Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 11

 


Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ 
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа, 
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Эод холбогдох 1830003050204 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЛД83011311 регистртэй, Буд овогт Б.Э. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Бор хоолой гэх газарт Б.Төмөрболдыг зодож, эрүүл мэндэд нь “баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Үүнд: - Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хонио харж байгаад хүн юм буулгахаар нь очсон юм. Тэгээд “ манайхтай ойр шахаж буулаа, энд буух нь бол хамаагүй, хонь мал нийлнэ ” гэсэн. Гэтэл Төмөрболд намайг ирж цохисон. Би хонины шилбүүр богино модтой явж байсан. Гэтэл түүнээс бүдүүн модоор намайг цохиж унагасан. Намайг босож ирэхэд дахиад цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж төмөр байхаар нь аваад түүнийг цохисон. Үүний дараа миний толгой руу дахиад цохиход би манарч унаад босох гээд чадахгүй байсан. Тэгсэн чинь Төмөрболд дээшээ хараад хэвт би боксчин хүн гэсэн. Төмөрболд намайг олон удаа цохисон. Миний амнаас цус гараад байсан. Аймгийн эмнэлэгт хэвтэж, зураг авахуулахад толгойдоо гэмтэл авсан байна гэсэн. Томографикийн зураг авахуулах бүх зардлыг би өөрөөсөө гаргасан. Эмч намайг үзүүлээрэй гэсэн. Миний хувьд гомдолтой байгаа. Би өөрийгөө хамгаалах гэж жижигхэн төмөр байхаар нь авч цохисон.. гэв.

- Яллагдагч Б.Эын: 2018 оны 11 дүгээр сарын 16-ны 13 цагийн үед би өөрийн малыг хариулж явахад манай өвөлжөөний баруун хойд энгэрт машинтай хүмүүс юм буулгаж байхаар нь очиж та нар энд бууж болохгүй, манай өвөлжөөг шахаж буулаа, жаахан хөндий буухгүй дээ, хонь ямаа нийлнэ ш дээ гэж хэлэхэд Б.Төмөрболд гэх хүн тэр ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгээд Төмөрболд гэх хүн шууд мод бариад намайг 2-3 удаа цохисон. Би газар байсан лоом авч Төмөрболдын баруун гарын дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд Төмөрболд намайг барьж байсан модоороо дахин нэг удаа цохиход би газар унасан. Төмөрболд чи дээшээ хараад хэвт чиний толгойны манараа гарна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-27-29/, 

- Хохирогч Б.Төмөрболдын: Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүйтнээс малаа хамгаалж, энгэр газар бараадаж нүүж буух гээд малынхаа хашааг ачиж манай гэрээс зүүн хойд зүгт 700-800 метр газарт малынхаа хашааг буулгах гэж очсон юм. Малынхаа хашааг буулгаж байхад тухайн газар нутаглах Мөнххаан сумын 1 дүгээр багийн иргэн Б.Э нь мотоцикльтой ирж намайг “чи энд буухгүй шүү” гэхэд нь би “ чи ямар учраас намайг буулгахгүй гээд байгаа юм бэ “ гэж шалтгааныг нь асуухад надад ямар нэгэн шалтгаан хэлээгүй. Чи энд буухгүй, өөр тийшээ яв гэхээр нь би Энхболдод “ би цас орохоор нүүнээ “ гэж хэлэхэд Б.Э нь “ цас 2019 оны 01 сард орно, чи одоо нүү “ гэж хэлсэн. Тэгэхээр нь юу гэж одоо нүүх юм бэ? гэж хэлэхэд Б.Э мотоциклийн суудал доор байсан нарийн бургасыг аваад миний өөдөөс 2-3 удаа савчуулахаар нь би тухай нарийн бургасыг булааж авахад Б.Э нь эргэж харан газар байсан лоом авч миний баруун гар руу нэг удаа цохиод, дахиад цохих гэж байхаар нь лоомыг булаан авч би зүүн гараараа Б.Эын зүүн шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд Б.Э нэг удаа цохиулаад мотоцикль руугаа явж байхдаа чамд үзүүлж өгнөө гэж хэлээд явсан. Энхболдод лоомоор нэг удаа цохиулснаас миний баруун гарын дээд хэсэг чинэрч хавагнасан, мөн хөхөрч гэмтсэн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-5-6/, 

-Шинжээч С.Эрдэнэцэцэгийн : “Энхболдын дагз хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдсон нь эрүүл мэндийг сарниулахгүй, хүний биеийн гадаргуугийн 5 хувиас дээш хувийг уг гэмтэл эзлээгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг дүгнэлтийг Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн их эмч О.Ариунтөгсийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтыг үндэслэн гаргасан” ...гэх мэдүүлэг /хх- 43/, 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн эмч О.Ариунтөгсийн тодорхойлолт /хх-36/, - Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 612 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Төмөрболдын биед баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүхий эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 18/, - Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн эмч О.Ариунтөгсийн тодорхойлолт /хх-35/, 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 613 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Эын биед дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 19/, - Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.12.10-ны өдрийн 242 дугаартай тодорхойлолт /хх-ийн 33/, 

- Шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/ 

- Б.Эын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, 

- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-37 зэрэг баримтууд болно. 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Бор овоо гэх газарт хоорондын маргааны улмаас иргэн Б.Төмөрболдыг төмөр лоомоор цохиж эрүүл мэндэд нь “ баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Эын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Төмөрболдын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 612, 613 дугаартай дүгнэлтүүд, Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн эмч О.Ариунтөгсийн тодорхойлолтууд зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.Э, хохирогч Б.Төмөрболд нар бэлчээрийн асуудлаас хоорондоо маргалдан, харилцан зодолдох явцдаа Б.Э газар байсан төмөр лоомыг авч Б.Төмөрболдыг цохиж биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргаан үүсгэн, улмаар хохирогчийг лоомоор цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч Б.Эын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Төмөрболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ. 

Б.Э нь “ Би Төмөрболдод зодуулсан, би өөрийгөө хамгаалах гэж жижигхэн төмөр байхаар нь авч цохисон. Аймгийн эмнэлэгт зураг авахуулахад толгойдоо гэмтэл авсан байна гэсэн“ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, нотлогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 

Тухайлбал, Б.Э нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хохирогч Б.Төмөрболдыг төмрөөр цохисноо хүлээн зөвшөөрч мэдүүлж, энэ үйлдлээ үгүйсгээгүй, түүний төмрөөр цохисон үйлдлээс Б.Төмөрболдын биед баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл үүссэн, уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болохыг Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 612 дугаартай дүгнэлт, шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “Энхболдын дагз хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдсон нь эрүүл мэндийг сарниулахгүй, хүний биеийн гадаргуугийн 5 хувиас дээш хувийг уг гэмтэл эзлээгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг дүгнэлтийг Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн их эмч О.Ариунтөгсийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтыг үндэслэн гаргасан “ тайлбараар хангалттай нотлогдсон байна. Хохирогч Б.Төмөрболдын, шүүгдэгч Б.Эыг цохисон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй болох нь шинжээчийн 613 дугаартай “ Б.Эын биед дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

Б.Эын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь тэдгээрийн үл ойлголцол, зүй бус харьцаанаас болсон, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Төмөрболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Буд овогт Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүхийн шатанд ялтан Б.Эод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Э дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Ялтан Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Төмөрболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НАСАНБУЯН