| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0059/Э/ |
| Дугаар | 58 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 58
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Хохирогч Д.Хүрэлбаатар, Д.Энхтайван
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эөд холбогдох 1930000000002 эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат, 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ах, эгч дүү нарын хамт Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 сарын 30-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаарт зүйлийн 145.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 сарын 23-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих,
Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 2 жил 06 сарын хорих ял шийтгүүлж Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2015.11.05-ны өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 06-нд суллагдсан,
регистрийн дугаар ЛА80022217, Зээрднүүд овгийн Д.Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мандахын 423 тоотод оршин суух Г.Амарбаясгалангийн гэрийн цоожийг эвдлэн нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, 40000 төгрөгийн,
2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Хайлаастын 521 тоотод оршин суух Д.Хүрэлбаатарын байшингийн цонхоор нэвтрэн орж, бэлэн мөнгө хулгайлж, 120000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Чулуутын 10-16 тоотод оршин суух Х.Жавзмаагийн байшингийн цонхоор нэвтрэн орж, бэлэн мөнгө хулгайлж, 30000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сувд дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж Д.Энхтайваны 100000 төгрөгийг хулгайлсан,
2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 206 тоотод оршин суух, Ц.Очирбаярын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 342000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, энэ хүмүүсийн эд зүйлсийг авсан нь үнэн. Энхтайван, Хүрэлбаатар, Очирбаяр, Амарбаясгалан, Жавзмаа нарын эд зүйлийг авсанаа зөвшөөрч байгаа, ойлгож байна. Хохирлыг төлнө гэж л бодож байгаа. Амарбаясгалангийн хохирол төлөгдсөн, эд зүйлийг буцаан өгсөн. Бусад хохирогчийн хохирол төлөгдөөгүй байгаа...гэв.
- Шүүгдэгч Д.Эийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Хайлаастад байдаг гэрээсээ 10 цагийн үед гарч архи олж уух зорилготой дэнжийн байрыг дамжин урагшаа явж байгаад Мандахын 423 тоотод хашаанд ганц гэр цоожтой, ойр хавьд нь хүн байхгүй, хөл хөдөлгөөн багатай байхаар нь гэрийн хаалгыг барьж явсан төмрөөрөө хөшиж онгойлгоод гэрт нь орж бурхан дээр нь байсан жижиг шилтэй 2 ширхэг архи байсныг уугаад гурилын мод хийсэн байсан уутны модыг нь гаргаж тавиад уутанд нь хөргөгчинд байсан махнаас хийж аваад гарч явсан юм. Авч гарсан махаа Саятаны хороололд хазгар Эрдэнэбаяр гэдэг хүний эхнэрт 3000 төгрөгөөр зарж, 3000 төгрөгөөрөө 100 гр Ерөөл нэртэй архи авч уусан. Тэгээд тэндээсээ гэртээ харьж амарсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Барьж явсан төмрөөрөө цоожийг нь хөшихөд цүүтэйгээ мултраад гараад ирсэн. Тэгээд би барьж явсан төмрөө цоожны хамт гэрийнх нь зүүн хойно хашааны булан руу шидчихсэн байгаа...гэх /хх-17-18/,
....Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвөөр буюу Зүүн дэнжийн байраар явж архи уусан юм. Би айлруу орж айлын бурхан дээр байгаа архи уумаар санагдсан учир нэг байшинтай айлын цонхоор орж архи уух гэтэл архи байхгүй байсан болохоор эмэгтэй хүний цүнх олж нээгээд дотроос нь мөнгө авч тэр мөнгөөрөө архи авч уусан. Яг хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй байна” гэх /хх-41/,
...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Чулуутын байранд явж байгаад улаан өнгийн тоосгон байшинтай айлын урд талын цонхны порчикийг нь дотогш түлхэж байгаад нээгээд дотогшоо орсон чинь хүүхдийн ёолкны мод /гацуур/ байсан. Уг ёолкон дээр бэлэн 30.000 төгрөг байсан. 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байсан. Буцаж цонхоор нь гарч гэрийнхээ орчимд ирж дэлгүүрээс 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи 1 шилийг авч хашаан дотроо хуучин барьж байсан байшин дотор орж архийг бага багаар ууж байгаад согтсон байсан. Архи авсны хариулт мөнгө болон бусад мөнгө өмдний халаасанд байсан бөгөөд архи уугаад согтсондоо хаячихсан байна лээ” гэх /хх-62/,
....Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө эрт төрсөн эгч Эрдэнэбилэгийн гэр рүү явган явсан юм. Манай эгч Эрдэнэбилэгийн гэр Сувд нэртэй дэлгүүрийн урд байдаг бөгөөд эгчийнхээ гэр рүү явах замдаа Сувд дэлгүүрийн цонхоор нь дотогш харсан чинь хүн байхгүй байхаар нь цонхоор нь орж лангууны доод талаас хайрцагтай мөнгөнөөс нь авсан. Яг хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй, архи уух гэж мөнгө авсан. Дэлгүүрээс гараад хойд зүгт явж баруун тийш эргэж улаан тоосгон дэлгүүрээс архи авч уугаад согтсон. Үлдсэн мөнгөө яаснаа мэдэхгүй байна...” гэх /хх-116/,
...Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гадуур явж архи уусан юм. Дахин архи уух гэсэн боловч мөнгө байхгүй болохоор нь Чулуутын байранд явж байгаад монгол гэртэй айлын хаалганы цоожийг эвдэж дотогш ороод архи хайсан боловч олдохгүй болохоор нь булган малгай байхаар нь аваад гадагш гарч хүнд архиар зарсан. Ямар хүнд зарснаа мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар ямар ч байсан булган малгай бариад явж байсан. Би архи уух зорилгоор л айлын гэр рүү орсон” гэх /хх-131/ мэдүүлгүүд,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Амарбаясгалангийн: Манай гэр Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 5-р баг мандахын 423 тоотод байдаг. Би гэрээсээ өглөө ажилдаа 07 цагт эхнэр Ц.Бурмаагийн хамт гарч яваад орой 19 цаг 40 минутанд ажил тарж гэртээ ирэхэд гэрийн цоож байхгүй, цүүгээр нь салгаад авчихсан байсан. Гэр доторх зүйлээ бүртгэж үзэхэд хөргөгчинд байсан адууны бөөн мах 5 кг, үхрийн гэдэс 3 кг тус тус алга болсон. Цагдаагийн алба хаагч нар эзэн холбогдогчийг олж тогтоон, эд зүйлийг тухайн хүнээс буцаан авч хохиролгүй болсон. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй ” ... гэх мэдүүлэг /хх-08-19/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.2018.12.24. /хх- 04- 06/,
- Гэрч А.Болормаагийн: 2018 оны 12 дугаар сарын 24 ний өдөр 11 цагийн орчимд хөл гар муутай Эрдэнэтөгс гэх залуу орж ирээд манай нөхөр Эрдэнэбаярыг асуучихаад сууж байсан. Тухайн үед нь манай нөхөр байхгүй байсан болохоор тэр залуу сууж байгаад гарахдаа надад “эгчээ та үхрийн мах авах уу” гэхээр нь би хаана байгаа мах вэ гэхэд Дэнжид байгаа гэж байсан. Тэгэхээр нь би тэгвэл би тийшээ явж чадахгүй гээд гаргаад явуулсан. Тэгээд үд дундын үед цагаан өнгийн шуудайтай жоохон мах бариад ороод ирсэн. Би “надад 3000 төгрөг байна, өгвөл өг" гэсэн чинь махаа орхиод 3000 төгрөг аваад гараад явсан. Тэр махыг хэнийх болохыг асуугаагүй, өөрийнхөө махыг өгч байна гэж бодсон. Шуудайны содон шинж тэмдгийг санахгүй байна. Улаан өнгийн бичигтэй цагаан өнгийн мяндсан уут байсан. Дотор нь байсан мах хоёр, гурван хэсэг адууны бондгор мах, 2 ширхэг хошного, цэнхэр хальсан ууттай гэдэс гэх мэт ойролцоогоор 10 кг шахуу мах байсан байх.../хх- 10-11/,
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл.2018.12.25. /хх- 18/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ/хх- 19/
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Хүрэлбаатарын: 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутын үед гэрээ цоожлоод гадуур явж байгаад 15 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн урд талын 2 цонхны порчик онгорхой байсан. Ингээд би тухайн үедээ санаад оролгүй цонхоо хаасан. Гэр доторх эд зүйлээ үзэж харсан чинь хүүхдийн хувцас тарчихсан, том өрөөний цонхон дор байсан цүнхнээс 120000 төгрөг алга болсон байсан. 120000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
- Хэрэг учралын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.2018.12.25. /хх- 25- 29/,
- Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 003 дугаартай: Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. “1” цэгээр тэмдэглэсэн гутлын мөр нь Д.Эийн өмсөж явсан гэх гутлын зүүн өмсгөлийн гутлын мөр мөн байна ...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36- 38/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Жавзмаагийн: Манай гэр Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 10-16 тоот хашаанд байшинд оршин суудаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагт гэрээсээ гарч яваад 15 цагт ирсэн чинь манай байшингийн урд талын 3 цонхнуудын голын порчик нь онгорхой байхаар нь гэр доторх эд зүйлээ бүртгэж үзсэн чинь хүүхдийн гацуур модон дээр байсан 30.000 төгрөг бэлнээр алга болсон байсан. Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй байсан. Гэрийн цонх болон порчикнууд бүгд хаалттай байсан. Порчикинд ялааны тор хадсан байсан бөгөөд уг торыг нь хуулчихсан байсан. Гомдол санал байхгүй. 30.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг/хх- 51, 53/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.2019.01.01. /хх- 47- 49/,
- Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 002 дугаартай: Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. “1” цэгээр тэмдэглэсэн гутлын мөр нь Д.Эийн өмсөж явсан гэх гутлын баруун өмсгөлийн гутлын мөр мөн байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-57- 59/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Энхтайвангийн: Манайх хүнсний дэлгүүртэй бөгөөд манай гэр дэлгүүр хоорондоо залгаа байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө охиноо цэцэрлэгт хүргэж өгчихөөд Талбулаг нүүрсэнд яваад 11 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт орж ирэхэд цонхны хөшиг газар унасан байхаар нь жижиг цонхыг нээж үзтэл онгорхой байсан. Тэгээд дэлгүүр рүү ортол хөдөлсөн бараа байхгүй болохоор нь орлогынхоо хайрцагтай мөнгийг үзтэл бэлэн 100000 төгрөг байхгүй алдагдсан байсан. Тэгээд би камераа шүүгээд үзтэл хазгар, гар хөл нь тахир хүн байсан. Уг хүний Эрдэнэтөгс гэдэг юм билээ. Надад 100000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг/хх- 110/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.2019.01.18. /хх- 105- 107/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Очирбаярын: 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай охин над руу яриад гэрт хулгайч орсон байна. Хаалгыг нь юмаар уячихсан, цоожгүй байна гэсэн. Гэрийн баруун хойд талын авдрыг нээж цэнхэр өнгөтэй эрэгтэй ноосон цамц, дотуур өмсдөг эрэгтэй ноосон өмд, ДДИШ станц, эрэгтэй булган малгай, модон иштэй хутга зэрэг алдагдсан байсан. Эд зүйлийг олж хохиролгүй болгож өгнө үү...гэх мэдүүлэг/хх- 125/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.2019.01.20. /хх- 122- 123/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ/хх- 132/,
- Д.Эийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар/хх- 65/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны 5/11 тоот тодорхойлолт /хх- 64/,
- Д.Эийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 66/,
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 сарын 23-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 68- 69/,
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 70- 71/,
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 72- 73/,
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 74- 77/,
- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 78- 84/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.01.28.
- Сүхбаатар аймгийн хөдөлмөр, халамжийн газрын үйлчилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/42 тоот тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мандахын 423 тоотод оршин суух Г.Амарбаясгалангийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 5 кг адууны бөөн мах, 3 кг үхрийн хувилж хөлдөөсөн гэдэс зэргийг хулгайлж 40.000 төгрөгийн,
2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Хайлаастын 521 тоотод оршин суух Д.Хүрэлбаатарын байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж биет 120.000 төгрөг хулгайлсан,
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Чулуутын 10-16 тоотод оршин суух Х.Жавзмаагийн байшингийн салхивчаар нэвтэрч гацуур модон дээр байсан биет 30.000 төгрөгийг хулгайлсан,
2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11.20 цагийн үед Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 1-123 тоотод үйл ажиллагаа явуулах Сувд хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч Д.Энхтайваны биет 100.000 төгрөгийг хулгайлсан,
2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 2-6 тоотод Ц.Очирбаярын монгол гэрт нэвтрэн цэнхэр өнгөтэй эрэгтэй ноосон цамц, эрэгтэй дотуур ноосон өмд, ДДШ станц, эрэгтэй булган малгай, модон иштэй хутга зэрэг эд зүйлсийг хулгайлж 342.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Эийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Амарбаясгалан, Д.Хүрэлбаатар, Х.Жавзмаа, Д.Энхтайван, Ц.Очирбаяр, гэрч А.Болормаа нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 002, 003 дугаартай дүгнэлтүүд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээнүүд, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан баримаар Д.Э нь өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах буюу архины мөнгө олох зорилгоор бусдын амьдрах орон байр, үйл ажиллагаа явуулах хүнсний дэлгүүрт цоожийг нь эвдэх, цонхны салхивчийг түлхэж нээх зэргээр нэвтэрч биет мөнгө, мах, цамц, өмд, ДДШ станц, булган малгай, хутга зэрэг эд зүйлсийг хулгайлсан үйл баримт тогтоогдоно.
Энэ нь хохирогч Г.Амарбаясгалангийн ” Би орой 19 цаг 40 минутанд ажил тарж гэртээ ирэхэд гэрийн цоож байхгүй, цүүгээр нь салгаад авчихсан байсан. Гэр доторх зүйлээ бүртгэж үзэхэд хөргөгчинд байсан адууны бөөн мах 5 кг, үхрийн гэдэс 3 кг тус тус алга болсон... гэх,
гэрч А.Болормаагийн “ 2018 оны 12 дугаар сарын 24 ний өдөр 11 цагийн орчимд хөл гар муутай Эрдэнэтөгс гэх залуу орж ирээд гарахдаа надад “эгчээ та үхрийн мах авах уу ” гэхээр нь би хаана байгаа мах вэ гэхэд Дэнжид байгаа гэж байсан. Би тэгвэл би тийшээ явж чадахгүй гээд явуулсан. Үд дундын үед цагаан өнгийн шуудайтай жаахан мах бариад ороод ирсэн. Би “надад 3000 төгрөг байна, өгвөл өг" гэсэн чинь махаа орхиод 3000 төгрөг аваад гараад явсан. Хоёр, гурван хэсэг адууны бондгор мах, 2 ширхэг хошного, цэнхэр хальсан ууттай гэдэс гэх мэт ойролцоогоор 10 кг шахуу мах байсан байх...” гэх,
хохирогч Д.Хүрэлбаатарын ” 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд байшингийн урд талын 2 цонхны порчик онгорхой байсан. Гэр доторх эд зүйлээ үзэхэд хүүхдийн хувцас тарчихсан, том өрөөний цонхон дор байсан цүнхнээс 120.000 төгрөг алга болсон байсан ” гэх,
хохирогч Х.Жавзмаагийн “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагт гэртээ ирсэн чинь манай байшингийн урд талын 3 цонхнуудын голын порчик нь онгорхой байхаар нь гэр доторх эд зүйлээ бүртгэж үзсэн чинь хүүхдийн гацуур модон дээр байсан 30.000 төгрөг бэлнээр алга болсон байсан” гэх, мэдүүлэг/хх- 51, 53/,
хохирогч Д.Энхтайвангийн ” Манайх хүнсний дэлгүүртэй бөгөөд манай гэр дэлгүүр хоорондоо залгаа байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 11 цагийн үед гэртээ ирэхэд цонхны хөшиг газар унасан байхаар нь жижиг цонхыг нээж үзтэл онгорхой байсан. Тэгээд дэлгүүр рүү ортол хөдөлсөн бараа байхгүй болохоор нь орлогынхоо хайрцагтай мөнгийг үзтэл бэлэн 100000 төгрөг байхгүй алдагдсан байсан. Тэгээд би камераа шүүгээд үзтэл хазгар, гар хөл нь тахир хүн байсан. Уг хүний Эрдэнэтөгс гэдэг юм билээ. Надад 100000 төгрөгийн хохирол учирсан” гэх,
хохирогч Ц.Очирбаярын “ 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай охин над руу яриад гэрт хулгай орсон, хаалгыг нь юмаар уячихсан, цоожгүй байна гэсэн. Гэрийн баруун хойд талын авдраас цэнхэр өнгөтэй эрэгтэй ноосон цамц, дотуур өмсдөг эрэгтэй ноосон өмд, ДДИШ станц, эрэгтэй булган малгай, модон иштэй хутга зэрэг алдагдсан байсан ” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн “ Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. “1” цэгээр тэмдэглэсэн гутлын мөр нь Д.Эийн өмсөж явсан гэх гутлын зүүн, баруун өмсгөлийн гутлын мөр мөн байна...гэх дүгнэлтүүд зэргээр хэрэгт хангалттай, бүрэн нотлогдоно.
Д.Э нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын орон гэр, дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Д.Эийн иргэн Г.Амарбаясгалан, Д.Хүрэлбаатар, Х.Жавзмаа, Д.Энхтайван, Ц.Очирбаяр нарын амьдрах байшинд, иргэн Д.Хүрэлбаатарын үйл ажиллагаа явуулах дэлгүүрт тус тус нэвтэрч эд зүйл, биет төгрөг хулгайлсан дээрх үйлдлүүд нь хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Амарбаясгаланд учирсан 40.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу адууны бөөн мах 5 кг, үхрийн гэдэс 3 кг мах биетээр буцаан олгогдсон, Баруун-Урт сумын үнэлгээний комиссоос адууны 1 кг махыг 5000 төгрөг, 1 кг үхрийн гэдсийг 5000 төгрөгөөр үнэлжээ/ хх- 19/.
Харин хохирогч Д.Хүрэлбаатарын биет 120.000 төгрөг, Х.Жавзмаагийн 30.000 төгрөг, хохирогч Д.Энхтайваны 100.000 төгрөгүүд, Ц.Очирбаярын 342.000 төгрөгийн эд зүйлсийн хохирлууд төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Эөөс гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 ” Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна “ гэх зохицуулалтад нийцнэ.
Баруун-Урт сумын үнэлгээний комиссоос хохирогч Ц.Очирбаярын хулгайлагдсан цэнхэр өнгөтэй эрэгтэй ноосон цамцыг 40.000 төгрөг, эрэгтэй дотуур ноосон өмдийг 20.000 төгрөг, ДДИШ станцыг 30.000 төгрөг, эрэгтэй булган малгайг 250.000, модон иштэй хутгыг 2000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “ Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт амаар илэрхийлсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү “ гэх тайлбар, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан зохицуулалт нь “ гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн“ тохиолдолд үйлчлэх зохицуулалт бөгөөд шүүгдэгч Д.Эийн хувьд хохирогч Д.Хүрэлбаатарын 120.000 төгрөг, Х.Жавзмаагийн 30.000 төгрөг, хохирогч Д.Энхтайваны 100.000 төгрөг, Ц.Очирбаярын 342.000 төгрөгийн хохирлуудыг төлж барагдуулаагүй байх тул өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангах боломжгүй юм.
Д.Эийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Д.Эийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Эийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Эөд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Д.Эийн цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Эөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Эөөс 120.000 төгрөг гаргуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн, хохирогч Д.Хүрэлбаатарт, 30.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Жавзмаад, 100.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Энхтайванд, 342.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Очирбаяр нарт тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Амарбаясгаланд учирсан 40.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн энэ шийдвэрт гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН