| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0070/Э/ |
| Дугаар | 69 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 69
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Р.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Сэд холбогдох 1930001510084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цайрт менерал” ХХК-д шаазан шүүлтүүрчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын 217 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ84080717/ Адаа овгийн Р.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Р.С нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын 217 тоотод иргэн С.Эрдэнэзулыг зодож, эрүүл мэндэд нь “баруун хацарт зулгаралт, 2 хөлний дунд чөмөг, өгзөгний хэсгийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Р.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 20019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн үед би Баянжаргалынд очсон. Намайг очиход 0.75 граммын архи уугаад дуусаж байсан. Надад 7,000 төгрөг өгөөд би 5,000 төгрөг нэмээд нэг шил архи авчирч уусан. Тэгсэн Баянжаргалын дүү гээд нэг залуу ирсэн. Баянжаргал танай руу явъя, эхнэр ирлээ гэсэн. Манай руу очоод тэр архийг ууж байтал манай дүү орж ирээд ахаа таамбарт чинь хүн шээж байна гэсэн. Тэгсэн Эрдэнэзул байсан. Би яаж байгаа юм гадаа гараад шээхгүй гээд босгох гэж татахад босохгүй байсан болохоор нь баруун гуя руу нь хоёр өшиглөөд, чирч гаргаад таамбарынхаа хаалгыг түгжсэн. Эрдэнэзулыг тэр өдөр л харсан. Жирэмсэн гэдгийг нь мэдээгүй, курткээ гэдсээрээ уяасан байсан. Намайг очиход согтуу байсан. Прокурорын шатанд байхад хохирогчтой 2 удаа очиж уулзсан. Төрчихөөд согтуу байсан.Хохирогчид биед хөнгөн хохирол учруулснаа зөвшөөрч байна.Хохиролд 500,000 төгрөг өгсөн.Уучлал гуйсан. Гэмшиж байна...гэв.
- Яллагдагч Р.Сын: Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө гэртээ амарч байгаад өдөр 11 цагийн үед хамт ажилладаг Ж.Баянжаргал ахын гэр рүү очсон. Тэнд С.Эрдэнэзул гэх эмэгтэй, мөн хамт ажилладаг Мөнх-Очир, Баянжаргал гурав нэг шил архи уугаад дуусч байсан бөгөөд Мөнх-Очир надад 7.000 төгрөг өгөхөөр би 5.000 төгрөг нэмээд 1 шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архи дэлгүүрээс авч тэрийгээ Мөнх-Очир, С.Эрдэнэзул, Ж.Баянжаргал бид 4 ууж дуусгаад гарах гэж байтал гаднаас Цогтоо гэдэг Ж.Баянжаргал ахын таньдаг залуу “Ерөөл” нэртэй 1 шил архи авчирч өгчихөөд явсан.Тэрийгээ уух гэтэл Ж.Баянжаргал ах манай эхнэр одоо ирж байгаа бүгдээрээ өөр тийшээ явъя гэхээр би тэр хэдийг дагуулаад гэр рүүгээ явсан. Тэгээд манай гэрт очоод Цогтоогийн авчирж өгсөн архийг ууж дууссан. Тэгтэл 14-15 цагийн орчим байх миний танил Түвшээ гэдэг дүү гаднаас орж ирээд “ахаа гэрийн чинь үүдэнд эмэгтэй хүн шээж байна” гэж хэлсэн. Тэгээд гараад хартал цуг ирсэн С.Эрдэнэзул гэх эмэгтэй гэрийн хаалганы хойд талд шээж байсан бөгөөд би “гэрт шээдэг нь яаж байгаа юм бэ, гадаа гараад гараад шээ” гэхэд босохгүй шээгээд байхаар нь 2 удаа бөгс, гуя руу нь өшиглөж ганцаараа таамбараас хувцаснаас чирж байгаад гаргасан. Буцаад гэр рүүгээ ороход Баянжаргал, Мөнх-Очир 2 сууж байсан. Удалгүй гараад хартал нөгөө хүүхэн яваад өгсөн байсан. Би С.Эрдэнэзулын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-26-28/
- Хохирогч С.Эрдэнэзулын: Би тухайн үед 8 сартай жирэмсэн байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянжаргал, Сүхбат нартай архи согтууруулах ундаа хэрэглэж ууцгаасан юм. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Р.С нь нэг танихгүй залуутай сууж байтал Сүхбат нь салхинд гаръя гээд тэр танихгүй залуутай хамт Сүхбат бид хоёр машинтай аймгаас зүүн урагш 2 км орчим газар яваад зогстол Сүхбат нь урд талын суудлаас хойд талын суудал руу сууж надтай хамт сууж байгаад надтай маргалдаж байгаад намайг жирэмсэн юм байна гээд зүүн талын хөл рүү хэд хэдэн удаа өшиглөж өөрөө машины хаалга нээгээд намайг түлхэж буулгасан. Би тэр газраас гэр рүүгээ явган гүйж орой 21 цагийн орчим ирсэн. Маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны гэртээ байж байтал өвдөлт өгөөд байхаар нь эмнэлэгт дуудлага өгч 16 цагийн орчим эмнэлэг дээр очиж өөрөөрөө төрж 2 кг 250 грамм хүүтэй болсон. Тэгээд эмнэлгийн байгууллага цагдаагийн газарт мэдэгдэж одоо шалгагдаж байна. Намайг ганцхан Р.С зодож эрүүл мэндэд хохирол учруулсан. Р.С нь миний зүүн талын хөл, хавирга, шанаа зэрэг газарт гараараа цохиж зодсон. Одоо миний биеийн байдал хэвийн байна. Би Р.Стай харилцан тохиролцон 500.000 төгрөг авсан. Тийм болохоор миний зүгээс гаргах санал хүсэлт гомдол байхгүй. Би тухайн үед архи уусан байсан Р.Сын гэрийн үүдэнд шээсэн талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан гаднаас эмэгтэй хүүхэд орж ирээд нэг юм яриад байсан. Миний санаж байгаагаар намайг машинд сууж байхад жирэмсэн юм байна гээд зодсон шиг санаад байгаа юм. Гэрийн үүдэнд шээлээ гээд зодсон ч байж магадгүй. Би тэр талаар сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-3-4/
- Гэрч Ж.Баянжаргалын: 2019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 08.30 цагийн үед Эрдэнэзул эрүүл орж ирсэн. Тэгсэн араас нь Мөнх-Очир 0.75 литрийн архи бариад ороод ирсэн. Түүнийг уух гэж байтал Р.С ороод ирсэн. Тэгээд архиа ууж дуусаагүй Сүхбатынх руу явсан. Тэнд очоод нөгөө шилтэй архиа ууж байтал шээс гэж яриад байсан шиг санагдаад байна. Сайн санахгүй байна. Тэгээд би орой 19.00 цагийн үед Мөнх-Очиртой гэртээ унтаж байтал Эрдэнэзул охинтойгоо орж ирээд цүнхээ аваад гараад явсан. Түүнээс хойш уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-5/
- Гэрч Г.Энэбишийн: 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 10 минутанд 103 буюу яаралтай тусламжаар жирэмсэн эмэгтэй ирж төрсөн. С.Эрдэнэзул нь 34-35 долоо хоногтой буюу 8 сартай ирж дутуу төрсөн. С.Эрдэнэзулаас хоносон архины эхүүн үнэр үнэртэж байсан. Мөн зүүн талын хөлний гуяны гадна тал, баруун хөлний гуяны гадна талаар хөхөрсөн байсан. Хацар дээрээ хуучны шалбархайтай байсан. Жирэмсэн эхээс ус гарсан байсан. Мөн умайн базлалт өгч 30 минут болоод төрсөн. Ургийн ус гараад төрөлтийн 2 дугаар үе эхэлж ирсэн. Базлалт даралт ихтэй ирсэн. Цочрол авсан үед эхэс ховхорсон үед дутуу төрдөг. Эхэс ховхроогүй байсан...гэх мэдүүлэг /хх-8-9/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 177 дугаартай дүгнэлтэнд: С.Эрдэнэзулын биед баруун хацарт зулгаралт, 2 хөлний дунд чөмөг, өгзөгний хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. С.Эрдэнэзулын дутуу төрсөн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй..гэжээ /хх-ийн 15-16/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/132 дугаартай тодорхойлолт /хх-29/
-Цайрт минерал ХХК-ны тодорхойлолт /хх-30/
- Р.Сын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-31/
- Р.Сын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-35-36/
- Хохирогч С.Эрдэнэзулын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-42/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаартай санал /хх-43/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Р.С нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын 217 тоотод иргэн С.Эрдэнэзулыг гэрийн үүдэнд шээлээ гэж шалтгаанаар өшиглөн зодож эрүүл мэндэд нь “баруун хацарт зулгаралт, 2 хөлний дунд чөмөг, өгзөгний хэсгийн цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Р.Сын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Эрдэнэзул, гэрч Г.Энэбиш, Ж.Баянжаргал нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 177 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Р.С, хохирогч С.Эрдэнэзул нар хамт архи уух үедээ хохирогч С.Эрдэнэзулын гэрийнх нь үүдэнд шээсэн зүй бус үйлдлийн улмаас түүний баруун хөл, өгзөг рүү өшиглөж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдоно.
Энэ нь тухайн хэрэг гарах үед байсан гэрч Ж.Баянжаргалын ” 2019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 08.30 цагийн үед Эрдэнэзул эрүүл орж ирсэн. Араас нь Мөнх-Очир 0.75 литрийн архи бариад ороод ирсэн. Түүнийг уух гэж байтал Р.С ороод ирсэн. Тэгээд архиа ууж дуусаагүй Сүхбатынх руу явсан. Тэнд очоод нөгөө шилтэй архиа ууж байтал шээс гэж яриад байсан шиг санагдаад байна. Сайн санахгүй байна...гэх,
хохирогч С.Эрдэнэзулын “ Би тухайн үед архи уусан байсан Р.Сын гэрийн үүдэнд шээсэн талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан гаднаас эмэгтэй хүүхэд орж ирээд нэг юм яриад байсан. Миний санаж байгаагаар намайг машинд сууж байхад жирэмсэн юм байна гээд зодсон шиг санаад байгаа юм. Гэрийн үүдэнд шээлээ гээд зодсон ч байж магадгүй. Энэ талаар сайн санахгүй байна. Намайг ганцхан Р.С зодож эрүүл мэндэд хохирол учруулсан. миний зүүн талын хөл, хавирга, шанаа зэрэг газарт гараараа цохиж зодсон “ гэх,
шүүгдэгч Р.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Намайг Баянжаргалынд очиход 0.75 граммын архи уугаад дуусаж байсан. Надад 7,000 төгрөг өгөөд би 5,000 төгрөг нэмээд нэг шил архи авчирч уусан. Баянжаргал танай руу явъя, эхнэр ирлээ гэсэн. Манай руу очоод тэр архийг ууж байтал манай дүү орж ирээд ахаа таамбарт чинь хүн шээж байна гэсэн. Тэгсэн Эрдэнэзул байсан. Би яаж байгаа юм гадаа гараад шээхгүй гээд босгох гэж татахад босохгүй байсан болохоор нь баруун гуя руу нь хоёр өшиглөөд, чирч гаргаад таамбарынхаа хаалгыг түгжсэн “гэх,
177 дугаартай “ С.Эрдэнэзулын биед баруун хацарт зулгаралт, 2 хөлний дунд чөмөг, өгзөгний хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хангалттай нотлогджээ.
Р.С нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг өшиглөж зодсоноор биед нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Р.Сын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Р.С нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Эрдэнэзулд учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа хэрэгт “ Намайг ганцхан Р.С зодож эрүүл мэндэд хохирол учруулсан. Би Р.Стай харилцан тохиролцон 500.000 төгрөг авсан. Миний зүгээс гаргах санал хүсэлт гомдол байхгүй “ гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Р.Сын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Р.Сын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Р.Сад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адаа овгийн Р.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Р.Сад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Р.С дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Р.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Эрдэнэзул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН