Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2018/00001

 

 

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, Ерөнхий шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2017/00388 дугаар шийдвэртэй, Ц.*******ын нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* оролцов.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн. Улсад 28 жил ажилласан. Би 1983 онд Улаанбаатар хотын Барилгын техникум төгсч ирээд Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд хуваарилагдан, цахилгаан сантехникийн бригадад мастераар орж ажиллаад 9 жил 6 сар буюу 1992 оны 11 сарын 01-н хүртэл ажилласан юм. Одоо тухайн үеийн тушаал, бусад бичиг баримт дутагдалтай байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, тухайн үеийн цалингийн цэс, сар, улирлын тайлан, бригадын хамт олны фото зураг, акт тогтоосон баримт зэргийг үндэслэн 1983 оны 05 сарын 12-ноос 1992 оны 11 сарын 01-н хүртэлх хугацаанд барилгад ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь миний төрсөн дүү байгаа юм. Хотод амьдарч, ажилладаг учраас намайг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан. Нэхэмжлэгчийн трестэд 1983 оны 5 сарын 12-ноос 1992 оны 11 сар хүртэлх ажилласан хугацааных нь ажилласан жилийн тушаал байхгүй болохоор тус шүүхэд дээрх хугацааны ажилласан жилийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

Анхан шатны шүүх:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:/-г 1983 оны 05 сарын 12-ноос 1991 оны 01 сарын 29-н хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд цахилгаан сантехникийн бригадын мастераар, 1991 оны 11 сарын 11-нээс 1992 оны 05 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан Чандмань пүүст, 1992 оны 05 сарын 01-нээс 1992 оны 09 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ган-Эрдэнэ хоршоонд тус тус мастераар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Ц.******* нь ажилласан жилээ тогтоолгохоор анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 11 сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ Ц.******* нь 1991 оны 01 сарын 29-нөөс 1991 оны 11 сарын 11-ний хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд ажиллаж байсан болох нь нотлогдохгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Үүнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба учир нь Ц.******* нь 1983 оны 5 сарын 12-ноос Дундговь аймгийн ТТБ-ын 6-р трестэд цахилгааны мастераар ажиллаж байсан бөгөөд ТТБ-ын 6-р трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 1 дүгээр сарын 29-нд барилгын нэгтгэл болж улмаар 1991 оны 11 сарын 11-н хүртэл барилгын нэгтгэлд мастераар, мөн барилгын нэгтгэлийн 1991 оны 11 сарын 11-ний өдрийн 117 тоот тушаалаар Чандмань пүүст мастераар томилогдон ажиллаж байсан нь 3 гэрчийн мэдүүлэг болон аймгийн татварын хэлтсийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 08/510 дугаартай албан бичгээр тогтоогдож байхад шүүх бүрэлдэхүүн үнэлээгүй буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2017/00388 дугаар шийдвэрийг хянан үзэж 1991 оны 01 сарын 29-нөөс 1991 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* Дундговь аймгийн ТТБ-ын 6-р трестэд сантехникийн бригадад мастераар 1983 оны 05 сарын 12-ноос 1992 оны 11 сарын 01 хүртэл ажилласан байдлаа тогтоолгох шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1991.01.29-нөөс 1991.11.11-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын VI трестэд сантехникийн бригадын мастераар ажиллаж байсан нь нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүхийн хуралдаанд тайлбар гаргахдаа ТТБ-ын 6-р трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 1 дүгээр сарын 29-нд барилгын нэгтгэл болж улмаар 1991 оны 11 сарын 11-н хүртэл Ц.******* нь барилгын нэгтгэлд мастераар, мөн барилгын нэгтгэлийн 1991 оны 11 сарын 11-ний өдрийн 117 тоот тушаалаар Чандмань пүүст мастераар томилогдон ажиллаж байсныг шүүх бүрэлдэхүүн үнэлээгүй буруу шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.

Хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан Дундговь аймгийн Татварын хэлтсийн албан бичигт Дундговь аймгийн барилга угсралтын трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 01 сарын 29-нд Тулга пүүс, 1991 оны 12-р сарын 18-нд Чандмань пүүс, 1992 оны 08 сарын 04-нд Ган-Эрдэнэ хоршоо болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болно гэснээс үзэхэд Дундговь аймгийн барилга угсралтын трест нь тухайн үед зохион байгуулалтын өөрчлөлтөд орж нэрээ өөрчилж байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардлага болон гомдол үндэслэлтэй, энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримт болох татварын хэлтсийн албан бичиг, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасны дагуу үнэлээгүй байна.

Хэргийн 27-28 дугаар хуудсанд цугларсан Ц.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1983.05.12-нд Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд цахилгааны мастераар, 1991.11.11-нд Чандмань пүүст мастераар авч ажиллуулав гэсэн бичилт байх бөгөөд энэ хооронд ажилласан байдал тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2017/00388 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:/-г 1983 оны 05 сарын 12-ноос 1991 оны 01 сарын 29-н хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестийн цахилгаан сантехникийн бригадад, 1991 оны 01 сарын 29-нөөс 1991 оны 11 сарын 11-нийг хүртэл Тулга пүүст, 1991 оны 11 сарын 11-нээс 1992 оны 05 сарын 01-н хүртэл Чандмань пүүст, 1992 оны 05 сарын 01-нээс 1992 оны 09 сарын 30-ныг дуустал Ган-Эрдэнэ хоршоонд тус тус мастераар ажиллаж байсан болохыг тогтоосугай гэж өөрчилсүгэй.

2.Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

Ц.ОТГОНЦЭЦЭГ