Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2023/0028

 

“Гх о” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын Том татвар

төлөгчийн газарт холбогдох захиргааны

 хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  Ц.Цогт  

Танхимын тэргүүн               Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                   Д.Батбаатар                                                          

                                                      Х.Батсүрэн      

Илтгэгч шүүгч:                      Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох              

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0785 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2023/0095 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “Гх о” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал:                                                   

2.1. “Гх о” ХХК нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалын хавсралтаар баталсан ТТ-15 дугаартай маягтаар 2019, 2020, 2021 оны 4 дүгээр улиралд тус тус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргасан байна. Дээрх тайланг үндэслэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны 1,816,595,716.32 төгрөгийн татварын өрийг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 3,435,929,576.19 төгрөгийн татварын өрийг  тус тус барагдуулахыг үүрэг болгожээ.

3. Нэхэмжлэгч “Гх о” ХХК нь дараах үндэслэлээр маргаан бүхий нэхэмжлэхүүдийг  хүчингүй болгуулахаар шаардсан. Үүнд:

3.1. “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид “АМНАТ” гэх)-т татварын тайлан гаргах, татварын албанаас ирүүлсэн маягтын дагуу тооцсон татвар төлөхийг шаардаж, нэхэмжлэх ирүүлж байгаа нь үндэслэлгүй. 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь АМНАТ төлдөг байсан. Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан, тус хуулийн 47 дугаар зүйлд оруулсан холбогдох нэмэлт, өөрчлөлтөөр АМНАТ-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломжийг олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр маргаан үүсгэсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосон. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолсон этгээд АМНАТ төлөхөөр хуульчилсан. “Гх о” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй, харин төмрийн хүдрийг баяжуулах, хорголжин болгох шат дамжлагаар төмрийн хүдрийн хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч юм. Ашигт малтмалын тухай хуульд заасан “ашигт малтмал”-ын тодорхойлолт, Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн харьяа Механик, Тээврийн их сургуулийн шинжээч нарын тайлан дүгнэлтээр экспортолсон хорголжин нь ашигт малтмал биш, бүтээгдэхүүн байхад манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан АМНАТ төлөгчид хамааруулж татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй.

3.2. Хариуцагч нь АМНАТ-ийг тайлагнах, төлөхийг шаардахдаа Засгийн газрын ямар тогтоолоор батлагдсан, ямар журам, аргачлалын дагуу АМНАТ ногдуулж, төлүүлж байгаа нь ойлгомжгүй. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар батлагдсан маягт нь хүчингүй болсон байхад уг маягтын дагуу тайланг бөглөж ирүүл гэсэн нь өөрөө хууль бус  ажиллагаа байна. Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоол нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар зохицуулсан тогтоол биш ... Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй акт, хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мэдэгдэл ирүүлэхээс гадна тайлан гаргахыг шаардаж хүснэгт ирүүлж байгаа үйлдэл нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа тул захиргааны актын шинжтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ. 

4. Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1. “Татвар төлөгчийн тайлагнаж ирүүлсэн АМНАТ-ийг хураан барагдуулах ажиллагааг явуулсан, татварын албанаас тус компанид захирамжилсан үйл ажиллагаа хэрэгжүүлж, татвар төлөгчийн эрх ашгийг хөндөөгүй. Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 79 дүгээр зүйлийн 79.4.7-д заасныг үндэслэн татварын өр буюу татвар төлөгчийн өөрийн тайлагнасан татварыг төлүүлэхээр DNPM21070200000024391, DNPM21092200000069036 дугаар татварын нэхэмжлэхийг хүргүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдэж буй татварын өр барагдуулах, хураах үйл ажиллагаа тул шууд захиргааны акт гэж үзэх, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй. Татварын албанаас татвар төлөгчийн өөрөө тайлагнасан тайлангийн дагуу Татварын ерөнхий хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан өрийг төлүүлэхээр, 51 дүгээр зүйлд заасан татварын нэхэмжлэх хүргүүлсэн. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө татвар төлөгчөөс тайландаа тайлагнасныг хугацаанд нь төлүүлэхээр хүргүүлсэн мэдэгдэл нь захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт биш.

4.2. Татварын албанаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өрийг нэхэмжилсэн, харин нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотойгоор үүрэг бий болгосон асуудал байхгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ямар хугацаанд төлөхийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан бөгөөд хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол Татварын ерөнхий хуульд заасан татварын өр бий болно. Иймд мэдэгдэл нь захиргааны акт биш байх тул захиргааны хэргийн харьяаллын маргаан биш гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.  

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0785 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.7, 47.16, 47.16.2-т заасныг баримтлан “Гх о” ХХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:  

5.1. “Гх о” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан ашигт малтмал экспортолсон этгээд тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч мөн байна. 

5.2. Хариуцагчаас “Гх о” ХХК-аар ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төлүүлэхээр татварын акт үйлдээгүй, харин 2019-2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны татвараа нэхэмжлэгч өөрөө тайлагнасан байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч нь тус компанийн татварыг давхардуулан ногдуулсан шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.

5.3. “Гх о” ХХК-ийг 2019, 2020, 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны татварын тайланг гаргах үед Татварын ерөнхий газрын 2019 оны “Тайлангийн маягт батлах тухай” А/164 дүгээр тушаал хүчин төгөлдөр байсан учир тус компанийг хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардсан гэдэг нь эрх зүйн үндэслэлгүй. Шүүхэд тогтоогдсон үйл баримтаар хариуцагч нь “Гх о” ХХК-ийг албадаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг албадан, давхар ногдуулсан тайлан гаргуулсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчид давхар татвар ногдуулсан тайлан гаргахыг даалгасан, албадсан, шаардсан үйл баримт нотлогдоогүй.

5.4. Засгийн газрын 2015 оны “Жагсаалт батлах тухай” 502 дугаар тогтоолоор ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан, энэ жагсаалт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон зохицуулалт биш тул хариуцагчийг уг тогтоолын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө давхардуулж төлөхөөр тайлагнасан байх тул уг тайлангаа зөвтгөж, зөвтгөсөн тайлангийн дагуу татвар төлөх эрх нь Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3.4-т заасны дагуу хязгаарлагдаагүй, хариуцагчаас энэ журмын дагуу зөвтгүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд хууль, журамд нийцүүлэн татварын ногдлыг шийдвэрлэх боломжтой байгаа нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдсон,

5.5. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ... Төлбөрийн нэхэмжлэх нь захиргааны албан тушаалтнаас явуулсан албадлагын арга хэмжээний эхний үе шатны ажиллагаа (үйлдэл) буюу хууль зүйн үр дагавар үүсгэсэн, заавал биелүүлэх шинж агуулсан захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг бичгээр илэрхийлсэн байгаа тул шүүх хянан шийдвэрлэх боломжтой захиргааны акт гэж үзнэ ...” гэсэн байна.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2023/0095 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Гх о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдох “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй” болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд:

6.1. “... Татварын албанаас бичгээр гаргасан нэхэмжлэх (татварын өрийг төлүүлэх) нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан актын шинжийг агуулаагүй,  нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй. Татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан, тайланд төлөхөөр тусгасан татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгчид хүргүүлсэн “нэхэмжлэх” нь татварын албанаас татварын өр хураах зорилгоор мэдэгдсэн мэдэгдэл байх бөгөөд уг нэхэмжлэхээр татвар төлөгчид холбогдуулан татварын хяналт шалгалт хийгээгүй, татварын ногдол үүсгээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй ...” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1. “... Анхан болон давж заалдах шатны шүүх захиргааны актын талаар дүгнэлт хийхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Маргаан бүхий нэхэмжлэх нь Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.7-д зааснаар “ажлын 10 хүртэл өдөрт багтаан татварын өрийг төлөхийг шаардсан, тогтоосон хугацаанд төлөхгүй бол хуульд заасан албадлагын арга хэмжээ авахыг анхааруулсан” зэргээс харахад уг акт нь үүрэг хүлээлгэж, эрх зүйн үр дагавар бий болгож байгаа тул захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

7.2. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий төлбөрийн нэхэмжлэхийн талаар “захиргааны акт биш” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийгээгүй бол маргааны үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийж, улмаар анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрийг залруулах боломжтой байсан.

7.3. 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь АМНАТ төлдөг байсан. Дээрх хуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулахдаа ... ашигт малтмал “худалдсан”, “худалдан авсан”, “ашигласан” этгээд бүр төлдөг байхаар өөрчилсөн. АМНАТ-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломжийг олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэц 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “... Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эзэмшигч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар болсон гэж үзэхээр байна ...” гэж дүгнэн “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосон. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 04 дүгээр тогтоолоор үндэслэлтэй байна гэж дүгнэж, эцсийн шийдвэр гаргасан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолсон этгээд АМНАТ төлөхөөр хуульчилсан.

7.4.  “Гх о” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Түүнчлэн байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй, харин “Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас төмрийн хүдрийг худалдан авч түүнийг баяжуулах, хорголжин болгох шат дамжлагаар төмрийн хүдрийн хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч юм. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн тайлан, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 01-3/1924 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгчийн “бүтээгдэхүүн гаргадаг” гэх тайлбар нотлогдсон. Энэ талаар хариуцагч маргадаггүй. Ашигт малтмалын тухай хуульд заасан “Ашигт малтмал”-ын тодорхойлолт, дээрх нотлох баримтаас харахад “Гх о” ХХК-ийн экспортолсон хорголжин нь “ашигт малтмал” биш, бүтээгдэхүүн болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх “Гх о” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан “ашигт малтмал экспортолсон этгээд мөн байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

7.5. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.16 дахь заалтуудыг хэрэглэхдээ Үндсэн хуулийн цэцийн “Ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна.” гэсэн дүгнэлтийн агуулгатай уялдуулж хэрэглэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд тухайн ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн экспортолсон тохиолдолд “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.16 дахь заалтуудын дагуу АМНАТ-ийг оногдуулах боломжтой байна. Түүнээс биш тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмал худалдан авч, ашигт агуулгыг нь нэмэгдүүлж бүтээгдэхүүн экспортолсон этгээдэд АМНАТ ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй.

7.6. Татварын ерөнхий газар нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06/465 дугаар албан бичгээр “Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолоор ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан тул АМНАТ ногдоно” гэж хариу ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг тогтоолын дагуу АМНАТ авсан гэж тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэгч уг тогтоолын дагуу АМНАТ тооцох үндэслэлгүй гэж маргаж байгаа болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 12.1.7, 12.5-д заасны дагуу Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Жагсаалт батлах тухай” 502 дугаар тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг үндэслэн ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралтаар баталсан байх ба тогтоолын хавсралтад заасан хүснэгтийн 11-д “Төмрийн хүдрийг шууд ангижруулах замаар гаргаж авсан төмөрлөг бүтээгдэхүүн-Баяжуулсан хүдрээс гаргаж авсан хорголжин болон тэдгээртэй адил төст хэлбэртэй бүтээгдэхүүн (80 хувиас дээш металл төмрийн агуулгатай байх)” гэж заажээ. Дээрх хууль, Засгийн газрын тогтоолын агуулгаас харахад Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолыг Ашигт малтмалын тухай хуульд хамааруулан ойлгож АМНАТ ногдуулах үндэслэлгүй байна. 

7.7. Засгийн газрын  2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тогтоох журам”-ыг баталсан. “Гх о” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул уг тогтоолын 2-р хавсралт хамаарахгүй байх тул тогтоолын 1-р хавсралтын дагуу нэхэмжлэгчид АМНАТ ногдуулж байна гэж үзэхээр байдаг. Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор 2019 оны 342 дугаар тогтоолын 1-р хавсралтыг шинэчлэн баталсан. Тогтоолын 1-р хавсралтын 1.1-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид “АМНАТ” гэх) төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахад энэ журмыг мөрдөнө.” гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, уг шийдвэрээр хүчингүй болж шинэчлэн найруулсан хуулиас давсан журам болсон. 2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “ашигт малтмал “худалдсан”, “худалдан авсан”, “ашигласан” этгээд бүр төлөх заалт нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон байхад ийнхүү Засгийн газрын тогтоолоор АМНАТ тооцож, ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг хууль хэрэгжүүлэх шатанд дахин гаргасан.

7.8. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 3-т “... Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын талаар дүгнэлт гаргасан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9 дэх заалт нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, 3асгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолд 2019 оны 465 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулах үед уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр болох хуулийн заалт хүчинтэй байсан. Эндээс үзэхэд 2019 оны 4 дүгээр улирал болон 2020 оны 2 дугаар улирлын АМНАТ-ийн тайлан нь хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэн гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 465 дугаар тогтоолыг тус тус хүчин төгөлдөр акт гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

10. Нэхэмжлэгч “Гх о” ХХК-аас хүчингүй болгуулахаар шаардаж буй Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх болон мөн тус газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байна.

11. Учир нь маргаан бүхий нэхэмжлэхээр татвар төлөгч буюу нэхэмжлэгчид татварын өр төлөх хугацаа зааж, өр барагдуулахыг үүрэг болгон “татвар төлөх ажиллагаа”-ны харилцааг үүсгэж байгаагаараа хандсан этгээдийн хувьд эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн гэж үзнэ. Хэдийгээр уг нэхэмжлэх нь татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан тайланд үндэслэсэн хэдий ч энэ нь тухайн актын үндсэн шинжийг үгүйсгэхгүй. Татварын албанаас татварыг тогтоох, тодорхойлох, мэдэгдэх, хураах, гомдол хянан шийдвэрлэх, алдааг засах, хяналт шалгалт хийх, зөрчил шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, албадан гүйцэтгэх зэрэг олон төрлийн ажиллагааны явцад акт гаргадаг, иймд зөвхөн хяналт шалгалтын явцад татварын ногдол үүсгэсэн бол захиргааны акт болно, бусад нь биш гэж шууд дүгнэх боломжгүй.

12. Татварын байгууллагын үйл ажиллагааны явцад гарах дээрх олон төрлийн шийдвэр нь хандсан этгээдийн хувьд ямар үр дагавар үүсгэж буйг, тодруулбал шууд үр дагавар үүсгээгүй явцын шинжтэй байна уу, эсхүл эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгох байдлаар эцэслэн шийдвэрлэсэн байна уу гэдгийг хэрэг маргааны тохиолдол бүрт шалгаж, дүгнэх замаар шийдвэрлэх нь зүйтэй.     

13. Иймээс давж заалдах шатны шүүхийн “... Нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан, тайланд төлөхөөр тусгасан татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгчид хүргүүлсэн “нэхэмжлэх” нь татварын албанаас татварын өр хураах зорилгоор мэдэгдсэн мэдэгдэл байх бөгөөд уг нэхэмжлэхээр татвар төлөгчид холбогдуулан татварын хяналт шалгалт хийгээгүй, татварын ногдол үүсгээгүй ... байх тул захиргааны акт биш...” гэсэн агуулгатай дүгнэлт буруу, энэ талаарх уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.1-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

14. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл болон анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээнд дүгнэлт өгөх чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох бөгөөд уг алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ.

15. Анхан шатны шүүх маргаан бүхий нэхэмжлэхийг захиргааны акт гэж зөв дүгнэсэн ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “шүүх нотлох зарчим”-ыг хангалттай хэрэгжүүлээгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

16. Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ “... 2019 онд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд оруулсан холбогдох нэмэлт, өөрчлөлтөөр АМНАТ-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломжийг олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр маргаан үүсгэж, Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосон. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолсон этгээд АМНАТ төлөхөөр хуульчилсан. “Гх о” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй, харин төмрийн хүдрийг баяжуулах шат дамжлагаар хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч юм. Гэтэл манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан АМНАТ төлөгчид хамааруулж татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй ...” гэж тодорхойлжээ.

17. Энэ тохиолдолд “маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн өөрийнх гаргасан тайланд үндэслэсэн тул хууль бус гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэсэн агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт хангалтгүй. Зүй нь хариуцагчийн зүгээс “татварын тайланд үндэслэн нэхэмжлэх” буюу татвар төлөхийг шаардах хууль зүйн үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх учиртай. Үүний тулд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолын агуулга, үүний дагуу хууль тогтоогчоос шинэчлэн баталсан хуулийн зорилго, агуулга, үзэл санааг энэ хэргийн үйл баримтад холбогдуулан бүрэн тодорхойлж, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.7 дахь заалтыг тухайн тохиолдолд хэрхэн хэрэглэж шийдвэрлэснээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу тайлбарлах хэрэгтэй.

18. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “нэхэмжлэх нь захиргааны акт биш тул шүүх хүлээн авах ёсгүй” гэснээс өөрөөр тайлбар, татгалзал өгөөгүй нь хэргийн үйл баримт, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар хэргийн оролцогч хангалттай мэтгэлцэх, тайлбар татгалзлаа нотлох, улмаар шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломж бүрдээгүй гэж үзэхээр байна.

19. Иймд, хэдийгээр хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” эсэхийг хянахаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээн авсан боловч хэргийг хянан хэлэлцэх явцад дээр дурдсанчлан хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, анхан шатны шүүх холбогдох хуулийг хэрэглэсэн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, давж заалдах шатны шүүх үндсэн маргааныг шийдвэрлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан нь тогтоогдлоо.

 20. Энэ тохиолдолд хяналтын шатны шүүх зөвхөн хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгч, уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0785 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2023/0095 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЦОГТ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Д.МӨНХТУЯА

                                      ШҮҮГЧИД                                                  Д.БАТБААТАР               

                                                                                                    Х.БАТСҮРЭН         

                                                                    Г.БАНЗРАГЧ