| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0025/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Н.А
Хохирогч С.Ө
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1920000390020 тоот хэргийг 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Б харуул хамгаалалтын албанд ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, Т овогт Б.Б,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт согтуугаар гэртээ хамтран амьдрагч болох С.Ө-г “янхан гичий” гэж хэл амаар доромжилж, улмаар хоолойг боох явцдаа чих шанаан тус газар алгадаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2013 онд “Б” хамгаалалтын албанд орж Замын-Үүдэд ажиллаж эхэлсэн ба одоог хүртэл ажиллаж байна. Хамтран амьдрагч С.Ө-тай 2018 оны 11 сард танилцсан ба удаагүй нэг гэрт орсон. С.Ө “Ж” зоогт зөөгч хийдэг ба 2 хүүхэдтэй. Дагавар 2 хүүхэд маань одоо 2-уулаа цэцэрлэгт явдаг. Би согтууруулах ундааг бараг хэрэглэдэггүй. Тамхи татдаг. Одоо бие эрүүл, ухаан саруул. Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг маань үнэн зөв, өөрчлөгдөх зүйл байхгүй. Би буруу зүйл хийж согтуудаа хамтран амьдрагч С.Ө-н биед халдаж хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Одоо С.Ө-н бие зүгээр болсон, ажилаа хийж байгаа. Ахин ийм алдаа гаргахгүй байж чадна. Бид 2 одоо хэвийн сайхан хамтдаа амьдарч байна. Бид 2 хэдий богино хугацаанд танилцан богино хугацаанд хамтран амьдарч байгаа ч бие биеэ маш сайн ойлгодог. Бие биедээ хайртай. Хэн хэндээ маш сайн зохицдог. Тийм ч болохоор хойшид гэр бүлээ албан ёсоор батлуулж сайхан амьдрах хүсэл мөрөөдөл ч гэх юм уу, тийм зорилт тавин амьдарч байгаа. Энэ удаагийн үйлдэл маань миний согтууруулах ундаа хэрэглэснээс л болсон. Би энэндээ маш их гэмшиж байгаа болохоор согтууруулах ундаанаас татгалзаж эхэлсэн. Ахин ийм болчимгүй алдаа гаргахгүй байж чадна. Гаргасан алдаагаа ухамсарласан болохоор хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд гомдолгүй гэв.
Хохирогч С.Ө мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 сарын 02-ны өглөө үүрээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт байх гэртээ ганцаараа унтаж байтал 04 цагийн орчим миний хамтран амьдрагч Б.Б ажлаасаа буугаад гэрт орж ирсэн. Б.Б гэртээ ирэхдээ нилээн согтуу байсан. Б.Б “Б” харуул хамгаалалтын албанд ажилладаг ба өдөр бүр орой 20 цагийн үед ажилд гараад шөнө 03:00 цагаас 04:00 цагийн үед ажлаасаа бууж ирдэг. Энэ өдөр мен л тэгж гэртээ ирсэн ба ирэхдээ согтуу байсан. Тэгээд Б унтахгүй хэрүүл өдөж, над руу янз янзаар үг шидээд байсан. Би хариу дуугарахгүй орондоо хэвтээд байсан гэнэт Б над руу ирээд 2 гараараа намайг боож эхэлсэн. Боогоод байна шүү дээ, болиоч гэхээр болчихоод буцаад боогоод байсан. Энэ үйлдэлээ 4-5 удаа давтсан. Миний хоолойгоор боож байхдаа Б зүүн гараараа 1 удаа миний баруун шанаа, чих хавсараад алгадсан. Ингэж байхдаа намайг янхан, гичий гэж элдэвээр доромжилсон. Үндсэндээ намайг хий хоосон хардаад элдэвээр хэлж харааж зүхээд байсан. Ингээд муудалцаад байж байтал гаднаас манай бэр эгч У гаднаас гэрт ороод ирсэн. Эгчийг болич гэсэн чинь Б чамд ямар хамаатай юм гэж агсарсан. У эгч цагдаа дуудна гээд гэрээс гарсан чинь хойноос нь Б гараад хамгаалалтын албаны машинаа асаагаад хашаанаас гарсан. Удалгүй Б машингүй гэртээ буцаад ирсэн. Машинаа яасныг мэдэхгүй. Ингээд Б гэрт ирээд унтаад өгсөн ба хэсэг хугацааны дараа цагдаагаас хүмүүс ирээд Б-г аваад явсан. Цагдаад У эгчийнхэн дуудлага өгсөн юм шиг байна лээ. У эгчийнх манайх 2 нэг хашаанд хамт байдаг айлууд. Б бид 2 танилцаад 3 сар болж байгаа ба танилцангуутаа 1 гэрт орж хамт амьдарч байгаа. Хэрэг гардаг өдөр 2 хүүхэд маань сургууль цэцэрлэг амарчихсан байсан болохоор хөдөө байсан. Анх согтуу гэрт ирэхдээ ч машинаа жолоодож ирсэн. Биеийн байдал хэвийн болсон. Хамтран амтьдрагч Б.Б-д ямар нэг гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл бол байхгүй. Бид учираа олж эвлэрсэн, одоо хамтдаа амьдарч байгаа. Өөр нэмж ярих зүйл алга гэжээ. /хх-ийн 12-13/
Гэрч У.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай охин Б.Б амаржаад 1 сар арай хүрээгүй байгаа бөгөөд манай гэрт хамт тухайн үед хамт байсан. Нялх хүүхэдтэй болохоор би шөнө гал таслахгүй галлаж хонож байсан юм. Тэр үед манай гэрт амаржсан охин маань хүүхэдтэйгээ, мөн манай хүү Б.У нар байсан. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө үүрээр 04 цагийн үед би гэртээ гал түлж байтал Ө-н гэрт хэрүүл болоод байх шиг байсан. Бүдэг бадаг хэрэлдээд байгаа нь сонсогдсон. Б Ө-г янхан гичий гээд орилоод байгаа байсан. Байгаад бараг цаг гарангийн дараа Ө-н гэрт ортол Б согтуу байдалтай орон дээр Ө-н дээр гараад суучихсан хоолой дээр нь гараараа дараад байж байсан. Би яаж байгаа юм бэ чи, болиоч гэсэн чинь Б чамд хамаагүй шүү пизда минь гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудна гээд буцаад гарсан. Тэгтэл Б гэрээсээ гараад согтуу байж хамгаалалтын албаны машинаа жолоодоод хаазлаад хашаанаас гараад давхисан. Би явчихлаа даа гэж бодоод цагдаа дуудахаа байчихаад гэртээ хэсэг байж байгаад Ө-д ортол Б буцаад ирчихсэн байсан. Машинаа яасныг нь мэдээгүй, явган ирсэн байсан. Намайг ороод очсон чинь Б дуудсан цагдаа чинь хаана байна гэсэн. Миний хойноос манай хүү У орж ирсэн. Тэгтэл Б цагдаагийн дугаар гээд ... гэж хэлэхээр нь би хүүдээ цагдаа дууд гэж хэлээд гаргасан. Ингээд удаагүй цагдаа ирээд Б-г аваад явсан. Манай хүү У анх цагдаа дуудлага өгсөн ба одоо У хичээл нь эхлээд Улаанбаатар хотод байгаа. Амаржсан охин маань тэр өглөө хүүхэдтэйгээ унтаж байсан болохоор юу болсон талаар мэдээгүй гээд өглөө нь сэрээд асууж байсан. Охин маань Сайншандад Анагаахын сургуульд сурдаг ба мөн сургуульдаа явсан. Б.Б-г бол үнэндээ ямар хүн бэ гэдгийг би мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 14-15/
Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн үед гэртээ унтаж байсан чинь ээж намайг сэрээгээд “Ө эгчийг чинь нөхөр нь зодоод байна. Цагдаа дуудъя утсаа өгчих” гэсэн. Ээж намайг сэрээх үед машин хаазлаад хашаанаас гараад явах чимээ гарсан. Тэгээд ээж тэднийд юу болсон талаар хэсэг ярьж байгаад нэг их удаагүй буцаад Ө эгчийнд орсон. Би босох гээд хувцасаа өмсөөд байж байтал Б ах буцаад ирчихсэн том том дуугараад ээжийн урдаас хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гялс хувцасаа өмсөөд гэрт нь яваад ороход Ө эгч уйлчихсан орон дээрээ хэвтэж байсан. Б ах наана нь зогсож байснаа цаашаа эргэж хараад Ө эгчийн хөнжлийг хуу татаад “Би чамайг дарамталсан бил үү? Чи эд нартаа хэлээдэхдээ” гээд хашгираад байсан. Тэр үед ээж “Цагдаа дуудчихсан. Чамайг цагдаад өгнө дөө” гэхэд Б ах “Та нар дугаарыг нь мэддэг юм уу” гээд “...” гэсэн дугаар хэлэхээр нь би утсан дээрээ гялс тэмдэглэж аваад гадаа гараад залгаж дуудлага өгсөн. Би улирлын амралтаараа Улаанбаатар хотоос 01 дүгээр сарын 06-нд Замын-Үүдэд гэртээ ирсэн юм. Намайг ирсэнээс хойш 2-3 хоногийн дараа Ө эгчийн нүд орой нь зүгээр байснаа өглөө гэрт нь ороход хөхрөөд улаан эрээн болчихсон байсан. Юу болсон талаар асуухад “Орой гэрийн гадаа хөрзөн хагалж байгаад хажууд нь байсан машиныг мөргөсөн” гэж хэлж байсан. Тухайн үед харахад хүн цохисон гэдэг нь илт мэдэгдэхээр байсан ч аниа өөрөө нуугаад байсан болохоор би дахиж лавлаж асуугаагүй. Би нөхөр нь зодсон болов уу гэж таамаглаж байсан. Огт мэдэхгүй гэж хэлж болно. Сая амралтаар гэртээ ирэхэд л нэг ийм хүнтэй болсон байсан. Хааяа нэг гэрт нь ороход дуугүй л сууж байдаг байсан. Гэрт нь яваад ороход архи нилээд үнэртэж байсан. Б ахын нүд нь сонин болчихсон байсан гэжээ. /хх-ийн 16-17/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-ийн 23-24/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 29-30/
Шинжээчийн 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 02/0113 дугаартай дүгнэлт: 1.С.Ө-н биед гэмтэл учирсан байна. 2.С.Ө-н биед тархи доргилт, хүзүүний баруун ар хэсэг, цээжний зүүн хэсгийн цус хуралт гэмтэл учирсан байна. 3.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.С.Ө-н биед учирсан тархи доргилт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний баруун ар хэсэг, цээжний зүүн хэсгийн цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25/
Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, жолоочийн үнэмлэхийн хуулбар, Б ХХК-ний ажлын үнэмлэхийн хуулбар, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 33-44/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 50-51/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт согтуугаар гэртээ хамтран амьдрагч болох С.Ө-г “янхан гичий” гэж хэл амаар доромжилж, улмаар хоолойг боох явцдаа чих шанаан тус газар алгадаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Ө “....Б над руу ирээд 2 гараараа намайг боож эхэлсэн. Боогоод байна шүү дээ, болиоч гэхээр болчихоод буцаад боогоод байсан. Энэ үйлдэлээ 4-5 удаа давтсан. Миний хоолойгоор боож байхдаа Б зүүн гараараа 1 удаа миний баруун шанаа, чих хавсараад алгадсан. Ингэж байхдаа намайг янхан, гичий гэж элдэвээр доромжилсон.” гэх мэдүүлэг, гэрч У.У “...Ө-н гэрт ортол Б согтуу байдалтай орон дээр Ө-н дээр гараад суучихсан хоолой дээр нь гараараа дараад байж байсан. Би яаж байгаа юм бэ чи, болиоч гэсэн чинь Б чамд хамаагүй шүү пизда минь гэсэн. ...Тэгтэл Б цагдаагийн дугаар гээд ... гэж хэлэхээр нь би хүүдээ цагдаа дууд гэж хэлээд гаргасан. Ингээд удаагүй цагдаа ирээд Б-г аваад явсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.У “...Тэгэхээр нь би гялс хувцасаа өмсөөд гэрт нь яваад ороход Ө эгч уйлчихсан орон дээрээ хэвтэж байсан. Б ах наана нь зогсож байснаа цаашаа эргэж хараад Ө эгчийн хөнжлийг хуу татаад “Би чамайг дарамталсан бил үү? Чи эд нартаа хэлээдэхдээ” гээд хашгираад байсан. Тэр үед ээж “Цагдаа дуудчихсан. Чамайг цагдаад өгнө дөө” гэхэд Б ах “Та нар дугаарыг нь мэддэг юм уу” гээд “...” гэсэн дугаар хэлэхээр нь би утсан дээрээ гялс тэмдэглэж аваад гадаа гараад залгаж дуудлага өгсөн.” гэх мэдүүлгүүд, хохирогч С.Ө-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0113 дугаартай дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзлээ.
Хохирлын хувьд:
Хохирогч С.Ө нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Б харуул хамгаалалтын албанд хамгаалагч хийдэг, сарын орлого тогтвортой байх тул түүнд торгуулийн ял оногдуулаж, оногдуулсан ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд сард 166.667 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б