Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 328

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч  Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Иргэдийн төлөөлөгч Б.Г,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Э, Б.Ц-Э,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Г /ҮД:0362/, Э.Ш /ҮД:2142/,

Шинжээч Т.Амартүвшин, Д.Адилзаяа, А.Амгаланболд, Д.Долгормаа, С.Одончимэг, Б.Оюун-Эрдэнэ, Ч.Эрдэмболор, Г.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт Б-н Б-т холбогдох эрүүгийн 2014260006228 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг авто угаалгын газар ажиллуулдаг гэх, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-н Б , 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө өөрийн гэртээ иргэн Б.О-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас үүдэлтэй маргалдан, улмаар түүний биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөхний орчим цээжний урд хэсгээр цус хурж, ам, хамраас нь цус гарсан гэмтлүүдийг учруулснаас талийгаач нь хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож амь насыг нь санаатайгаар хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өмнө нь 5 удаа мэдүүлэг өгч байсан тул шүүхийн шатанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мэдүүлэхдээ: “...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 7 цагийн орчим Б ах Д-тэй орж ирсэн. Б ах би зээ хүүтэй болсон намайг дайлахгүй юм уу гэж хэлсэн боловч эгч би ажил ихтэй байна, ажлаа дуусгаж байгаад болъё гэсэн. Манай эгч Б ахыг хүлээгээд сууж байсан болохоор хамт гараад явахдаа “Тайвнаа ах чинь та хэдийг хүргэж өгнө” гэж хэлээд гараад явсан. Тухайн өдөр бусад өдөр шиг хэвийн өдөр байсан. Маргааш нь манай нөхөр ажил дээр ирээд намайг аваад Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү яваад эгчийг өнгөрсөн талаар хэлсэн. Уг хэрэг болоод 4 жилийн хугацаа өнгөрч байгаа. Бид нар маш их харамсаж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүсэж байна. 14.000.000 төгрөг бид нарт хэрэггүй. Мөрдөн байцаалтын явцад оршуулгын зардал гэж мөнгө өгсөн. Бид нар мөнгө авах талаар хэлээгүй. Б ах тухайн хэрэг болсон газрыг сайн санадаг талаараа хэлдэг. Хэрэг гардаг өдөр манай эгчийн биед учирсан гэмтлүүдийг хэн учруулсан  бэ. Эхний мэдүүлэгтээ хүний амь нас хохироосон талаараа мэдэхгүй байна гэж хэлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр архины хордлого гэж гаргасан байсан. Би эгчийгээ спиртийн хордлогоор нас барсан талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Одончимэг мэдүүлэхдээ: Дүгнэлт гаргасан комисстой санал зөрсөн учраас би өөрөө дангаараа дүгнэлт гаргасан. Хавтаст хэргийн материалаас хамгийн эхний гаргасан шинжилгээг гаргахад хамгийн гол зорилго нь өмнө гаргасан дүгнэлттэй тохирох зорилготой байсан. Ингээд зөрсөн шалтгаан нь архины хордлого гэдгийг батлах хэрэгтэй болсон. Архины хордлогыг батлахад эд эсийн шинжилгээг харахаар болсон. Эд эсийн шинжилгээ дээр эрхтнүүдэд гарсан микро батлагдахгүй байсан зүйлүүд нь элэг, нойр булчирхай, зүрх дээр үхэлд хүргэхээр зүйл гарч ирээгүй, хурц үхлийн шинж дотор эрхнүүд дээр гарч ирсэн. Архины хордлого гэдгийг үгүйсгэж байгаа уушгин дээр том том хөндий үүсч, уушгин дээр цус дүүрэлт гардаг. Харин хохирогчид гэмтэл гарсан зүйл илэрсэн. Тиймээс архины хордлого гэдгийг батлах боломжгүй байдал үүссэн. Элгэний бүтэц дээр бага зэрэг язралт үүссэн байсан, элэг эрүүл гарч ирсэн. Хохирогчийн биеийн байдлыг харахад бие эрүүл гарсан. Харин гэмтлүүдийг үзэхэд хуйхан доорх цус хуралт нь маш их тархмал, гүн, зузаан байсан. Улаан хоолойн цус хуралт, хавирганы хугарал, хүзүү орчмын цус хуралттай. 1-2 дугаар хавирганы хугарал тийм амархан хугацаанд хугардаг хавирга биш. Үхлийн шалтгаан нь хүчтэй цохилтын үед нас барсан гэх дүгнэлтийг тусдаа гаргасан. Хүзүү хоолойн бүс нь шокны бүс байдаг. Хохирогчийн биед байгаа гэмтлүүдэд хүч үйлчилсэн учраас дүгнэлтийг тусдаа гаргасан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч А.Амгаланболд мэдүүлэхдээ: Хэргийн материалтай танилцаад Одончимэг, Батзаяа эмчтэй комисс болж ажилласан. Шарил шинжилснийг үндэслээд Одончимэг эмчтэй санал зөрсөн. Энэ талаар тодруулбал №2275 дугаартай А.Ганзориг шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн. Үндэслэлтэй холбоотой шалтгааныг тайлбарлахад. Нэгдүгээрт талийгаачид учирсан гэмтлүүд буюу зулайн зөөлөн эдийн гэмтэл, баруун өгзөг зулгаралт зэрэг дээрх гэмтлүүд амь насанд аюултай байдлыг бий болгохгүй. Гэмтлийн зэргээр хавирганы хугарлууд хүндэвтэр, зөөлөн эдийн гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд орсон. Хоёрдугаарт талийгаачийн цусанд 2.1%-н этилийн спирт илэрч ирсэн. Үүнийг дунд зэргийн согтолт гэж үзэх боловч ходоодны шингэн болон шээсэнд илэрч байгаа спиртийг онцгой анхаарч үзэх ёстой. Талийгаач ямар хэмжээгээр давтамжтайгаар архи уусан нь, нас барах хүртлээ хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон. Архи хүний биед хоёр үе шатаар явагддаг. Нэгд шимэгдлийн, ялгарлын гэх хоёр үе шаттай. Шимэгдлийн үе нь тухайн хүний биеийн онцлогоос хамаараад ерөнхийдөө 40 минутаас 1 цагийн хооронд цусанд шингэж дуусдаг. Ингээд ялгарлын үе шат эхэлдэг. Гэтэл эндээс харахад цусанд 2.1%-н этилийн спирт, шээсэнд 3.2%-н этилийн спирт байгаа нь өмнө уусан архины ялгарлын үе шат явагдаж байгаа нь харагдаж байгаа. Гэтэл ходоодонд 4.1% этилийн спирт гарч ирж байгаа нь дөнгөж архи уусны дараах байдал илэрч байгаа. Хоёрдугаарт этилийн спиртийн 90 хувь нь исэлдээд илрэх замаар ялгардаг. Спиртийн завсрын бүтээгдэхүүн бас байдаг. Хохирогчид ялгаралт ба шимэгдэл үүссэн. Уг завсрын бүтээгдэхүүний нөлөөгөөр архины цочмог хордлогоор зүрхэнд нөлөөлж нас барсан гэж үзсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: Уг хэрэг дээр Эрүүл мэндийн яамны эмгэг судлалын салбар зөвлөлийг гишүүний хувьд оролцсон. Би эмгэг судлаач эмчийн хувьд эдийн шинжилгээ хийдэг, шинжээч эмч бол биш. Бид нар эмгэг судлаач эмчийн хувьд эд эс дээр гарсан өөрчлөлтүүдийг илүү баримталсан. Архины хордлогоор нас барсан байхад эсийн болон эдийн хувьд өөрчлөлт ордог. Үүнээс биш ямар ч өөрчлөлтгүй эд эрхтэн цус дүүрэлтгүйгээр гэнэтийн үхлийн шинж тэмдэг байгаад байгаа. Уг хэрэг хурц үхлийн шинжтэй. Хохирогчийн биед эд эсийн өөрчлөлт байхгүй, бөөрөнд сувгийн эсийн үхжил байхгүй. Тиймээс хурдан үхлийн шинж байна гэж үзсэн. Хурдан үхэлд юу хүргэсэн талаар шинжлэхэд гүрээний артери, наран сүлжээ, зүрхний орчим, цавины орчимд хүчтэй цохиход гэнэт рефлексийн замаар зүрх зогсдог асуудал байдаг. Гэтэл энэ талаар батлах гэхэд задлан шинжилгээний дүгнэлт дутагдалтай байсан. Хохирогчийн тархины зөөлөн эдэд маш их цус хуралттай, багана тархи улбагар гэж гарсан. Багана тархи нас барсны дараа хэзээ ч улбагар байдаггүй. Харин том тархи улбагар байж болдог. Хавтас хэрэгт багана тархины зураг нэг ч байхгүй байсан. Архины хордлогод орж нас барсан шалтгаан байхгүй. Эмнэлэгт нас барсан хүнийг задлан шинжилгээнд авдаг. Байнга архи уудаг хүнд эрхтэнд нь өөрчлөлт ордог байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч А.Адилзаяа мэдүүлэхдээ: Галцог, Оюун-Эрдэнэ хоёртой комисс болж дүгнэлт гаргасан. Би боловсролын байгууллагад ажилладаг. Онолын үүднээс архины хурц хордлогын талаар судалгаагаа Оросын Холбооны улсын гарсан 16-26 насны хүмүүст архины хурц хордлого гардаг гэсэн судалгаа байдаг. Өнөөдрийн хувьд хүмүүс архинд хордож болно. Харин архины хордлогоор нас барсан гэх талаар баттайгаар эд эсийг шинжилж үзнэ. Бид амьтан дээр эм туршиж байгаад хүнд өгч болох үгүйг судалдаг. Өнөөдөр архи бол хүмүүсийн хэрэглээний асуудал байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Амартүвшин мэдүүлэхдээ: Шинжэчийн №821 тоот дүгнэлтийг 2017.6.07-ны өдөр 7 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан. Дүгнэлтээр №730 тоот шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй, №552 тоот шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй. Харин Эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүн Адилзаяа, Галцог, Оюун-Эрдэнэ нарын гаргасан дүгнэлт үндэслэлгүй тул архины хордлогоор нас барсан гэж үзсэн. Цогцост гадна үзлэгээр хүзүү, цээж хэсэг дээр хүрэн өнгөтэй, уушгины хаван, ходоод дээд хэсэгт цус хуралт, уушгины хаван, булчингийн эс хаван, элэгний өөхөн хуралт, цусанд спирт, шээсэнд 3.4%-н спирт илэрсэн нь дунд зэргийн согтолттой. Тиймээс архины хордлогоор нас барсан гэх дүгнэлт гарсан гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.Долгормаа мэдүүлэхдээ: Шээсэнд 3.2% спирт цусанд орох юм бол их хэмжээний согтолттой гарах боломжтой. Эд эсийн шинжилгээнд цус дүүрэлт маш их гарсан. Уушгины хаван, тархины хаван үүссэн. Бид нар шинжээч эмч нар учраас олон талаас дүгнэлтийг гаргадаг. Зүрхний доргилтын шинж зүрхний бүсэд доргилт үүссэн талаар харагддаг. Зүрхний няцрал гэдэг тархи уушги хавагнаж зүрхэнд өөрчлөлт өгч нас барсан байдаг гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Энхбаатар мэдүүлэхдээ: Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийн гадна цус хуралт, няцралт зэрэг гэмтлүүд дангаараа хөнгөн гэмтэл байгаа. Тархины хуйханд цус хурсан гэмтэл байгаа болохоос биш гавалын ясанд цус хуралд байдаггүй. Долгормаа эмчийн хэлсэнчлэн зүрхний доргилтын шинж зүрхний бүсэд доргилт үүссэн талаар харагддаг. Зүрхний няцрал гэдэг тархи уушги хавагнаж зүрхэнд өөрчлөлт өгч нас барсан байдаг талаар санал нэг байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  

“...Миний төрсөн эгч Б.О нь 1975 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Албан ёсоор гэр бүл байхгүй. Охин Н гэх ганц охинтой, Дархан-Уул аймагт манай ээж дээр амьдарч байдаг юм. ...2014 оны 12 сарын 09-ний өдрийн 13 цагийн үед манай нөхөр Э надтай ирж уулзахдаа О эгчийг нас барсан гэдгийг хэлсэн. Миний хувьд Б.О эгчтэй хамгийн сүүлд 2014 оны 12 сарын 08-ны орой 18 цагт ажлаа тараад Б.О эгчийн ажил дээр ирсэн. Намайг ажил дээр нь ирэхэд хамт ажилладаг манай нөхөр Э, бас миний төрсөн эгч Б.С бас нэрийг нь мэдэхгүй ажилтан нарын хамт байсан ба тэд ажлаа дуусаагүй байсан тул би О эгчтэй хамт явах гээд хэсэг хүлээж байтал 19-20 цагийн үед гаднаас манай ээжийн дүүгийн хүүхэд болох Д, Б тай хамт орж ирсэн тэд орж ирэхдээ Б аас архи нилээн үнэртсэн, харин Д эрүүл байсан. Б орж ирээд “манай охин төрсөн, ах нь зээтэй болоод баярлаад явж байна” О эгчийг “чи надтай хамт тэмдэглэхгүй юм уу, ахыгаа дайлахгүй юм уу” гээд хатгаад байсан. Тэр үед О эгч “би жаахан ажилтай байна” гэхэд Б ах “хоёулаа ойрхон орсон ч яахав дээ” гээд байхаар нь ажил ингэсгээд дуусаж байгаа, тэгээд хамт гаръя” гэж хэлээд ажлаа дуусгах гээд юм хийгээд энэ хооронд Б хүлээгээд сууж байгаад 20 цаг өнгөрч байхад Б, О эгч нар хамт гарсан. Д Б-н машиныг бариад тэднийг хүргэж өгөхөөр хамт гарсан. Харин бид нар үлдэж ажлаа хийж дуусаад хамаатны ах Э, О эгчийн машиныг унаж биднийг хүргэж өгсөн. Намайг гэртээ ирэхэд 21 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би унтаад маргааш ажилдаа явсан ба үүнээс хойш би О эгчтэй утсаар яриагүй. Харин маргааш нь надад нас барсан гэдгийг хэлсэн...” гэжээ. /1 дүгээр хх 89-90, 91-92-р тал/

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Б.О эгчийн ажил “Метромалл” их дэлгүүрийн хойд талд байх орон сууцны байранд хэвлэлийн үйлдвэр ажиллуулдаг ба миний хувьд 2014 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цаг өнгөрч байхад О эгчийн ажил дээр ирсэн намайг ирсний дараа миний араас Б ах бага зэрэг архи уусан хааламцуу байдалтай орж ирээд Б ах О эгчийг гарч жаахан сууж байгаад явъя гэж байгаад 20 цаг өнгөрч байхад Б ах О эгч нар Д өөр хүргүүлнэ гэж хэлээд тэд гарсан ба гарахдаа надад эгчийнхээ машиныг гэрийн грашт тавьчихаарай гэж хэлээд гараад явсан. Тэгээд би орой 21 цаг өнгөрч байхад О эгчийн машиныг байрных нь доор байх грашт аваачиж тавиад О эгчтэй хамт байдаг С-д гэрийнх нь түлхүүрийг өгөөд би гэр рүүгээ явсан. Харин С 9 тоот гэртээ орсон үүнээс хойш би О эгчтэй уулзаагүй...” гэжээ. /1 дүгээр хх- 93-р тал /

Гэрч П.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2014 оны 12 сарын 08-ны өдөр  орой 17 цагийн үед байх. Ямар ч байсан гадаа бүрэнхий болсон байхад намайг Д нуурын хойд талд байх Универсал төвд ажил дээрээ байхад Б ах ирсэн. Б ахыг ирэх үед би ажилтай байсан болохоор түр хүлээж байгаараа гэж хэлээд өмнө хийж байсан ажлаа дуусгах гээд ажлаа үргэлжүүлэн хийсэн. Энэ үед Б ах ямар нэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Б ах намайг ажлаа дуусахыг хүлээж байх хоорондоо подвальд байх Алт мөнгөний дарханы хүмүүстэй архи уусан байсан ба ажлаа дууслаа гэж хэлэхээр алт мөнгөний дарханы хүмүүс рүү очиход Б ах 3-4 хүний хамт архи уугаад дуусаж байсан ба намайг орох үед 750 грамм  нэг шил “Болор” архи өмнөө тавиад ууж байсан. Тэгээд би ажил дууссан гэдгээ хэлэхэд надтай хамт гараад бид хоёр Б ахын хэвлүүлэх зүйлийг яаж хийх талаар ярьж байгаад 18 цагийн үед байх Б ах “ах нь архи уусан байна” чи ахынхаа машиныг бариад хүргээд өгчих гэхээр нь Б ахын машиныг бариад гэр лүүгээ явж байтал О эгчийн ажлын дэргэдүүр гарах үед Б ах хоёулаа үүгээр ороод гарья гэхээр нь бид хамт О эгчийн ажил дээр. Энэ үед 19 цаг болж байсан болов уу, Б ах бид хоёрыг ороход О эгч С, Э, Э нарын хамт байсан. Ингээд Б ах О эгчтэй уулзаж хэсэг юм ярьж байгаад О эгч өөрийнхөө машиныг Эд өгөөд энэ хүмүүсиийг гэрт нь хүргэж өгөөрэй гэж хэлээд харин Б ахын машиныг би бариад О эгчийн хамт гурвуулаа ажлаас нь нэг их холгүй байх “Чингис” ресторанд орсон. Бид энэ ресторанд ороод булангийн өрөөнд байх ширээнд суугаад О эгч 500 гр хэмжээтэй задгай “Чингис” пиво захиалан уусан. Б ах 100 гр архи авсан би яг ямар архи захиалсан гэдгийг мэдэхгүй байна. Ингээд тэд хоорондоо ойр зуурын зүйл яриад би дэргэд нь суусан. Тэгээд Б ах “чи гарч бай, бид хоёр юм ярьж сууж байя” гэхээр нь би гараад машинд суугаад хүлээж байсан. Энэ үед цаг хэд болж байсан гэдгийг би санахгүй байна. Гэхдээ 21 цагийн үед болов уу би гадаа тэдний бараг цаг орчим хүлээж суусан. Ингээд би 23 цагийн үед буцаж ороход Б ах ямар ч байсан архи ууж байсан. Харин О эгч мэдэхгүй ингээд намайг орсоноос хойш ресторан нь хаах гэж байна гээд бид гарч явахаар болж би машиныг нь барин Б ах ямар ч О эгч нарын гэрийн гадаа ирсэн гэрт нь ирэхэд 00 цаг өнгөрч байсан болов уу. Ингээд байрны гадаа ирээд Б ахын байрны хойд талын орцны баруун талд урд зүгт харуулан байрлуулаад бид хамт Б ахын гэрт орсон. Б ах манайд орж хэсэг сууя гэхээр нь гэрт орсон ба гэрт нь орж бай гэхээр нь би гарч явсан ба гэрт ороод намайг байхад лав архи, пиво уугаагүй ба харин ундаа уусан. Тэгээд чи гэртээ орж бай би болохоороо чамайг дуудъя гээд  бид хоёр хэрсэг юм ярьж сууж байя гээд тэгээд би гараад явсан. Тэгээд би шууд гэртээ орсон ба намайг дуудаагүй тул би унтсан. Гэтэл өглөө 07 цаг 20 минутын үед Б ахын 91-тэй дугаараас дуудлага ирсэн байсан. Гэхдээ би тухайн үед утсаа хараагүй байгаад 2015 он гарсны дараа ажлын хүний утасны дугаарыг хайж байтал 07 цаг 20 минутанд дуудлага ирсэн би аваагүй байсныг мэдсэн...” гэжээ. /1 дүгээр хх-94-96-р тал /,

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Би О эгчтэй нэг гэрт амьдардаг, нэг газарт  ажилладаг ба 2014 оны 12 сарын 08-ны 20 цаг өнгөрч байхад Б гэдэг хүн манай хамаатны Д гэдэг залуутай орж ирсэн ба Б “ачтай болсон, би тэмдэглээд явж байна” гээд архи үнэртүүлсэн байсан. О эгчийг “хамт явж тэмдэглье” гэхэд О эгч “эхнэрийг чинь Солонгосоос ирэх үед болъё, би ажилтай байна” гэхэд “тийм юм гэж юу байхав дээ, одоо тэмдэглэж байгаа дээрээ тэмдэглье, хамт гаръя, би ажлаа дуустал чинь хүлээж байя” гээд бидний ажлыг дуусахыг хүлээсэн байсан. Энэ үед ажил ерөнхийдөө дуусаж байсан тул О эгч “ажил бараг дууслаа, урд талын “Чингис” пабад оръё” гэж хэлээд Д, Б нарын хамт О эгч гараад явсан. Харин би ажлаа дуусгаад 21 цаг өнгөрч байхад О эгчийн машиныг Э бариад О, Э бид нар гэр рүүгээ явсан. Гэртээ ирэхэд гэрт хүн байгаагүй намайг ганцаараа байхад 23 цаг өнгөрч байхад Д орж ирсэн. Д орж ирээд О эгч Б ахын гэрт хоёулаа орчихлоо Б ах намайг “түр гарч бай” гээд түлхээд О эгчийг гэрт чинь оруулаад өгнө, эсвэл энд унтуулчихна” гээд байна гэсээр орж ирсэн. Тэгээд бид нар нэг их удалгүй унтсан...” гэжээ. /1 дүгээр хх-98-р тал /

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 12 сарын 08-ны өглөө 10 цагт босоод ойр зуурын зүйл хийж байгаад 11 цагт гэрээсээ гарсан. Орой 21 цаг өнгөрч байхад ирээд одоо хүртэл гэртээ байна. Манай дээд давхарт амьдардаг хүмүүсийн зүс царайг хараагүй. Хэдэн хүн амьдарч байгаа талаар мэдэхгүй. 2014 оны 12 сарын 08-ны 23 цагаас хойш байх дээд айлд нэг эмэгтэй хүн орилоод сандал эсвэл, ямар нэг зүйл шидэж байгаа бололтой түжигнэсэн чимээ гараад байсан. Тэр эмэгтэй юу гэж хэлж байгаа нь сонсогдоогүй. Би яг сайн хэлж мэдэхгүй, анзаараагүй. Яг цаг хараагүй болохоор ямар хугацаанд үргэлжилсэн гэдгийг мэдэхгүй байна, ойролцоогоор 10 минут орчим болсон байх. Намайг сонсоход гал тогоо үүдний өрөөний орчим эмэгтэй хүн бачуураад орилоод юм шидэж байгаа бололтой чимээ гарсан...” гэжээ. /1 дүгээр хх-99-100-р тал /

Гэрч Г.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би энэ байранд 2014 оны 5 дугаар сараас хойш 21- 09 тоотод амьдарч байгаа. Намайг ирснээс хойш буюу 2014 оны намар манай хажуу талын айл буюу 8 тоотод 40 орчим насны ах эгч 2 амьдархаар ирсэн ба хааяа орж гарч байгаа харагддаг юм. Харин хүүхэд байдаг эсэхийг мэдэхгүй. Би лав хүүхэд орж гарч байгааг хараагүй. Манай найз залуу Солонгос улсын иргэн байдаг юм. Өчигдөр би орой гэртээ ирснээс хойш найз залуугийн хамт хоолоо хийж идээд кино үзсэн. Ингээд орой 23 цагийн үед байх. Тухайн үед цаг хараагүй болохоор цагийг яг нарийн тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 23-24 цагийн үед байх интернетээр кино үзэж дуусаад унтах гээд хэвтэж байхад манай хажуу талын айл болох 8 тоотод эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргалдах чимээ гараад байсан ба ихэвчлэн эмэгтэй нь орилоод, чарлаад, хашгираад байсан ба миний сонссоноор “чи яагаад ингээд байдаг юм” гээд орилоод байсан. Гэхдээ үүнээс гадна зөндөө үг хэлсэн боловч би яг тэр бүрийг анзаарч сонсоогүй. Тэгээд ямар нэг зүйл шидэж байгаа бололтой түг, таг гэсэн чимээ гарч байсан. Харин эрэгтэй нь дуугүй байж байгаад ганц нэг удаа их чангаар ярьж байсан чимээ гарч байсан. Тухайн үед надад эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо зодолдож байна уу гэсэн мэдрэмж төрж байсан ба энэ чимээ ойролцоогоор 20 орчим минут үргэлжлээд чимээгүй болсон. Үүнээс хойш эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр, дуу гаргаагүй...” гэжээ. / 1 дүгээр хх-101-р тал /

Гэрч Н.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2003 оноос хойш Б ахыг таних ба 2-3 жил хамт ажиллаж байсан. Зан байдлын хувьд хүнтэй нийтэч, их хөгжилтэй ах шиг санагддаг, хүнтэй лав эвгүй муухай зан гаргаж харьцаж байсан удаа байхгүй. Архи нэг их хэрэглэдэггүй байх. Би Б.Б ахтай хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш /цагийн тодорхой хэлж мэдэхгүй / 13-15 цагийн хооронд байх намайг ажил дээрээ ирэхэд Б ах ирсэн Б ахыг ирэх үед Сүхбаатар аймагт байдаг миний танил Б /албан ёсны нэрийг мэдэхгүй / ажил хийлгэх гээд ирсэн байхтай нь таарсан. Ингээд Б ах Оргил, М, Б бид нар ярьж байгаад архи уухаар болсон. Ингээд 750 гр хэмжээтэй нэг шил Болор архи аваад ажлын байрандаа бид хувааж уусан ба ойролцоогоор 2 цаг орчим болоод бид архиа ууж дуусаад О, Б 2 хамт яваад М бид 2 ажил дээрээ юм хийж үлдсэн. Б ах 18 цагиин үед байх Д гэдэг залуутай түүгээр машинаа бариулаад явсан. Яг хаашаа явсныг нь мэдэхгүй. Ингээд хамгийн сүүлд М бид 2 ажлаа хаагаад гараад явсан...” гэжээ. / 1 дүгээр хх-102-р тал /,

Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2003-2005 он хүртэл Б ахын эхнэр Б эгчийн аав, ээжийн ажилуулдаг ХХК- д ажиллаж байхад Б ах энэ компанид менежер хийдэг байсан. Түүнээс хойш би энэ хүнийг таних болсон. Гэхдээ сүүлийн хэдэн жил холбоогүй байж байгаад 2012 оноос хойш хааяа нэг уулзаад явдаг байсан. Би одоо ХХК-ны байранд түрээсээр байрлан Дарханы үйд ажиллагаа явуулдаг юм. Хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээрээ байхад Б ах энэ байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газраар юм хэвлүүлэх гээд 14-16 цагийн хооронд ирсэн байх. Тэгээд Т, М, Б гээд хөдөөний залуу бид нар 750гр хэмжээтэй нэг шил архи авч ажлын байрандаа хувааж уусан. Ингээд бид 18 цаг өнгөрч явсан. Б ах Т нар ажлын байранд үлдсэн үүнээс хойш би уулзаагүй...” гэжээ. / 1хх-103-р тал /,

Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр уулзсан. Намайг ажил дээрээ байхад үдээс хойших цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна. 14-15 цагийн хооронд байх Б ах ирсэн ба хэвлэлийн газраар юм хийлгэж байгаа гэж байсан. Тэгээд О, Т, Б бид нар нэг шил 750гр хэмжээтэй архи хувааж уусан. Гэхдээ О огт архи уугаагүй Т, Б, Б ах бид 4 хувааж уугаад “18 цагийн үед архи ууж дууссан болов уу” ингээд 18 цаг өнгөрч байхад би түрүүлж яваад Б ах “хийж байгаа юм аа дуусахаар аваад явна” гэж байсан. Үүнээс хойш би уулзаагүй...” гэжээ / 1хх-104-р тал /,

Гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б овогтой О гэдэг хүнийг танина. Энэ хүн манай өвөөгийн дүүгийн охины охин буюу бид эгч дүүсийн хүүхдүүд юм. Бид хамт нэг жил амьдарч байсан ба оюутан байхдаа нэг жил манай гэрт байсан. Би Отай хамгийн сүүлд 2012 онд гэр бүлээр Архангай аймаг руу аялалаар хамт явж байсан. Үүнээс хойш уулзаагүй байсан. Миний мэдэхээр их зарчимч, аливаа юманд их нямбай, нухацтай ханддаг, ер нь бол аливаа зүйлд өөрийгөө хянах чадвартай архи, тамхи хэрэглэдэггүй, хааяа нэг пиво, вино ууж хэрэглэдэг байсан. Би Б гэдэг хүнийг танихгүй, өмнө харж байгаагүй. Миний энд ирсэн шалтгаан бол О архи хэтрүүлэн хэрэглэх хүн биш, өөрөө тодорхой бизнес амжилттай эрхэлж байгаа, бүх дүү нараа дэмжиж амьдрал залгуулдаг их сайн хүн байсан, ер нь бол архи хэтрүүлэн хэрэглэх хүн биш гэдгийг хэлэх гэсэн юм...” гэжээ / 1хх-107-р тал/,

Гэрч П.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2014 оны 12 дугаар сарын 08-ны орой 23 цагийн үед гэртээ том өрөөндөө зурагт хараад хэвтэж байсан. Надад ямар нэг дуу чимээ сонсогдоогүй. Харин манай гэрийн хүн гал тогооны өрөөнд аяга таваг гээд явж л байсан. Тэгснээ харин том өрөөнд орж ирээд дээд талын айлд нэг эмэгтэй хүн орилж хашиграад хэрэлдээд байх шиг байна гэж хэлсэн байсан. Тэр үед би нэг их тоогоогүй...” гэжээ. /2хх-165-166-р тал /,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Б-н мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 11 цагт гэрээсээ гараад “Тэди” төв дээр хүнтэй уулзах гэж очсон боловч уулзах ёстой хүн маань гэртээ байна гэхээр би түүний гэр болох “Дэнжийн 1000”-д очсон. Энэ үед ойролцоогоор 13 цаг болж байсан болов уу. Ингээд би Б хамт хотын төвд орж Б Баянбүрдийн орчимд бууж үлдээд би Б авсан флаш дээр байсан. Аннасыг хэвлүүлэхээр “Д нуур”-ын хойд талд байх “Унвирсеал” хэвлэлийн газар очиход хүн их байсан тул уг газрын 1 давхарт байх Алт мөнгөний дархны газар ороход алт мөнгөний дархан М, Т, О өөр нэг танихгүй залуу бас, хөдөөнөөс ирсэн уяач гээд нэг залуу нар архи задалсан сууж байсан. Би энэ хүмүүсийг таних учраас хамт суугаад архи уусан ба бид тэнд 750 гр хэмжээтэй 2 шил “Болор” архи уусан. Энэ үед манай хамаатны Д орж ирсэн тул би түүнтэй дээд давхарт хэвлэлийн газар орж флаш дээрх зүйлийг яаж хийх тухай ярилцаж байгаад орой болсон тул би Д өөр машинаа бариулаад Хүүхдийн урлан бүтээх төвийн баруун талд байх О-н ажил дээр ирсэн. Намайг ирэхэд О-н дүү нар байсан ба би ирсэн учир болох энгэрийн тэмдэг хийлгэх гэж байгаа гэдгээ хэлээд хэсэг ярилцаж байхад О “ахыгаа өвөө болсныг тэмдэглье” гээд О, Д бид 3 хамт ажлаас нь гарч “Чингис” пабад орсон. Тэнд би лав 200 гр архи уусан. Харин О бас надтай адилхан 200 гр архи ууж бид хэсэг ярьж сууж байгаад гэртээ харихаар явсан. О бид нар нэг байранд амьдардаг тул Д өөр машинаа бариулаад гэртээ ирсэн ба О бид хоёр манай гэрт орж Д гэр лүүгээ орсон. О бид хоёр манай гэрт ороод зочны өрөөнд байх диван дээр юм ярьж сууж байхад О аягатай жүүс бариад яваад байхаар нь би түүнийг суугаач гэж хэлээд О-н нас барсан эгчийн тухай ярилцаж байсан. Тэгээд би хэсэг юу болсныг санахгүй болсон ба миний санаж байгаагаар “О бид хоёр үнсэлцэж байснаа унтъя” гэж хэлээд том өрөөний буйдан дээр хэвтэж байснаа санаж байгаа. Би одоо бодоод байхад Отай бэлгийн ажил хийсэн ч юм шиг, үгүй бол хийгээгүй юм шиг” санагдаад орж гараад яг юу болсныг санахгүй байна. Ингээд би унтаад өглөө сэрэхэд би зочны өрөөнд диван дээр унтсан. Харин О үүдний өрөөнд газар доошоо хараад хэвтэж байсан тул би очоод “яаж байгаа юм бэ, орон дээр унтахгүй яасан юм, бос” гэж хэлээд түүний орчимд хагарсан шилэн аягыг шүүрдээд хогийн саванд хийгээд буцаад ирэхэд хэвтээд байхаар нь нүүрэн доор нь байсан хөлийн алчуурыг татаад авахад цус болсон байсан. Тэгээд би алчуурыг угаалтуурт хийж угаагаад буцаж ирээд шилэн хүзүүн дээр нь дарж үзэхэд судас цохилохгүй байсан. Би түүнийг нас барсан гэдгийг мэдээд миний толгойд хамгийн түрүүнд цагдаа санаанд орж би өөрийн гэсэн дугаарын аль нэгнээс 102 дугаарт дуудлага өгсөн. Үүний дараа би маш их балмагдсан ийшээ тийшээ яваад байснаа санаж байна. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 110 дугаар хуудас/

Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Гэтэл 16 цаг өнгөрч байхад Д орж ирээд завтай болчихлоо гэхээр нь би флаш дээр байгаа зүйлийг яаж хийх талаар ярилцаж хэвлэлийн эх бэлтгүүлсэн. Үүнээс гадна 18 ширхэг энгэрийн тэмдэг хийлгүүлэх ажил байсан тул би Б.Оын хэвлэлийн газар очихоор болж би архи уусан байсан тул Дөөр машинаа бариулаад бид хамт Оын ажил дээр ирсэн. Намайг ирэхэд О дүү нартайгаа байсан тул би өөрийн зорьж ирсэн ажлаа хэлэхэд “энэ бол ямар ч асуудал байхгүй, би дор нь хийгээд өгнө” гэхэд Б.О “Б ахаа та өвөө болсон гэл үү, таныг өвөө болсныг тэмдэглээд дайлья” гээд Б.О, Б.Д бид гурав хамт гарч алхаж явсаар замын эсрэг талд байх “Чингис” нэртэй пабад орсон “Чингис” пабад Б.О бид хоёр 100 граммаар хэд хэдэн удаа архи захиалж уусан ба яг ямар хэмжээтэй уусан гэдгээ санахгүй байна. Миний одоо санаж байгаагаар бол лав тус бүр 200гр архи авч усан. Энэ үед Д бидний дэргэд сууж байсан. “Чингис” пабаас 20 цаг өнгөрч байхад бид гурав гарч Д бас л миний машиныг унаад бид Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ ирсэн. Ирээд “манайд хамт орох уу” гэж асуухад “тэгье” гээд бид хамт манай гэрт орсон. Харин Д хамт орсон эсэхийг санахгүй байна. Би бодохдоо машин байрлуулаад үлдсэн болов уу гэж бодож байна. Миний машиныг манай байрны ертөнцийн зүгээр хойд талд байрны грашийн хаалга руу харуулаад байрлуулсан. Ингээд бид манай гэрт ороод би хувцасаа тайлаад дээд хэсгээрээ нүцгэн, доод талаараа хар хөх өнгийн зузаан материалтай бэлтгэлийн өмд буюу гэрт өмсдөг өмдөө өмсөөд манай гэрт байсан цэцэгтэй аяганд жүүс хийж өгөөд Б.Оын нас барсан эгчийн тухай ярьж байсан энэ үед О аягаа бариад яваад байхаар нь би Оыг “чи наашаа суу л даа, сууж байгаад юм ярья” гэж хэлээд миний дэргэд суухад нь бид үнсэлцсэн. Тэгээд дахин О босоод яваад байсан ба энэ үед зурагтаар газар зүйн тухай гадаадын сувгаар туна загасны тухай нэвтрүүлэг гарч байсныг би үзээд сууж байсан. Тэгээд би яг тэр газраа унтсан өглөө сэрэхэд яг тэр газраа унтаж сэрсэн. Би өглөө 07 цаг өнгөрч байхад сэрэхэд Б.О коридорт доошоо хараад хэвтэж байсан харин манай хаалга 4 хуруу хиртэй онгойсон байсан ба тэгээд би Оыг “чи орон дээр гараад унтахгүй дээ” гэж хэлээд хартал үүдний өрөөнөөс том өрөө хүртэл орой барьж байсан аяга хагарсан байхаар нь “чи аяга хагалсан байна ш дээ” гээд хагарсан аягыг шүүрдэн аваад гээд тогооны өрөөний тавилгын буланд байх ууттай хогонд хийгээд буцаад Б.О дээр очин “хөөе бос” гэж хэлэхэд нэг л эвгүй байхаар нь гүрээний судас дээр дарахад цохилохгүй байсан. Тэгээд би шууд цагдаа дуудсан ба ямар дугаараас дуудсан гэдгээ одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2275 дугаартай дүгнэлтэд:

Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн нэг, баруун хоёрдугаар хавирганы хугарал, хальс  булчинд цус хуралт, төвөнх, цээжний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зулайн дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.1% этилийн спирт илэрсэн нь дунд зэргийн согтолтонд хамаарна. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ. Талийгаач нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний 09 цагийн үзлэгээр нас бараад ойролцоогоор 4-6 цаг болсон байжээ. Талийгаачийн анус болон үтрээний арчдас наалдац дээр үрийн шингэн илрээгүй. гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 24-27 хуудас/,

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10984 тоот дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн Оын гэх цусанд 2,1 промилли, ходоодны шингэнд 4,0 промилли, шээсэнд 3,2 промилли спиртийн алкоголь илэрч байна. /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/,

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10985 тоот дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн Оын гэх анус болон үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн илрээгүй. Оын гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. /1 дүгээр хх-29-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11048 тоот дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн Б.Бын биенээс авсан цус шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.Бын биеэс авсан гэх цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Цусанд мансууруулах бодис тодорхойлох техникийн боломжгүй байна. /1 дүгээр хх-н 33-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11046 тоот дүгнэлт:

Хэргийн газраас хурааж авсан гэх алчуурнуудад цус илэрсэн. Илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг цус нь хүний цус мөн байна. ХГҮ-ээр хураан авсан гэх учлуурнуудад илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. ХГҮ-ээр хураан авсан гэх алчуур дээр илэрсэн цус, талийгаач Б.Оын гэх 10985 дугаартай цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Сэжигтэн Б.Бын гэх тавиуртай цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. / 1 дүгээр хх-н 40-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч нарын хавтаст хэргийн материалын 330 дугаартай дүгнэлт:

Шүүх эмч Б.Ганзоригийн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны задлан шинжилгээний №2275 тоот дүгнэлтийн үхлийн шалтгаан тогтоосон онош үндэслэл муутай байна. Цусанд 2.1 хувийн спиртийн тун нь дунд зэргийн согтолтийн зэргийн илэрхийлэх бөгөөд эд эрхтэнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд архины хордлогонд эд эрхтэнүүд хордсон шинж илрэхгүй байна. Тухайн үед хийгдсэн задлан шинжилгээ болон шарил дахин шинжилгээгээр талийгаачийн биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхийн орчим цээжний урд хэсгээр цус хурсан зэргээс үзэхэд тухайн хэсэгт хатуу мохоо зүйлийн хүч үйлчилсэн бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн шинжтэй байна. Талийгаачийн эд эрхтэнд эд эсийн шинжилгээгээр илэрсэн бичил өөрчлөлтөөс үзэхэд гэнэт зүрх зогссон хурц үхлийн шинж илэрч байна. Хоолой, цээжний тус газарт хүч үйлчилснээс зүрхний гэнэт зогсоох шалтгаан болж болно. Талийгаачийн зулай, дагзны хуйхан доорхи цус хуралт байгаа боловч гавал тархинд голомтлог гэмтэл байхгүй байна. Дээрх хуйхан доорхи цус хуралт, дээд уруулын цус хуралт, доод уруулын язарсан шарх, цус хуралт, хаван зэрэг гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хүч үйлчилсэн шинж тэмдэг болно.  Талийгаачийн биед олон тооны ил гэмтлүүд байгаа боловч шокийн шинж илрээгүй болно. Тухайн үеийн фото зургаар нүүр цусаар бохирлогдсон байх бөгөөд хамар, амнаас гарсан байж болно. Талийгаач нь хүчтэй цохилт, доргилтийн үед зүрх гэнэт зогсож нас баржээ. Талийгаачийн биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам 2.3.1-т зааснаар хүндэвтэр гэмтэл болно. Биеийн ил хэсгийн цус хуралт, уруулын шарх, цус хуралт, цээж, хоолой орчмын цус хуралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар үхэлд нөлөөлөхгүй хөнгөн гэмтэл болно. /шинжээч С.Одончимэг/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2275 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.1  хувь, ходоодны шингэн, 4.0 хувь, шээсэнд 3.2 хувь спиртийн алкоголь илэрсэн байх ба уусан архины хэмжээг тогтоох боломжгүй болно. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачид амьсгал бүтэлтийн шинж тэмдэг илрээгүй байна. Хавирганы хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, төвөнхийн зүүн хэсгийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба үхэлд нөлөөлөхгүй байна. Талийгаачийн зулай, дагзны хуйхны цус хуралт, дээд уруулын цус хуралт, доод уруулын салстын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхэлд нөлөөлөөгүй байна.  Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шокийн өөрчлөлт илрээгүй байна. Хавтаст хэргийн материалд хавсаргасан хэргийн газрын фото зургаас үзэхэд талийгаачийн нүүр хэсгийн цус нь хамар, амнаас гарсан байх боломжтой байна. Талийгаачийн биед үхэлд хүргэх гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн биед учирсан зүүн талын 1, 3 дугаар хавирга, баруун талын 2 дугаар хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Төвөнх, цээжний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зулайн дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /шинжээч А.Амгаланболд, Н.Батзаяа/ гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 146-150 дугаар хуудас/,

Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 270 дугаартай дүгнэлт:

Б.Б сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна. Б.Б хэрэг хариуцах чадвартай /1-р хх-ийн 156-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2015.06.23-ны өдрийн 731 дүгээр дүгнэлт:

Б.Ганзоригийн 2015.01.02-ны өдрийн задлан шинжилгээний №2275 дугаартай дүгнэлт, 2015.04.07-ны өдрийн бүрэлдэхүүнтэй А.Амгаланболд, Н.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт үндэслэлтэй, шинжээч эмч Одончимэг дангаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна. Хохирогч Б.Оын биед баруун 2-р хавирга, 1,3-р хавирганы эгэмний дунд шугамаар хугарал, орчны эдийн цус хуралт, дух, зулайн урд хэсэг, дээд, доод уруулд цус хуралт, баруун өгзөгт зулгарал бүхий гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний урд болон баруун хажуу хэсэг эгэм орчмын хар хөх өнгийн зарим хэсгээр нийлж томорсон цэгэн цус харвалт нь зөвхөн архины цочмог хордлогын үед бичил цус эргэлтийн хямралаас шалтгаалан хүзүү, цээжинд үүсдэг өвөрмөц хэлбэрийн цус харвалт юм. Төвөнх орчмын голомтлог цус харвалт нь түргэн үхлийн үед хүзүүний урд хэсэг, төвөнх орчмын хальс, зөөлөн эдэд нас барсаны дараа үүсдэг өөрчлөлт ба үүнийг артефакт гэнэ. Үүнийг гэмтэл гэж үзэхгүй. Б.О нь этилийн спиртийн цочмог хордлогоор нас баржээ. Б.Оын цусанд 2.1% ходоодны шингэнд 4.0 % шээсэнд 3.2 % этилийн спирт илэрсэн нь этилийн спиртийн задрал, ялгарал үе шат явагдаж байсныг илэрхийлэх бөгөөд нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Б.О эмгэг өвчин тогтоогдсонгүй. Б.Оын цогцост илэрсэн өөрчлөлтүүд нь амьсгал бүтэлтийн шинж биш байна. Б.Оад үүссэн дух, зулайн урд хэсэг, дээд, доод уруулын цус хуралт баруун өгзөгт зулгарал, баруун 2-р хавирга, зүүн 1,3-р хавирганы хугарал орчны эдийн цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн шалтгаант шок үүсгээгүй хүндэвтэр зэргийн гэмтэл байна. Б.Оын нүүр хэсгийг бохирдуулсанцус ам хамраас гарсан байна. /Шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Н.Энхцолмон/ гэжээ.

Шинжээч эмч Б.Ганзоригийн 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн №2275 дугаартай дүгнэлтийн 8 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна. Шинжээч эмч С.Одончимэгийн дангаар гаргасан дүгнэлтийн 9 дүгээрт дурьдсан “хүчтэй цохилт доргилтын үед зүрх гэнэт зогсож нас баржээ” гэжээ. Энэ нь цохилтын эсрэг үйлчлэлийн хүчээр зүрх судасны төв хэт цочирсноос зүрх гэнэт зогссон гэдэг нь үндэслэлтэй байна. Хохирогч Б.Оын биед дух, зулайн урд хэсэг, толгойн хуйхны дотор талд 11.5х8.5см талбай, дагзны зүүн хэсэгт 6.5х3см, цээжний баруун урд дээд хэсэгт 25х20см талбай, цээжний баруун дээд хэсэг, эгэмийн дунд шугамаар 1-3 дугаар хавирга орчим 8.7см талбайд, баруун дээд 4-6 дугаар хавирга орчим, төвөнхийн зүүн хэсэгт 1.2х1 см талбай бүхий дурьдсан газруудад тус тус 52.9х14.5 см талбайд цус хуралт үүсчээ. Үүнээс дух зулайн урд талбайд 11.5х8.5 см дагзны зүүн хэсэгт 6.5х3см цээжний баруун урд дээд хэсэгт 25х20 см цус хуралтууд нь илүү том бөгөөд ноцтой цус  хуралт байна. Зүүн 1, баруун 2 дугаар хавирга тус тус хугарсан байна. Дээд уруул дотор салстад цус хурсан, доод уруул бага зэргийн хавдартай, дотор салст баруунд 1х0.8см язарсан цус хуралттай, өгзөг доод хэсэгт 4.5х0.1см зулгаралт гэмтлүүд тус тус тодорхойлогдсон байна. Дурьдсан гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хөнгөнөөс хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гэвч арьс болон толгойн хуйхны дотор талд үүссэн арьсны гэмтэл зэргийг “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-д тусгайлан заасан зүйл олдсонгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн “2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2275 тоот актанд бага тархины тогтоц улбагар гэжээ” Тархины баганан хэсгийн байдлыг огт үнэлж бичээгүй байна. Энэ хэсэгт амьсгал, зүрхний судасны төвүүд оршдог. Энэ төвүүд хүчтэй цочирсон болон дарагдсан нөхцөлд үхлийн аюултай. Бага тархи улбагар гэсэн нь ямар нэгэн ноцтой өөрчлөлт илэрч байгаагийн үзүүлэлт байх боломжтой. Гэтэл бага тархи болон их тархины зураг хавтаст хэрэгт ороогүй байна. Хуйхны дотор тал, зулайн урд хэсэг, дагзны зүүн хэсгийг хамарсан / 11.5х8.5 см, 6.5х3 см/ талбайд цус хурсан нь ямар нэгэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд улмаар эсрэг цохилтын хуулиар бага тархи болон их тархины баганан хэсэгт /ушиб/ няцралт үүсч улмаар хавагнан доош шаантаглаж, зүрх судас болон амьсгалын төвүүдийг дарснаас үхэлд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Ердийн нөхцөлд нас барсны дараа бага тархины тогтоц улбагар болохгүй. Түүнээс гадна бага тархины эдийг гистологийн шинжилгээнд аваагүй байна. Архи хэрэглэсэн байна. Энэ нь үхэлд хүргэх нөлөөгүй гэж үзнэ. Учир нь химийн шинжилгээгээр архины хэмжээ цусанд 2.1 хувь илэрчээ. Энэ нь дунд зэргийн согтолтыг илэрхийлнэ.  Архаг хууч өвчингүй байна. Амьсгалын бүтэлтийн шууд шинж байхгүй, харин төвөнхийн зүүн хэсгийн цус харвалт нь амьсгалын бүтэлт үүсгээгүй боловч гүрээний судаснуудыг дарснаас цусны эргэлтийн хурц дутагдалд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Хохирогчийн биед олон тооны гэмтэл үүссэн мэт харагдаж байна. Иймд олон тооны гэмтлийн улмаас хохирогч өвдөлтийн шоконд орж нас барсныг эдийн шинжилгээний бэлдмэлээр тогтоох боломжгүй байна. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нүүр хэсэг нэлэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон ба хамар, амнаас хүрэн өнгийн зүйл гарч хатсан байдалтай байсан гэх актанд дурьдсан бичилтээс ам, хамрын хөндийн аль ч хэсгээс гарсан байх боломжтой. гэсэн дүгнэлт Л.Галцог, Б.Оюун-Эрдэнэ, Д.Адилзаяа /1хх-ийн 221-228 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2016.05.20-ны өдрийн 552 тоот дүгнэлт:

Шинжээч эмч Б.Ганзоригийн 2015.01.02-ны өдрийн гаргасан шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №2275 тоот актын дүгнэлт, 2015.04.07-ны өдрийн гаргасан ХМА-330 актын бүрэлдэхүүн шинжээч эмч А.Амгаланболд, Н.Батзаяа нарын гаргасан дүгнэлт, 2016.05.26ны өдөр гаргасан ХМА-731 тоот актын бүрэлдэхүүн шинжээч Ц.Ганболд, Б.Ариунзул, Н.Энхцолмон, АУ-н доктор Л.Ганболд нарын гаргасан дүгнэлтүүд үндэстэй байна. 2015.04.07-ний өдрийн ХМА-330 актын бүрэлдэхүүн шинжээч эмч С.Одончимэгийн дангаараа гаргасан дүгнэлт, 2015.06.25-ны өдрийн гаргасан ХМА-731 актын бүрэлдэхүүн АУ-н доктор профессор Л.Галцог, эмгэг судлаач эмч Б.Оюун-Эрдэнэ, АУ-н доктор Д.Адилзаяа нарын гаргасан дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Б.Оын цогцост зүүн талын 1, 3-р хавирга, баруун талын 2-р хавирганы хугарал, хугарал орчмын гялтан, булчингийн цус хуралт, дух, зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хуйхны дотор дух, зулай дагзны зүүн хэсэг, дээд уруулын цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, төвөнхийн зүүн хэсэг ба цээжний баруун дээд буюу 1-6-р хавирга орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралтт, баруун өгзөгний зулгаралт, баруун, зүүн тохойны хуучин цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх 2 тохойны хуучин цус хуралтаас бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн хэд хэдэн удааггийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд дээрх 3 хавирганы хугарал гэмтэл нь хүндэвтэр зэргийн, дух зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт хуйхны дотор дух, дулай дагзны зүүн хэсэг, дээд уруулын цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт төвөнхийн зүүн хэсэг ба цээжний баруун дээд буюу 1-6-р хавирга орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, баруун өгзөгний зулгаралт гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл Б.Оын үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь архины /этилийн спиртын/ хурц хордлогоор нас баржээ. Тухайн үед талийгаач архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба шинжилгээгээр цусанд 2.1%, ходоодны шингэнд 4.0%, шээсэнд 3.2% этилийн спирт илэрсэн байна. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач задлан шинжилгээгээр амьсгал бүтэлтийн шинж илрээгүй. Задлан шинжилгээгээр тогтоогдсон хавирганы хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт нь мохоо зүйлийн цохих, цохигдсон үйлчлэлээр үүсгэгдэнэ, төвөнхийн зүүн хэсгийн цус хуралт, 2 уушигны ар гадаргуу болон дэлбэн хоорондын гялтан доорхи цэгэн цус харвалт нь түргэн үхлийн үед илэрдэг шинж бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй болно. Хохирогчийн гавал тархинд үүссэн гэх дух, зулайн урд хэсгийг хамарсан 11.5х8.5 см, дагзны зүүн хэсгийн 6.5х3 см цус хуралтууд, доод уруулын дотор салстын 1х0.8 см язрал, цус хуралт гэмтлүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба үхэлд нөлөөлөөгүй гэмтэл болно. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр болон эд эсийн шинжилгээгээр талийгаачид шокийн шинж илрээгүй. Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн нүүр хэсэг нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байгаа нь ам, хамраас цус гарсантай холбоотой байж болох ба өвчин эмгэг, хордлогын улмаас нас барах үед ам, хамраас цус гарч болно, мөн уушиг хавагнасан үед доошоо харсан байдалтай нас барсан хүний ам, хамраас хавангийн шингэн /цусархаг/ гарсан байдаг. Архины хурц хордлогоор нас барсан тохиолдолд цогцосны гадна үзлэгээр нүүр, хүзүү, цээжний дээд хэсэг бараан хөхөлбөр өнгөтэй болох, хүүрийн толбо тархмал тод бараан хөх өнгөөр илрэх, хүзүү, цээж хэсгээр цэгэн хэлбэртэй хар, хар хөх өнгийн тууралт тархмал шигүү үүсэх зэрэг шинжүүд,

Задлан шинжилгээгээр: судсууд ялангуяа дотор эрхтний венийн судас цус дүүрэлттэй, уушиг, зүрхний гадаргууд цэгчилсэн цус харвалт үүсэх, уушгины хаван илрэх, цөсний хүүдийн хэвтэш хавагнах, залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, ходоод, нарийн гэдэсний дээд хэсгийн салст бүрхүүлийн цус дүүрэлт, цус харвалт үүсэх, нойр булчирхайн эдэд цус харвах, давсаг чинэрсэн байх зэрэг шинжүүд, Эд эсийн шинжилгээгээр: тархины судсууд цус дүүрэлттэй, тархи хавантай, венийн жижиг судсуудад цус зогсонгишсон, тархины эдэд олон тооны бичил цус харвалтууд үүсч болох, уушгины эдэд цусны эргэлтийн хурц хямрал үүсэх, уушгины эдэд цус харвалт үүсэх, уушгины хаван илрэх, зүрхний булчинд завсрын хаван үүсэх, булчингийн эсүүд хөөмөгших, булчингийн хөндлөн судал арилах /тасархайтал/, эсэд мөхлөгт задрал голомтлог эсийн уусалт, үхжил үүсэх, ходоод, нарийн гэдэсний дээд хэсэг салст бүрхүүлийн улайлтат үрэвсэл үүсэх, нойр булчирхайн цочмог үрэвсэл үхжил үүсэх, элгэнд уургийн ба өөхөн хувирал, тархмал усан хувирал үүсэх, венийн судасны цус дүүрэлт илрэх, бөөрний завсрын эдийн хаван сувганцарын хучуур эсэд усан хувирал, некробиоз, үхжил үүсэх, бичил цус эргэлтийн хямрал үүсэх шинжүүд тус тус илэрч болдог байна. /Шинжээч эмч С.Чулуунсүх, Б.Ундармаа, Ө.Сарангэрэл, М.Золжаргал, Л.Амгалан Ч.Гүрбазар М.Болдбаатар/ гэх дүгнэлт. /2хх-40-46/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017.07.06-ны өдрийн №821 тоот дүгнэлт:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2275 тоот шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй байна. №731 тоот дүгнэлтийн шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Н.Энхцолмон, ЭМЯ-ны эмчилгээ, амь тэнссэн үеийн салбар зөвлөлийн дарга Л.Ганболд нарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй, харин ЭМЯ-ны эмгэг судлалын салбар зөвлөл Л.Галцог, Б.Оюун-Эрдэнэ, Д.Адилзаяа нарын гаргасан дүгнэлт үндэслэлгүй. №522 дугаартай шинжээчдийн дүгнэлт  үндэслэлтэй байна.  Талийгаач нь архины цочмог хордлогонд орж нас барсан ба цогцосны гаднаүзлэгээр нүүр, хүзүү, цээжний дээд хэсэг бараан хөхөлбөр өнгөтэй болсон, хүүрийн толбо тархмал тод улаан хүрэн илэрсэн, хүзүү цээж хэсгээр цэгэн хэлбэртэй хар, хар хөх өнгийн тууралт тархмал шигүү үүссэн, задлан шинжилгээгээр: дотор эрхтнүүдэд цус эргэлтийн хурц хямрал, судсууд ялангуяа дотор эрхтний венийн судас цус дүүрэлттэй, уушиг, зүрхний гадаргууд цэгчилсэн цус харвалт, уушигны хаван, цөсний хүүдийн хэвтэш хавагнах, залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, ходоод, нарийн гэдэсний дээд хэсгийн салст бүрхүүлийн цус дүүрэлт, цус харвалт, нойр булчирхайн эдэд цус харвах, давсаг чинэрсэн байх зэрэг шинжүүд, эд эсийн шинжилгээгээр: тархины судсууд цус дүүрэлттэй, тархи хавантай, венийн жижиг судсуудад цус зогсонгишсон, уушигны эдэд цусны эргэлтийн хурц хямрал, цус зогсонгишсон, уушигны хаван, зүрхний булчинд завсрын хаван, булчингийн эсүүд хөөмөгшсөн, булчингийн ширхэгүүд салсан, тэжээл хувирал, ходоод, нарийн гэдэсний дээд хэсэгт салст бүрхүүлийн улайлтат үрэвсэл үүсэх, нойр булчирхайн голомтот цус харвалт, үхжил, элгэнд өөхөн хувирал, цус эргэлтийн хямрал, тэжээл хувирал, бөөрний сувганцарын хучуур эсэд голомтот үхжилттэй, Шүүх химийн шинжилгээгээр спиртын дунд зэргийн согтолттой /цусанд 2,1%, ходоодны шингэнд 4,0%, шээсэнд 3.2% этилийн спирт/ зэрэг шинжүүдээр илэрч байна. Талийгаач нь зүрх өөхжилт, тэжээл алдагдал өөрчлөлттэй, спиртын дунд зэргийн согтолттой /цусанд 2,1%, ходоодны шингэнд 4,0%, шээсэнд 3.2% этилийн спирт/ үедээ дээрх гэмтлийг нэг цаг хугацаанд авч, хоолой цээжний тус газарт хүч үйлчилсэнээс цохилт доргилтын үед зүрх судасны төв хэт цочирсоноос зүрх зогсож нас бараагүй байна гэх дүгнэлт /2хх-82-88/ Шинжээч эмч Д.Чулуунбатаар, Т.Амартүвшин, Г.Энхбаатар, Ж.Ганцэнгэл, Д.Долгормаа, Ч.Эрдэмболор, Ц.Оюун-Эрдэнэ/,

Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-2-13-р тал/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-14-18-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-19-20-р тал/, оршуулсан газраас шарил гарган авч үзлэг хийж, буцаан оршуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-136-145-р тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-234-236-р тал/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-237-239-р тал/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-158-164-р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /1хх-114-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-115-р тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Анхан шатны шүүх хуралдаан тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудыг шинжлэн судлаад Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүнийг санаатай алсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Учир нь амь хохирогч Б.Оын биед гэмтлийн зэрэг, үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад дангаар болон бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 5 удаагийн дүгнэлт гарчээ.

Шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2015 оны 330 дугаартай дүгнэлтэд: “...Цусанд 2.1%-ийн спиртийн тун нь дунд зэргийн согтолтийн зэргийн илэрхийлэх бөгөөд эд эрхтэнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд архины хордлогонд эд эрхтэнүүд хордсон шинж илрэхгүй байна. Тухайн үед хийгдсэн задлан шинжилгээ болон шарил дахин шинжилгээгээр талийгаачийн биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхийн орчим цээжний урд хэсгээр цус хурсан зэргээс үзэхэд тухайн хэсэгт хатуу мохоо зүйлийн хүч үйлчилсэн бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн шинжтэй байна. Талийгаачийн эд эрхтэнд эд эсийн шинжилгээгээр илэрсэн бичил өөрчлөлтөөс үзэхэд гэнэт зүрх зогссон хурц үхлийн шинж илэрч байна.

Хоолой, цээжний тус газарт хүч үйлчилснээс зүрхний гэнэт зогсоох шалтгаан болж болно.

Талийгаачийн зулай, дагзны хуйхан доорхи цус хуралт байгаа боловч гавал тархинд голомтлог гэмтэл байхгүй байна. Дээрх хуйхан доорхи цус хуралт, дээд уруулын цус хуралт, доод уруулын язарсан шарх, цус хуралт, хаван зэрэг гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хүч үйлчилсэн шинж тэмдэг болно. Талийгаачийн биед олон тооны ил гэмтлүүд байгаа боловч шокийн шинж илрээгүй болно. Тухайн үеийн фото зургаар нүүр цусаар бохирлогдсон байх бөгөөд хамар, амнаас гарсан байж болно. Талийгаач нь хүчтэй цохилт, доргилтийн үед зүрх гэнэт зогсож нас баржээ...” /1-р хх-ийн 145-149/ гэсэн дүгнэлт гаргаж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Одончимэг “...шокийн бүсэд хүчтэй цохилт үүссэнээс хохирогч нас барсан, шокийн бүс гэдэг нь зүрхний ойр орчим, цээжний урд хэсгийг хамааруулж хэлэх бөгөөд хохирогчийн зүүн 1 дүгээр хавирга хугарсан нь энэ бүсэд хүчтэй цохисон гэж үзсэн...” гэж өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарлажээ /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/.

Шинжээч эмч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дүгнэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд түүний дүгнэлтэд “талийгаачийн биед олон тооны гэмтэл байгаа нь шокийн шинж илрээгүй” гэж дүгнэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “шокийн бүсэд цохисноор хохирогч нас барсан гэж үзсэн” гэж тайлбарлаж мэдүүлсэн нь эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

Түүнчлэн 2015 оны 731 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтийн Д.Галцог, Б.Оюун-Эрдэнэ, Д.Адилзаяа нарын гаргасан дүгнэлтэд:

“...Шинжээч эмч С.Одончимэгийн дангаар гаргасан дүгнэлтийн 9 дүгээрт дурьдсан “хүчтэй цохилт доргилтын үед зүрх гэнэт зогсож нас баржээ” гэжээ. Энэ нь цохилтын эсрэг үйлчлэлийн хүчээр зүрх судасны төв хэт цочирсноос зүрх гэнэт зогссон гэдэг нь үндэслэлтэй байна. Хохирогч Б.Оын биед дух, зулайн урд хэсэг, толгойн хуйхны дотор талд 11.5х8.5см талбай, дагзны зүүн хэсэгт 6.5х3см, цээжний баруун урд дээд хэсэгт 25х20см талбай, цээжний баруун дээд хэсэг, эгэмийн дунд шугамаар 1-3 дугаар хавирга орчим 8.7см талбайд, баруун дээд 4-6 дугаар хавирга орчим, төвөнхийн зүүн хэсэгт 1.2х1 см талбай бүхий дурьдсан газруудад тус тус 52.9х14.5 см талбайд цус хуралт үүсчээ. Үүнээс дух зулайн урд талбайд 11.5х8.5 см дагзны зүүн хэсэгт 6.5х3см цээжний баруун урд дээд хэсэгт 25х20 см цус хуралтууд нь илүү том бөгөөд ноцтой цус хуралт байна. Зүүн 1, баруун 2 дугаар хавирга тус тус хугарсан байна. Дээд уруул дотор салстад цус хурсан, доод уруул бага зэргийн хавдартай, дотор салст баруунд 1х0.8см язарсан цус хуралттай, өгзөг доод хэсэгт 4.5х0.1см зулгаралт гэмтлүүд тус тус тодорхойлогдсон байна. Дурьдсан гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хөнгөнөөс хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гэвч арьс болон толгойн хуйхны дотор талд үүссэн арьсны гэмтэл зэргийг “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-д тусгайлан заасан зүйл олдсонгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн “2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2275 тоот актанд бага тархины тогтоц улбагар гэжээ” Тархины баганан хэсгийн байдлыг огт үнэлж бичээгүй байна. Энэ хэсэгт амьсгал, зүрхний судасны төвүүд оршдог. Энэ төвүүд хүчтэй цочирсон болон дарагдсан нөхцөлд үхлийн аюултай. Бага тархи улбагар гэсэн нь ямар нэгэн ноцтой өөрчлөлт илэрч байгаагийн үзүүлэлт байх боломжтой.

Гэтэл бага тархи болон их тархины зураг хавтаст хэрэгт ороогүй байна. Хуйхны дотор тал, зулайн урд хэсэг, дагзны зүүн хэсгийг хамарсан /11.5х8.5 см, 6.5х3 см/ талбайд цус хурсан нь ямар нэгэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд улмаар эсрэг цохилтын хуулиар бага тархи болон их тархины баганан хэсэгт /ушиб/ няцралт үүсч улмаар хавагнан доош шаантаглаж, зүрх судас болон амьсгалын төвүүдийг дарснаас үхэлд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй....” гэж дүгнэсэн нь амь хохирогчийн тархины баганан хэсгийн байдлыг огт үнэлж бичээгүйн дээр бага тархи болон их тархины зураг хавтаст хэрэгт ороогүй байна гэж тус тус үзсэн атлаа үхлийн шалтгааныг зүрх судас болон амьсгалын төвүүдийг дарснаас үхэлд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй гэж таамаглан амь хохирогчийн үхлийн шалтгааныг дүгнэсэн нь эргэлзээтэй байдлыг бий болгосон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд амь хохирогч Б.Оыг зүрхний эсхүл амьсгалын төвүүдийг дарсан шокийн, эсхүл хүчтэй цохилтын улмаас шууд үхэлд хүрсэн гэх эргэлзээтэй дүгнэлтүүдээр хохирогчийг нас барсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шинжээч эмч Б.Ганзоригийн 2015 оны 2275 дугаартай дүгнэлтээр, шинжээч эмч А.Амгаланболд, Н.Батзаяа нарын гаргасан 330 дугаартай дүгнэлтээр, шинжээч эмч Ц.Галцог, Б.Ариунзул, Н.Энхцолмон, Л.Ганболд нарын санал нэгтэй гаргасан 2015 оны 731 дугаартай дүгнэлтээр, шинжээч эмч нарын санал нэгтэйгээр гаргасан 2016 оны 552 тоот болон 2017 оны 821 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаач нь архины цочмог хордлогонд орж нас барсан. Талийгаач нь зүрх өөхжилт, тэжээл алдагдал өөрчлөлттэй, спиртын дунд зэргийн согтолттой /цусанд 2,1%, ходоодны шингэнд 4,0%, шээсэнд 3,2% этилийн спирт/ үедээ дээрх гэмтлийг нэг цаг хугацаанд авч, хоолой цээжний тус газарт хүч үйлчилснээс цохилт доргилтын үед зүрх судасны төв хэт цочирсоноос зүрх зогсож нас бараагүй байна...” гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Иймд амь хохирогч Б.О нь архины цочмог хордлогонд орж нас барсан байх тул шүүгдэгч Б.Быг Б.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэртээ иргэн эмэгтэй Б.О Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож биед нь зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн нарын дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан 2015 оны 2275, 330, 731, 2016 оны 552, 2017 оны 821 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шинжээч эмч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т 14 сая төгрөгийг нөхөн төлсөн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэртээ ороод зурагт үзэж байгаад унтчихсан байна, талийгаачийг унт гэж хэлсэн, өглөө намайг сэрэхэд манай гэрийн хаалга 4 хуруу хэртэй онгорхой, талийгаач газар доошоо хараад унтаж байхаар нь би түүнийг орон дээр унтахгүй дээ гэж бодоод аяга хагарсан байсныг хамж цэвэрлээд эргүүлээд харахад түүний ам хамарнаас цус гарсан байдалтай байсан, хэргийн талаар би мэдэхгүй, надад талийгаачийг зодох, алах санаа зорилго байгаагүй...” гэж удаа дараа мэдүүлж байх боловч үүгээрээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

2014 оны 12 дугаар сарын 08-ны орой хэрэг учралын газарт амь хохирогч, шүүгдэгч нарыг байсныг гэрч П.Д ий мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэдэхүүн дүгнэлээ. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэхээр тогтов.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг “...хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Бт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүх энэ хуулийг хэрэглэж, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг 2014 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна.

Иймд шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Б.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн 2014260006228 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь нийт 334 хоног цагдан хоригдсон бөгөөд, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

       ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-н Б-г Монгол улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Б-н Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-н Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь нийт 334 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6 Шүүгдэгч Б.Бт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                И.ГАНБАТ

ШҮҮГЧИД                                             Д.АЛТАНЖИГҮҮР                                                                                                                                                  Х.ОДБАЯР