Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 64

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Хохирогч Б.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тод холбогдох 1930000410064  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын  2 дугаар багийн харьяат, 1973 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Мөнххаан сумын  2 дугаар багийн “Баруун булаг” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛД73122716/ Хөхийд овгийн Б.Т.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Бор овоо” гэх газарт иргэн Б.Энхболдтой нутаг, бэлчээрийн асуудлаас маргалдан, харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

- Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018.11.16-ны өдөр Наранбулаг гэх газраас зүүн хойшоо 700-800 метр газарт нутаг сэлгэх санаатай малын хашаагаа буулгах гэж очиход Энхболд ирээд энд буулгахгүй гэж над руу уурласан. Би энэ нутагт 27, 28 жил амьдарч байна, яагаад буулгахгүй гэж байгаа юм, би цас орохоор оторт гарна, одоохондоо худгаа бараадаж байна гэсэн. Тэгсэн Энхболд уурлаад, авч ирсэн 50-60 см урттай бургасаа бариад над руу дайраад, савчаад байсан. Тэгэхээр нь тэр бургасыг нь татаад, булааж авсан. Тэгсэн чинь эргэж хараад малын хашааны хажууд байсан лоомыг аваад над руу савсан. Баруун буглаганд цохисон.Тэгэхээр нь эргэж хараад гараараа зүүн шанаа хавьд  чихэн тус газар нь цохисон. 

Би 1997 онд айл гэр болсноос хойш өнөөдрийг хүртэл тэр нутагт амьдарч байна. Олон жил намаржиж байна. Миний бодлоор бол манай нутагт хулгана ихтэй байгаа учраас бэлчээрийн гарц муу байгаа. Энхболд тэр нутгийн зүүн урд нь өвөлжиж байсан. Тиймээс салхины дээд талд бууж бэлчээрийн өвс идлээ гэж дургүйцсэн байх. Хохиролд 450,000 төгрөг өгсөн Үйлдсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна...гэв.

- Хохирогч Б.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Төмөрболдыг би түрүүлж цохиогүй. Тухайн үед би бөөлжсөн нь үнэн. Тэр нутагт бууж болно гэж би хэлсэн. Төмөрболдын эхнэр нь хамт байж байсан. Төмөрболд намайг 2 удаа цохисон. Гэтэл цохиогүй гэж яриад байгаа. Энэ талаар би өөрийн санал, хүсэлтээ хэлэх гэж шүүх хуралдаанд орж байгаа. Төмөрболд миний толгой руу 2, 3 удаа цохисон. Сүүлд би өөрийгөө хамгаалах гэж газарт төмөр байхаар нь авч цохисон. Тэгсэн чинь Төмөрболд мод аваад дахиад намайг цохисон. Би шууд газар унаж, амнаас цус гоожсон. Би босож чадахгүй 2, 3 минут хэвтсэн. Тэгээд гэртээ харихад эхнэр сум руу явъя гэсэн. Эмч үзээд толгой чинь доргилттой байна хэвт гээд 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Би 600,000 төгрөгөөр торгуулсан.Би Төмөрболдоос 450,000 төгрөг авсан гэж гарын үсэг зурсан. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний толгой одоо эргэдэг. Мөнххаан сумын эмч үзээд битүү доргилт байна гэж хэлсэн. Толгой ийм болсон учраас гомдолтой, нэхэмжлэх зүйл бол байхгүй...гэв.

- Яллагдагч Б.Тын: Би Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Баруун булаг” гэх газар намаржиж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зүүн хойшоо нутаг сэлгэж буух гэж байсан юм. Тухайн өдрөө малын хашаа ачаад зүүн хойш 700-800 метрт малын хашаагаа буулгаж байхад Мөнххаан сумын 1 дүгээр багийн иргэн Б.Энхболд ирж “танайхыг энд буулгахгүй, хэрэв буувал малыг чинь бэлчээхгүй” гэж уурласан. Тэгэхээр нь би “ямар учраас энд буулгахгүй байгаа юм бэ” гэж асуухад Б.Энхболд “чи эндээс нүү, буулгахгүй” гэж дахин хэлэхээр нь би “цас ортол энд байна аа, цас орохоор отор нүүдэл хийнэ” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Энхболд нь “2019 оны 01 дүгээр сард цас орно, одоо нүү” гэж хэлсэн. Би “юу гэсэн үг вэ? Чи намайг эндээс нүүлгэх ямар шалтгаан байгаа юм бэ” гэж хэлэхэд Б.Энхболд уурлаж унаж явсан мотоциклын суудал дороос 50-60 сантиметр орчим нарийн бургас барьж бууж ирээд миний өөдөөс модоороо савахад нь Б.Энхболдын барьж байсан модыг булааж аваад газар хаяхад Б.Энхболд манай хашааны шон ухахаар авч ирсэн лоомоор миний баруун гарын мөрний доод хэсэгт нэг удаа цохиод дахиад лоомоор цохих гээд байхаар нь би дахин цохиулахгүйн тулд арагшаа бултаж Б.Энхболдын хацар талд нь нэг удаа цохисон ...гэх мэдүүлэг /хх-32-34/,

- Хохирогч Б.Энхболдын: Би Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Бор овоо” гэх газар 3 жил өвөлжиж байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Бор овоо” гэх газарт хонь, ямаагаа хариулаад бэлчээр дээрээ явж байхад манай өвөлжөөтэй 1 километр хүрэхгүй газарт машинтай хүн юм буулгаж байхаар нь би уулзахаар очиход ачааны цагаан машинтай хүн малын хашаа буулгаж байсан. Би “ та манай өвөлжөөтөй дэндүү ойрхон шахаж буулаа” гэж хэлэхэд Б.Т нь “тэр ямар хамаатай юм, чи ямар өмчилж авсан газар юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “бууж болно, хонь мал нийлэх гээд байх байхдаа” гэж хэлэхэд Б.Т мод барьж ирээд намайг модоороо хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би газраас босож газарт байсан төмрийг авч Б.Тыг нэг удаа гарных нь дээд булчин талд цохисон. Б.Т миний толгойн зүүн талд модоор нэг удаа цохиход би газар унасан, босох гэтэл босож чадахгүй байсан. Би цусаар бөөлжиж байсан. Б.Тын машины хажууд очиж “чи миний шилэн хүзүү рүү ил, би бөөлжөөд байна” гэхэд Б.Т миний шилэн хүзүүг илсэн. Б.Т “би боксчин, би чамд хүрнэ” гэж хэлсэн. Тэгээд би “Б.Тоо чи мотоцикл босгочих” гэж хэлэхэд Б.Т миний мотоциклыг босгож өгөхөөр нь би мотоциклоо унаад гэр лүүгээ явсан. Би Б.Тод “толгойгоо бариулмаар байна” гэхэд Б.Т “ чи надтай хамт явж толгойгоо бариул” гэж хэлсэн. Би тухайн үед Б.Ттой хамт яваагүй шууд гэр лүүгээ явсан. Би Б.Тоос эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-10-11/,

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн эмч О.Ариунтөгсийн 2018.11.16-ны өдрийн тодорхойлолт /хх-49/,

- 2018 оны 11 дүгээр зүйлийн 17-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас /хх-50/,

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 144 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Энхболдын биед тархи доргилт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 22/,

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  613 дугаартай нэмэлт дүгнэлтэнд: 1.Б.Энхболдын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 48/,

- Хохирогч Б.Энхболдын эмчилгээний болон бусад зардлын хохирлын жагсаалт /хх-05/

- Энгийн эмийн жор олгосон бичиг /хх-6/

- Б.Энхболдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал төлсөн баримт. № 0001519 /хх-7/

- Б.Энхболдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал төлсөн баримт. № 0000479 /хх-8/

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019.03.28-ны өдрийн 34 дугаартай тодорхойлолт /хх-ийн 38/,

- Шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/

- Б.Тын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/,

-Б.Тоос хохирогч Б.Энхболдод эмчилгээний зардалд 450.000 төгрөг төлсөн баримт.2019.04.08/хх- 53/, 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-55-56/ зэрэг баримтууд болно. 

 

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Бор овоо” гэх газарт иргэн Б.Энхболдтой нутаг, бэлчээрийн асуудлаас маргалдан, харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Тын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Энхболдын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 613, 2019.03.07-ны өдрийн 144 дугаартай дүгнэлтүүд, Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн эмч О.Ариунтөгсийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, Б.Энхболдын эмчилгээний баримт, Б.Тын хохирол төлсөн баримтууд зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хэргийн баримтыг үндэслэвэл,  шүүгдэгч Б.Т,  хохирогч  Б.Энхболд нар бэлчээрийн асуудлаас үл ойлголцон хоорондоо маргалдан, улмаар харилцан зодолдох явцдаа шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Энхболдын зүүн шанаан тус газарт гараараа цохиж биед нь гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоно.

Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Тын “ 2018.11.16-ны өдөр Наранбулаг гэх газраас зүүн хойшоо 700-800 метр газарт нутаг сэлгэх санаатай малын хашаагаа буулгах гэж очиход Энхболд ирээд энд буулгахгүй гэж над руу уурласан. Би энэ нутагт 27, 28 жил амьдарч байна, яагаад буулгахгүй гэж байгаа юм, би цас орохоор оторт гарна, одоохондоо худгаа бараадаж байна гэсэн.  Энхболд уурлаад, авч ирсэн 50-60 см урттай бургасаа бариад над руу дайраад, савчаад байсан. Би тэр бургасыг нь татаад, булааж авсан. Тэгсэн чинь эргэж хараад малын хашааны хажууд байсан лоомыг аваад над руу савсан. Баруун буглаганд цохисон.Тэгэхээр нь эргэж хараад гараараа зүүн шанаа хавьд чихэн тус газар нь цохисон” гэх,

хохирогч  Б.Энхболдын “ 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Бор овоо” гэх газарт хонио хариулаад бэлчээр дээрээ явж байхад манай өвөлжөөтэй 1 километр хүрэхгүй газарт машинтай хүн юм буулгаж байхаар нь би уулзахаар очиход ачааны цагаан машинтай хүн малын хашаа буулгаж байсан. Би “ та манай өвөлжөөтөй дэндүү ойрхон шахаж буулаа” гэж хэлэхэд Б.Т нь “тэр ямар хамаатай юм, чи ямар өмчилж авсан газар юм уу” гэж хэлсэн. Б.Т мод барьж ирээд намайг модоороо хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би газраас босож газарт байсан төмрийг авч Б.Тыг нэг удаа гарных нь дээд булчин талд цохисон. Б.Т миний толгойн зүүн талд модоор нэг удаа цохиход би газар унасан, босох гэтэл босож чадахгүй байсан” гэх мэдүүлгүүд, 

шинжээчийн 613, 144 дугаартай “ Б.Энхболдын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлтүүдээр хэрэгт хангалттай, бүрэн нотлогджээ.

Б.Т гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр түүний цохих үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл, хохирол учирч болох, мөн бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдан хохирогчийн толгойн тус газарт гараараа цохиж цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч Б.Тын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Б.Т хохирогчийн эмчилгээний зардалд 450.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүгдэгч Б.Тын хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба  мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Б.Тын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь тэдгээрийн үл ойлголцол, зүй бус харьцаанаас болсон, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөхийт овогт Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шатанд ялтан Б.Тод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Т дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Ялтан Б.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Энхболд нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.