гэж мэдүүлжээ. Амь хохирогч М.Ж нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан. Улмаар дахин хулгайлах гэмт хэрэгт холбогдон Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор амь хохирогч М.Жт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ЦХШЗ/57 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байгаад   Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЕШЗ/208 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын       21-ний өдрийн 2020/ЦХШЗ/57 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, амь хохирогч М.Жт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт нь даалгажээ. Амь хохирогч М.Ж нь мөрдөгч К.Ернарын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “хохирогч С.Жинтайгийн 1 тооны адуу хулгайлсан” гэх хэрэгт шүүгдэгч Х.Сийг дахин өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн гэж ойлгон, Х.Сэд хандан “чи эхний хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгөөд намайг барьж өгсөн, одоо энэ хэрэг дээр бас чи мэдүүлэг өгч байгаа юм уу, би чамруу удахгүй хутга шаах болно, үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдгийг чи мэдэх үү, Улаанхус сумын 9 дүгээр багт би байна, эсхүл чи байх болно” ... гэх зэргээр айлгаж сүрдүүлж, дарамталж, Х.Сийг заамдаж авсан үйл явдал болсон гэдэг нь гэрч К.Ернар, гэрч Х.Арайбек, гэрч Т.Нурболат нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Сийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогддог. Энэ нь гэрч К.Ернарын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны    02 дугаар сарын 13-ны өдөр Жын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж дуусчхаад буцах замдаа Жын ял шийтгэгдсэн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Х.Сийн гэрт нь зогссон. ... Тэгээд цай уугаад дууссаны дараа бид нар гэрээс гараад машинд суух гэж байтал албаны машинаас Ж нь өөрөө буугаад ирсэн. Тэр бууж ирэх үед машины гадаа С, Нурболат бид гурав байсан. Ж нь машинаас бууж ирээд шууд Сээс тамхи асуухаар нь тэр хүн тамхи өгсөн. Тэгээд Ж, С, Нурболат бид дөрөв тамхи татаад машины гадаа зогсож байтал Ж нь Ст хандаад “чи эхний хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгөөд намайг барьж өгсөн, одоо энэ хэрэг дээр бас мэдүүлгийг чи өгч байгаа юм уу, би чамруу удахгүй хутга шаах болно, үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдгийг мэдэх үү, Улаанхус сумын 9-р багт би байна, эсхүл чи байх болно” гэж сүрдүүлсэн үг хэлээд Сийн хувцасны захаас заамдаж аваад өөр рүүгээ татахаар нь би Жыг салгаж авч, болиулаад машинд суулгаад яваад өгсөн. ... Жт холбогдох дээрх хэрэг нь иргэн Б.Башанханы 23 тооны бог мал хулгайлсан хэрэг байсан. Гэхдээ гэрч Х.С нь мэдүүлэг өгөхдөө тэрхүү хэрэгт мал хулгайлж явж байсан нөхдүүд дотор Ж байсан гэдгийг мэдээгүй, учир нь тухайн үед Ж нар нь хар маскан малгай өмсөж байсан юм. Харин Ж нь уг хэрэг дээрээ хавтаст хэрэгтэй танилцах үед Х.С нь гэрчээр мэдүүлэг өгсөн гэдгийг мэдсэн байх” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 156-158-р хуудас/. Гэрч Х.Арайбекийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... С гэх хүний гэрт зогсож тэднийхээс бид нар цай уусан, гэхдээ гэрт нь яллагдагч Ж ороогүй. ...Дараа нь цай ууж дуусаад бүгдээрээ гадагшаа гарсны дараа машины гадаа С, Ернар, Нурболат бид нар зогсож байтал албаны машинаас Ж нь тамхи татна гэж хэлээд машинаас бууж ирээд Сээс тамхи асуухад тэр хүн Жт нэг ширхэг тамхи өгсөн. Тэгээд зогсож байтал Ж нь Ст хандаад “чи эхний хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгөөд намайг барьж өгсөн, одоо энэ хэрэг дээр бас мэдүүлгийг чи өгч байгаа юм уу, би чамруу удахгүй хутга шаах болно, үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно Сээ энэ суманд би, эсвэл чи байх болно, чи намайг тэр чигээрээ шоронд явна гэж бодоо юу” гэж хэлээд С руу дайрч очоод цамцны захаас нь барьж авах үед мөрдөгч Ернар нь салгаж аваад машинд суулгасан” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 159-р хуудас/. Гэрч Т.Нурболатын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тэгээд Ж, С, Ернар бид дөрөв тамхи татаад машины гадаа зогсож байтал Ж нь Ст хандаад “чи эхний хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгөөд намайг барьж өгсөн, одоо энэ хэрэг дээр бас мэдүүлгийг чи өгч байгаа юм уу, би чамруу удахгүй хутга шаах болно, үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно, Улаанхус суманд би байна, эсхүл чи байх болно” гэж сүрдүүлсэн үг хэлээд Сийн хувцасны захаас заамдаж аваад өөр рүүгээ татахаар нь Ернар очоод Жыг салгаж авч, болиулаад машинд суулгаад яваад өгсөн. ... иргэн Хумарханы С нь яллагдагч М.Жт холбогдох иргэн Башанханы 23 тооны бог мал хулгайлагдсан хэргийн талаар Цагдаагийн газар дуудлага өгсөн, өөрөөр хэлбэл тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн.” гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 160-162-р хуудас/. Гэрч И.Дауитханы 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... цагдаагийн машинаас хар дээлтэй нэг залуу бууж ирээд бие засаж аваад бид нарын хажууд ирээд Сээс тамхи асуусан. Тэгээд С тамхи гаргаж өгөөд нөгөө залуу тамхи татаж зогсож байгаад Ст хандаад “үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдгийг мэдэх үү” гэж хэлээд түүнийг заамдаад авчих үед цагдаа нар салгаж аваад цагдаагийн машинд суулгаж авсан. Тэр үед би Сээс чамруу дайраад байгаа залуу хэн бэ гэж асуухад тэрээр Ж гэх манай сумын залуу байгаа юм гэж хэлсэн.”... гэсэн мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 163-164-р хуудас/.  Гэрч Ы.Бүркитийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... 2020 оны 09-р сарын 03-ны орой миний бие эхнэртэйгээ цуг гүү сааж дуусчихаад гэртээ хоол идэж байтал орой 21 цагийн үед гэрийн гадаа нохой хуцсан дуу чимээ гарсан ба хэсэг хугацааны дараа талийгаач Ж нь манай гэрт орж ирээд хоол идсэн. Ж нь хоол идэж дууссаны дараа айраг хийж өгөөд байж байтал Ж нь надад сая Стэй ноцолдоод ирлээ, би түүнд чи дандаа намайг хэрэгт холбогдуулж, хэргийн гэрч болсон хоёулаа халз зодолдох уу, аль зодуулсан нь гомдол гаргахгүй гэж хэлсэн боловч С нь надтай зодолдохгүй гэрийнхээ хажууд очиход цагдаа дуудах шиг болохоор нь яваад өгсөн. Надаас олж иднэ биз гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд чи яах гэсэн юм, хэрэг дээрээ хэрэг нэмнэ шүү дээ гэж хэлсэн боловч надад юм дуугараагүй.” гэсэн мэдүүлгээр, /2-р хавтаст хэргийн 25-26-р хуудас/ зэрэг мэдүүлгүүд болон нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсан байна. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр амь хохирогч М.Ж нь шүүгдэгч Х.Сийг дарамталсан, амь нас эрүүл мэндэд нь бодитой заналхийлсэн нь тогтоогдсон. Харин шүүгдэгч Х.Сийн хувьд амь хохирогч М.Жын дарамтад орчихсон байсан бөгөөд гэрч хохирогчийг хамгаалах үүргээ хууль сахиулагч нар биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”гэрч, хохирогч” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч хохирогчийг, 4.1.2.”хамгаалалтын арга хэмжээ” гэж энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд болон сэтгэл зүйг хамгаалах арга хэмжээг, 4.1.3.”эрх бүхий албан тушаалтан” гэж хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтныг /шүүгч, прокурор, мөрдөгч/ хамаарна. Мөн хуулийн  7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7.1.1. урьдчилан сануулах, 7.1.2.тодорхой үйлдлийг хязгаарлах, 7.1.3.биечилсэн хамгаалалт, 7.1.4.мэдээллийн нууцлалыг хангах, 7.1.5.нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, 7.1 .б.аюулгүй газарт түр байрлуулах, 7.1.7.баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх зэрэг хуульд заасан гэрчийн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй байна. Харин ч эсрэгээрээ амь хохирогч М.Жын шалгаж байсан цагдаагийн албан хаагч нар шүүгдэгч Х.Сийн гэрт очиж, шүүгдэгч Х.Сийг дарамтад оруулах бодит нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтэд ... “Талийгаач М.Жт яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан байна. Амь хохирогч М.Ж нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр ар нуруунаас цээжний хөндий рүү доороос дээш чиглэж нэвтэрсэн хүнд гэмтлийн улмаас цээжний хөндийд эрс цус алдаж, цус алдалтын шоконд орж нас баржээ  ... гэх дүгнэлт авагдаж, амь хохирогч М.Жт яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан байна. Цагдаагийн албан хаагч Т.Еркатей нь цагдаагийн албан хаагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэргээс шалтгаалан гарсан эрсдэлийг зөвхөн шүүгдэгч Х.С нь гэм бурууг тохож, хүн алах гэмт хэргээр зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1.Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно гэжээ. Шүүгдэгч Х.Сийн 2020 оны       09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд  ... “Яллагдагч Х.Сийн мэдүүлгийг газар дээр нь шалгах зорилгоор албаны       00-90 БӨТ улсын дугаартай “Хантер" маркийн тээврийн хэрэгсэлд яллагдагч Х.Сийг суулгаж, тус аймгийн Цагдаагийн газрын үүднээс хөдөлж яваад аймгаас 48 км-ийн зайд байрлах Улаанхус сумын төвөөс зүүн урагшаа байрлах 8 км зайтай газарт байрлах “Улаан эрэг” гэх газрыг зааж өгснөөр уг газарт ирэхэд хадлангийн талбайтай, хөрс ногоон өнгийн өвстэй, уг газарт яллагдагчийн намаржааны байшин байх ба байшингаас ертөнцийн зүгээр баруун зүг рүү мөн хойд зүг рүү байрласан голтой харагдаж байв. Яллагдагч Х.Сийн зааж өгснөөр хэрэг учрал болсон гэх газар нь яллагдагчийн байшингаас баруун хойшоо 10 метр зайд голтой бөгөөд голын эргээр 1 метр, 1 метр 50 см өндөртэй олон тооны ургаа моднууд харагдаж байв. Яллагдагчийн хэлснээр уг моднуудын дундуур утсаар ярьж байсан ба амь хохирогч М.Ж нь морьтой ирж надруу дайраад довтлоод байсан гэх газар гэж зааж өгснөөр хоорондох зайг хэмжиж үзэхэд 5 метр 50 см байх ба уг газраас анхны буудлагыг үйлдсэн гэв. Мөн амь хохирогч М.Ж нь дахиж довтлоод моднуудыг тойрч зугтаахад дайрсан гэж зааж өгөх ба уг газар нь олон тооны моднуудтай байв. Ингээд уг газарт хоёр дахь үйлдсэн М.Ж нь миний зогсож байсан газраас урагшаа зогсож байсан гэснээр яллагдагчийн хоёр дахь буудлага үйлдсэн газраас амь хохирогч М.Жын зогсож байсан гэх газрын хоорондох зайг хэмжиж үзэхэд 4 метр 80 см байх ба яллагдагч Х.С нь амь хохирогчийн хаашаа байрласан эсэхийг харах боломжтой эсэхийг шалгаж үзэхэд харанхуй ямар нэгэн дүрс үзэгдэх боломжгүй байсныг тэмдэглэлд тусгав. Тухайн үед хэрэг учрал гарсан цаг хугацаагаар нь тохируулж хийсэн болно” ... гэх тэмдэглэл /хх-ийн 51-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дүгээр зүйлийн 1.Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд ... ”үзлэгийг үргэлжлүүлэн сэжигтэн Х.Сийг оролцуулан анх хэрэг учрал болсон гэх газрыг заалгахад амь хохирогчийн цогцос олдсон газраас зүүн тийш Ховд голын усны салаа хэсгийн арын газрыг зааж өгсөн бөгөөд уг аралд сэжигтэн Х.Сийн хаваржааны байшин байх бөгөөд уг байшингийн баруун хойд хэсэг голын эрэг хэсгийг зааж үзүүлсэн бөгөөд уг газрын байршлыг үзэх N0485635, Е08903206 зааж үзүүлснийг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг үзлэгийг 19 цаг 49 минутад эхлүүлсэн бөгөөд сэжигтэн Х.Сийн амь хохирогчийн айлгахаар буудсан гэх газрыг өөрөөр нь заалгаж, мэргэжилтэн гэрэл зургаар бэхжүүлэн уг хэсэгт үзлэг хийхэд уг газрын гадаргуу өвс зүлгээр хучигдсан голын эрэг орчмын газар улиас модтой бөгөөд сумны хонгиог ... хийхэд /гар чийдэн ашиглаж/ хэрэгт эд мөрийн баримт илрээгүй бөгөөд гадаа үзэгдэх орчин харанхуй болсон байв” ... гэх үзлэг хийсэн тэмдэглэлд авагджээ. Шүүгдэгч Х.Сийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд тухайн хэрэг учрал гарах үед амь хохирогчийг хаана байсан эсэхийг харах боломжтой эсэхийг шалгаж үзэхэд харанхуй ямар нэгэн дүрс үзэгдэх боломжгүй байсан, гадаа үзэгдэх орчин харанхуй болсон байх бөгөөд амь хохирогч М.Ж нь харанхуйд харагдах боломжгүй байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан үндэслэл байгааг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс анхаарсангүй. Мөн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолд     ... “Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 9 дүгээр багийн иргэн Хумарханы С нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 23 цагийн үед тус сумын 9 дүгээр багийн нутаг “Баатарын арал” гэх газарт иргэн М.Жтай маргалдаж улмаар түүнийг айлгах зорилгоор буудаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон” ... гэх прокурорын тогтоол, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/36 дугаартай “яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолд ... “Тус аймгийн Улаанхус сумын  9 дүгээр багийн иргэн Х.С нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд тус сумын 9 дүгээр багийн иргэн М.Ж өөрийг нь эрүүгийн гэмт хэрэгт гэрчилсэн хэмээн хэрүүл маргаан өдөөж өөрт нь дайрч халдах үед айж сандарч сэтгэл санааны хүчтэй цочролд орж түүнийг айлгах зорилгоор буудаж амь насыг нь хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэж өөрчлөлт оруулсугай” ... гэх прокурорын тогтоол, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай “яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолд ... “Х.С нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн үед тус аймгийн Улаанхус сумын   9 багийн нутаг дэвсгэрт “Улаан эрэг” гэх газарт хохирогч М.Ж өөрийнх нь холбогдсон хэргийн талаар цагдаад гэрчийн мэдүүлэг өгсөн гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэх үед М.Жыг ТОЗ-8 маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулсугай” ... гэх прокурорын тогтоол тус тус хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч Х.Сийн хувьд амь хохирогч М.Жыг буудаж алах санаа зорилго байгаагүй, харин ч эсрэгээрээ амь хохирогчийн илт буруутай, хууль бус үйлдэл байгааг шүүх бүрэлдэхүүний зүгээс анхаараагүйд гомдолтой байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч X. Ст амь хохирогч Жыг алах шууд буюу шууд бус санаа зорилго байгаагүй, хавтаст хэрэгт тогтоогдоогүй эс үйлдэхүйд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Сийн субъектив шинжийг зөв дүгнэж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Тав: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/36 дугаартай “яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолд ... “Тус аймгийн Улаанхус сумын 9 дүгээр багийн иргэн Х.С нь 2020 оны  09 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд тус сумын 9 дүгээр багийн иргэн М.Ж өөрийг нь эрүүгийн гэмт хэрэгт гэрчилсэн хэмээн хэрүүл маргаан өдөөж өөрт нь дайрч халдах үед айж сандарч сэтгэл санааны хүчтэй цочролд орж түүнийг айлгах зорилгоор буудаж амь насыг нь хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэж өөрчлөлт оруулсугай” ... гэх прокурорын тогтоол нь үндэслэлтэй байсан. Харин Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЭ/384 “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, зүйлчлэлийг зөвтгүүлэхээр Х.Сэд холбогдох хэргийг прокурорт буцаасан. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 2021/ЦХШЗ/0027 дугаартай шүүгчийн захирамжаар сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэхээр даалгаж хэргийг хэтэрхий нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. ... Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/04 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүхээс шүүгдэгч Х.Сийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч өөрийн эсрэг үргэлжилж буй довтолгооны эсрэг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч нь өөрийгөө хамгаалахын тулд тухайн үед галт зэвсэг хэрэглэсэн, галт зэвсгийг эзэмшиж байсан нөхцөл байдалд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах хэмжээний айдаст автсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, Ж.Энхжаргал  нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Ст холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хянаж үзэхэд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд үүнийг дараах байдлаар тодруулан тайлбарлаж байна.

    1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... цагдаагийн байгууллага, прокурор, цаашлаад шүүх холбогдох хуульд заасны дагуу гэрчийг нууцлаагүй, гэрчийн аюулгүй байдлыг хангах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй ...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал “... гэрчүүдийн мэдүүлгээр амь хохирогч М.Ж нь шүүгдэгч Х.Сийг дарамталсан, амь нас эрүүл мэндэд нь бодитой заналхийлсэн нь тогтоогдсон. Харин шүүгдэгч Х.Сийн хувьд амь хохирогч М.Жын дарамтад орчихсон байсан бөгөөд гэрч, хохирогчийг хамгаалах үүргээ хууль сахиулагч нар биелүүлээгүй ...” гэх ижил агуулгатай гомдол гаргажээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн санал, гэрч, хохирогч, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн прокурор, шүүхийн шатанд прокурорын санал, гэрч, хохирогч, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүгч Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан дараах аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх шийдвэр гаргана” гэж заасан бол 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх үндэслэл нь гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгч, прокурорын бичгээр гаргасан санал байна” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, гэрчийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн, халдахаар завдсан, бэлтгэсэн, эсхүл халдлага бодитой эхэлсэн тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авч, шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалт юм.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоол болон эрүүгийн 2013000000211 дугаар хавтаст хэргээс хуулбарлаж авсан нотлох баримтуудаас үзэхэд Х.С нь хулгайн гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн, түүнчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн, эдгээр нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож тухайн хэргийн яллагдагч М.Жыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэдий боловч тус гэмт хэргийн гэрч Х.Сийн аюулгүй байдлыг хамгаалуулахаар холбогдох этгээдээс гаргасан хүсэлт, тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр хэрэгт авагдаагүй тул гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах шүүхийн шийдвэр гаргах үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “... гэрч хохирогчийг хамгаалах үүргээ хууль сахиулагч биелүүлээгүй” гэх агуулгатай гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

    1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдолд “... Х.Сийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж энэхүү баривчилсан тухай шийдвэр /мөрдөгчийн тогтоол болон тэмдэглэл/-ийг үйлчлүүлэгч Х.Сэд 10 цаг 36 минутад танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн ...”,  “... 10 цаг 22 минутад сэжигтнээр мэдүүлгийг нь авсан ...”, “... сэжигтнээр                   ... мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс өмгөөлөгч Т.Бахытыг оролцуулсан бөгөөд үүнээс хойших мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч Т.Бахытыг огт оролцуулаагүй байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Х.Сийг сэжигтнээр байцаасны дараа хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн, сэжигтнээр мэдүүлэх авахдаа оролцуулсан өмгөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулаагүй гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “томилогдсон өмгөөлөгч гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг”  ойлгох бөгөөд мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д “сэжигтэн ... тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” гэж хуульчилсан. Сэжигтэн Х.Сээс мэдүүлэг авахдаа түүний зөвшөөрснөөр өмгөөлөгч Х.Бахытыг томилогдсон өмгөөлөгчөөр оролцуулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн, мөн Х.Сээс сэжигтнээр мэдүүлэг авсантай холбогдуулан эрх, үүргийг нь, сэжигтнээр баривчилсантай холбоотой хуульд заасан эрх, үүргийг нь тус тусад нь тайлбарлаж өгсөн талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

Томилогдсон өмгөөлөгч Т.Бахыт нь мөрдөн шалгах ажиллагаанаас мөрдөн байцаалтын явцад хийгдэх шүүхийн хэлэлцүүлэг хүртэл хугацаанд Х.Сийн өмгөөлөгчөөр ажиллахаас татгалзсан ямар нэгэн татгалзал гаргаагүй бөгөөд   2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “... албан ёсоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй тул шүүх хуралдаанд оролцохгүй болно” гэсэн тайлбарыг  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, үүний дараа тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан шүүх хуралдаанаар Х.Ст холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн, үүнээс хойш Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Х.Сийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны “... мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч Т.Бахытыг огт оролцуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

    1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах нөхцөл боломжоор хангаагүй нь холбогдох хуулийг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маш ноцтой зөрчил болсон байна” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт өмгөөлөгчийн эрхийг гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй ганцаарчлан даруй уулзах, түүнээс мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих” гэж, сэжигтний эрхийг мөн хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1.3-т сэжигтнээс мэдүүлэг авахын өмнө түүнд ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулж,  “өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг өгөх” эрхийг хуульчилсан байна.

 Хэрэгт авагдсан баримтаар сэжигтэн Х.Ст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд заасан эрхийг танилцуулж, гарын үсэг зуруулсан, сэжигтний өмгөөлөгч Т.Бахыт сэжигтэнтэй ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүйгээс үзэхэд өмгөөлөгч, сэжигтэн нар нь өөр хоорондоо ганцаарчлан уулзах хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд мөрдөгч тэднийг ганцаарчлан уулзуулах нөхцөл боломжоор хангах үүрэг хүлээхгүй тул энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

    1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаагийн хувьд 2020 оны                 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ гаргах гэж байгаа шийдвэр болон яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа дээрх байдлаар урьдчилан илэрхийлсэн” гэжээ.

Шүүгч Б.Болормаагийн шийдвэрлэсэн хэргийг прокурорт буцаах тухай асуудлаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 384 дүгээр шүүгчийн захирамжид яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжан гомдол, прокурор Т.Батсүх эсэргүүцэл бичиж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, дээрх шүүгчийн захирамж, шүүхийн магадлалд яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжан, Ж.Энхжаргал нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн Танхимын тэргүүний 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаар захирамжаар Х.Ст холбогдох эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн, тус захирамжид шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн                     2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож, тус тогтоол эцсийн шийдвэр болохыг дурдаж эцэслэн шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.С болон түүний өмгөөлөгч А.Серикжан, Ж.Энхжаргал нар нь шүүгч Б.Болормаагаас татгалзаж, мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолоор шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж, тогтоолд гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өөрчлөх, няцаан үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны шүүгч Б.Болормаагийн шүүн таслах ажиллагаатай холбогдуулж гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

2.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан гомдолдоо “... шүүгдэгч Х.Сийн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах эрхийг иргэнд хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн хүний санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдэг тул гэмт хэрэгт тооцож, ял оногдуулахгүй, харин хуурамч хамгаалалт болон гэмт хэргийн шинжтэй хийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт үйлдэлд тохирсон ялыг оногдуулдаг учир аргагүй хамгаалалт хэрэглэсэн эсэх, аргагүй хамгаалалтын шинжийг хангаж байгаа эсэхийг нягт нямбай шалган тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Аргагүй хамгаалалт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг. Энэ тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гэмт халдлага, хүч хэрэглэсэн довтолгоон бодитой нэгэнт эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд илэрхий, тодорхой, ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж, халдлага үргэлжилж буй, довтолгоо дуусаагүй үед хамгаалалт хийх эрх үүснэ. Энэ үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогддог ба харин дээрх бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүсэхгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр шүүгдэгч Х.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Аргагүй хамгаалалт” гэж дүгнээгүйг буруутгах, үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгчийн дотоод итгэл нь аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтыг хүрээг зөв тодорхойлж, эх сурвалжийг тогтоосон, тэдгээр нь хөдөлбөргүй нотлогдсон байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтад хохирогч М.Ж нь 2 дахь удаа шүүгдэгч Х.Сийг өөрийн хадлангийн талбайд байхад түүн рүү халдан довтлохдоо зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бодит аюул тулгарсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, довтолгоон төгссөн байхад амь хохирогчийн ар нуруунаас буудсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн (1 дүгээр хавтаст хэргийн 175-178 дахь тал) шинжээчийн дүгнэлтээр нотлогддог, тухайн нөхцөл байдалд хохирогчийг чиглүүлэн буудах зайлшгүй шаардлага байсан зэрэг аргагүй хамгаалалтын шинжийг хангасан нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүй зөвхөн өөрийнхөө эсрэг өгсөн сэжигтний мэдүүлгээр гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна” гэжээ.

Сэжигтний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд яллах талын баримтаар үнэлэгдэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан ба сэжигтний мэдүүлгийг нотолж буй баримт сэлт нь сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжтэй байх ёстой билээ.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан эрэг гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө амь хохирогч М.Ж нь зүүн далны доод хэсэгт буудуулж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 9-10 цагийн үед нас барсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан сэжигтний мэдүүлгээс гадна гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газар    2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт   (1-р хавтаст хэргийн 6-20 дахь тал), цогцост үзлэг хийсэн 2020 оны  09 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 26-33 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд    (1 дүгээр хавтаст хэргийн 175-181 дэх тал), яллагдагч Х.Сийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 51-55 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3754 дугаар шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 219-221 дэх тал), галт зэвсгийн гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал), галт зэвсэгт үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4930 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3755 дугаар шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дэх тал) зэргээр тогтоогдсон болохыг дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.  

2.7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Цагдаагийн албан хаагч Т.Еркатей нь цагдаагийн албан хаагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэргээс шалтгаалан гарсан эрсдэлийг зөвхөн шүүгдэгч Х.Сm гэм бурууг тохож, хүн алах гэмт хэргээр зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна” гэжээ.

Яллагдагч Х.Сийн өмгөөлөгч А.Серикжаны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 177 дугаар гомдлоор Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас албан шалгалт явуулж, Цагдаагийн газрын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хуралдаанаар хэлэлцэн цагдаагийн хошууч А.Асылбек, цагдаагийн дэд ахлагч Т.Еркетай нар нь цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам зөрчөөгүй болохыг тогтоосон ба тус дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, тухайн хэргийн гэм бурууг зөвхөн шүүгдэгч Х.Ст тохсон гэж үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

2.8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... гадаа үзэгдэх орчин харанхуй болсон байх бөгөөд амь хохирогч М.Ж нь харанхуйд харагдах боломжгүй байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан үндэслэл байгааг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс анхаарсангүй” гэжээ.

           Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй хэлбэрийн талаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг  учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан тогтоожээ.

          Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай хор уршигт хүргэнэ гэдгийг сайтар ухамсарлаж, үүнийг урьдаас мэдэж байснаар тухайн хор уршигт хүргэхгүй, гаргахгүй хэмээн бүрэн итгэж найдсан, эсхүл хор уршиг учрахыг урьдчилан мэдэх бодит боломжтой  байсан боловч хайхрамжгүй байдлаасаа болж уг боломжийг ашиглаагүйн улмаас тэрхүү хор уршиг учирсан бол түүний гэм буруутайд тооцохоор байна.

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.С эхний удаа дээшээ хий буудсан, дараа нь амь хохирогч М.Жыг чиглүүлэн буудсан үйл баримт тогтоогддог ба сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолгүй насанд хүрсэн этгээд нь хүнийг буудах нь үхэлд хүргэх аюултай болохыг ухамсарлан ойлгох чадвартай байдаг тул гэмт хэргийн субъектив талын өөртөө хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан сэтгэхүйн шинж тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн хувьд субъектив талын мэдэх, хүсэх элементийн аль нэг нь, эсхүл хоёул хангагдаагүй байдаг бөгөөд Х.Сийн хувьд хор уршигт хандах хандлага нь хүсэх элементийн, амь хохирогч руу чиглүүлэн буудсан үйлдэл нь мэдэх элементийн шинжийг тус тус хангахгүй байх тул дээрх гэмт хэргийг гэм буруугийн “болгоомжгүй” хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс анзаарсангүй гэх гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

2.9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч Х.Сийн хувьд амь хохирогч М.Жыг буудаж алах санаа зорилго байгаагүй, харин ч эсрэгээрээ амь хохирогчийн илт буруутай, хууль бус үйлдэл байгааг шүүх бүрэлдэхүүний зүгээс анхаараагүй ... шүүгдэгч X.Ст амь хохирогч Жыг алах шууд буюу шууд бус санаа зорилго байгаагүй, ... шүүгдэгч Х.Сийн субъектив шинжийг зөв дүгнэж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна” гэжээ.

Гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилах нь эрүүгийн хариуцлага ба ялыг ялгамжтай оногдуулахад харгалзан үзэхийн зэрэгцээ гэм буруугийн хэр хэмжээ, нийгмийн аюул, гэм буруутай этгээдийн хувийн байдлыг тодорхойлох ач холбогдолтой юм.   

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.С өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилсан мэдсэн, уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн гэх гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрийн шинжийг хангахгүй, харин гэм буруугийн шууд санаатай хэлбэр болох өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлаж, нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн  бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг хангасан талаарх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлаас гадна гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг харгалзан шүүгдэгч Х.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.

2.10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочирч давчдаж хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж хүлээгдээгүй нөхцөл байдал үүсч, сэтгэл зүйн эмгэгт байдалд орж, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаараагүйд гомдолтой байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Ж.Энхжаргал нь шүүгдэгч Х.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг гэмт хэргээр зүйлчлүүлэх агуулга бүхий гомдол гаргасан байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн үйлдлийн шинж байдал нь эрүүгийн эрх зүй дэх санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах тухай ойлголтын шалгуур шинжийг хангахгүй байна.

Учир нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүн сэтгэл санааны хүчтэй, огцом хөдөлсөн сэтгэцийн байдал, гэнэтийн цочрол балмагдал зэргээс шалтгаалан хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.

Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг (уур хилэн, гоморхол, айдас зэрэг нь сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг боловч хүн өөрийн зан үйлийг ухамсарлах ба түүнд хяналт тавих, түүнийгээ хариуцах боломж нь алдагдаагүй) тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй, харин санаатай үйлдсэн гэмт хэргээс эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлсэн шинжтэйгээр хуульчлагдсан байдаг. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний алах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх (гэм хорыг хэн нэгэнд этгээдэд учруулахаар үгээр, үйлдлээр, бичгээр, бусад арга хэрэгслээр илэрхийлэх), нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас тэрээр хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орж, түргэн зуур хариу үйлдэл хийж хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялгагдана.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч М.Жын зүй бус үйлдэл байгаа, энэхүү заналхийлсэн байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болох боловч шүүгдэгч Х.Сийг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, шүүгдэгч нь хохирогч М.Жыг айлгах зорилгоор дээш нэг удаа хий буудсан, мориндоо мордоход нь араас нь чиглүүлэн буудсан ухамсарт үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж дүгнэх боломжгүй, энэ талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул өмгөөлөгчийн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

3. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

4. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Сийн өмгөөлөгч А.Серикжан, Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.
  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, Ж.Энхжаргал нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                      Ч.ХОСБАЯР

 

                                                                       Б.ЦОГТ

 

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН