Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0218/З |
Дугаар | 221/МА2019/0562 |
Огноо | 2019-10-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2019/0562
“С” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ннарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0547 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “С” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0547 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “С” ХХК-аас гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0066455 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “... Шинжээчийн дүгнэлтээр уг амьтныг нэхэмжлэгч компанийн импортолсон бүтээгдэхүүнээс гарч ирсэн гэж дүгнээгүй бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг мөн л тогтоогоогүй.
Гэтэл анхан шатны шүүхээс “…бүтээгдэхүүний дотроос өөр төрлийн шавьж гарч ирсэн” нь тогтоогдсон гэжээ. Уг үйл баримттай холбоотой ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн бүтээгдэхүүнээс гарч ирсэн тухай баримт байхгүй, гомдол гаргагчийн гомдолд л дурдсан байсан” гэж шүүх хуралдаан явцад мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байтал ийнхүү үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ”, 11.1.1-д “зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан” гэж заасан үндэслэлийн тухайд Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 17.2.2-т “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтэд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох гэж заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс ямар бохирдуулагч нь байсан нь тодорхойгүй байдаг.
Мөн Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д ““бохирдуулагч” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд өөрт нь агуулагддаг, эсхүл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад, түүнчлэн хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлийн бохирдлоос бий болсон хими, физик, биологийн хүчин зүйлсийг” гэж заасан бохирдуулагчид загасны идэш тэжээлийн хэлхээнд багтдаг амьтан орох боломжгүй буюу лаазалсан бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдуулах зэргээр лаазалсан бүтээгдэхүүнд бохирдуулагч бий болгоогүй болно.
Хэрэв уг биет нь лаазалсан бүтээгдэхүүнээс гаргасан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн гэж үзвэл импортын бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинжилгээнд хамруулахаас бусдаар худалдан авагч компани тухайн бүтээгдэхүүнийг задалж шалгах боломжгүй төдийгүй манай оронд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүй ганцхан импортоор оруулж ирдэг тул энэ төрлийн лаазалсан загасан бүтээгдэхүүнийг цаашид Монгол Улсад импортоор оруулж ирэх эсэхтэй холбоотой практик тогтоох чухал ач холбогдолтой маргаан байтал шүүх анхаарсангүй.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0066455 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХХК нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс худалдсан нь шинжилгээний сорилтын дүн, тайлбараар тогтоогдсон гэж үзэж таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргагчаас “... “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх” гэдэг нөхцөл байдал мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байхад манай компанийг үндэслэлгүйгээр буруутгаж, шийтгэлийн хуудас үйлдсэн нь хууль бус” гэж маргажээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “С” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д ““бохирдуулагч” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд өөрт нь агуулагддаг, эсхүл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад, түүнчлэн хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлийн бохирдлоос бий болсон хими, физик, биологийн хүчин зүйлсийг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ”, 10 дугаар зүйлийн 10.3.1-д “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ, 11.1.1-д “зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан бол” Загас, загасан бүтээгдэхүүн. Сардин болон сардины төрлийн загасны лаазалсан бүтээгдэхүүн MNS CAC 94:19981 стандартын 3 дугаар зүйлийн 3.5.1.4-д “Бэлэн бүтээгдэхүүний лаазан дотор гадны ямар нэгэн бие байж болохгүй”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Бүтээгдэхүүн гадны ямар нэгэн бохирдолгүй байна” гэж тус тус зохицуулснаас үзэхэд хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, гадны ямар нэгэн бохирдолтой бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглосон байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь”, 3-д “Хуульд заасныг зөрчиж”, 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол ... хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.10-д “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.5 дугаар зүйлд ... заасан зөрчил” гэж тус тус зааснаас үзвэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хуулийн этгээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ... бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол тухайн хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор нарийвчлан хуульчилжээ.
Хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтуудаар гомдол гаргагч “С” ХХК-ийн Латви улсаас импортолж оруулж ирсэн “Herzog jakob” килька бүтээгдэхүүн дотроос “загасны гадна шимэгч үхсэн” хэлбэрээр илэрсэн нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл ахуй нян судлалын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт, холбогдогчоос авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон, уг үйл баримтыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн Эрүүл ахуй нян судлалын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн ахлах шинжээч А.Болормаагийн “... Anylocra.spp буюу тухайн шавж нь загасны гадна хайрсанд шимэгчилдэг. Эзэн амьтан загас. Хар тэнгис, Адрианы тэнгис, Алжир, Египет, Европын эрэг, Морокко, Хойд африк, Испани, Их Британи газар дундын тэнгист тархсан... тус дээжтэй цуг савлагдах, дотроос нь гарах магадлалтай” гэсэн тайлбар, импортлогч “Kolumbija Ltd” компаниас ирүүлсэн “...энэ хавчаар загас хооллодог, мэдээж энэ хавч нь килькатай хамт бүтээгдэхүүн дотор орсон байвал хэрэглэгчдэд таагүй сэтгэгдэл төрж асуудал үүсгэх болно...” гэсэн тайлбаруудаас үзэхэд гомдол гаргагчийн гомдол дурдсанчлан “...хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
Нэгэнт дээр дурдсан хууль, тогтоомжийг зөрчсөн, “С” ХХК-ийн Латви улсаас импортлож оруулж ирсэн “Herzog jakob” килька бүтээгдэхүүн дотроос “загасны гадна шимэгч үхсэн” хэлбэрээр илэрсэн, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан нь тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж заасны дагуу торгууль оногдуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Мөн “Хор хөнөөл, хор ялгаруулдаг эсэх нь судлагдаагүй” гэсэн шинжээчийн тайлбарыг гомдол гаргагчийн гомдолд дурдснаар “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцлийг мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй” гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ