Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 225/МА2013/00031

 

Б.Ад холбогдох иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Б.Сосорбарам, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, зөрчил гаргагч Б.А нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 0 дүгээрсарын 22-ны өдрийн 568 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Б.Агийн гаргасан давж заалдах гомдлоор шийтгэврийг хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын харъяат, "Халиугчин" овогт Бийн А, 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 000тоотод оршин суух, Далайван коллежийн оюутан, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг 000тоотод оршин суух, регистрийн дугаар 000.

Б.А нь 2013 оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн 00 цаг 15 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт "Тоёото кролла" маркийн 000УНУ улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасанд холбогджээ.

Сум дундын шүүх 2013 оны 0 дүгээрсарын 22-ны өдрийн 568 дугаар шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 6-д зааснаар "Халиугчин" овогт Бийн А /...-... тоот регистрийн дугаартай/-д 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, шийтгэвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, Б.Аптаншагайгийн баривчлагдсан хугацааг Хөвсгөл аймгийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хүргэгдэн очсон өдрөөс эхлэн тооцохыг мэдэгдэж, Б.Аптаншагайд захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэрийн хувийг гардуулахыг нарийн бичгийн дарга Б.Адъяасүрэнд даалгаж шийдвэрлэжээ.

 Зөрчил гаргагч Б.А давж заалдах гомдолдоо: "...Миний бие 2013 оны 0 дүгээрсарын 15-ны шөнө Бтай хамт машинтай явж байгаад саатуулагдаж, 2013 оны 0 дүгээрсарын 22-ны өдрийн 568 тоот шүүхийн шийтгэвэр гарч арга хэмжээ авагдаад байна. Саатуулагдах үед Мөрөн сумын 2 дугаар багийн 13 дугаар гудамжны 5 тоотод оршин суугч Б өөрөө машинаа жолоодож явсан. Цагдаа зогсооход Б “Би эрхээ хасуулчихна, чи эрхгүй юм чинь барьж явсан гээд хэлчих” гээд байхаар нь цагдаад “Би барьж явсан” гээд хэлчихсэн. Дараа нь “Чамд хураалгах юм байхгүй юм чинь чамайг яах ч үгүй” гэж аавтайгаа ирж гуйгаад байхаар нь өмнө хэлснээ давтаад хэлчихсэн. Шийдвэр гарсны дараа “Чи наанаа ороод байж бай, бид нар машинаа авчихаад эргэж ирээд чамайг гаргаад авчихна” гэж хэлээд явсан. Тэгээд огт эргэж ирээгүй. Иймд би худал мэдүүлэг өгч өөрийгөө хохироосноо ухамсарласан тул хэргийг дахин шалгаж өгнө үү" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зөрчил гаргагч Б.А нь “Б өөрөө машинаа жолоодож явсан, би машин жолоодож яваагүй гэсэн гомдол гаргаж, “Тоёото кролла" маркийн 000УНУ улсын дугаартай автомашин нь “Бы машин” гэж мэдүүлж байх тул 2013 оны 0 дүгээрсарын 16-ны өдөр “Тоёото кролла" маркийн 000УНУ улсын дугаартай автомашиныг хэн жолоодож явсан, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 6-д заасан хөдөлгөөний ауюлгүй байдлын журам зөрчсөн зөрчлийг Б.А, Б нарын хэн нь гаргасныг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ. Иймд шийтгэврийг хүчингүй болгож, нотлох баримт нэмж бүрдүүлэх, шалгаж тодруулах ажиллагаа хийлгэхээр цагдаагийн газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Сум дундын шүүхийн 2013 оны 0 дүгээрсарын 22-ны өдрийн 568 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр Цагдаагийн газарт буцаасугай.
  2.  Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргаж болохгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ