Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2024/00020

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2024/00020

 

 

 

 

 

 

 

Х.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2024/00650 дугааршийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Уд холбогдох

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 дугаар байрны 0 дугаар орцны 00 тоотод байрлах 53.42 м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч Х.Сэд холбогдуулан гаргасан 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0216 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Угийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Сэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Сэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Х.Сэ нь хариуцагч Г.Угаас түүний эзэмшлийн Мөрөн сумын 8-р баг, 16-р байр 00 тоотод байрлах орон сууцны байрыг үнэ тохиролцон худалдан авч 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдан авч, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн 001021913 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авсан юм. Хариуцагч Г.У нь гэрээ байгуулж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг надад хуулийн дагуу шилжүүлэхээс өмнө шүүхэд хандан тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлэх талаар шийдвэр, магадлал гаргуулсан хэдий ч түүний дараа надтай харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгсөн билээ. Миний бие гэрээ хийхээс өмнө байрны үнэнд 19,700,000 /арван есөн сая долоон зуун мянга/ төгрөг, гэрээ хийсний дараа тухайн байрыг банкны барьцаанд тавин зээл авч байрны үнэнд 32,500,000 /гучин хоёр сая таван зуу/ төгрөг, нийт 52,200,000 /тавин хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг хариуцагчид өгсөн. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар болох 800,000 /найман зуу/ төгрөгийг ч би хариуцаж төлсөн. Гэтэл хариуцагч Г.У нь байрыг өмчлөх эрхгүй болсон атлаа Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 155/ШШ2022/00970 дугаартай шүүхийн шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 225/МА2000/00004 дугаартай магадлалыг ашиглан надад мэдэгдэлгүйгээр 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх хуудас бичүүлж, 11 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан миний хууль ёсны дагуу өмчилсөн байрыг албадан чөлөөлүүлэхээр хөөцөлдөж миний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хариуцагч Г.Угийн энэхүү хууль бус үйлдлээс шалтгаалан миний өмчлөх эрх зөрчигдөж байна.

Иймд нэхэмжлэгч намайг Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дугаарбайрны 0 дугаарорцны 00 тоот байрны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Х.Сэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Г.У нь миний өмчлөлийн байрнаас намайг гаргасны дараа хүнд түрээсэлж мөнгө олж байгаа би хууль бус гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцнаас албадан гаргах шаардлагыг хэрэгжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...1.Х.Сийг /000/ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт залилан хийснийг шалгуулж байгаа,

2. Х.Сэ нь 2000 оны 03 дугаар сарын 09-нд гарсан шүүхийн эцсийн шийдвэрийг биелүүлэхгүй удаа дараа олон дахин надтай уулзаж гэр болон ажил дээр ирж уйлж гуйж битгий байрнаас гаргаач жирэмсэн, нөхөр намайг алах гээд байна. Жаймаа ахаас (нөхөр) чинь айж байна гэх зэрэг олон шалтгаан ярьж дахин итгэж нотариатын гэрээ байгуулж гэрээг байгуулахдаа 70,000,000 (далан) сая төгрөгөөр гэрээ хийхээр татварын шимтгэл их төлнө бараг 1,500,000 болж байгаа учраас эгчдээ 40 сая болгоод гэрээ хийгээд өгөөч гэж нотариатын ажилтан Ц.Алтангэрэл гэгч хүний хажууд ярьж тохиролцон гэрээ хийж, 05 дугаар сарын 29-ний дотор мөнгөө төлж барагдуулна, барагдуулаагүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж хийсэн боловч гэрээний хугацаа дууссанаас хойш 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 60 сая төгрөгийн зээл Х.Сэ нь ХААН банкаар авсан бөгөөд /баримттай/ надад 29,500,000/ хорин есөн сая таван зуун мянган төгрөг/-ийг энэ өдөр шилжүүлсэн нь үнэн.

3. Энэ үйлдэл нь иргэн намайг анхнаасаа залилан хууран мэхэлсэн байгаа тул Х.Сийн 2024 оны 0 дугаарсарын 27-ны өдрийн нэхэмжлэлийг нь хүчингүй болгож өгнө үү. ... гэжээ.

Хариуцагч Г.У  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Би 2018 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дугаарбайрны 00 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Х.Сэд сарын 250,000 төгрөгөөр хөлслүүлж эхэлсэн. Улмаар би өөрийн орон сууцаа худалдана гэж ярьж байсныг Х.Сэ зарын дагуу мэдээд манайх уг орон сууцыг чинь худалдаж авъя гэх санал тавьсан. Би нөхөртэйгөө ярилцаад уг 2 өрөө орон сууцаа 2018 оны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийн үнэлгээгээр бэлэн мөнгөөр 45,000,000 төгрөг, зээлээр бол 55,000,000 төгрөгөөр худалдана гэдгээ хэлсэн.

Би гэрээнээс татгалзаж 2022 оны 10 дугаар сард орон сууцаа Х.Сээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр орон сууцыг албадан чөлөөлөх шийдвэр гарсан.

Ингээд 2000 оны 4 дүгээр сард Х.Сэ манай ажил дээр ирж эгч нь гэр оронгүй маш хүнд байдалд орсон талаараа хэлээд гуйхаар нь би Х.Сэ эгчид дахин итгээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дугаарбайрны 00 тоот байрлах 2 өрөө орон сууцаа 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Мөн худалдагчийн төлөх татварыг Х.Сэ эгч өөрөө төлье гэж зөвшөөрч, өмнө нь өгсөн байсан 6,000,000 төгрөгийг энэ 70,000,000 төгрөгт тооцож оруулахгүй, байр хөлслөн суусан хугацааны төлбөрт тооцоод хэн аль нь авахгүй, төлөхгүй байхаар тохирсон. Бид 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахад Х.Сэ эгч хоёулаа гэрээг 70,000,000 төгрөгөөр байгуулахаар үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын албан татвар өндөр төлөх гээд байна. Гэрээндээ хоёулаа гэрээний үнийг нь багаар бичиж гэрээ хийе гэж хэлэхээр нь би түүнд итгээд гэрээний үнийг 40,000,000 төгрөгөөр тусгаж гэрээг байгуулсан. Намайг хууран мэхэлж гэрээг 40,000,000 төгрөгөөр гэж байгуулсан болохыг би үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, гэрчилгээнд шилжүүлж өгсний дараа мэдсэн.

Тэрээр байрыг худалдаж авахаар банкнаас нийт 60,000,000 төгрөгийн зээл авсан атлаа Г.У надад байрны үнэ гэж цувуулж 36,000,000 төгрөгийг өгсөн. Улмаар худалдаж авсан орон сууцын үнийг бүрэн төлсөн. Миний нэр дээр өмчлөх эрх шилжсэн юм чинь гэх байдлаар 40,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан мэтээр намайг залилан мэхэлж шүүхэд орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох, албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргаж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироогоод байгаа тул би сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай бүртгэлийн 0216 дугаартай гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл тул түүнийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Х.Сэ нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Би Г.Угийн амьдарч байсан орон сууцыг харилцан тохиролцон 2 ч удаа худалдан авсан байдаг. Эхний худалдан авалтын хувьд гэрээнд зааснаар бол банкны зээлээр гэж тохиролцсон. Банкны зээл хөөцөлдөөд зээлийн хэмжээний шаардлагад уг орон сууц өөрөө нийцэхгүй байсан учраас уг орон сууцыг нэгэнт авна гэсэн болохоор 2 өрөө байранд 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, супер засвар хийлгүүлсэн. Зээлийн нөхцөлийн шаардлагад орон сууцыг хангуулснаас зээлээр худалдан авалт бэлэн болсон байхад Г.У намайг шүүхэд өгч байрнаас албадан гаргуулах шийдвэр гаргуулж амжсан. Би уг байрыг түрээслээгүй. Түрээсийн гэрээг байгуулаагүй байхад Г.У надаас авсан мөнгөө байр түрээсэлсэн гээд амаараа яриад түүнд шүүх итгэж байр түрээсэлсэн байна гэж үзээд түрээсийн төлбөрт надаас мөнгө гаргуулсан нь Г.Уд ашигтай болгосон.

Уг орон сууцаа худалдан авах хэвээрээ байсан тул 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, байр орон сууцын үнийг 40,000,000 төгрөгөөр тогтоосон. Энэ 40,000,000 төгрөг нь өмнө байрыг худалдах, худалдан авахад тохиролцсон үнэ юм. Орон сууцыг худалдан авахад анх эхлээд 40,000,000 төгрөг яригдсан. Үлдсэн чат, мессеж надад байгаа болно. Сая 2% баримт гаргаж өгсөн. Орон сууцыг худалдан авахдаа тохиролцсон 40,000,000 төгрөгөө зээл авч өгөх хооронд Г.У үндэслэлгүйгээр маргаан үүсгээд нотариатчийг хүртэл гэрчээр асуулгасан байсан.

70,000,000 төгрөгийн асуудал огтхон ч яригдаагүй бөгөөд орон сууцыг худалдах, худалдан авахад Улсын бүртгэлийн хэлтэст очиж өмчлөх эрхээ шилжүүлэх хүртэл хугацаанд 40,000,000 төгрөгөөр шийдвэрлэгдсэн. Ингээд орон сууцаа авахыг шаардаад ирэхээр шалтаг болгож худлаа яриад 70,000,000 төгрөгийн үнэтэй болгож хүний ажил төрөл, амьдралыг хохироож байгаад гомдож байна. Орон сууц худалдан худалдан авах гэрээний 6.3-д үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварыг худалдагчийн тал хариуцна гэсэн байхад би түүний өмнөөс 800,000 төгрөгийг төлсөн буруутай боловч Г.У надад төлөх мөнгө байхгүй гэсэн болохоор би өөрөө борлуулалтын орлогын албан татварыг төлсөн. Үүнийгээ өгөх мөнгөндөө тооцож болно гэж хоёр тал зөвшөөрсөн юм. Үүнээс 70,000,000 төгрөгийн татварт өндөр байна. 40,000,000 төгрөгөөр тооцно гэж гэсэн яриа огтоосоо болоогүй. Намайг үнэ өндөртэй байрыг залилан хийж бага үнээр авчихлаа гэж байгаа нь үндэслэлгүй. Бидний хооронд хийгдсэн гэрээ хуулийн дагуу хийгдсэн байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2024/00650 дугааршийдвэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дугаарбайрны 0 дугаарорцны 00 тоотод байрлах 53.42 м.кв талбай бүхий орон сууцын өмчлөгчөөр Өвөр Тогоруутан Хүрэлбаатарын Сийг мөн болохыг тогтоож, уг орон сууцыг Г.Угаас албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Г.Угийн нэхэмжлэлтэй Х.Сэд холбогдуулан гаргасан 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0216 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,150 (дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун тавь) төгрөгийг, Г.Угийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,000 (хоёр зуун арван зургаан мянга) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Угаас улсын тэмдэгтийн хураамж 428,150 (дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сэд олгож, хариуцагч Г.Угаас улсын тэмдэгтийн хураамж 141,950 (нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.У давж заалдах гомдолдоо: ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, ойлгомжгүй, үнэн зөв, бодитой эсэхэд ч эргэлзэхэд хүргэж байгаад анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Шүүх Иргэний хуулийн 110.1, 243.1-д заасан үндэслэлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг 16-р байр 2-00 тоотод байрлах 53.42 м.кв талбар бүхий орон сууцны өмчлөгчөөр Х.Сэ мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Г.У би Х.Сувд- Эрдэнэд 2000 оны 5 сарын 22-ны өдөр 0216 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээгээр 30.6 м.кв талбай бүхий орон сууцыг худалдсан байхад хэзээ, ямар үндэслэл, шалтгаанаар 2000 оны 05 сарын 24-ний өдөр маргаан бүхий миний худалдсан орон сууц 53.42 м.кв болчихсоныг би ойлгохгүй байна, уг орон сууц мөн эсэхэд ч эргэлзэж байна. Анхан шатны шүүх энэ байдалд огт дүгнэлт хийгээгүй.

Хавтаст хэргийн 15 дугаар хуудасны ард авагдсан баримтад буюу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-11-04-ний өдрийн 155/ШШ2022/00970 дугаартай шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа түүний дараа би 55,000,000 дараа төгрөгөөр худалдаж авъя гэхэд байрны үнэ нэмэгдэж 75,000,000 төгрөг болсон, засвар хийсэн учраас байрныхаа үнийг би 70,000,000 төгрөг болгож байна гэж Г.У хэлсэн учраас мөнгө төлөх боломжгүй өнөөдрийг хүрсэн..., ...шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Зохигч 2020 оны 03 сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү1700000541 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг 16-р байрны 2-р орцны 00 тоотод байрлах 30,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 55,000,000 төгрөгөөр, банкны зээлээр худалдан авч байгаа нөхцөлтэйгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, 2020 оны 3 сарын 06-ны өдрийн 517 дугаартай гэрээгээр нотлогдож байна... гэж дүгнэсэн байдаг.

Шүүхийн энэхүү дүгнэлтээр улсын бүртгэлийн Ү1700000541 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг 16-р байрны 2-р орцны 00 тоотод байрлах 30,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 онд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн тул 70,000,000 төгрөгөөр худалдах үнийн саналыг Сэд хэлж байсан, тэрээр Г.У намайг уг орон сууцаа 70,000,000 төгрөгөөр худалдах гэж байгааг ч аль 2022 онд мэдэж байсан гэдгийг ч өөрөө зөвшөөрч тайлбарлаж байсан байдаг. Гэвч нэхэмжлэгч Сувд- Эрдэнэ нь намайг эд хөрөнгө худалдан борлуулсны албан татвар төлөх төлбөрийн чадваргүй байсан 2000 оны 05 сарын 22 өдрийн үеийн У миний хувийн нөхцөл байдлыг далимдуулж, өөртөө овжиноор ашиглаж татварыг нь чиний өмнөөс төлөөд өгье гэж надад итгэл төрүүлж, татварт төлөх зардал өндөр төлөгдөх гээд байна, татварын зардлыг хэмнэхийн тулд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийг багаар тусгаж өгвөл татвар бага төлнө, чамд ч хэрэгтэй гэж гэрээнд гэрээний үнийг буруулж тусгаж бичсэнийг Сэ нь мэдэж байгаа боловч гэрээний үнэ 40,000,000 төгрөгөөр анхнаасаа тохиролцсон гэж мушгин гуйвуулж өөртөө ашигтай байдал бий болгож намайг хохироож байгаад маш их харамсаж байна. Энэ талаар гаргасан миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2024/00658 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1.Нэхэмжлэгч Х.Сэ нь Г.Уд холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дугаарбайрны 0 дугаарорцны 00 тоотод байрлах 53.42 м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, улмаар нэхэмжлэгч Х.Сэд холбогдуулан 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0216 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргааны зүйл болсон орон сууцтай холбоотой өмнө гарсан тухайлбал, Г.Угийн нэхэмжлэлтэй, Х.Сэд холбогдох орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр хэрэгт авагджээ.

Уг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 155/ШШ2022/00970 дугаартай шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Х.Сэ нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр маргаан бүхий орон сууцыг чөлөөлсөн, одоо хариуцагч Г.Угийн эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

3.Гэвч нэхэмжлэгч Х.Сэ нь дээрх шийдвэрийг биелүүлсний дараа маргаан бүхий орон сууцыг хариуцагч Г.Угаас худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх ба гэрээний дагуу шаардах эрхээ тодорхойлж нэхэмжлэл гаргажээ.

Тодруулбал 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Х.Сэ, Г.У нарын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээнд маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-1700000541 дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дугаарбайрны 0 дугаарорцны 00 тоотод байрлах 30.6 метр квадрат талбай бүхий орон сууцыг Г.Угаас Х.Сэд 40,000,000 төгрөгөөр шилжүүлэх, төлбөр төлөх нөхцөл, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацааг 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байхаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна /1-р хавтасны 18 дахь тал/.

4.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа ба уг гэрээ хүчин төгөлдөр болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ...Маргаан бүхий хэлцэл нь хариу төлбөртэй, эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бөгөөд гэрээний нэг тал эд хөрөнгө шилжүүлж, нөгөө тал хариу төлбөр төлөх үндсэн тохиролцоо гэрээнд бүрэн тусгагдсан, хуулиар тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан, зохигчид худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн байна... гэсэн нь үндэслэлтэй байна.

5.Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх ...Гэрээнд бодитой тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бичигдээгүй байгаа нь уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, ...Үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал /1-р хх-н 33 дахь тал/ нь өмчлөх эрхийг шууд нотлохгүй ч нэхэмжлэгч Х.Сэ нь нэгэнт гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийн дийлэнх хэсгийг буюу 38,600,000 төгрөгийг төлсөн байх ба талууд энэ талаар маргаагүй учир түүнийг гэрээний дагуу шилжүүлэн авах орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэсэн нь ойлгомжгүй болжээ.

6.Харин 0216 дугаартай худалдах, худалдан авах гэрээний 3.1-т Гэрээний зүйлийн үнэ хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 40,000,000 /дөчин сая төгрөг/ худалдахаар тохиролцов гэсэн заалтаас үзэхэд талууд гэрээний үнийн талаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.

Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

7.Хариуцагч Г.У нь ...гэрээний үнийг 40,000,000 төгрөгөөр байгуулсан боловч бодит байдал дээр орон сууцыг 70,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдахаар амаар тохиролцсон. Намайг анхнаасаа хуурч дүр үзүүлэн хэлцэл хийсэн тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч Х.Сэ энэ талаар тайлбарлахдаа ...гэрээ байгуулагдах үед 70,000,000 төгрөгийн асуудал огт яригдаагүй, ... бидний хооронд хийгдсэн гэрээ хуулийн дагуу хийгдсэн тул дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааралгүй... гэж маргасан.

Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааруулж ойлгох бөгөөд маргааны үйл баримтаас үзэхэд гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөрчөөгүй байна.

Энэ нь гэрч Ц.Алтангэрэлийн мэдүүлгээр давхар нотлогдсоны дээр хариуцагч Г.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2024/00650 дугааршийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,100 /таван зуун далан мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                             Л.ЭРДЭНЭБАТ  

Н.БАЯРХҮҮ