| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0336/Э |
| Дугаар | 359 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баттулга,
Улсын яллагч Н.Пүрэвтогтох,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б Д-н Э-т холбогдох эрүүгийн 1910008890342 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б Д-н Э-
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хүннү молл” худалдааны төвийн кинотеатрт иргэн Х.Бын гээгдүүлсэн “Huawei P8” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 435.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... гэв.
Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хүннү молл” худалдааны төвд кино үзээд орой 22 цаг 10 минутанд дуусч киноны танхимаас гарч ирээд Хүннү молоос гарч байхдаа өөрийн “Huawei P8” гар утсаа гээснээ мэдээд буцаж кино үзсэн танхим руугаа ороод суудлынхаа ойр орчмоор үзэхэд миний гар утас байгаагүй. Тэгээд цагдаад хандаад цагдаа нар ирж хяналтын камерын бичлэг үзэхэд намайг кино танхимын суудлаас босоод явахад миний ар талын эгнээнд сууж байсан бага насны хүүхэдтэй, эрэгтэй, эмэгтэй 2 хүн миний сууж байсан сандлын орчмоос нэг зүйл аваад өмднийхөө халаасанд хийж байгаа бичлэг байсан…” гэжээ /хх-19-р тал/
Гэр Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэртээ харьсны дараа манай нөхөр гар утас олсон гэж надад харуулсан. Миний санаж байгаагаар бараг 7 хоногийн дараа манай нөхөр дэлгэцнийх нь кодыг гаргасан гэж хэлсэн. Тэрнээс хойш манай гэрт хүүхэд бичлэг үздэг байсан...” гэжээ / хх-23-р тал/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх-15-р тал/, Гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-16-р тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-12-13-р тал, 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн Дамно ХХК-ний үнэлгээ / хх-29-30-р тал/
Шүүгдэгч Д.Эын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, ял шалгах хуудас / хх-34/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хүннү молл” худалдааны төвийн кинотеатрт иргэн Х.Бын гээгдүүлсэн “Huawei P8” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөлдд байгааг мэдсээр байж завшиж бусдад 435.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Дамно ХХК-ний үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэx үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Д.Э нь зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.
Хохирогч Х.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б Д-н Э-г гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н Э-г 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Э т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Эт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Эт урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ