Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/0006

 

   Ю.Б-ын гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                 Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн:             Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                  Г.Банзрагч

                                                                 М.Батсуурь                                  

            Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал

 

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/19 дүгээр тогтоол,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр магадлалтай,

Гомдол гаргагч Ю.Б, түүний өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Өмгөөлөгч Ю.Б нь “2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Х.С-т хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан ба Х.С-ын үйлдсэн гэмт хэргийн хохирогч болох Х.Х-тай 2021 оны 10 сарын 18, 2021 оны 11 сарын 11, 2021 оны 11 сарын 24, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд уулзсан,  мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, өмгөөлөгчийн үнэмлэхээ үзүүлээгүй, зүй бусаар харьцаж, ёс зүйн зөрчил гаргасан” гэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай түдгэлзүүлжээ.  

3.Гомдол гаргагч Ю.Б нь “... Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчийн бүрдүүлсэн баримт нь зөвхөн өмгөөлөгч миний эсрэг гомдол гаргасан этгээдүүдийн тайлбараар зөрчлийг бүрэн бодиттойгоор тогтоолгүйгээр шалгасан, цагдан хорих ангийн албан хаагч нар миний мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломж нөхцөлийг хязгаарлаж, хууль бус шаардлага тавьж байсан, Х.Х өөрөө “өмгөөлөгчөөр таныг авах хүсэлтэй байна” гэж дуудуулсны дагуу 3 удаа очиж уулзсан, 3 дахь удаагийн уулзалтаараа миний үйлчлүүлэгч Х.С-ын холбогдсон гэмт хэргийн хохирогч болохыг олж мэдсэн тул 4 дэх удаагийн уулзалтаар өмгөөлөх боломжгүй гэдгээ хэлж татгалзсан...” гэж маргажээ.

4.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/19 дүгээр тогтоолоор “Өмгөөлөгч Ю.Б нь цагдан хорих байранд хоригдож буй өөрийн үйлчлүүлэгч нартай уулзахдаа алба хаагч нарын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхээс зайлсхийж өмгөөлөгчийн үнэмлэх, үйлчлүүлэгч болон тэдгээрийн ар гэрийнхэнтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг үзүүлэхээс татгалзаж, тус ангийн алба хаагч нарыг хэл амаар доромжлох, зүй бусаар харьцах зэрэг ёс зүйн зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн өмгөөлөгч Ю.Б нь өөрийн үйлчлүүлэгч Х.С-ын үйлдсэн гэмт хэргийн хохирогч Х.Х-тай 2021.10.11-2021.11.18-ны өдрийн хүртэл нийт 4 удаа уулзсан нь Өмгөөллийн  тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд хамаарч байна” гэх үндэслэлээр өмгөөлөх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “... Гомдол гаргагч Х.Х хожим худал гомдол өгсөн талаар илэрхийлсэн боловч нэгэнт Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрэм заасан өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээдтэй уулзахыг хориглосон заалтыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан. Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх” гэж зааснаар бусадтай хүндэтгэлтэй харилцах зарчмыг баримтлан ажиллах байтал Ю.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн албан хаагчидтай зүй бус харьцсан болох нь тогтоогдож байна” гэж гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэл болсон Х.Х-гийн гомдол, гомдолд дурдсан агуулга худал бөгөөд нэг камерт хоригдож байсан Т.Ц-ын ятгалгаар, өмгөөлөгч надад өс санасан сэдлээр гаргасан болох нь түүний бичгээр гаргасан тайлбараар хангалттай нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй.

6.2.Давж заалдах шатны шүүхээс Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журамд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж зөрчлийг нэг талыг барьж шалгасан үйл баримтад дүгнэлт хийгээгүй гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2022 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул  гомдол гаргагч Ю.Б-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ

9.Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д “өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны оролцогч талтай ...үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр харилцах” гэж, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 30.1-т “Өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг этгээдтэй түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр үйлчилгээтэй холбоотой асуудлаар харилцахыг хориглоно. Тухайн этгээдийн өмгөөлөгч нь зөвшөөрсөн, эсхүл хуульд заасан тохиолдолд энэ хориглолт нь хамаарахгүй” гэж тус тус заасныг өмгөөлөгч Ю.Б- зөрчиж, өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг этгээдтэй, түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр уулзсан болох нь Цагдан хорих ангийн, Өмгөөлөгчтэй уулзах хоригдогчийн бүртгэлээр тогтоогдож байна.

10.Тухайн тохиолдолд, үйлчлүүлэгч Х.С-тай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд хэргийн хохирогч Х.Х гэдгийг Х.С-тай уулзах явцдаа болон хэргийн материалтай танилцах замаар мэдэх боломжтой байсан, өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг сонирхолтой этгээдтэй уулзахаас зайлсхийх ёстой байтал энэхүү үүргээ эс биелүүлж, хохирогчтой 4 удаа уулзсан нь өмгөөлөгчийн хувьд мэргэжлийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасанд тооцох тул “зөрчлийг нэг талыг барьж шалгасан үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

11.Гомдол гаргагчийн “Х.Х өөрөө өмгөөлөгчөөр авах санал гаргасан” гэх тайлбар нь хэрэгт авагдсан хохирогч Х.Х-гийн гомдлоор няцаагдсан, түүнийг өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасан баримт байхгүй, нөгөө талаар  “хохирогчоос Т.Ц-ын ятгалгаар гомдол гаргасан, миний бие сэтгэл санааны тогтворгүй байсан” гэсэн нь хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй, өмгөөлөгч Ю.Б-ын хуулиар хориглосон этгээдтэй уулзаж, хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл биш юм.

12.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн албан хаагчидтай зүй бус харьцаж, үнэмлэхээ үзүүлэхийг шаардахад шаардлага биелүүлээгүй” гэх зөрчлийн тухайд,

13.Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хоригдсон этгээдийн хэргийг шалгаж байгаа буюу хянан шийдвэрлэх гэж байгаа мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгч түүнтэй уулзахаар хорих байранд үнэмлэхээ үзүүлж нэвтрэх эрхтэйгэж заасан, тухай тохиолдолд Ю.Б нь “өмгөөлөгчийн үнэмлэхний хугацаа дууссан, шинээр авах гээд захиалсан” гэж тайлбарлан маргаж байгаа ч цагдан хорих байрны албан хаагч нарт энэ талаар тайлбарлаагүй, алба хаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, зүй зохисгүй харьцсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

14.Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ю.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

            ШҮҮГЧИД                                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                   М.БАТСУУРЬ

                П.СОЁЛ-ЭРДЭНЭ