Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0548

 

 

 

М” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0556 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0556 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгт холбогдуулан “...0005535 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “…Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч А.Б-ын гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай шинжилгээний дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн сорилын дүн зэрэгтэй огт танилцуулахгүй байсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.3-д “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах” гэж заасан манай компанийн борлуулж буй шатахуун нь ямар стандартыг хэрхэн хангаагүй байгаа зэрэгтэй танилцах эрхийг илтэд хязгаарлаж, мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу шийтгэлийн хуудас бичих өдрөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-д танилцуулсан нь дээрх хуульд заасан дахин шинжилгээ хийлгэх эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Мөн манай компани нь Оросын Холбооны Улсын “Р” ХХК-аас шатахуунаа импортоор оруулж иргэн худалдаалдаг бөгөөд оруулж ирэх бүрдээ “Роснефть” ХК-ийн чанарын паспортын хамт авдаг бөгөөд ингэхдээ Монгол Улсын гаалийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж MNS0217:2017 стандарт хангасан бүтээгдэхүүнийг хүлээж авч, худалдаанд гаргахдаа Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэж, худалдаанд гаргадаг болно. “Р” ХХК-ийн чанарын паспорт дээр маргенцийн агууламж байхгүй гэж тодорхойлогдсон байхад шүүх түүнийгээ харгалзаж үзээгүй.

Иргэний нисэхийн ерөнхий газраас 2019 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 08/б/111 дүгээр бичгээр “М” ХХК-ийн нэртэй АИ-92 бензиний дээж 2018 онд шинжилгээнд ирж байгаагүй, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08/б/121 дүгээр бичгээр “М” ХХК-ийн нэртэй АИ-92 автобензиний дээж чанар хяналтын шинжилгээ хийлгүүлэхээр тус лабораторид ирээгүй гэсэн албан тоотууд удаа дараа ирж байхад шүүх мөн түүнийг харгалзаж үзээгүй. Хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0005535 дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах ШТС-153 салбарын борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд шинжилгээний дүнгээр АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0,8+0.01 мг/дм3 гэж тодорхойлогдсон нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчилд 9 000 000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.

Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “М” ХХК-аас “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0005535 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “...ажлын хэсэг нь дээж авахдаа ямар саванд авсан, уг сав нь гадны бохирдолгүй, зориулалтын лабораторийн сав мөн эсэх, яаж дээж авсан, мэргэжлийн лаборант хүн байсан эсэх нь тодорхойгүй...манай компанийн борлуулж буй шатахуун ямар стандартыг хэрхэн хангахгүй байгаа зэрэгтэй танилцах эрхийг илтэд хязгаарлаж, шийтгэлийн хуудас бичих өдрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан нь дахин шинжилгээ хийлгэх эрхийг ноцтой зөрчсөн” хэмээн тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх “...хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бүтээгдэхүүнээс дээж авах акт, аж ахуйн нэгжүүдээс авсан шатахууны дээжийг коджуулсан байдал, лабораторид дээж өгсөн тэмдэглэл, уг үйл ажиллагааг баталгаажуулсан дуу дүрсний бичлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул эрхгүй этгээд дээж авсан, дээжийг стандартын бус саванд авсан, манай итгэмжлэгдсэн төлөөлөгч байлцуулахгүйгээр дээжийг өгсөн хэмээн маргаж буй гомдол үндэслэлгүй.... ” гэж маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйлд ...заасан зөрчил”, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч тус газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хяналт шалгалтын 1/12 дугаар удирдамжийн дагуу “М” ХХК-ийн ШТС-153 салбараас АИ-92 автобензинээс дээж авч, чанарын үзүүлэлтийг тодорхойлуулахаар “Бүтээгдэхүүний дээж авах” акт үйлдэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид дээж хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэрэгт авагдсан, тус лабораторийн СШ18/238 дугаар сорилтын дүнд дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж, улмаар тус газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай дүгнэлт болон гэрчийн мэдүүлгээр марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 буюу нэхэмжлэгчийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж байх ёстой үзүүлэлтээс их хэмжээтэй 0,8+0.01 мг/дм3 гэж тодорхойлогдож, тухайн бензинийг хэрэглэснээр хөдөлгүүрийн эд ангид гэмтэл үүсгэх болон хөдөлгүүрээс гарсан утааны найрлагад өөрчлөлт орж, хэрэглэгчийн эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нь тогтоогдсон байх тул “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй зөрчил”-д шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

     Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь 2015 оноос 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу гомдол гаргагч “М” ХХК-ийн АИ-92 автобензинээс дээжид шинжилгээ хийсэн 2018 оны 08 дугаар сарын 07-17-ны өдрийн байдлаар бүх төрлийн бензинд марганцын агууламж тодорхойлох шинжилгээг гүйцэтгэх итгэмжлэлийн гэрчилгээтэй байсан нь Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 06/742 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “... “М” ХХК-ийн нэртэй АИ-92 автобензиний дээж чанар хяналтын шинжилгээ хийлгүүлгэхээр тус лабораторид ирээгүй гэсэн албан тоотууд удаа дараа ирж байхад шүүх харгалзаж үзээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн” гэж тайлбарлан маргах боловч уг үйл баримт нь энэ маргааны тохиолдолд хамааралгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                         ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

                         ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ