| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0295/Э |
| Дугаар | 350 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт М-н Б-т холбогдох эрүүгийн 1903000200109 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, урд
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6-д зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Б овогт М-н Б-т ,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч М.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн уулын замд 20 минутын үед Э.Бн эзэмшлийн Toyota Landcruiser маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас С.Нгийн жолоодон явсан Mitsubishi Colt маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг, мөн замын хажууд байрлуулсан төмөр туузан хашлагыг тус тус мөргөж, жолооч С.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Mitsubishi Colt маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 3.953.000 мянган төгрөгний хохирол, Улаанбаатар хотын захирагчийн албанд нийт 400.000 төгрөгний хохирол, Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.Бд нийт 4.695.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч С.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойгоос зүүн тийш явдаг уулын арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байтал өөдөөс ирж байсан цагаан өнгийн Ланд Круйзер 100 маркийн автомашин эсрэг урсгалд буюу миний явж байсан байсан эгнээ рүү хурдтай ороод ирсэн. Би автомашинаа зогсоох үйлдэл хийж тоормозоо гишгэн баруун гар тийш дарж замын хажуу руу замаа чөлөөлж өгтөл шууд чигээрээм хурдтай орж ирж миний машины зүүн талыг маш хүчтзй мөргөөд машинаа зогсоож чадалгүй цаашаа явж замын хойд талын төмөр хашлагыг урд хэсгээрээ мөргөж зогссон. Миний машиныг мөргөх үед би цээж хэсгээрээ урд жолооны хүрдээ мөргөж амьсгаа авч болохгүй болсон. Тэр үед би арай хийж хамгаалах бүсээ салгаж машинаас буун 2 удаа дээшээ үсэрсэн чинь арай гайгүй амьсгаа авч эхэлсэн. Би машиныхаа хажууд хөдөлж чадахгүй байж байтал тэр замаар явж байсан танихгүй залуу над дээр ирээд надад тусалж гар утсаараа манай эхнэр лүү залгаж ярьж мэдэгдсэн...” гэжээ / хх-34-35-р тал/
Гэрч П.Ос мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад машинаа халаах гээд Маршалын гүүрнээс баруун тийш ХААИСургуулийн чиглэлд өөрийн Верна улсын дугаартай автомашинтай явж байтал миний ар талд цагаан өнгийн Ланд Крузер маркийн автомашин эсрэг урсгалд ороод надтай зөрж өнгөрсөн саарал өнгийн суудлын жижиг машинтай урд хэсгээрээ мөргөлдсөн. Би Ланд крузер маркийн автомашины жолоочид “чи яагаад урсгал сөрж орж ирээд мөргөчихөв” гэж хэлэхэд тэр жолооч харин тиймээ хүйтэнд машины дугуй гулгаад мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэгээд би 09 цагаас ажилтай байсан тул яваад өгсөн...” гэжээ. /хх-44-45-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн № 989 тоот дүгнэлтэд “...С.Нгийн биед өвчүү ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн ташаанд цус хуралт, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-53-р тал/
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт: Mitsubishi Colt маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл- үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.953.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-58-59-р тал/
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны гаргасан хөрөнгө үнэлгээний тайлан: Замын гадна төмөр хашлага-400.000 төгрөг /хх-67-70-р тал/
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлт: Т.Ландкруйзер маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. М.Колт маркийн улсын дугаартай автомашины жолооч С.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөний журмын ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол хэрэг гарсан гэх газрын зорчих хэсэг нь 2 эгнээтэй, тахир зам тэмдэглэлтэй, эсрэг урсгал сөрөхийг хориглосон үргэлжилсэн цагаан шугам бүхий, гадаргуу нь халтиргаатай байна. Ийм зорчих хэсэгт жолооч хөдөлгөөн зохион байгуулах зорилгоор байрлуулсан тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтлан зорчих хэсгийн гадаргуугийн байдалд тохируулан шарвалт, гулгаа үүсгэхгүй, тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүйгээр хурдыг сонгож явахыг Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгээр зохицуулж өгсөн. 4. Уг зам тээврийн осол нь Т.Ландкруйзер-100 маркийн улсын дугаартай автомашины жолоочийн дүрмийн өөрт хамаарах хөдөлгөөний журмын заалтыг биелүүлээгүйн улмаас гарсан гэж үзэж байна...” гэжээ /хх-73-74-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-95/, Ял шийтгэлийн хуудас /хх-94/, хохирогчид хохирол төлсөн баримт /хх-111-112/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн уулын замд 20 минутын үед Э.Бн эзэмшлийн Toyota Landcruiser маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас С.Нгийн жолоодон явсан Mitsubishi Colt маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг, мөн замын хажууд байрлуулсан төмөр туузан хашлагыг тус тус мөргөж, жолооч С.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Mitsubishi Colt маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 3.953.000 мянган төгрөгний хохирол, Улаанбаатар хотын захирагчийн албанд нийт 400.000 төгрөгний хохирол, Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.Бд нийт 4.695.000 төгрөгний хохирол тус тус учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-22/, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-53-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.Бт Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Бт торгох ял оногдуулах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Э.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 6.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан, Улаанбаатар хотын Захирагчийн алба буюу иргэний нэхэмжлэгч Э.С-Э 400.000 төгрөгний хохирол учирсанаас шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж, 40.000 төгрөгийн үлдэгдэлтэйг дурьдав.
Иргэний нэхэмжлэгч Ж.Б-И 4.695.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд иргэний хариуцагч Э.Г, шүүгдэгч М.Б нараас дээрхи хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт М-н Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М Бг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.
4. Шүүгдэгч М.Бт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, иргэний хариуцагч Э.Г нараас 4.695.000 / дөрвөн сая зургаан зуун ерэн таван/ мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Б-И, 40.000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд тус тус олгосугай.
7. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ
`