Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 428

 

                      

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00447/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, “Энхбум” хоршооны дарга  Занабазарын Оюунцэцэгт (РД:СР 68072401) холбогдох, 

Нэхэмжлэгч: Улаанбааатар хот Сүхбаатар дүүрэг, Их тойруу 14, МТ-2 дугаар байранд байрлах “Жаст-Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 2 828 825 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани “Энхбум” хоршоотой  96/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулсан юм.
Гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу “Энхбум” хоршоо нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 1 885 883 төгрөг, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл 158 хоногийн алданги 1 489 848 төгрөг, нийт 2 828 825 төгрөгийг “Энхбум” хоршооноос гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дуламханд нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Энхбум” хоршооны дарга З.Оюунцэцэг нь үндсэн төлбөр болох 1 885 883 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 23-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлтийг гаргасан тул манай зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд алданги болох 1 489 848 төгрөгөөс татгалзаж байна гэжээ. (хх-ийн 1, 23 тал)

Хариуцагч “Энхбум” хоршооны дарга З.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дуламхандтай эвлэрэн хэлэлцэж шатахууны төлбөр (2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл) 1 885 883 (хх-ийн нэг сая найман зуун наян таван мянга найман зуун наян гурван) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн заасан хугацаанд төлбөрийг төлнө.
Маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Энэ хэрэгт холбогдуулан гаргах баримт бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 22 тал)

 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК нь хариуцагч  “Энхбум” хоршооны дарга З.Оюунцэцэгээс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 2 828 825 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК нь шүүхэд гаргасан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 2 828 825 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 489 848 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Энхбум” хоршооны дарга З.Оюунцэцэгээс 1 885 883 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч “Энхбум” хоршооны дарга З.Оюунцэцэг нь 1 885 883 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч “Энхбум” хоршооны дарга З.Оюунцэцэгт холбогдох, “Жаст-Ойл” ХХК-ийн  нэхэмжлэлтэй “худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 2 828 825” төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт зохигчид нь 1 885 883 төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.


2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60 212 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 30 106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30 106 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-д, хариуцагч З.Оюунцэцэгээс 30 106 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Жаст-Ойл” ХХК-д тус тус  олгосугай.
3. Хариуцагч З.Оюунцэцэг нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.  
4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ