| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2017/0057/З |
| Дугаар | 298 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 298
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Альшаа хайрхан” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “... Ашигт малтмалын газрын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5-3978 дугаар албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгсөн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус газрын хууль бус үйл ажиллагааны улмаас илүү төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү болох 1,467,042,800 /нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэргэн, Ж.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Манлай, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, У.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Альшаа хайрхан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэргэн өмгөөлөгч К.Манлай нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Манай компани нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутат дахь ХV-009141 тоот Цагаан хайрханы алтны шороон ордны болон Номгон сумын нутагт байрлах ХV-011602 тоот Сүүж уулын графитын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбайд хийсэн ажлын тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /цаашид “ЭБМЗ” гэх/-өөр хэлэлцүүлэхээр 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус зөвлөлд хүргүүлсэн. Мөн дээрх тусгай зөвшөөрлүүдийн сүүлийн буюу 9 дэх жилийн хугацаа нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусах байсан тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Ашиглалтын өмнөх гэрээ /цаашид “Гэрээ” гэх/ байгуулах хүсэлтээ 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст гаргасан.
Тус газраас 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, нөөцийг улсын бүртгэлд бүртгээгүй байгаа тул гэрээ байгуулах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Улмаар ХV-009141 “Цагаан хайрханы алтны шороон орд” болон ХV-011602 “Сүүж уулын бал чулууны орд”-ын хайгуулын ажлын нөөцийн тооцооны тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХХ-02-02 дугаар, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ХХ-04-02 дугаар хурлаар тус тус хэлэлцэж, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар улсын нөөцөд бүртгэснээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 078 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах” журамд заасан баримт бичиг Ашигт малтмалын газраас тавьсан шаардлага хангагдсан тул гэрээ байгуулах боломжтой болсон юм.
Гэтэл “Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт нөөц бүртгүүлсэн орд дээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж болно, гэрээнд ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулахыг тусгана гэж гэрээ байгуулах талбай, гүйцэтгэх ажлыг маш тодорхой заасан байдаг. Гэтэл танай гэрээ байгуулах хүсэлт гаргасан талбай том байгаа тул гэрээ байгуулах боломжгүй” гэсэн хариуг Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5-3726 дугаар албан бичгээр ирүүлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд талбай, түүний хэмжээг зохицуулсан утга бүхий нэг ч үг, өгүүлбэр байхгүй боловч манай хүсэлтийг удаа дараа шийдвэрлэхээс татгалзаж байсан тул бид талбайгаа 3-5 дахин багасгаж, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулах хүсэлтээ дахин гаргасан ч 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5-3978 дугаар албан бичгээр өмнөхтэй адил хариу ирүүлсэн. Энэ хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж гэрээ байгуулах асуудлыг зохицуулсан 23 дугаар зүйл 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, өмнө нь нийт 9 жил хүртэл сунгаж болдог байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 10-12 дахь жилийн сунгалт хийж болох зохицуулалтууд тусгагдсан.
Улмаар Ашигт малтмалын газрын гэрээ байгуулах боломжгүй гэсэн хууль бус эс үйлдэхүйгээ засаж, гэрээ байгуулахыг хүсч удаа дараа гомдол гаргахад тус газраас Ашигт малтмалын газрын Захиргааны зөвлөлийн хуралдаанаар гомдлыг шийдвэрлэсэн тухай 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг бүртгүүлсэн хэсэгтээ Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл өгч, үлдсэн хайгуулын тайлбайд шинээр орсон заалтын дагуу 10-12 дахь жилийн сунгалтыг хийж болно гэсэн хариу ирсэн.
Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 10-12 дахь жилийн төлбөр нь нэг га тутамд 5 ам.доллар бөгөөд хэрвээ гэрээ байгуулагдсан бол манай компани тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг нэг га тутамд 1.5 ам.доллароор тооцож 3 жил төлөх ёстой байсан ч зохих шийдвэр гарахаас өмнө тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах эрсдэлтэй байсан тул түүнээс зайлсхийж шаардлагын дагуу 5 ам.доллароор тооцож төлбөрийг байршуулсан болно. Бид энэхүү ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй хууль бус эс үйлдэхүйн талаар 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Уул уурхайн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамнаас 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “...Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсээс гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгсөн нь хуулийн үндэслэлгүй байсан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөс өмнө “Альшаа хайрхан” ХХК-тай Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжтой байсан байна...” гэсэн хариу ирүүлснээс харахад манай байгууллагын үйл ажиллагаанаас болж тухайн үед тус гэрээг байгуулах боломжгүй болсон зүйл огт байгаагүй болох нь тоггоогдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхлэхээс өмнө дээрх тусгай зөвшөөрлийн талбай дээр манай компаниас хууль болон холбогдох журмын шаардлагыг бүрэн хангаж гаргасан хүсэлтийн дагуу Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах бүрэн боломжгой байсан байна. Ашигт малтмалын газарт хууль зөрчсөн үйлдлийнх тухай дээд шатны захиргааны байгууллагынх нь дүгнэлтийг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй юм.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгэзр зүйлд “2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 07 дугаар
сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр төлнө” гэж заасны дагуу манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед хүчин төгөлдөр байсан 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулж, мөн хуулийн 23.4 болон 32.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө 3 жилийн хугацаанд нэг га тутамд 2175 төгрөг (төлбөрөө доллароор төлсөн бөгөөд тухайн үеийн ханшаар 1.5 ам.доллар гэсэн үг юм) төгрөгөөр тооцож төлөх боломжтой байсан юм.
Өмнө дурдсанчлан Ашигт малтмалын газрын хууль зөрчсөн эс үйлдэхүйг үл зөвшөөрч маргах хугацаанд тусгай зөвшөөрлөө цуцлуулах эсрдэлтэй байсан тул тус газрын шийдвэрийн дагуу манай компани ХV-9141, ХV-11602, ХV-018977 (тус тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 02-ны 523 тоот шийдвэрээр XV-11602 тоот тусгай зөвшөөрлийг хувааж олгосон) тоот тусгай зөвшөөрлүүдийн 10-12 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр болгож 1.467.042.800 /нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийн төлбөрийг Ашигт малтмалын газрын дансанд байршуулсан ба тодруулбал 10 дахь жилийн төлбөрийг 1.5 ам доллараар бодож, 11, 12 дахь жилүүдийн төлбөрийг 5 ам доллараар бодож байршуулсан юм.
Ингэснээр манай ХV-009141 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийн зөрүү нь 129.858.024 /зуун хорин есөн сая найман зуун тавин найман мянга хорин дөрөв/ (бид 12 дахь жилийн төлбөрийг төлөөгүй), ХV-11602 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 11, 12 дахь жилийн төлбөрийн зөрүү 1.311.768.105 /нэг тэрбум гурван зуун арван нэгэн сая долоон зуун жаран найман мянга нэг зуун тав/ төгрөг, XV-18977 тоот тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөрийн зөрүү 25.416.669 /хорин таван сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран ес/ төгрөг болж байгаа бөгөөд энэхүү зөрүү төлбөрийг гаргаж өгнө үү хэмээн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны 1/1932 дугаар албан бичгээр манай хүсэлтийг хүлээж авах боломжгүй тухай мэдэгдсэн.
Тус баримт бичигт “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар бүлэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг зааж өгсөн бөгөөд, тодруулбал хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн
дагуу жил бүр төлнө” 32.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.3-д “Тусгай зөшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй гэж” тус тус хуульчилсан байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.
Дээрх баримт бичигт дурдсан бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуны үндэслэл нь манай компаниас тус газарт хүргүүлсэн албан бичигт дурдсан хүсэлттэй агуулгын хувьд холбоогүй юм. Манай компанийн хүсэлт нь Ашигт малтмалын хуулийн 5 дугаар бүлэгт заасны дагуу төлбөрөө төлнө, гэхдээ Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулагдаагүй нь манай компаниас бус Ашигт малтмалын газрын хууль тогтоомж зөрчсөн эс үйлдэхүйгээс шалтгаалсан тул төлбөрийн хэмжээг гэрээ байгуулсан үед боддог аргачлалын дагуу тооцож өгөх тухай байсан юм.
Ашигт малтмалын газар хууль зөрчсөн болохыг дээд шатны төрийн захиргааны төв байгууллага нь ч хүлээн зөвшөөрч энэ тухай манай компанид албан тоотоор ирүүлснийг ч хүсэлтийнхээ үндэслэл болгон хавсаргасан байдаг.
Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны 1/1932 дугаар албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандсан болно.
Иймд Ашигт малтмалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг байгуулсанд тооцуулж, тус газрын хууль бус үйл ажиллагааны улмаас илүү төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү болох 1.467.042.800 /нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг Ашигт малтмалын газраас гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэргэн, өмгөөлөгч К.Манлай нар нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа:
“...Ашигт малтмалын газрын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5-3978 дугаар албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрын хууль бус үйл ажиллагааны улмаас илүү төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү болох 1,467,042,800 /нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, У.Сүхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...“Альшаа хайрхан” ХХК-иас Ашигт малтмал, Газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсанд тооцуулж, тус газрын хууль бус ажиллагааны улмаас төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү 1.467.042.800 /Нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуун төгрөг/-ийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэг. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсанд тооцуулах тухай нэхэмжлэлийн тухайд: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан хайрхан нэртэй 96162 гв1сгар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-9141 тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн С.Мөнхтүвшинд анх олгосон ба ГУУКГ-ын даргын 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 698 дугаар шийдвэрээр “Альшаа хайрхан” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна. Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн сумдын нутаг Дарцагт нэртэй 290322.33 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-11602 тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Альшаа хайрхан” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-9141, XV-11602 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2613 дугаар шийдвэрээр 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1361 дүгээр шийдвэрээр 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна. Дээрхи сунгалтууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэг “Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
“Альшаа хайрхан” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-9141 тоот тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан ба Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр 76513.97 гектар талбайг буцаан өгсөнийг бүртгэж үлдэж байгаа 19497.64 гектар талбайг ХV-9141 тоот
тусгай зөвшөөрлийн хавсралтанд бичиж тэмдэглэсэн байна. Мөн ашигт малтмалын хайгуулын ХV-11602 тоот тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан ба Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр 163213.97 гектар талбайг буцаан өгсөнийг бүртгэж үлдэж байгаа 127108.36 гектар талбайг ХV-11602 тоот тусгай зөвшөөрлийн хавсралтанд бичиж тэмдэглэсэн байна. “Альшаа хайрхан” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-9141 тоот тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 524 дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан хайрхан нэртэй 512.32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-18978 тоот тусгай зөвшөөрлийг тус компанид олгосон байна. Мөн ашигт малтмалын хайгуулын ХV-11602 тоот тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МУ-18976 тоот тусгай зөвшөөрлийг, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV- 20667 тоот тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна. Ашигт малтмалын ашиглалтын МV-18978 тоот тусгай зөвшөөрөл олгогдсоноор ашигт малтмалын хайгуулын ХV-9141 тоот тусгай зөвшөөрлийн талбай 2 хуваагдаж ашигт малтмалын хайгуулын ХV-18979 тоот тусгай зөвшөөрөл үүссэн байна. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан хайрхан нэртэй 2771.52 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ХV-18979 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна. Дээр дурьдсан Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдээс үзэхэд Апьшаа хайрхан ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-9141 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хугацааг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан заалтын дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаагаар тооцож 3 жилийн хугацаагаар сунгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 12 жил байх тул дахин сунгах болон хууль буцаан хэрэглэж ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсанд
тооцуулах эрх зүйн зохицуулалт байхгүй юм.
Хоёр. Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус ажиллагааны улмаас төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү 1.467.042.800 /Нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуун төгрөг/-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд: 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дах хэсэгт “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах” гэж заасан ба мөн хуулийн 23 дугаар зүйлд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж эхлэх хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна” гэж тус тус заасан байна.
Мөн хуулийн 23 дугаар зүйлд “хайгуулын явцад ашигт малтмалын орд тогтоогдож нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ” гэж тодорхойлж байсан байна. Дээрх тодорхойлтоос үзэхэд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахад тухайн талбай дээрх нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлага тавьсан байна. Гэтэл “Альшаа хайрхан” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-9141, ХV-11602 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах үед буюу 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нөөц батлуулаагүй байсан ба ордын нөөцийг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн н-71 тоот тушаалаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд /өөрчлөлт орохоос өмнөх/ заасан шаардлага хангаагүй тул ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулалгүйгээр АМТХ-д орсон 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн өөрчлөлтөд нийцүүлэн ашигт малтмалын хайгуулын ХV-9141, ХV-11602 тоот тусгай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал сунгасан байна.
Иймд “Альшаа хайрхан” ХХК-иас Ашигт малтмал, Газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсанд тооцуулж, тус газрын хууль бус ажиллагааны улмаас төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү 1.467.042.800 /Нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуун төгрөг/-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Альшаа хайрхан” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрын хууль бус үйл ажиллагааны улмаас илүү төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү болох 1,467,042,800 /нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 698 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Цагаанхайрхан нэртэй газар 96162 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-9141 тоот тусгай зөвшөөрлийг иргэн С.Мөнхтүвшингээс “Альшаа хайрхан” ХХК-д шилжүүлэн олгожээ.
Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн сумдын нутагт орших Дарцагт нэртэй газарт 290322.33 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-11602 тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Альшаа хайрхан” ХХК-д анх олгосон байна.
Улмаар дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 2613 дугаар шийдвэрээр 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 161 дүгээр шийдвэрээр 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.
2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах...”, 23 дугаар зүйлд 23.1-т “...Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ”, 23.2-т “...Ашигт малтмалын ордыг ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна”, 23.3-т “...Ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан
ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна”, 23.4-т “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23.2-т заасан хугацаанд мөн хуулийн 32.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилийн төлбөр төлнө” гэж тус тус заасан байна.
Нэг. Ашигт малтмалын газрын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5-3978 дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Альшаа хайрхан” ХХК-иас “...манай компанийн зүгээс хууль болон холбогдох журамд заасан шаардлагыг тухайн үед бүрэн хангаж, ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт өгснийг хариуцагчийн зүгээс үндэслэлгүй татгалзсаны улмаас бид ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж чадалгүй хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг арга буюу 3 дахь удаагаа сунгуулсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
“Альшаа хайрхан” ХХК нь анх 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хандаж “ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай” хүсэлтээ илэрхийлсэнд хариуцагчийн зүгээс 2014 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 5-716 тоот албан бичгээр “...гэрээ байгуулахад шаардлагатай материалын бүрдэл дутуу байх тул гэрээ байгуулах боломжгүй байна...” гэсэн хариуг өгчээ.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэхүү гэрээг ...нэг талаас геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нөгөө талаас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж, ашигт малтмалын ордын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулна” гэж зааснаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээ байгуулах хүсэлт гаргахдаа хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, ашигт малтмалын ордын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлага тавигддаг байна.
Улмаар нэхэмжлэгчийн зүгээс ашигт малтмалын хайгуулын ХV-11602 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын нөөцийн тооцооны тайланг 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ХХ-02-02 дугаар, ХV-9141 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын нөөцийн тооцооны тайланг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ХХ-04-02 дугаар хурлаар тус тус хэлэлцүүлэн Ашигт
малтмалын газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн н-55, 5 дугаар сарын 07-ны өдрийн н-71 дүгээр тушаалаар тус тус нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Геологийн мэдээллийн төвд зөвшөөрсний дараа дахин Ашигт малтмалын газарт хандахад тус газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 5-3726 дугаар албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д нөөц бүртгүүлсэн орд дээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж болно, гэрээнд ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулахыг тусгана гэж гэрээ байгуулах талбай, гүйцэтгэх ажлыг маш тодорхой заасан байдаг. Гэтэл танай гэрээ байгуулах хүсэлт гаргасан талбайн хэмжээ 96011.61 гектар талбайгаас ойролцоогоор 200 га, 290322.34 гектар талбайгаас ойролцоогоор 250 га байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах үндэслэл байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг өгчээ.
“Альшаа хайрхан” ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулгад хандаж “...бид дээрх судалгааныхаа ажлын үр дүнд XV-9141 тоот тусгай зөвшөөрлийн талбайг 3 дахин, XV-11602 тоот тусгай зөвшөөрлийн талбайг 2 дахин багасгасан байдлаар ялган авч холбогдох үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байна. Энэ үлдэх талбайд уурхайн үйл ажиллагаатай холбоотой хөрсний овоолго, боловсруулах үйлдвэр, хаягдлын сан, уурхайн тосгон, зам талбай, бусад дэд бүтцийн объектуудыг байрлуулна. Иймд дээрх талбайд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулж бидний ажилд тусална уу” гэжээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмалын газрын 2014 оны 6 дугаар сарын 27-ны 5-3978 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Альшаа хайрхан” ХХК-д “Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т “Ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмалын орд ашиглахад зориулан аж ахуйн нэгж байгууллагад зохих хууль тогтоомжийн дагуу уурхайн эдэлбэр олгох”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-д “уурхайн эдэлбэр”-ийг тодорхойлохдоо уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоц хэсэг гэж заасан байдаг ба Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “нөөцөд бүртгүүлсэн орд дээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж болно, гэрээнд ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулахыг тусгана” гэж гэрээ байгуулах талбай, гүйцэтгэх ажлыг маш тодорхой заасан байдаг.
Гэтэл танай гэрээ байгуулах хүсэлт гаргасан талбайн хэмжээ XV-11602 тоот тусгай зөвшөөрлийн талбай дээр 96011.61 гектар талбайгаас нөөц бодсон ордын талбай 200 га, XV-9141 тоот тусгай зөвшөөрлийн талбай дээр 290322.34 гектар талбайгаас нөөц бодсон ордын талбай 250 га байна. Иймд Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжгүй болохыг мэдэгдье.” гэсэн нь дараахь байдлаар хууль зүйн үндэслэлтэй байна.
1.Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ” гэж зааснаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь бус зөвхөн нөөц батлагдсан ордын талбайн хэмжээнд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулахаар, харин бусад талбайн хувьд хайгуулын ажлыг үргэлжлүүлэх боломжтой байхад нэхэмжлэгч компанийн хувьд нөөц батлагдсан ордын талбайн хэсэгт бус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь, эсхүл багасгасан байдлаар байгуулах хүсэлтийг удаа дараа гаргасныг хариуцагчийн зүгээс татгалзсаныг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх байдлыг тодруулах зорилгоор Ашигт малтмалын газарт баримт бичгийн үзлэг хийхэд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан компаниудын хувьд нөөц батлагдсан ордын хэмжээгээр гэрээг байгуулсан байх бөгөөд хайгуулын талбайн хэмжээний талаас илүү хэсэгт нөөц батлагдсан тохиолдолд уг хайгуулын талбайд бүхэлд нь байгуулсан байсан бөгөөд нэхэмжлэгч “Альшаа хайрхан” ХХК-ийн хувьд нийт хайгуулын талбайн хэмжээнээс нөөц батлагдсан талбайн хэмжээ нь 0,001-0,002 хувьд хамаарч байгааг анхаарах нь зүйтэй байна.
2. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гэрээ байгуулах албан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гэрээний нөхцөлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцож гэрээ байгуулна”, 4.3-д “Энэ журмын 4.2-т заасан хугацаанд Ашигт малтмалын газрын геологи, уул
уурхайн асуудал хариуцсан нэгж нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний нөхцөл дээр тохиролцоонд хүрээгүй тохиолдолд энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэнэ” гэсний дагуу маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмалын газрын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5-3978 дугаар албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй байна. Учир нь дээрх журмаар захиргааны байгууллагад ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг заавал байгуулах үүрэг хүлээлгээгүй, сонгох боломжтойгоор журамласан байх тул энэ тохиолдолд заавал ашиглалтын өмнөх гэрээг байгуулах ёстой байсан, байгуулах үүрэгтэй гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс хэдийгээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын баталсан дээрх журмыг захиргааны хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй талаар тайлбарлах боловч, “...манай компанийн хувьд уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу гэрээ байгуулах эрхтэй...” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл уг журмыг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.
3. Нэхэмжлэгч “Альшаа хайрхан” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа “...ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулж чадаагүйн улмаас учирсан хохирлыг гаргуулах...” гэж тодорхойлсон ба хэрвээ ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулагдсан тохиолдолд маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн 10-12 жилийн хугацааг сунгуулсан шийдвэр гарахгүй байсан атал нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд зөвхөн “...гэрээ байгуулсанд тооцуулна..., тухайн үед цуцлуулчихна гэсэн болгоомжлолын үүднээс сунгуулсан...” гэх тайлбарууд үндэслэл муутай байна.
Өөрөөр хэлбэл XV-9141 тоот тусгай зөвшөөрлийн хувьд Ашигт малтмалын газрын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6-5963 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгасан, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6-6385 дугаар шийдвэрээр 76513.97 гектар талбайгаа буцааж өгсөн, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 524 дүгээр шийдвэрээр 516.32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна.
XV-11602 тоот тусгай зөвшөөрлийн хувьд Ашигт малтмалын газрын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгасан, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр МV-18976 тоот, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр МV-20667 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр ХV-18979
тоот тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэргээс тус тус дүгнэхэд тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 10-12 дахь жилийн хугацаагаар сунгасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.
Хоёр. Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 1.467.042.800 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Дээр дүгнэсэнчлэн Ашигт малтмалын газрын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэрээр ХV-9141, ХV-11602 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тус тус 3 жилээр сунгасан байх ба нэхэмжлэгч тал уг шийдвэртэй маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.” 32.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч талбайн төлбөрийг төлсөнийг ашигт малтмалын газрын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Мөн түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй байна.
Иймд “Альшаа хайрхан” ХХК-иас гаргасан “...Ашигт малтмалын газрын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5-3978 дугаар албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрын хууль бус үйл ажиллагааны улмаас илүү төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү болох 1,467,042,800 /нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 32 дугаар зүйлийн 32.1 32.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, /2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх заалт хүчингүй болсон/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн
6.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Альшаа хайрхан” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар холбогдуулан гаргасан “...Ашигт малтмалын газрын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5-3978 дугаар албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрын хууль бус үйл ажиллагааны улмаас илүү төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүү болох 1,467,042,800 /нэг тэрбум дөрвөн зуун жаран долоон сая дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Альшаа хайрхан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА