| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0039/Э/ |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 42
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,Х.Эрдэнэбаатар, Т.Хүдэр,
Шүүгдэгч Г.Б, У.А, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.А нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн 1830001820139 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Баянцогтын 1000-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЛД87101213/ Босоо овгийн Н.Б,
Хоёр. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэчулуун” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЛК97080716/ Хонин овгийн Г.Б
Гурав. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэчулуун” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 76 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, /РД:ЛК95100111/ Бадгар овгийн У.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.Б, Г.Б, У.А нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 05-наас 07-ны хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэчулуун” гэх газраас иргэн О.Баттөрийн 4 тооны үхэр, Т.Хүрэл-Эрдэнийн 1 тооны бяруу, О.Лхагвасүрэнгийн 1 тооны бярууг тус тус тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол,
- 2018 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баянцагаан” гэх газраас иргэн Б.Баатарын 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол,
- 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан-Ус” гэх газраас иргэн С.Энх-Оргилын 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж1.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч Г.Б, У.А нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэнэчулуун” гэх газраас бусдын 1 тооны хүрэн зүсмийн адууг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч Н.Б 2018 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэнэчулуун” гэх газраас бусдын 1 тооны хүрэн зүсмийн адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан,
шүүгдэгч Г.Б нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэчулуун” гэх газраас У.Аын адуунд байсан 1 тооны хүрэн зүсмийн алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: Би Батчулуунаас хонь өгнө гээд эхлээд 400,000 төгрөг, дараа нь 175,000 төгрөг авсан. Батчулуун өгсөн мөнгөө нэхээд адуу юм уу, үхэр өг гээд байхаар нь адуу өгсөн. Би Батчулуунд адуугаа авахаар орой ирэхэд нь буруу гарын мал шүү, хулгайнх гэж хэлсэн нь үнэн. Намайг ингэж хэлэхэд Батчулуун Түмэнцогт суманд баахан мах байгаа, завсар нь хийгээд аваад явчих нь гэсэн. Толгойг нь авах уу гэхэд хэрэггүй, наанаа бул гэсэн. Энэ адууг 2018 оны 03 дугаар сард эзэнгүй байсан адуунаас хүрэн халзан соёолон адуу Адъяабаатартай хамт авсан.
Дараа нь 2018 оны 05 дугаар сард Баттөр, Хүрэл-Эрдэнэ, Лхагвасүрэн нарын 6 тооны үхрийг, Баатарын 1 үхрийг авсан. 2018 оны 07 дугаар сард Энх-Оргилын 2 тооны үхрийг авсан. Баттөр, Хүрэл-Эрдэнэ, Лхагвасүрэн нарын үхрийг бэлчээрээс нь авсан. Би мотоцикльтой очиж авсан. Тэр мотоциклийг аав, ээж цэргээс ирэхэд авч өгсөн. Бичиг баримт нь миний нэр дээр биш. 2018 оны 05 дугаар сарын 25-аас 26-ны хооронд Баатарын 1 тооны үхрийг Адъяабаатар, Батчулуун нартай Энх-Оргилын 2 тооны үхрийг Адъяабаатар, Батчулуун нартай тээврийн хэрэгсэл ашиглаж авснаа зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 2 сая гаруй төгрөг өгсөн. Би анх Батчулуунаас хонь өгнө гэж 575,000 төгрөг аваад адуу өгсөн. Дараа нь Батчулуун үхэр, адуу олоод өг гээд байсан... гэв.
- Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хамгийн анх 3 дугаар сард Галхүү хүнээс мөнгө авсан юм, би мөнгөнийхөө оронд адуу өгөх гэж байгаа юм гээд намайг авч яваад адуунаас халзан морийг барьж авсан.
Дараа нь намайг гэртээ байхад Галхүү мотоциклтой ирж гэрээс авсан. Хүнээс мөнгө аваад оронд нь үхэр өгөх гээд хөөж ирсэн чинь алдчихлаа, явалцаад өг гэсэн. Тэгсэн шорооны тэнд 30 гаруй үхэр байсан. Тэнд Батчулуун, Жамъянсүрэн хоёр байсан. Энэ хүнээс мөнгө авсан, үхэр барьж өгөх гэсэн юм гэсэн. Эхлээд 4 үхэр ачаад дараа нь 2 үхэр ачсан. Галхүү Батчулуунд хулгайн үхэр гэж хэлсэн. Баттөр, Хүрэл-Эрдэнэ, Лхагвасүрэн нарын 6 тооны үхрийг авахад Галхүү бид хоёр мотоциклтой явсан. Галхүү бид хоёр гэрээсээ бугуйл авчирч 6 үхрийг уясан. Энх-Оргилын үхрийг авахад би морьтой явсан. Тэр морио зарсан. Би мал хулгайлж зарсан мөнгөнөөс 150.000 төгрөг авсан.
Сүүлд Галхүү Улаанбаатар хотоос над руу утсаар яриад наагуур чинь үхэр байна уу? Батчулуунд үхэр хэрэгтэй байна гэнэ, наагуураа зохицуулчих, мөнгөний хэрэг байна гэхээр нь энэ хавиар үхэр алга байна гэхэд, Батчулууныг Түмэнцогт сумаас гар гээд хэлчихье, чи наагуураа үхэр зохицуулж байгаарай гэсэн. Манай гэрийн урд хэдэн үхэр байна гэхэд би Батчулуунд хэлчихье гэсэн. Тэгээд Батчулуун орой нь ирсэн.
07 сард Түмэнцогт сумаас Батчулуун, Жамъянсүрэн, Галхүү гурав ирсэн. Өмнө нь наагуур чинь үхэр мал байна уу? харчих гээд утсаар ярьсан. Байхгүй байна гэхэд ямар ч байсан үхэр зохицуулаарай, орой Түмэнцогт сумаас Батчулуун, Жамъянсүрэн бид гурав гарна гэсэн. Орой утсаар яриад ирчихлээ гэхээр нь би морьтой гарч очсон. Тэгээд олон үхрийг хашаанд хашиж байгаад 2 үхэр барьсан. Батчулуун оройны 11 цагт ирээд машинаа хол тавиад, бид 2 үхрээ бариад хөтөлж аваачиж машин ачсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...гэв.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 онд хадлан дээр Галхүүтэй танилцсан. 2017 оны 11 дүгээр сард мал авч байхад Галхүү төлөг өгнө гэж 400,000 төгрөг надаас авсан. Дараа нь 175,000 төгрөг авсан. 2018 оны 02 дугаар сараас эхлэн мөнгөө Галхүү рүү шилжүүлсэн. Би машинаа зарж, өөр машин авах гээд Галхүүгээс малаа авъя гээд хүрэн халзан морь авсан. Памбагтай Түмэнцогт сумаас гараад Сүхбатынд ирсэн. Тэгээд Сүхбаттай очсон. Би цагаан өнгийн “Пробокс” машинтай очсон. Тэгэхэд хүрэн халзан морь хазаартай, чөдөртэй байхаар нь авч явсан. Хэний морь юм гэхэд манай тамгатай, манай морь гэсэн. Галхүү бид хоёр нядлаад, би аваад явсан. Энэ адууг 450,000 төгрөгөөр авсан. 575,000 төгрөгийнхөө 400,000 төгрөгт нь тооцоод, 50,000 төгрөг нэмж өгсөн.
Дараа нь Баттөрийн дүү Энх-Оргилын 2 үхрийг Галхүүгээс ирж авсан. Би Галхүүд 1,100,000 төгрөг шилжүүлсэн байсан учраас ирж мал авсан. Авсан мөнгө нь ийм болсон. Миний хар дансны дэвтэрт байгаа.Шүдлэн үхрийг 250,000, бярууг 180,000 төгрөгт тооцож авсан. 1,100,000 төгрөгт 5 үхэр авсан. Хаврын үхэр эцэнхий байдаг. Галхүү өөрөө тэгж бодож ав гэсэн. Хязаалан үхрийг нь борлуулаад мөнгийг нь өгнө гээд Галхүүд өгөөгүй. Эдгээр үхрийг Жамъянсүрэнтэй ирж авч явсан. Хүнээс мал авна гээд бензин хийгээд явдаг. Олон тооны үхэр өгсөн учраас хулгайнх гэж бодоогүй. Гэхдээ сэжиг төрж байсан.
Дараа нь Баатарын алаг хязаалан үхрийг авсан. Галхүү над руу яриад мөнгөний хэрэг байна, би Улаанбаатар хотоос ирж байна, Мөнххаан суманд явж байна гэж ярьсан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй байна гэхээр үхрийг нь борлуулаад 400,000 төгрөг өгсөн. Би Адъяабаатартай бол ярьж байгаагүй, Галхүүтэй л ярьсан. 05 дугаар сард Баатарын үхрийг хулгайлахад дүү Энхбаатартайгаа Түмэнцогт сумаас мотоциклтой явсан. Мал аваад ирье гээд Болдоогийн машиныг гуйж явсан.
Дараа нь хар хязаалан үхэр, улаан хязаалан үхэр авсан. Намайг Улаанбаатар хотод хүн тээвэрт явж байхад Галхүү над руу утсаар яриад үхэр өгмөөр байна гэсэн. Тэгээд намайг Нарантуул зах дээр явж байхад ирж уулзаад, Түмэнцогт сумаар дамжиж манай гэрээр ороод, Жамъянсүрэн ахтай Түмэнцогт сумаас ирж авсан.
Би Галхүүгийн гэрийг нь мэдэхгүй, зам дээр ирээд та яриарай гэдэг. Хохиролд нийт 1,818,000 төгрөг өгсөн. Батхүрэлд 760,000 төгрөг, Энх-Оргилд 600,000 төгрөг, Баатарт 300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дулмаад 150,000 төгрөг өгсөн.Олон тооны мал хулгайлж авсан гэдгээ зөвшөөрөхгүй байна. Хүмүүсийн хулгайн малыг авсандаа гэмшиж байна...гэв.
- Хохирогч О.Баттөрийн: Манайх 2018 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэнэчулуун” гэх газар нутаглаж байсан. 2018 оны 05 дугаар сарын 05-наас 07-ны хугацаанд 4 үхэр хулгайд алдагдсан. Алдагдсан үхэр гэвэл ухаа зүсмийн оодон сүүлтэй хязаалан насны эр үхэр, хар зүсмийн шүдлэн насны эр үхэр, мухар манхин улаан халзан зүсмийн шүдлэн насны эр үхэр, бидэртэй хүрэн зүсмийн шүдлэн насны эр үхэр тус тус алга болсон. Дээрх үхрүүд нь баруун чих араасаа ухам, зүүн чих имгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Хохирогч Т.Хүрэл-Эрдэнийн: Манайх 2018 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэнэчулуун” гэх газар нутаглаж байсан. Адъяабаатарын аав Ууганбаяр нь надаас сувай үнээ худалдаж аваад 2017 оны хавар надад тугалах үнээ өгсөн. Уг үхэр нь Ууганбаярын үхэрт тугалсан бөгөөд үнээ, тугалаа авалгүй байлгаж байгаад үнээг нядлаад, тугалыг нь Ууганбаярын үхэрт үлдээчихсэн байсан юм. 2018 оны 05 дугаар сард байх Ууганбаяр нь чиний бяруу чинь алга болсон шүү гэсэн. Миний бяруу бол ухаа алаг зүсмийн охин бяруу байсан. Уг бяруу бол миний эзэмшлийн бөгөөд Ууганбаярын үхэрт байсан. Би Г.Бд ямар нэгэн бяруу өгөхгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13, 2-р хавтаст хэргийн 26/,
- Хохирогч О.Лхагвасүрэнгийн: Манай хадам аав Цэгмид гэж хүн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан чулуу” гэдэг газар нутагладаг бөгөөд тэнд өвөөгийнх нь манай хүүд өгсөн нэг үнээ байдаг юм. Тэр үнээнээс гарсан алаг зүсмийн бяруу 2018 оны хавар 05 дугаар сард алга болсон гэж Ууганбаяр гэж манай хадам ах над руу утсаар ярьж байсан. Тэгээд тэр хэд ойролцоо нутгаараа эрээд олохгүй байна гэж ярьж байсан.Миний бяруу амьд байгаа болохоор бяруугаа авна...гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
- Гэрч Ц.Цэгмидийн: Манайх Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэчулуун” гэх газар 2018 оны 05 дугаар сард нутаглаж байсан юм. 2018 оны 05 дугаар сарын эхээр манай үхрээс хүрэн зүсмийн охин бяруу алга болсон бөгөөд уг бяруу нь манай хүргэн Лхагвасүрэнгийн эзэмшлийнх юм. Ойр хавиар эрж хайсан боловч олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
- Гэрч Э.Тунгалагболорын: 2018 оны 05 дугаар сард яг өдрийг нь мэдэхгүй байна, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвд Батчулуунаас 2 тооны охин бярууг, 1 бярууг 250.000 төгрөгт тооцож, 500.000 төгрөгт худалдаж авсан. Бярууны зүс им нь хүрэн зүстэй охин бяруу, бөөр алаг хүрэн зүстэй охин бяруу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
- Гэрч Г.Жаргалсайханы: Н.Б 2018 оны 05 дугаар сард байх 2 тооны үхэр ачиж манай гэрийн гадна ирээд “хүнээс авсан юм, танай гэрийн гадна нядалъя” гэхээр нь би морь уяж байгаа учраас гэрийнхээ гадна нядлуулахгүй, харин манай хуучин нутаг хашаан дээр очиж нядал гээд явуулсан. Нядалсан газар нь үхрийн гэдсийг арилгалгүй шууд хаячихсан байхаар нь “үхрийн гэдсийг яагаад арилгаагүй байгаа юм” гэхэд “арилгаж амжихгүй байна” гэж байсан. Тухайн үед үхэр өгсөн эзэн гэх Галхүү гэдэг залуутай хамт байсан учраас ямар нэгэн сэжиг төрөөгүй. 2018 оны 05 дугаар сард буюу 2 тооны үхэр авчрахаас өмнө 4 тооны үхэр манай үхэрт нийлүүлчихсэн байсан. Оройдоо хашаад өдөртөө гаргаж идүүлж байсан бөгөөд “энэ үхэрнүүд чинь алга болчихно, хурдан ирж ав, би үхэр маллах завгүй байна” гэхэд нэг өдөр ирж 4 үхрийг нядлаад махыг нь ачаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
- Гэрч Э.Жамъянсүрэнгийн: 2018 оны 05 дугаар сарын эхээр байх яг өдрийг нь санахгүй байна. Н.Б нь “хүнээс мал худалдаж авч байгаа, чи яваад өгчих” гэхээр нь би өөрийн эзэмшлийн 97-81 СҮА улсын дугаартай цэнхэр өнгөтэй Портер маркийн авто машинтай Н.Бы хамт Түмэнцогт сумын төвөөс 18 цагийн үед гарч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас баруун зүгт 50 орчим километр газар ирээд засмал зам дээр зогсож байгаад хүн рүү утсаар ярьсан чинь нэг залуу мотоциклтой ирсэн. Уг хүнийг Галхүү гэсэн. Галхүү нь Батчулуунтай уулзаж байгаад буцаж ирэхдээ Адъяабаатартай хамт ирээд “дагаад яв” гэхээр нь араас нь дагаж явахад хонхор газар ирээд үхэр хурааж байгаад 6 тооны үхэр бугуйлдаж бариад машиндаа ачаад Батчулуун бид хоёр Түмэнцогт сум руу явж Түмэнцогт сумын төвөөс зүүн урд зүгт 20 орчим километрт байх Батчулууны хадмынд 6 үхрийг буулгаад сумын төв рүү явсан. Надад ямар нэгэн мөнгө өгөөгүй. 40 литр түлш машинд хийсэн. Батчулуун нь надад ярихдаа Галхүү надаас мөнгө авсан юм. Ээж ааваасаа нууж өгч байгаа юм гэж хэлж байсан. Хулгай хийж байна гэж бодоогүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
- 9781 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машины 00950231 дугаартай, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрэл зураг /2 хх- 73- 75/
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ/ малын/ хх- 63-64,
- Хохирогч О.Баттөрийн “ Хохирол төлөгдсөн тухай” баримт / 2хх- 115/
- Н.Бы хохирогч О.Баттөрийн хохиролд 760.000 төгрөг төлсөн баримт/ Хаан банкны 2019 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн Орлогын мэдүүлэг/,
- Хохирогч Т.Хүрэл-Эрдэнийн “ Хохирол төлөгдсөн тухай” тодорхойлолт / 1хх- 56/,
- Хохирогч О.Лхагвасүрэнгийн “ Хохирол төлөгдсөн тухай” хүсэлт, мөнгөн шилжүүлгийн баримт / 1хх- 57/,
- Хохирогч Б.Баатарын: Манайх 2018 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр баг Баянцагаанд нутаглаж байсан юм. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай хүүхэд хонхны баяртай байсан бөгөөд уг өдөр малаа услаад гаргасан. Харин 2018 оны 05 дугаар сарын 26-ны өглөө үхэрт байсан ухаа алаг зүстэй соёолон насны эр үхэр алга болсон байсан. Ойр хавиар хайсан боловч олоогүй юм. Би үхрээ орон нутгийн тухайн үеийн ханшаар үнэлнэ. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг 1 /хх-ийн 72-73/,
- Хохирогч Б.Баатарын “ Г.Б, У.А нар хохирол төлсөн тухай” тодорхойлолт / 2хх- 116/
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ/ малын/ хх- 105/,
- Хохирогч С.Энх-Оргилын: Манай гэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс баруун зүгт 60 километрт Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан-Ус” гэх газар нутагладаг юм. 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд манай 40 орчим тооны үхэрнээс зүүн чих цуулга, араасаа ухам имтэй хязаалан насны хар зүстэй үхэр, им адил хязаалан насны улаан зүсмийн үхэр тус тус хулгайд алдагдсан юм. Манай гэр засмал замаас урд зүгт 2 километр орчимд нутаглаж байсан бөгөөд үхэр гэрээс хойд зүгт засмал замтай ойролцоо бэлчиж байсан юм. Тухайн үедээ эрж хайсан боловч олоогүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 113/,
- Гэрч Б.Ширчингийн:...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бойн дээр мал мах аваад байж байтал надтай хамт махны ченж хийдэг Зулаа гэдэг хүн над руу утсаар яриад “манай танил хүн үхрийн мах өгнө гэнэ, тэрийг авчаарай” гээд над руу явуулсан байсан. Тэгсэн Жамъянсүрэн, Батчулуун хоёр ирээд хар, улаан 2 үхрийн мах өгсөн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 121/,
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ/ малын/ 1 хх- 150,
- Хохирогч С.Энх-Оргилын “Г.Б, У.А нар хохирол төлсөн тухай” тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт / 2хх- 117- 118/,
- Шүүгдэгч Н.Бы хохирогч С.Энх-Оргилд хохиролд 600.000 төгрөг төлсөн баримт/ Хаан банкны 2019 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн Орлогын мэдүүлэг/,
- Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дулмаагийн: Миний бие Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай юм. Тус сумын Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг “Эрдэнэчулуу” гэх газраас Г.Бгийн бусадтай бүлэглэн 1 тооны адууг хулгайлсан гэх үйлдэлд орон нутгийн тамгын газраас төлөөлж нэхэмжлэгчээр оролцож байна. Миний хувьд нэхэмжлэлээ дэмжиж үнэлгээний комиссын үнэлгээгээр гарсан 450.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 158/,
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/75 дугаартай “ Нэхэмжлэгч томилох тухай” захирамж/ 1 хх- 156/,
- Гэрч Б.Энхбаатарын: Засмал замаар баруун зүгт явж байгаад Галхүү гэх залуу мотоциклтой ганцаараа амдаж аваад дагуулаад хойд зүгт явсаар байгаад хонхор газарт ирсэн чинь хүрэн халзан морь чөдөртэй байсан. Уг морийг Батчулуун, Сүхбат, Галхүү нар нядлаад гэдэс толгойг нь хаясан...гэх мэдүүлэг /хх-ийн 159/,
- Гэрч Д.Сүхбатын: Манай гэр 2018 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг 4 дүгээр багийн нутаг Орион гэх газарт буюу Баруун-Урт сумын төвөөс баруун хойд зүгт 40 гаруй километрт нутаглаж байсан. ...Батчулуун нь утсаар ярьж байгаад ирсэн бөгөөд Памбага гэж дууддаг залуутай ирж архи уусан юм. Энэ үед манай гэрээс баруун хойд зүгт 30 орчим километрт нутаглах Галхүү гэх залуутай Батчулуун нь утсаар яриад байсан. Батчулуун нь “Галхүү надаас адууны мөнгө авсан юм адуугаа очиж авна, Галхүүгийн гэрийг заагаад өгчих” гэхээр нь Галхүүгийн нутаглах газрыг нь мэднэ гээд Батчулууны машинд суугаад засмал замаар явж байгаад засмалаас бууж Галхүүгийн гэр рүү явдаг салаа зам дээр 23 цагийн үед ирж зогсож дахин архи уусан. Удалгүй Галхүү нь мотоциклтой ирсэн бөгөөд нэг сэрсэн чинь зам барихад шороог нь авч байсан нүхэнд ирчихсэн байхаар нь би цасан дээр хэвтчихсэн. Галхүү, Батчулуун нар нь адуу нядлаад байж байсан. Удалгүй адуугаа нядлаад дууссан гэхээр нь би машинд суугаад манай гэр рүү явсан. ...Очиход адууг барьчихсан нүхэнд уячихсан байсан. Ямар тамгатай байсныг анзаараагүй. Батчулуун, Галхүү нар хоорондоо юу ярьсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Болдбаатарын: Ж.Энхбат нь манай малчин байсан юм. Би 55-10 СҮА улсын дугаартай цагаан өнгийн портер машинтай. Би машинаа хэн нэгэнд зараагүй. Энхбат нь миний машиныг ойр зуур унадаг байсан. Ж.Энхбат, Батчулуун нар нь хамаатан юм. Түмэнцогт сумын харьяат Эрдэнэбаяр гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг/ 1 хх- 84-85/,
- 5510 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машины 01726336 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ,гэрэл зураг/2 хх- 75-77/
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ/ малын/ 1 хх- 179/ ,
- Н.Бы иргэний нэхэмжлэгчийн хохиролд 150.000 төгрөг төлсөн баримт/ Хаан банкны 2019 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг/,
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Зарлал.2018.08.20./1хх- 180/
- Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дулмаагийн: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэнэчулуун” гэх газраас 1 тооны адуу 2017 оны 10 дугаар сарын үед Г.Б завшсан гэх үйлдэлд орон нутгийн тамгын газраас төлөөлж нэхэмжлэгчээр оролцож үнэлгээний комиссын үнэлгээгээр 380.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 187/,
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/73 дугаартай “ Нэхэмжлэгч томилох тухай” захирамж/ 1 хх- 185/,
- Гэрч У.Аын: Манай адуунд 2017 оны хавар буюу 4 сарын орчимд хүрэн зүстэй шүдлэн насны үрээ ирж ижилссэн юм. Уг адуу хэний адуу болохыг мэдээгүй бөгөөд ойр хавьд нутагладаг хүмүүсээс асууж байсан юм. Харин Галхүү нь 2017 оны 10 дугаар сарын орчимд ирээд манай адуунд ирсэн алдуул малыг гуйгаад байхаар нь өгөхгүй гэсэн чинь адуунаас барьж аваад аймгийн төв орж маханд зарчихсан байсан. Адуунаас барьж байгааг мэдээгүй бөгөөд Галхүү нь аймаг руу адуу зарсан гэхээр нь хаанаас адуу зарсан талаар асуухад манай адуунд ирсэн эзэнгүй адууг зарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 188/,
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ/ малын/ 1 хх- 193/ ,
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Зарлал.2018.08.20./1хх- 194/
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/116 дугаартай “Г.Б, У.А нар хохирол төлсөн тухай “ албан бичиг,
- Төрийн банкны 2019 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг,
- Төрийн сангийн 2019 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн Орлогын дансны хуулга зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Н.Б, Г.Б, У.А нар бүлэглэн, Э.Жамъясүрэнгийн 9781 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машин, шүүгдэгч Г.Бгийн Даюунг маркийн мотоциклийг тус тус ашиглан 2018 оны 05 дугаар сарын 05-наас 07-ны үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэчулуун” гэх газраас иргэн О.Баттөрийн баруун чих урдаасаа ухам, зүүн чих имгүй ухаа зүсмийн оодон сүүлтэй хязаалан насны эр үхэр, хар зүсмийн шүдлэн насны эр үхэр, мухар манхин улаан халзан зүсмийн шүдлэн насны эр үхэр, бидэртэй хүрэн зүсмийн шүдлэн эр үхэр иргэн Т.Хүрэл-Эрдэнийн ухаа алаг зүсмийн охин бяруу, О.Лхагвасүрэнгийн бөөр алаг хүрэн зүстэй охин бярууг тус тус хулгайлж, нийт 2.800.000 төгрөгийн хохирол,
2018 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Ц.Болдбаатарын эзэмшлийн 5510 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машин, шүүгдэгч Г.Бгийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклийг тус тус ашиглаж Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “ Баянцагаан ” гэх газраас иргэн Б.Баатарын ухаа алаг зүстэй соёолон насны эр үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол,
2018 оны 07 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд Э.Жамъясүрэнгийн 9781 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машин, шүүгдэгч У.Аын хонгор зүсмийн морийг ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан-Ус” гэх газраас иргэн С.Энх-Оргилын зүүн чих цуулга, араасаа ухам имтэй хязаалан насны хар зүстэй үхэр, хязаалан насны улаан зүсмийн үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Г.Б, У.А нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэнэчулуун” гэх газраас бусдын хүрэн зүсмийн соёолон адууг хулгайлж иргэний нэхэмжлэгчид 450.000 төгрөгийн хохирол учруулан, шүүгдэгч Г.Б, У.А нар 11 бод, шүүгдэгч Н.Б 10 бод мал буюу олон тооны мал тус тус хулгайлсан гэмт хэргийг,
шүүгдэгч Н.Б 2018 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэнэчулуун” гэх газраас бусдын хүрэн зүсмийн соёолон адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан,
шүүгдэгч Г.Б нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ Эрдэнэчулуун ” гэх газраас У.Аын адуунд байсан хүрэн зүсмийн алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж иргэний нэхэмжлэгчид 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Б, У.А, Н.Б нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч О.Баттөр, Т.Хүрэл-Эрдэнэ, О.Лхагвасүрэн, Б.Баатар, С.Энх-Оргил, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дулмаа, гэрч Г.Жаргалсайхан, Ц.Цэгмид, Э.Тунгалагболор, У.Жамъянсүрэн, Б.Ширчин, Б.Энхбаатар, Д.Сүхбат нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ, 9781 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машины 00950231 дугаартай, 5510 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машины 01726336 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд болон гэрэл зураг зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүйг дурдъя.
Тухайн гэмт хэргүүд үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Н.Б, Г.Б нар нь зарж борлуулан ашиг, хонжоо олох, зээлсэн мөнгөө өгөх буюу өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор мал хулгайлах талаар урьдчилан харилцан тохиролцон, У.Ат мал хайх, олох үүрэг өгч гэмт хэргийг зохион байгуулан, Н.Б нь өөр орон нутгаас машин хөлслөн тухайн орон нутагт газар товлон уулзан, Г.Б, У.А нь өөрсдийн мотоцикль, уналгыг ашиглан хамтдаа малыг тууж хашаанд оруулах, Н.Бы машинд зөөж ачих зэргээр мал хулгайлах үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн, шүүгдэгч Н.Б нь Г.Бгийн “ буруу гарын адуу шүү “ хэлж өгсөн буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүний өгсөн хүрэн зүсмийн адууг авсан, шүүгдэгч Г.Б нь У.Аын адуунд нийлсэн алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч бусдад зарж борлуулсан үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч нар “2018 оны 05 дугаар сарын 05-аас 07-ны хооронд Баттөр, Хүрэл-Эрдэнэ, Лхагвасүрэн нарын 6 тооны үхрийг хулгайлах санаа, зорилгогүй ирсэн. Галхүүд зээлдүүлсэн 1.100.000 төгрөгийн өртгөнд мал авах утсаар яриад ирсэн.Үхэр хулгайлчхаад байж байгаарай гэж хэлээгүй. Үхрээ авахдаа энэ надад хулгайн үхэр өгчихлөө, гэхдээ би мөнгийг нь өгсөн юм чинь хулгайнх биш гэсэн байр сууринаас хандсан“ гэж гэм буруугийн талаар мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Тухайлбал, Г.Б нь Н.Бтай үхэр өгөх талаар гар утсаар ярилцахдаа ” би гэрээсээ нууж өгч байгаа шүү, Баруун- Урт сумаас Мөнххаан сум руу явах засмал замын 63 километрийн баганын орчим ирээд залгаарай“ гэж урьдчилан мэдэгдсэн, үхрийг барьж ачихдаа “ буруу гарын үхэр шүү, надад үхэр мал байхгүй, дээрх 6 үхэрнээс оодон сүүлтэй ухаа зүсмийн үхрийг надад мөнгө болгоод өг, бусад 5 үхрийг урьд авсан мөнгөний өрөнд өгч байгаа ” гэж хэлсэн, мөн шөнийн цагаар, бэлчээрээс үхэр авч байгаа, мөн 2018 оны 03 дугаар сард Г.Бгээс авсан адууг хулгайн гэдгийг мэдэж авч байсан зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл, тэдгээрийг дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоно.
Тэрээр өөрөө ч үүнийгээ үгүйсгээгүй, энэ талаар “ тухайн үед буруу гарын юм өгчихлөө гэж бодож байсан. Мөнгө авсан юм чинь хулгайн юм гэж бодоогүй. Г.Б, У.А нарын гэрээр ороогүй, 21 цагийн орчимд очиж, хөдөө бэлчээрээс нь авсан “ гэж хэрэгт мэдүүлжээ.
Шүүгдэгч нар гэмт хэргийг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэдгээр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа малыг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авах, завших зэргээр бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Н.Б, Г.Б, У.А нарын бүлэглэн, бусдын 10 тооны үхэр, 1 адууг хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу олон тооны мал хулгайлах, шүүгдэгч Г.Бгийн бусдын алдуул малыг авсан үйлдэл нь “ алдуул мал завших” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Н.Бы бусдын 1 адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан нь “мөнгө угаах ” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэмт хэргийн бүх шинжийг агуулах бөгөөд прокуророос тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Баттөрд учирсан 1 хязаалан эр үхэр, 3 шүдлэн эр үхрийн нийт 2.300.000 төгрөг, Т.Хүрэл-Эрдэнийн 1 бярууны 250.000 төгрөг, О.Лхагвасүрэнгийн 1 бярууны 250.000 төгрөг, Б.Баатарын хязаалан эр үхрийн 900,0 төгрөг, С.Энх-Оргилийн 2 хязаалан эр үхрийн 1.800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн соёолон насны морины 450.000, шүдлэн насны үрээний 380.000 төгрөгийн хохирлууд бүгд бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлж, хүсэлтээ гаргасан байна.
Хохирогч нарын малын үнийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Эд зүйлийн үнэлгээний комиссоос гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн сарын үнэлгээгээр тогтоожээ/1 хавтасны 63-64, 105,151,179, 193 тал/.
Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, харин гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа, мөн бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.
Дээрх мал хулгайлах сэдэлт, санаа, зорилгыг шүүгдэгч Н.Б, Г.Б нар санаачлан, шүүгдэгч У.Аыг мал хайх, олох, хөөх зэрэг үүрэг өгч хэрэгт оролцуулан, олсон орлогыг хуваах авах зэргээр гэмт хэргийг удирдан, зохион байгуулан, нэгдэж үйлдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн тэдгээрийн үүрэг, оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага, ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх буюу тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохирно.
Г.Б, У.А нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болох тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “ Г.Б, У.А нар хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү “ гэх хүсэлтийг шүүх хангаж, шүүгдэгч Г.Б, У.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар тогтоолоо.
Харин шүүгдэгч Н.Бы өмгөөлөгчийн “ Н.Б бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү “ хүсэлтийг хангах үндэсгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл нь “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” этгээдэд хамааралтай зохицуулалт бөгөөд Н.Б нь шүүгдэгч Г.Б, У.А нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 05-наас 07-ны үед иргэн О.Баттөрийн 3 үхэр, Т.Хүрэл-Эрдэнийн 1 бяруу, О.Лхагвасүрэнгийн 1 бярууг авсан үйлдэл хулгайн гэмт хэрэг биш, Г.Бд өгсөн мөл, махны мөнгөндөө авсан” гэж гэм буруугийн талаар маргаж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялуудыг, шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг хуульд заасны дагуу нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тогтооно.
Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.
Г.Б, Н.Б, У.А нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Э.Жамъясүрэнгийн 9781 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машин, Ц.Болдбаатарын 5510 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машин, шүүгдэгч Г.Бгийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоцикль, шүүгдэгч У.Аын хонгор зүсмийн морийг тус тус ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу дээрх тээврийн хэрэгсэл, уналгыг улсын орлогод оруулах нь хуулийн шаардлагад нийцнэ.
Энэ талаар шүүх өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын гаргаж буй “ Тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийг Батчулуун өөрийн санаачлагчаар авчирсан учраас тэдгээрийн үнийг Батчулуунаас гаргуулж, хонгор морины үнэ болох 800,000 төгрөгийг Галхүү, Адъяабаатар нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай “ гэх хүсэлтийг шүүх үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Г.Б, Н.Б нар мал хулгайлах талаар гар утсаар ярьж, тохиролцон, Н.Б нь биеэр авч явах боломжгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Э.Жамъясүрэнгийн 9781 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машиныг хөлслөн Түмэнцогт сумаас 2 удаа, Ц.Болдбаатарын 5510 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машинтай 1 удаа болзсон газарт ирж, шүүгдэгч Г.Б, У.А нар өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөнд хүрэх зорилгоор Даюунг маркийн мотоцикль, хонгор зүсмийн мориор малыг хөөж, туух, хаших зэргээр хулгайлах үйлдэлдээ тээврийн хэрэгсэл, уналгын ашигласан нь хэрэгт хангалттай нотлогдсон байна.
Тодруулбал, бод малын жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр бод малыг хөөж, туух, барих, зөөвөрлөх боломжгүй учраас шүүгдэгч нар мотоцикль, морь, машин ашигласан байх ба тухайн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэгдэх боломжгүй, тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдах нь зүйтэй.
Харин 9781 СҮЭ улсын дугаартай, 5510 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машинууд нь бусдын өмчлөлийн, шүүгдэгч Г.Бгийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоцикль эвдэрч үгүй болсон, У.Аын хонгор зүсмийн морь идшинд хэрэглэгдсэн байх тул эдгээр тээврийн хэрэгсэл, уналгын үнийг гаргуулах нь зүйтэй болно.
Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр иргэн Э.Жамъясүрэнгийн 9781 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машиныг 6.000.000 төгрөг, Ц.Болдбаатарын 5510 СҮЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машиныг 7.500.000 төгрөг, шүүгдэгч Г.Бгийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклийг 300.000 төгрөг, Уулбаян сумын Эд зүйлийн үнэлгээгээр У.Аын хонгор зүсмийн морийг 800.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба дээрх 14.600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 4.866.666 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгын үнийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал У.Аын 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/09, Г.Бгийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/10, Н.Б 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/11 тоот тогтоолуудыг тус тус хэвээр үргэлжлүүлж, 9781 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машиныг битүүмжилсэн 05/07, 5510 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машиныг битүүмжилсэн 05/08 дугаартай Прокурорын тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Бы цагдан хоригдсон 61 хоногийг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох ба шүүгдэгч Г.Б, У.А нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Босоо овогт Н.Б, Хонин овогт Г.Б, Бадгар овогт У.А нарыг бүлэглэн, олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
шүүгдэгч Босоо овогт Н.Быг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
шүүгдэгч Хонин овогт Г.Бг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 8/найм/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан,тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ялтан Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн 2 сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 30 хоног буюу 1 сараар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Б, Н.Б, У.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Н.Бы цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Б, Н.Б, У.А нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Б, Н.Б, У.А нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга болох 9781 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машины үнэ 6.000.000 төгрөг, 5510 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машины үнэ 7.500.000 төгрөг, Даюунг маркийн мотоциклийн үнэ 300.000 төгрөг, хонгор зүсмийн морины үнэ 800.000 төгрөг, нийт 14.600.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 4.866.666 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Ялтан Г.Б, У.А нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч О.Баттөрийн 2.300.000 төгрөг, Т.Хүрэл-Эрдэнийн 250.000 төгрөг, О.Лхагвасүрэнгийн 250.000 төгрөг, Б.Баатарын 900.000 төгрөг, С.Энх-Оргилийн 1.800.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгчийн 830.000 төгрөгийн хохирлууд бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Ялтан нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгын үнийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн У.Аын 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/09, Г.Бгийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/10, Н.Б 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/11 тоот тогтоолуудыг тус тус хэвээр үргэлжлүүлж, 9781 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машиныг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05/07 дугаартай, 5510 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машиныг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05/08 дугаартай Прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН