| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0061/Э/ |
| Дугаар | 60 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 60
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн 1930000910067 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Мөгдөг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЙЖ97102716/ Тэрэгт овгийн Д.Д.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Д нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Мөгдөг гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд Г.Баасанжавын алдуул 26 тооны ямааг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн малын ижил будгаар ямааны эврийг будснаар алдуул мал завшиж 1.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 01 дүгээр сарын 08-нд манай тэнд шуурга болсон, Баасанжав малаа алдсан гээд явж байсан. Манай зүүн талаас 200 гаруй мал хөөж ирээд манай хашаанд хашсан. Зарим мал дутуу байна, эргэж ирээд хайж, үзье гэсэн. Баасанжавын зарим хонь нь манайхаас зүүн урд зүг рүү яваад манай ямаатай хамагдаж ирсэн байсан. Тэгээд 10 гаруй хоногийн дараа манай тэрүүгээр ирсэн. Би ямааг нь өөрийнхөө ямааны эврийг буддаг будгаар будаад 2 хонож байсан. Тэгээд 26 ямаагаа ялгаж аваад явсан...гэв.
- Яллагдагч Д.Дн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр хониндоо гэрээсээ зүүн урагш явж байхад манай хонинд 26 ямаа нийлсэн байхаар нь хамт хоньтойгоо туугаад гэртээ ирсэн. Тухайн үед би тэр ямаануудыг хэний ямаа болохыг мэдэж байсан. Манай амьдардаг газраас баруун зүгт 40 орчим км-т байх Баасанжав гэгч хүний ямаа байсан. Уг ямаануудыг гэртээ авчирсны дараа 10 орчим хоногийн дараа ямааны эзэн Баасанжав нь манай гэрт ирж ямаагаа манай хониноос ялгаж авахдаа “манай ямаа дутуу байна шүү, төлж өгөөрэй ” гээд манай хониноос 26 тооны ямаа ялгаж аваад явсан. Ямар ч байсан би хонио гэртээ авчираад айлын 20 гаруй ямаа хамагдаж ирснээс хойш 4-5 хоногийн дараа манайх ямаагаа буддаг ногоон өнгийн будгаар хамагдаж ирсэн ямаануудын эврийг нь будаж өөрсдийн хонь ямаатай ижил болгосон. Уг ямаануудыг өөрсдийн хонь ямаатай ижил болгож будсны дараа 2 хоногийн дараа ямааны эзэн ирж ямаагаа аваад явсан. Тухайн ямаа манай хонинд ирж нийлснээс хойш 10 орчим хоноход ямааны эзэнд би танай ямаа манай хонинд нийлсэн байна гэж хэлэх боломж байсан боловч би хэлээгүй юм. Хонио уруудуулж алдчихсан байсан. Танай нутгаас оллоо гээд олон хонь хөөж ирээд харанхуй болсон учир манай хашаанд хонио хашиж манайд хоноод явж байсан хүн. Ямар ч байсан ирсэн ямаанаас зарж үрсэн зүйл байхгүй. Ямааны эзэнд хэлээгүй эвэрт нь будаг түрхэж тэмдэг тавьсан үнэн, миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Хохирогч Г.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Тахилгат гэх газарт өвөлжиж байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 08-нд манайх хонио алдаад 2019 оны 02 дугаар сарын 12-нд Мөгдөг гэх газраас хонио олж авахад 36 ямаа, 3 хонь дутсан байсан. Дутсан хонь ямаагаа хайгаад явахад 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Мөгдөг гэх газраас /нэрийг нь мэдэхгүй/ айлд манай 26 тооны ямаа байсан. Манай ямаануудыг бүгдийг нь эврийг нь ногоон будгаар будсан байсан. Тэр айл өөрийнхөө малын эврийг ногоон өнгийн будгаар буддаг юм байна лээ. Тэгээд алдсан малынхаа дутууг энэ айлыг авсан гэж бодож гомдол гаргаж байна. Манайх хоёр чих араасаа ухам имтэй байгаа. Зүүн талын эвэрний дотор талд хар өнгийн будагтай. Би алдсан малаасаа зүсээр нь улаан эр ямаа, хүрэн халзан эр ямаагаа мэдэж байна. Бусдыг нь зүсэлж мэдэхгүй байна. Би алдсан малаа хайгаад Мөгдөгийн ойр орчмоор олон хоног явсан. 2019 оны 01 дүгээр сарын 13-нд би 26 ямаа авдаг айл дээр хоночихоод алдсан малаа захиж хэлчихээд явсан. Тэгэхэд надад танай ямаа ирсэн байна гэж хэлээгүй. Сүүлд би 01 дүгээр сарын 26-нд хониор нь ороход манай 26 ямаа байсныг ялгаж авсан. Би алдсан малынхаа дутуу болох 10 ямаа, 3 хонио амьдаар нь олсон тул одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-5-6/
-Гэрч Ж.Алтансувдын: Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин айл юм аа. 2019 оны 01 дүгээр сард яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Манай сумын нэг залуу хонио алдчихсан байсан. Танай нутгаас оллоо гээд олон хонь хөөж ирээд харанхуй болсон учир манай хашаанд хонио хашиж манайд хоноод явсан юм. Тэр үедээ хониноос минь хэдэн ямаа тасарсан байна гэж ярьж байсан. Тэр залууг явснаас хойш удаагүй байхад манай хонинд айлын ямаа ирж нийлсэн талаар би өөрийн хүү Д.Дгаас сонссон. Би хэзээ нийлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд манай хүү ярихдаа эдгээр ямаа нь манай хонинд ямаа нь нийлсэн байсан ахын захиж хэлж байсан ямааны имтэй ижил юм байна гэж хэлж байсан. Тэгээд сүүлд ирж авахаас нь 2 хоногийн өмнө өөрийнхөө ямаанд тавьдаг шиг тэмдгийг ямаануудын эвэрт будаг түрхэж тавьсан байсан. Тэр залуу манайд хоноод явснаас хойш 10 орчим хоногийн дараа манай хониор орж орж ямаагаа таниад 26 тооны ямаа манай хониноос аваад явсан. Харин явахдаа манай ямаа дутуу байна төлж өгөөрэй гэж хэлж байсан.Манай хонинд нийлсэн ямаануудыг бүгдийг нь ногоон өнгийн будгаар будаж тэмдэглэсэн байсан гэсэн. Би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-11-12/,
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын эд зүйлийн үнэлгээ /хх-14/
- Д.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/
- Д.Дгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-25/
- Д.Дгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-28-29/
-Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хариуцлагын талаарх 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 33 дугаартай санал зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Мөгдөг гэх газарт өөрийн хонинд нийлсэн алдуул 6 эр ямаа, 13 эм ямаа, 3 борлон, нийт 26 ямааг иргэн Г.Баасанжавын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж уг ямаануудын эврийг өөрийн малын ижил будгаар будан завшиж 1.590.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Дгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Баасанжав, гэрч Ж.Алтансувд нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Алдуул мал гэдэгт өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүргээсээ тасарч, байнга идээшиж дассан нутаг бэлчээрээсээ алслагдан өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж, хараа хяналтгүй болсон малыг ойлгох ба алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.
Харин хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Д.Д нь шуурганд уруудаж ижил сүргээсээ тасарч өөрийнх нь нутаг бэлчээрт ирсэн алдуул малыг иргэн Г.Баасанжавын өмчлөлийн болохыг мэдсээр атлаа хуульд заасан дээрх иргэний үүргээ биелүүлэлгүй, уг малыг өөрийн эзэмшил, өмчлөлд авах шунахай сэдэлт, зорилгоор ямааны эврүүдийг өөрийн ямааны эврийн адил будгаар будаж хонин сүрэгтээ нийлүүлж гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн үйл баримт тогтоогдоно.
Энэ нь яллагдагч Д.Дгийн “ Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр хониндоо гэрээсээ зүүн урагш явж байхад манай хонинд 26 ямаа нийлсэн байхаар нь хамт хоньтойгоо туугаад гэртээ ирсэн. Тухайн үед би тур ямаануудыг хэний ямаа болохыг мэдэж байсан. Манай амьдардаг газраас баруун зүгт 40 орчим км-т байх Баасанжав гэгч хүний ямаа байсан. Уг ямаануудын эврийг нь өрийн ямаагаа буддаг ногоон өнгийн будгаар будаж өөрсдийн хонь ямаатай ижил болгосон...” гэх,
гэрч Ж.Алтансувдын “манай хонинд айлын ямаа ирж нийлсэн талаар би өөрийн хүү Д.Дгаас сонссон. Би хэзээ нийлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд манай хүү ярихдаа эдгээр ямаа нь манай хонинд ямаа нь нийлсэн байсан ахын захиж хэлж байсан ямааны имтэй ижил юм байна гэж хэлж байсан. Тэгээд сүүлд ирж авахаас нь 2 хоногийн өмнө өөрийнхөө ямаанд тавьдаг шиг тэмдгийг ямаануудын эвэрт будаг түрхэж тавьсан байсан ”
хохирогч Г.Баасанжавын “Дутсан хонь ямаагаа хайгаад явахад 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Мөгдөг гэх газраас /нэрийг нь мэдэхгүй/ айлд манай 26 тооны ямаа байсан. Манай ямаануудыг бүгдийг нь эврийг нь ногоон будгаар будсан байсан. Тэр айл өөрийнхөө малын эврийг ногоон өнгийн будгаар буддаг юм байна лээ...” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай, бүрэн нотлогджээ.
Тодруулбал, алдуул мал завших гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг буюу гэмт этгээдийн алдуул малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч, уг санаагаа хэрэгжүүлж алдуул малыг өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлж завшсанаар тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдах бөгөөд шүүгдэгч Д.Дгийн бусдын өмчлөлийн алдуул ямааг өөрийн ямааны эврийн адил будгаар будаж хонин сүрэгтээ нийлүүлсэн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Иймд шүүгдэгч Д.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул малыг завших гэмт хэргийн бүрэн шинжийг агуулах,мөн прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Баасанжавд учирсан 26 ямааны хохирол биетээр нөхөн төлөгдсөн, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй” гэдгээ хэрэгт мэдүүлжээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын үнэлгээний комиссоос хохирогч Г.Баасанжавын 6 эр ямаа тус бүрийг 100.000 төгрөг , 13 эм ямаа тус бүрийг 60.000 төгрөг, 7 борлон тус бүрийг 30.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Д.Дгийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Түүнд оногдуулах торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү “ гэх хүсэлт, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “ Шийтгүүлсэн этгээд … тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор…торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй ” гэж заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт бөгөөд харин шүүгдэгч Д.Дгийн хувьд 500.000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан дээрх хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хувьд торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага, нөхцөл байдал үүсээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17 5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тэрэгт овогт Д.Дг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Д.Дд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Д дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Д.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Баасанжав гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН