| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0058/Э/ |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 57
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Гэд холбогдох 1930000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Баруун-Урт сумын 2 дугаар багийн харьяат, 1971 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баруун-Урт сумын 2 дугаар баг Чулуутын 15-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэлгүй, РД:ЛЛ71100774, Хатавч овгийн М.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цайртын 3 дугаар байрны 3 давхар 303 тоотод хохирогч Н.Дуламсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед буюу 03 дугаар сарын 06-нд архи уусан байх үедээ Цайртын 3 дугаар байрны 303 тоотод хадам ээжийндээ очсон. Эхнэр хүүхэд тэнд байсан учраас эхнэр, хүүхдээ авах гэж очсон. Тэгээд ширээн дээр байсан аягатай хоолыг гараараа идсэн. Тэгсэн хадам ээж заваан гараараа хоол авч идлээ гээд таяг модоор цохихоор нь булааж авахдаа цохисон. Тэгээд маргаад, гэрээс гараад явсан...гэв.
- Яллагдагч М.Гийн: Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баруун-Урт сумын төвд байх авто вокзал дээр явж байгаад танихгүй хөдөөний нэг залуутай тааралдаж 2 шил Ерөөл нэртэй архи хувааж уусан. Дараа нь гэртээ 17 цагийн үед ганцаараа нэг шил архи ууж байгаад хадам ээжийнх рүү 21 цагийн үед явж очсон. Тэгээд гэрт нь ороод ширээн дээр байсан хоолноос гараараа самардаж идсэн юм. Гэтэл хадам ээж Н.Дуламсүрэн нь намайг хүүхдэд тавьсан хоол боль, заваан гараараа авч идлээ гээд намайг загнаад байсан. Нэг мэдсэн чинь би шал угаадаг төмөр таягаар намайг цохиод байхаар нь булааж авч хоёр гар дээрээс нь хүчтэй базаж хорьсон. Өөр бидний хооронд болсон асуудал байхгүй. Н.Дуламсүрэнгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг цохиод байхаар нь болиулах гэж хоёр гарнаас нь барьж авсан. Үүнээс болж гэмтэл үүссэн байх..” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Хохирогч Н.Дуламсүрэнгийн: Тухайн үед М.Гийн эхнэр Дэнсмаа нь хүүхэдтэйгээ байсан юм. Тэгээд орж ирээд ширээн дээр байсан аягатай хоолноос гараараа самардаж авч идээд байхаар нь би чи заваан гараараа битгий самардаад бай гэж хэлсэн. Гэтэл муу хоолныхоо үлдэгдэл шавхарууг харамлалаа гээд агсан согтуу тавиад байсан. Үүнээс болоод би М.Гийг яв гээд араас нь түлхэж байтал намайг зөрүүлж түлхэж газар унагасан. Би босоод угаалгын өрөөнөөс шал угаадаг хөнгөн цагаан таяг модоор ар нуруу руу нь цохитол надаас булааж аваад миний баруун гарын бугалга хэсэг рүү нэг удаа цохисон, зүүн гараас атгаж бариад тавихгүй удсан тэрнээс болж зүүн гарын шуун дээр бага зэрэг хөхөрсөн. Миний зүгээс гаргах санал гомдол гэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 /
- Гэрч Д.Дэнсмаагийн: Манай ээж муухай гараараа самардаж идлээ халбагаар ид гэтэл М.Г танай угаадасанд цадлаа гээд маргалдаад байсан. Нэг мэдсэн чинь манай ээж шал угаадаг таяг модоор М.Гийг цохитол тэрийг нь булааж аваад ээжийг цохисон...” гэх мэдүүлэг /хх-12/,
-Яаралтай тусламжийн хуудас.1909. /хх-ийн 17/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаартай дүгнэлтэнд: Н.Дуламсүрэнгийн биед баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын бугалга, шууны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 15/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 8/275 дугаартай тодорхойлолт /хх-27/
- М.Гийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/
- М.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/
- Хохирогч Н.Дуламсүрэнд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 29/,
- Яллагдагч М.Гэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 30/,
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаартай санал /хх-35/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч М.Г нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 2 дугаар багийн Цайртын 3 дугаар байрны 303 тоотод хохирогч Н.Дуламсүрэнгийн баруун гарын бугалга хэсэгт цохиж, зүүн гарын бугалга, шуунаас атгах зэргээр зодож эрүүл мэндэд нь “ баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын бугалга, шууны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт бүхий “ хөнгөн хохирол учруулсан болох нь М.Гын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Дуламсүрэн, гэрч Д.Дэнсмаа нарын мэдүүлгүүд, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1909 дугаартай Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч М.Г нь архи ууж согтуурсан үедээ хадам ээж Н.Дуламсүрэнтэйгээ үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэн улмаар түүний баруун гарын бугалганд цохих, баруун гарын тохой, шуу, зүүн гарын бугалга, шууны хэсэгт атгах зэргээр зодсон үйл баримт тогтоогдох ба энэ нь тухайн хэрэг гарах үед байсан хохирогч Н.Дуламсүрэнгийн “ Тухайн үед М.Гийн эхнэр Дэнсмаа нь хүүхэдтэйгээ байсан юм. Тэгээд орж ирээд ширээн дээр байсан аягатай хоолноос гараараа самардаж авч идээд байхаар нь би чи заваан гараараа битгий самардаад бай гэж хэлсэн. Гэтэл муу хоолныхоо үлдэгдэл шавхарууг харамлалаа гээд агсан согтуу тавиад байсан. Үүнээс болоод би М.Гийг яв гээд араас нь түлхэж байтал намайг зөрүүлж түлхэж газар унагасан. Би босоод угаалгын өрөөнөөс шал угаадаг хөнгөн цагаан таяг модоор ар нуруу руу нь цохитол надаас булааж аваад миний баруун гарын бугалаг хэсэг рүү нэг удаа цохисон, зүүн гараас атгаж бариад тавихгүй удсан тэрнээс болж зүүн гарын шуун дээр бага зэрэг хөхөрсөн “ гэх, гэрч Д.Дэнсмаагийн “ Манай ээж муухай гараараа самардаж идлээ халбагаар ид гэтэл М.Г танай угаадасанд цадлаа гээд маргалдаад байсан. Нэг мэдсэн чинь манай ээж шал угаадаг таяг модоор М.Гийг цохитол тэрийг нь булааж аваад ээжийг цохисон. “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.
М.Г нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа загнасан гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч М.Гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Дуламсүрэнд хөнгөн хохирол учирсан, тэрээр хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
М.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
М.Гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч М.Гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд М.Гэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатавч овгийн М.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.Гэд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан М.Гэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Г дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Ялтан М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Дуламсүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН