Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1519

 

 

Ц.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05162 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Пүрэвсүрэнд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 8 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1 425 235 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Л.Пүрэвсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Баасанхүү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа,

Хариуцагч Л.Пүрэвсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөнч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Пүрэвсүрэнд 2014-2015 оны хооронд Хас банкнаас 25 000 000 төгрөгийг өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээгээ тавьж байгаад зээл авч өгсөн. Тухайн үед Л.Пүрэвсүрэн нь бизнес эрхэлдэг байсан. Л.Пүрэвсүрэн нь 2 жилийн хугацаанд 12 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад төлөөгүй учраас Хас банкнаас надаас зээлээ нэхэж байсан. 2015 оны 8 дугаар сард утсаар Л.Пүрэвсүрэн яриад Налайхын Хаан банк надад зээл өгнө гэсэн, үүнийг аваад Хас банкны зээлийг төлье гэж хэлсэн. Би маргааш нь очтол Л.Пүрэвсүрэн байхгүй байсан тул өдөржингөө хүлээгээд ирэхгүй болохоор нь гэртээ ирээд утсаар ярихад надад Хаан банкнаас зээл өгөхгүй байна. Хас банкны зээлийг төлөхөөр Хаан банк зээл өгнө гэж хэлсэн. Тухайн үед Хаан банкны зээлийн эдийн засагчтай Л.Пүрэвсүрэн 3, 4 цаг ярилцаад тохиролцохгүй гарч ирсэн. Гэтэл Л.Пүрэвсүрэн надаас надад тэтгэврийн зээлээ гаргаад өгөөч гээд нэхэхэд нь би өвчтэй, үнэтэй эм тан уудаг өгөх боломжгүй гэж хэлсэн. Би хадгаламж зээлийн хоршооноос газраа барьцаанд тавиад 5 000 000 төгрөгийг 1,2 хувийн хүүтэй зээл авсан тохиолдолд чи зөвшөөрөх юм уу гэхэд Л.Пүрэвсүрэн зөвшөөрнө гэж хэлсэн. 5 449 223 төгрөгийг 18 сарын хугацаанд эргэн төлөх юм байна, чи зөвшөөрч байна уу гээд хадгаламж зээлийн хоршоонд элсэн орж, зээл авахад шаардлагатай бүрдүүлсэн баримтуудыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үзүүлэхэд зөвшөөрөөд бид зээлийн гэрээ байгуулсан. Материал бүрдүүлэхэд 46 000 төгрөг, хадгаламж зээлийн хоршоонд элсэн ороход 100 000 төгрөгийг тушаасан. Бид харилцан гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээг хэргийн материалд өгсөн.

“Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос надад данс нээж 5 000 000 төгрөгийг байршуулсан. Л.Пүрэвсүрэн надад 800 000 төгрөг өгөөч, би Хаан банкийг шүүхэд өгөх гэж байгаа тул надад тэмдэгтийн хураамж төлөх мөнгө хэрэгтэй байна гээд авсан. Л.Пүрэвсүрэн бид Хас банк дээр ирээд мөнгийг би өгсөн. Л.Пүрэвсүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 350 300 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 391 167 төгрөгийг төлсөн. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 385 300 төгрөг төлөх байснаас 85 300 төгрөгийг төлөөгүй, яасан гэхэд Л.Пүрэвсүрэн надад мөнгө алга, та өгчих гэхлээр нь би 2 хуваагаад төлсөн. Үлдсэн саруудыг хийхгүй байж байгаад 2 сар болж цагаан сар болох гэж байна, чи мөнгө төлөөч гэж хэлэхэд Л.Пүрэвсүрэн 378 768 төгрөг төлсөн. Нийт 1 425 225 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн. Миний зүгээс 2015 оны 12 дугаар сард 85 300 төгрөгийг 1 сард 382 900 төгрөгийг, 3 сард 371 000 төгрөгийг тус тус нийт 1 210 668 төгрөгийг төлсөн. Би төлөх чадваргүй болж 4, 5 дугаар саруудын мөнгийг төлөөгүй байгаа тул хадгаламж зээлийн хоршоо намайг шүүхэд өгөх гэж байна. Би ингээд өрөнд ороод байна гэж Л.Пүрэвсүрэнд хэлэхэд та намайг мөнгөө төлөөд явж байхад шүүхэд өгсөн тул шүүхээрээ шийдүүл гэж хэлсэн. Өмнө 7 500 000 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Анх эвлэрэхдээ 3 700 000 төгрөгийг орхигдуулаад эвлэрсэн байсан. Өмнө нь Л.Пүрэвсүрэнгийн 25 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 3 700 000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй. Зээлээ эргэн төлөхгүй байх тул Иргэний хуулийн 284 дүгээр 284.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн төлбөр 5 000 000 төгрөг болон 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл болох 3 700 000 төгрөг, нийт 8 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Баасанхүүтэй 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу би Ц.Баасанхүүгээс нэг ч төгрөг аваагүй. Мөнгө авсан өгсөн баримт байхгүй. Зүгээр л зээлдэнэ гэсэн гарын үсэг бүхий хэрэгжээгүй цаас байдаг. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Баасанхүүгээс зээлдэж авсан зээлийн гэрээний асуудлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/00607 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц.Баасанхүү нь намайг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөг авсан мэтээр мөнгө аваагүй байхад худал нэхэмжлэл шүүхэд гаргасан. Харин би Ц.Баасанхүүгийн “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос авсан 5 000 000 төгрөгийн зээлээ төлөх гэсэн юм мөнгө өгөөч гээд байхаар нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 355 300 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 391 167 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 300 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 378 768 төгрөг, нийт 1 425 235 төгрөг өгсөн. Ц.Баасанхүү нь надад 1 425 235 төгрөгийн хохирол учруулаад байна. Уг өгсөн мөнгөө эргүүлж авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөнгө өгсөн баримт, “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос шүүхэд гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. 300 000 төгрөгийн баримт, Ц.Баасанхүү “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан баримтыг нэхэмжлэлд хавсаргасан. Би “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос мөнгө аваагүй, аваагүй талаар эзэн нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Ц.Баасанхүүгээс “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос авсан 5 000 000 төгрөгийн зээлд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 355 300 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 391 167 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 300 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 378 768 төгрөг, нийт 1 425 235 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Баасанхүү шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Би өгсөн нь үнэн, Л.Пүрэвсүрэн төлж байсан нь үнэн. Нэг ч мөнгө илүү нэхэхгүй, 3 өрөө байраа Налайхын шүүхээр ороод хураалгах дээрээ хугацаа авсан байгаа тул байраа авахын тулд хичээж байна. Аваагүй гэж намайг гүжирдэж, сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Л.Пүрэвсүрэн Хас банкин дээр дагаж очоод, мөнгөө хүлээж авч, гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, би хураагдах гэж байгаа 3 өрөө байраа аваад хүүхдүүддээ үлдээхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг баримтлан, хариуцагч Л.Пүрэвсүрэнгээс 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баасанхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 700 000 төгрөг гаргуулах, хариуцагчийн нийт 1 425 235 төгрөгийн хохирлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 754 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Пүрэвсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч Л.Пүрэвсүрэн би Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баасанхүүгээс түүний "Бумбан толгой" Хадгаламж зээлийн хоршооноос өөрөө зээлдэж авсан 5 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, надад өгөөгүй. "Бумбан толгой" Хадгаламж зээлийн хоршооноос зээлдэж авсан мөнгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар төлнө гэж үүргийн гүйцэтгэлийг хүлээж аваагүй, хүлээж ав гэсэн шүүхийн шийдвэр гараагүй учраас хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Ц.Баасанхүү нь уг мөнгийг Л.Пүрэвсүрэн надад шилжүүлэн өгсөнд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин Ц.Баасанхүүгийн Хас банкнаас авч өгсөн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг би хүлээж авсан. Энэ талаар шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Хэрвээ би Ц.Баасанхүүгийн "Бумбан толгой" Хадгаламж зээлийн хоршооноос авсан 5 000 000 төгрөгийг төлөх юм бол Хас банкинд төлөх үүрэгтэй давхардаж төлөгдөхөөр Л.Пүрэвсүрэн миний эрх ашиг зөрчигдөж байна.

Анхан шатны шүүх "...нэхэмжлэгч Ц.Баасанхүү нь зээлж авсан 5 000 000 төгрөгөөс 4 200 000 төгрөгийг Хас банкинд зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн нь Хас банкны харилцагч Ц.Баасанхүүгийн 1280012843 дугаартай дансны хуулгаар нотлогдож байна..." гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ дүгнэлт үндэслэлтэй гэж үзвэл хариуцагчийн 1 425 235 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл хангагдах ёстой, 4 200 000 төгрөгөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу 1 425 235 төгрөг тооцогдон хасагдаж 2 774 765 төгрөг болох ёстой гэж үзэж байна. Ц.Баасанхүүгийн "Бумбан толгой" хадгаламж зээлийн хоршооноос зээлж авсан 5 000 000 төгрөгөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 355 300 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 391 167 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 300 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 378 768 төгрөг нийт 1 425 235 төгрөгийг би "Бумбан толгой" ХЗХ-д төлсөн. Энэ тухай баримтаа хэрэгт өгсөн. Төлсөн гэдгийг Ц.Баасанхүү ч зөвшөөрч байгаа. Шүүх Ц.Баасанхүүгийн "Бумбан толгой" Хадгаламж зээлийн хоршооноос зээлдсэн 5 000 000 төгрөгийг төл гэсэн шийдвэр гаргасан атлаа уг мөнгөнөөс 1 425 300 /300 гэж буруу бичсэн/ төгрөгийг Л.Пүрэвсүрэн нь "...5 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөнд 5 удаагийн шилжүүлгээр нийт 1 425 300 төгрөгийг "Бумбан толгой" хадгаламж зээлийн хоршоонд үүргийнхээ дагуу төлсөн байна..." гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг ноцтой зөрчсөн.

Хэргийн оролцогч би өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг гаргаад байхад өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг хийсэн. Хэргийн хугацаа, шүүгч амрах ёстой гэсэн тайлбарыг хэлж байгаад шүүх хуралдааныг яаравчлан хийсэн. Нөгөө тал өмгөөлөгчтэй оролцсон, намайг өмгөөлөгчөөр хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Ц.Баасанхүүгийн "Бумбан толгой" Хадгаламж зээлийн хоршооноос зээлдэж авч Хас банкинд төлсөн 4 200 000 төгрөгөөс миний "Бумбан толгой" Хадгаламж зээлийн хоршоонд төлсөн 1 425 235 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Баасанхүү нь хариуцагч Л.Пүрэвсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 8 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 1 425 235 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Баасанхүү нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хас банкнаас 25 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийг Л.Пүрэвсүрэнд дамжуулан зээлдүүлсэн тухай үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

                                                                                                 /хх-9-12, 54-56 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хас банкинд нэхэмжлэгч Ц.Баасанхүүгийн төлөх ёстой байсан төлбөрийн үлдэгдэл 12 000 000 төгрөгийг хариуцагч Л.Пүрэвсүрэн төлөх талаар итгэмжлэл авсан, нэхэмжлэгчээс хариуцагчид аман хэлцлийн дагуу зээлдүүлсэн 25 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 11 999 999 төгрөг байсан тухай үйл баримт тогтоогджээ.                                                                                     /хх-8, 12 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн Хас банкнаас зээлсэн 25 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөгийг хариуцагч Л.Пүрэвсүрэн төлөхийг зөвшөөрснөөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ/2016/00607 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дутуу тооцсон зээлийн үлдэгдэл 3 700 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Дээрх 25 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөг байгаа талаар талууд эвлэрэн хэлэлцэхээс өмнө буюу 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 12 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх үед хариуцагч нь нэхэмжлэгчид уг мөнгийг төлөхөөр тохиролцсон талаар талууд маргахгүй байна.

 

            Талууд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөгийн бичгийн зээлийн гэрээ хийсэн боловч уг гэрээний дагуу Ц.Баасанхүү нь Л.Пүрэвсүрэнд 5 000 000 төгрөг бодитойгоор шилжүүлээгүй тул дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.                                                                                 /хх-20 дугаар тал/

 

Харин нэхэмжлэгч Ц.Баасанхүүгийн “Бумбан толгой” Хадгаламж зээлийн хоршооноос авсан 5 000 000 төгрөгийн зээлээс 4 200 000 төгрөгийг хариуцагч Л.Пүрэвсүрэн авч нэхэмжлэгчийн Хас банкны зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөгийн зээлд төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.          

/хх-33-36, 44, 52, 72-75 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Ц.Баасанхүүгийн нэрээр “Бумбан толгой” Хадгаламж зээлийн хоршооноос зээлсэн 5 000 000 төгрөгөөс хариуцагч Л.Пүрэвсүрэн нь 4 200 000 төгрөгийг авсан боловч 1 425 235 төгрөгийг тус хоршоонд нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн үйл баримтын хувьд талууд маргаагүй, хэргийн 33-36, 53 дугаар талд авагдсан Төрийн банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдсон тул үлдэх 2 744 765 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 4 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар буцаан төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагч хоршоонд төлсөн 1 425 235 төгрөгийг уг үүргээс хасч тооцсон тул 1 425 235 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамаарахгүй юм. Учир нь талууд гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас учирсан гэм хорын тухай бус, гэрээний харилцаанаас үүссэн хохирол шаардсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй буруу дүгнэлт хийж хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй талаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Пүрэвсүрэнгээс 2 744 765 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баасанхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 955 235 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “94 950 төгрөг” гэснийг “58 866 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Пүрэвсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 754 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ