| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
| Хэргийн индекс | 122/2017/0003/з |
| Дугаар | 07 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 07
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, шүүгч Б.Цэрэнханд, шүүгч Б.Баярцогт /илтгэгч шүүгч/ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн П.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд миний хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөхийг даалгах шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, иргэдийн төлөөлөгч Х.Бямбацогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дарьганга сумын 3 дугаар тойрогт болсон дахин сонгуульд нэр дэвшиж өрсөлдөн аймгийн Монгол Ардын намын хорооны дарга З.Энхтөрийг ялж үнэмлэхүй ялалт байгуулсан болно.
Дахин сонгуулийн дараа аймгийн сонгуулийн хороо надад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулнаас хойш 6 сар гаруй хугацаа өнгөрөөд байхад миний төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч өгөхгүй, хурал хуралдуулахгүй байгаад гомдол гаргаж байна.
2017 оны 1 дүгээр сарын сүүлчээр Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хурлыг 2 дугаар сарын 10-ны дотор хуралдуулж миний бүрэн эрхийг зөвшөөрөх шаардлага хүргүүлэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх П.Мөнхжаргалын асуудал шүүх дээр байгаа тул энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй харин бусад асуудлыг хэлэлцэж 2 дугаар сарын 16-нд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулая гэсэн хариу ирүүлсэн.
Иймд одоо миний талаар шүүхэд ямар нэгэн гомдол байхгүй тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд миний бүрэн эрхийг зөвшөөрөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Мөнхжаргал дахин сонгуулиар олонхийн санал авч сонгуулийн хорооноос иргэдийн төлөөлөгчийн түр үнэмлэх авсан. Сонгуулийн хуулиар бол аймгийн иргэдийн хурал хуралдаж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хурлаараа хэлэлцэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь энэ хүний эрхийг зөрчиж байгаа юм. Мөн Дарьганга сумын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
Бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлэх алхамыг намын түвшинд болон өөрийнхөө зүгээс Монгол ардын намаас сонгогдсон 16 төлөөлөгчөөс миний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөч гэсэн хүсэлт гаргаж, жагсаал цуглааныг хийж байгаа боловч өнөөдрийг хүртэл амжилтыг олохгүй байгаа.
П.Мөнхжаргалтай холбоотой эрүүгийн гомдол, мөн захиргааны зөрчлийн асуудлыг шийдвэрлүүлж байгаа гэсэн үндэслэл, тайлбарыг хариуцагчийн зүгээс өгдөг. Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн хороо л нэр дэвшигчийн нэрийг хасна гэсэн эрх зүйн зохицуулалт байдаг.
Хариуцагчийн зүгээс, намын болон иргэний зүгээс энэ хүнийг юунд ч буруутгаж хуулийн байгууллагад шалгуулах эрхтэй. Гомдлыг хуулийн байгууллага шалгах үүрэгтэй. Шалгахад тодорхой хэмжээний хугацаа, процесс орно. Тэр ажиллагааны хугацаа, хэзээ хэрхэн дуусах нь тодорхойгүй байгаа нөхцөл байдлыг ашиглаж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь түүнийг төлөөлөгч болгохгүй гэсэн хууль зөрчсөн үйлдэл юм.
Яагаад даалгах нэхэмжлэл гаргасан бэ гэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хурлаараа хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг. Д.Мөнхжаргал өөрөө болон Ардчилсан намын зүгээс хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулая гэсэн хүсэлт гарган жагсаал, цуглаан хийгээд байхад Монгол ардын намын 8 тэргүүлэгч болон хариуцагч Хурлын дарга Б.Гансүх зориудаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулдаггүй.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д иргэдийн Төлөөлөгч хуралд асуудал оруулах эрхтэй байдаг. Энэ эрхийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ардчилсан намын төлөөлөгч нар П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах гэсэн санал гаргадаг боловч Монгол Ардын намаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгч нар болон хариуцагчийн зүгээс хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй гэсэн хариуг албан бичгээр өгдөг.
Өнөөгийн нөхцөл байдлаар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 32 төлөөлөгч нь 16 МАН, 16 АН-аас сонгогдоод тэнцсэн тул санал хураалт явагдахад гацаа үүсчихээд байгаа юм. Ийм учраас П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг даалгах гэсэн нэхэмжлэл гаргасан юм.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мандатын тоог 33 байхаар баталсан. Энэ тогтоолоор Дарьганга сумын 3 дугаар тойрогт 2 мандаттай байхаар тогтоож өгсөн боловч энэ 2 мандатын нэг нь төлөөлөлгүй явж байгаа. Энэ төлөөллийн эрхийг нь хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дарьганга суманд болсон сонгууль шудрага бус болсон, ард түмний итгэлийг тодорхой түвшинд хуурсан, их хэмжээний мөнгө тараасан, сонгуулийн хороонд урьд нь ажиллаж байсан танил талаа ашигласан гэдэг 2 үндэслэлээр цагдаа, шүүхэд гомдол гаргасан. Энэ асуудал урьд нь ч мөн гарч байсан. Ардчилсан нам манай намаас сонгогдож байсан Ч.Төмөрчулууныг шүүх, цагдаад өгөөд 2 жил гаран явж байж бүрэн эрхээ зөвшөөрүүлж байсан.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аливаа асуудлыг олонхийн саналаар шийддэг. Ганц дарга ямар ч асуудалд дангаараа шийдвэр гаргадаггүй. Ардчилсан намын 16 төлөөлөгч хуралд суугаад энэ асуудлаа ярих ёстой байсан боловч нэг ч удаа хуралд сууж байгаагүй.
П.Мөнхжаргалын Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул шүүхийн эцсийн шийдвэр гартал төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан” байна. Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана гэж заасан байдаг.
Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал бол 18 дугаар зүйлийн 18.1.1 “а”-д зааснаар онцгой бүрэн эрхийн асуудал. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны үе шатанд явж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Захиргааны байгууллага нь өөрийн хэлэлцэх асуудлын хүрээнд дээд шатны байгууллагын өгсөн үүргийг биелүүлэх эсхүл оролцогчдын гаргасан өргөдөл, гомдлын дагуу шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Үүний тулд захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргүүдийг өөрөө хүлээгээд явж байдаг. 24.3-т Энэ ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Иймд аймгийн иргэдийн хурал энэ үүргээ биелүүлээд явж байна гэж үзэж байна. П.Мөнхжаргал гэдэг хүн Сонгуулийн хууль зөрчсөн гэдэг маргаан одоо хүртэл явж байгаа. Нэхэмжлэгч тайлбараа хэлэхдээ эрүүгийн болон захиргааны ямар нэгэн зөрчил байхгүй гэж хэлсэн болохоор 2 иргэний өргөдөлийг энэ маргаан цааш үргэлжлээд явж байгаа шүү гэдэг үүднээс өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 3 удаа хуралдсан байдаг. Улсын дээд шүүхийн Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 444 дугаартай шүүх хуралдааны шийдвэрээр анхдугаар хуралдаанаас гарсан тогтоолууд тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. 2 дугаар хуралдаанаар аймгийн төсвийн тодотголыг хэлэлцсэн, 3 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016 оны мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн байдаг. Эдгээр хуралдаан болгоны хэлэлцэх асуудлын доод талд бусад гэсэн заалт байдаг.
Та бүхэн хэрвээ хуралдаа ирж суугаад бусад асуудал хэлэлцэх дээр энэ асуудлаа оруулж ирж ярилцах боломжтой байсан. У.Болдхүү өмгөөлөгч хэлэхдээ хуралдаа ирэхгүй байгаа шалтгаан бол 16, 16 байгаа учраас ирэхгүй байгаа. Тэнцүү байгаа болохоор асуудлыг шийдэж чадахгүй гэж байна. Заавал 16 хүн эсрэг санал өгнө гэсэн хуулийн заалт байхгүй.
Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлж байгаа. Үүнд: Хурал зарлан товлох, товыг мэдэгдэх, албан бичгийн хариуг өгсөн байна. Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан нь захиргааны байгууллага эрхээ эдэлж байна гэж үзэж байна. Харин Ардчилсан намаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгч нар хуралдаа суухгүй байгаа нь эс үйлдэхүй үзүүлж байна. Хуралдаанд суух үүрэгтэй, хуралдаанд хэлэлцэх асуудлаа оруулаад олонхийн саналаар шийдэх ёстой байтал хуралдаанд суудаггүй. Хэрвээ энэ маргаанаа эцэслэн шийдвэрлүүлээд нэр цэвэр байх юм бол төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөөд явна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Х.Бямбацогтоос шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцож нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэрэгтэй холбоотой тайлбаруудыг сонслоо. Ингээд миний хувьд 2 талууд зохих хууль журмын дагуу асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Мөнхжаргал нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх”-ийг даалгасан шийдвэр гаргуулахыг хүссэн.
Тэрээр Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 3 дугаар тойрогт Дарьганга суманд 2016 оны 10 дугаар сарын 19 нд болсон дахин сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшин Монгол Ардын Намын нэр дэвшигч З.Энхтөртэй өрсөлдөн олонхийн санал авч сонгогдсонд тооцогдож, Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон болох нь Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн “Төлөөлөгчийн түр үнэмлэх олгох тухай” 11 дүгээр тогтоол, хурлын тэмдэглэл, Төлөөлөгчийн 01 дугаартай түр үнэмлэх, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Дахин сонгуулийн санал хураалтын дүнг талууд хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэр дэвшигч П.Мөнхжаргал дахин сонгуулийн санал хураалтын дүнгээр олонхийн санал авсан, Сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй байх тул түүнийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна.
Хариуцагч талаас нэр дэвшигч П.Мөнхжаргалын Сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудал нь шүүхээр шийдэгдэх хүртэл Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулвал, Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооноос нэр дэвшигч П.Мөнхжаргалд холбогдуулан гаргасан Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.5, 70 дугаар зүйлийн 70.1.6, 70.5.4, 70.5.13, 70.5.15, 70.5.18, 76 зүйлийн 76.4-т заасныг зөрчсөн эсэх тухай гомдлыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг захирамжийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр магадлалаар хүчингүй болгож, П.Мөнхжаргалд холбогдох захиргааны зөрчлийн материалыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэжээ.
Ийнхүү Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр П.Мөнхжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн прокурорын хяналтад ирүүлснийг Сүхбаатар аймгийн прокурорын газар хянаад 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн “Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгох” тухай 5/02 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүхээс нэр дэвшигч П.Мөнхжаргалд холбогдуулан гаргасан Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг зөрчсөн эсэх тухай гомдлыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгожээ.
Дээрх захирамжийг гомдол гаргагчийн давж заалдсан гомдлоор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 36 дугаар магадлалаар хүчингүй болгож, П.Мөнхжаргалд холбогдох захиргааны зөрчлийн материалыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч уг зөрчлийг шалгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай ирүүлснийг Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5/246 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Дээрх Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр, 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 36 дугаар магадлалууд нь эцсийн шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэр дэвшигч П.Мөнхжаргалыг Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг захиргааны хэргийн шүүх дахин үнэлэхгүй, нотлох үүргийг хүлээхгүй юм.
Иймд нэхэмжлэгч П.Мөнхжаргал Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь нотлогдоогүй бөгөөд захиргааны зөрчил хянан шийдвэрлэсэн шүүх, мөрдөн байцаагч, прокурорын ажиллагаа нь дахин сонгуулиар олонхийн санал авсан П.Мөнхжаргалын Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, түүнийг хойшлуулах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэж байна.
Мөн түүнд Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 3 дугаар тойргоос сонгогдсонд тооцож, төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон байтал Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал П.Мөнхжаргалын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй, татгалзсан хариу өгч Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1, 151.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дахь хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй, нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, түүнд саналаа өгсөн Дарьганга сумын сонгогчдын эрхийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, П.Мөнхжаргалыг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан, Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн П.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлыг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигч П.Мөнхжаргалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь зөвшөөрөхийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж, П.Мөнхжаргалд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА
ШҮҮГЧИД Б.ЦЭРЭНХАНД
Б.БАЯРЦОГТ