Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2024/00019

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2024/00019

 

 

 

Ш.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00607 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Хд холбогдох Худалдах-худалдан авах гэрээ, Газар худалдах-худалдан авах гэрээ-нээс тус тус татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дугаар багийн 000 дугаар гудамжны 00 тоот хаягт байрлах 1000 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв талбай бүхий дэлгүүр, автомашины гараж зэргийг буцаан шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Миний бие Ш.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Хтай харилцан тохиролцож, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 000 дугаарбаг, 0000 дугааргудамжны 00 тоот хаягт байрлах 540 м.кв газартай хашаа, 10*8 хэмжээтэй өвлийн байшин, 24*9 хэмжээтэй автомашины граж зэргийг нийт 50,000,000 төгрөгөөр худалдсан. Би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдсан үл хөдлөх эд хөрөнгөө Б.Хын нэр дээр шилжүүлсэн. Харин худалдан авагч Б.Х нь эд хөрөнгийг хүлээн авч, гэрээнд зааснаар эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй. ...Гэрээ байгуулснаас хойш буюу 2018 оноос хойш 4 жилийн хугацаанд цувуулан 17,800,000 төгрөг өгөөд үлдэгдэл 32,200,000 төгрөгийг төлж чадахгүй өдийг хүрч байна. Энэ хугацаанд би өгчих байх гэж нэмэлт хугацаа тогтоож хүлээсэн. Иймд гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах нэхэмжлэл гаргаж байна.

... 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт Б.Хд шилжүүлсэн газар, үл хөдлөх эд хөрөнгө буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дугаарбагийн 000 дугааргудамжны 00 тоот хаягт байрлах 1000 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй дэлгүүр, автомашины граж зэргийг Ш.Г миний нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн гэжээ.

Хариуцагч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн хувийн сууцыг 28,000,000 төгрөгөөр, газрыг 2,000,000 төгрөгөөр нийт 30,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар болж, гэрээний нөхцлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж албажуулсан. ...нэхэмжлэгч Ш.Г нь гэрээгээр тохирсон үнээ нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр 50,000,000 төгрөг, заримдаа 80,000,000 төгрөгийг нэхэх болсон ба 80,000,000 төгрөг өгнө гэж гарын үсэг зурж өг гэж хүртэл ирж байсан.

Уг асуудлаас болж бид харилцан ойлголцохгүй болж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй нь үнэн. ...Авсан эд хөрөнгөө буцаахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр хохиролтой гэж байгаа бол нэмж 20,000,000 төгрөг өгч эвлэрмээр байна. Нэхэмжлэгч нь надад гэрээг цуцлах гэж байгаа талаар урьдчилан сануулаагүй, энэ талаар огт мэдэгдээгүй. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00607 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 20000 дугаарзүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Хд холбогдох 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, Газар худалдах-худалдан авах гэрээ гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дугаарбагийн 0000 дугааргудамжны 00 тоот хаягт байрлах 1000 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй дэлгүүр, автомашины гараж зэргийг өөрийн нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэгч Ш.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,150 (дөрвөн зуун наян найман мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... худалдагч буюу нэхэмжлэгч Ш.Г нь худалдан авагч хариуцагч Б.Хын гэрээний үндсэн үүргийн хэсгийг биелүүлэх үүргээ хугацаа хэтрүүлснээс гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй... гэж дүгнэсэн атлаа ...нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлага ойлгомжгүй, худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ зөрүүтэй, нэхэмжилсэн зарим хөрөнгө болох граж, дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан гэх нотлох баримтгүй, улсын бүртгэл хийгдээгүй зэргээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шаардаж, улсын бүртгэлд бүртгэл хийхийг даалгуулах тухай шаардлага биелэгдэх үндэслэл бүрдэхгүй... хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэв нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй бол анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6000 дугаарзүйлийн 65.1.11-д зааснаар иргэний хэрэг үүсгэлгүй, нэхэмжлэлийг буцаах эсхүл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах ёстой.

...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

...Гэрээ дуусгавар болох нь гэрээний дагуу үүссэн харилцаа буюу үүрэг нь гэрээний талуудын хүсэл зоригоос хамаарч эсхүл үл хамаарах нөхцөл байдлаар цаашид үргэлжпүүлэх боломжгүй тохиолдол үүсвэл Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах гэсэн ойлголтоор гэрээг дуусгавар болгодог. Нэхэмжпэгч нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн гэрээнээс л татгалзаж байгаа тул ойлгомжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна.

...Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримт болоод зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт бодитой үнэлэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн алдааг зөвтгөж, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Б.Хд холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дугаарбагийн 000 дугааргудамжны 00 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 10х8 хэмжээтэй өвлийн байшин, 24х9 хэмжээтэй автомашины граж зэргийг буцаан авах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, Газар худалдах-худалдан авах гэрээ-нээс тус тус татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дугаарбагийн 000 дугааргудамжны 00 тоот хаягт байрлах 1000 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв талбай бүхий дэлгүүр, автомашины граж зэргийг буцаан шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Гэтэл шүүх ...нэхэмжпэлийн шаардлага ойлгомжгүй, ...худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ зөрүүтэй, нэхэмжилсэн зарим хөрөнгө болох граж, дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан гэх нотлох баримтгүй, улсын бүртгэл хийгдээгүй зэргээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шаардаж, улсын бүртгэлд бүртгэл хийхийг даалгуулах тухай шаардлага биелэгдэх үндэслэл бүрдэхгүй. гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний үүрэг, гэрээнээс татгалзаж буй асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй орхиж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн эсэх нь эргэлзээтэй шийдвэр гаргажээ.

Талууд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дутуу тодруулсан, орхисон тохиолдолд шүүх талуудын тэгш байдлыг зөрчихгүйгээр дээрх байдлыг тодруулж, тодорхой болгох үүрэгтэй бөгөөд ингэснээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэх үндэс бүрдэнэ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгоогүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлд дүгнэлт өгөх, хэрэгт байгаа баримтын хэмжээнд эрх зүйн маргааны талаар зохих дүгнэлтийг хийх, маргааныг шийдвэрлэх боломжгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 /дөрвөн зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                             Н.БАЯРХҮҮ  

Б.СОСОРБАРАМ