| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0071/Э/ |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 70
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч З.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Хд холбогдох 1930000000083 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг “Шаварт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,РД:ЛЕ98113016, Баруун хээрнүүд овгийн З.Х
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч З.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчим Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаварт” гэх газарт иргэн Б.Зоригтыг хүрзний толгойгоор цохиж, эрүүл мэндэд нь “нүүрний хэсгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч З.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дэлгүүрт өртэй байсан болохоор ямаа самнаад илүү гарсан 1 кг 400 грамм ноолуурыг нь би тэр өрөндөө өгсөн юм. Ноолуурыг нь авснаа мэдээд аавыг загнаж, уурлах байх гэж бодоод аавд хэлэлгүйгээр өгсөн. Аав нэг шил архи уучихаад ноолуураас болж намайг зодож, бөгс рүү 2 өшиглөсөн. Тэгсэн ээж намайг гэрээс гараад байж бай гэсэн. Намайг гэрээс гарахад аав гэрээс гарч ирээд дахиж намайг өшиглөж, гэр тойруулж туусан. Тэгээд гэр тойроод зугтааж байтал хүрзний толгой таарахаар нь аваад аавыг цохисон. Аавдаа гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Аавын биеийн байдал одоо гайгүй байгаа,оёдлоо авахуулсан байгаа. Гэмшиж байна...гэв.
- Яллагдагч З.Хгийн: Би 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ аав, ээжийн хамт ямаагаа самнасан юм. Нийт самнасан ямааныхаа ноолуурыг 25 килограммын уутанд хийсэн бөгөөд уг уут нь дүүрэхээр нь илүү гарсан 1 кг 400 гр ноолуурыг тусд нь шар гялгар уутанд хийсэн юм. Тэгээд би маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 04-ний орой сум явахдаа аав, ээж хоёртоо хэлэлгүй уг гялгар ууттай ноолуурыг аваад явсан юм. Учир нь би суманд дэлгүүрт сэлбэг аваад өр тавьсан байсан учир дээрх ноолуурыг аваачиж мөнгөнд өгсөн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө ээждээ ноолуур авч яваад суманд аваачиж өгсөн талаар хэлсэн юм. Тэгтэл орой 19 цагийн үед гадаа хурга, ишгээ тавьж хөхүүлээд гэртээ орж иртэл манай аав Зоригт нь архи уусан нэлээд халамцуу байсан юм. Тэгээд надад уурлаад чи хэлэхгүй ноолуур хүнд аваачиж өглөө гээд намайг загнахаар нь би хүнд өртэй байсан, тэгээд ноолуур авч явсан талаараа хэлсэн юм. Аав уурлаад миний бөгсөн биө рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн юм. Тэгтэл ээж намайг чи гараад гадаа байж бай гэхээр нь гэрээсээ гараад гадаа зогсож байтал аав араас гарч ирээд мөн миний бөгсөн бие рүү хоёр удаа өшиглөсөн тэгэхээр нь би гэрээ тойроод ааваас зугтаж байтал хөлд хүрзний толгой таарахаар нь уг хүрзний толгойг шүүрч аваад эргэж хараад аавын нүүрэн тус газарт нэг удаа цохисон юм. Аав нүүрээ дараад суухаар нь гэрт оруулаад харсан чинь хоёр нүднийх нь голд зүссэн байсан. Тэгээд сум руу түргэн дуудаж эмнэлэг ирж үзээд сум орж оёдол тавиулсан юм” гэх мэдүүлэг /хх-29-30/
- Хохирогч Б.Зоригтын: Би 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ямаагаа самнаад ноолуураа уутанд хийгээд илүү гарсан 1 кг 400 гр ноолуурыг тусад нь шар уутанд хийгээд тавьсан байсан. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гадаа байсан хэдэн борлонгоо самнаад уг ноолуураа шар ууттай ноолууртайгаа нийлүүлээрэй гэж эхнэртээ хэлээд хониндоо явсан юм. Хонинд явж ирээд ноолуураа сум руу аваачиж өгөхөөр болж өмнөх ноолуураа нийлүүлсэн үү гэж эхнэрээсээ асуусан чинь өмнөх ноолуурыг манай хүү Хишигдалайг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сум орохдоо хүнд өгсөн байна гэж хэлсэн. Би уурлаад Хишигдалайтай уулзах гэтэл малдаа явсан байхаар нь би тэр чигээрээ сум явж ноолуураа өгөөд дэлгүүрээр орж 1 шил 0.5 литрийн Ерөөл архи нэгийг авч гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд уг архиа ганцаараа уугаад сууж байтал манай эхнэр хүү хоёр хурга, ишгээ тавиад гэртээ орж ирэхээр нь хүүдээ хандан “чи хүнд хэлэхгүй ноолуур өглөө” гэж загнасан чинь өөдөөс “би хүнд өртэй байсан юм” гэхээр нь би уурлаад бөгсөн бие рүү нь өшиглөөд дайрсан чинь гэрээс гараад зугтаасан. Араас нь гарч эргэж өшиглөтөл гэр тойроод зугтахаар араас нь хөөж байтал гэнэт эргэж хараад нүүрэн тус газарт цохисон. Тэгээд нүүрнээс халуун юм гоожоод байхаар нь гэрт орж ирээд хартал хоёр нүдний хооронд нэлээд зүсэгдсэн цус гоожоод тогтохгүй болохоор нь манай хүү сум руу түргэн утсаар дуудаж түргэн ирээд намайг сум руу авч явж оёдол тавьсан юм. Би тухайн үед нэг шил архи ганцаараа уусан байсан учир нэлээд халамцуу байсан. Гэхдээ болсон явдлаа санаж байна. Хүрзний толгой манай гэрийн баруун талын хаяанд байгаад байдаг байсан. Тухайн үед тэр газартаа л байсан байх. Би тухайн үед архи уугаад нэлээд халамцуу байсан учир өөрийн хүүгээ загнаж гар хүрсэн байна. Энэ бүх явдалд миний буруу зүйл байгаа. Тиймээс би хүүдээ гомдол санал болон нэхэмжпэх ямар нэгэн зүйл байхгүй. Би хөдөө Наран суманд малаа хардаг. Одоо мал төллөж байгаа учир шүүх хуралд сууж чадахгүй...гэх мэдүүлэг /хх-7-8/
- Гэрч П.Энхцэцэгийн: 2019 оны 04 дүгээр сарын 05-ны орой манай нөхөр Зоригт сум яваад орой 18 цагийн үед ирэхдээ нэг шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авч ирээд гэртээ ганцаараа уугаад байсан. Тэгэхээр нь би гарч хүүтэйгээ хурга, ишгээ тавиад гэртээ орж иртэл манай нөхөр Зоригт нь хүү Хишигдалайд хандан “чи хэл зэлгүй гэрийнхээ ноолуурыг хүнд өглөө ” гэж хэлэхэд хүү Хишигдалай “би хүнд өртэй байсан юм” гэж хэлсэн. Тэгтэл аав нь уурлаад хүүгийнхээ цээжин тус газарт гараараа нэг удаа цохисон. Цохих үед манай хүү газар ойчоод босож иртэл аав нь дахиад цээжин тус газарт хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би болиулаад хүүгээ гэрээс нь түлхээд гаргасан чинь аав нь дахиад араас нь хөөгөөд гарсан. Тухайн үед гадаа нэлээд харанхуй болж байсан ойролцоогоор 19 цагийн үед байх. Гадаа гараад аав нь хүүгийнхээ араас өшиглөж байсан ба би хорьж дийлэхгүй гэрийнхээ зүүн урд талд зогсож байтал манай хүү гэрээ тойроод ааваасаа зугтаж байгаад гэрийн баруун талд хөлд нь хүрзний толгой таарахаар аавыгаа уг хүрзний толгойгоор нүүрэн тус газарт нь цохисон байсан. Тухайн үед бол би хараагүй аавынх нь нүүрнээс цус гоожиж байхаар гэрт оруулаад харахад хоёр нүдний хооронд зүсэгдсэн байсан. Тэгээд манай хүү уйлаад байхаар нь эмч дууд гэж хэлтэл сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн юм. Эмч ирж үзээд оёдол тавих шаардлагатай байна гэж сум руу авч яваад оёдол тавиулж ирсэн...гэх мэдүүлэг /хх-11/
- Э мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-02/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-3-5/
- Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн нэгдлийн хүний их эмч У.Баатарын эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-13/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаартай дүгнэлтэнд: Б.Зоригтын биед нүүрний хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэжээ /хх-ийн 14 /
- Хохирогч Б.Зоригтын гэмтлийн гэрэл зураг /хх-15/
- Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08/39 дугаартай тодорхойлолт /хх-31/
- З.Хгийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/
- З.Хгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/
- ууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-40-41/
- Хохирогч Б.Зоригтын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-44/
- З.Хгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-48/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дугаартай санал /хх-49/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч З.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаварт” гэх газарт гэр бүлийн маргаанаас эцэг Б.Зоригтын нүүрэн тус газарт хүрзний толгойгоор цохиж эрүүл мэндэд нь “нүүрний хэсгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь З.Хгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Зоригт, гэрч П.Энхцэцэг нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн нэгдлийн хүний их эмч У.Баатарын эмчийн үзлэгийн тэмдэглэл, хохирогч Б.Зоригтын гэмтлийн гэрэл зураг зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэвэл, шүүгдэгч З.Х нь өөрийн эцэг Б.Зоригтын согтуурсан үедээ өөрийг нь өшиглөж, зодсон зүй бус үйлдлийн улмаас гэр тойрон зугатаж, хөөгдөж байх явцдаа гэрийн хаяанд байсан хүрзний толгойгоор нүүрэнд нь цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоно.
Энэ нь тухайн хэрэг гарах үед байсан хамт байсан гэрч П.Энхцэцэгийн “манай нөхөр Зоригт нь хүү Хишигдалайд хандан “чи хэл зэлгүй гэрийнхээ ноолуурыг хүнд өглөө ” гэж хэлэхэд хүү Хишигдалай “би хүнд өртэй байсан юм” гэж хэлсэн. Тэгтэл аав нь уурлаад хүүгийнхээ цээжин тус газарт гараараа нэг удаа цохисон. Цохих үед манай хүү газар ойчоод босож иртэл аав нь дахиад цээжин тус газарт хөлөөрөө өшиглөсөн. Гадаа гараад аав нь хүүгийнхээ араас өшиглөж байсан ба манай хүү гэрээ тойроод ааваасаа зугтаж байгаад гэрийн баруун талд хөлд нь хүрзний толгой таарахаар аавыгаа уг хүрзний толгойгоор нүүрэн тус газарт нь цохисон байсан “ гэх,
хохирогч Б.Зоригтын “ Би гэртээ ирээд архиа ганцаараа уугаад сууж байтал манай эхнэр хүү хоёр хурга, ишгээ тавиад гэртээ орж ирэхээр нь хүүдээ хандан “чи хүнд хэлэхгүй ноолуур өглөө” гэж загнасан чинь өөдөөс “би хүнд өртэй байсан юм” гэхээр нь би уурлаад бөгсөн бие рүү нь өшиглөөд дайрсан чинь гэрээс гараад зугтаасан. Араас нь гарч эргэж өшиглөтөл гэр тойроод зугтахаар араас нь хөөж байтал гэнэт эргэж хараад нүүрэн тус газарт цохисон. Тэгээд нүүрнээс халуун юм гоожоод байхаар нь гэрт орж ирээд хартал хоёр нүдний хооронд нэлээд зүсэгдсэн цус гоожоод тогтохгүй болохоор нь манай хүү сум руу түргэн утсаар дуудаж түргэн ирээд намайг сум руу авч явж оёдол тавьсан “ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 201 дугаартай “ Б.Зоригтын биед нүүрний хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт зэргээр хэрэгт хангалттай нотлогджээ.
З.Х нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүрзээр цохиход бусдын эрүүл мэндэд гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн нүүрэнд хүрзээр цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч З.Хгийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зоригтод хөнгөн хохирол учирсан, тэрээр хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй талаараа “Би тухайн үед архи уугаад нэлээд халамцуу байсан учир өөрийн хүүгээ загнаж гар хүрсэн байна. Энэ бүх явдалд миний буруу зүйл байгаа. Тиймээс би хүүдээ гомдол санал болон нэхэмжпэх ямар нэгэн зүйл байхгүй “ гэж хэрэгт мэдүүлжээ.
З.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
З.Хгийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч З.Хгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд З.Хд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрзний толгойг шүүгдэгч З.Х буцаан авах хүсэлт гаргасан тул түүнд буцаан олгохоор тогтоолоо.
Шүүгдэгч З.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баруун хээрнүүд овгийн З.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан З.Хд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан З.Х дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол хэсэгтээ 9 см урттай цууралт, иш хэсгийн дугуй хэсэгт хээ мэт зүйлтэй, 42 см урттай, 24 см өргөн төмөр хүрзний толгойг ялтан З.Хд буцаан олгосугай.
6. Ялтан З.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Зоригт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН