Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 02

 

Хас банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2016/00115 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Хас банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Их говийн шим ХХК-нд холбогдох,

Хас банкны Дундговь салбарын “Их говийн шим” ХХК-тай байгуулсан 1190007209 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаанд тавьсан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, банкинд  учирсан хохирол, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 6 сарын 6-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Туяацэцэг, хариуцагчийн төлөөлөгч С.Отгонжаргал, нарийн бичгийн дарга О.Мөнх-Оргил нар оролцов.    

Нэхэмжлэгч Хас банкны Дундговь салбарын захирал Ч.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Их говийн шим” ХХК, түүнийг төлөөлж захирал С.Отгонжаргал нь Хас банкны Дундговь салбараас 2014 оны 08 сарын 18-ны өдөр 1190007209 дугаартай бизнесийн зээлийн гэрээгээр 40000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2,08 хувийн хүүтэйгээр тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар үйлдвэрлэлийн барилга, эрхийн эзэмших газар, хөдөлгүүрийн зайг барьцаалан авсан. Зээлийн гэрээгээ эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2016 оны 02 сарын 16-ны өдрийн байдлаар 134 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний 3.4.1, 3.4.2, 3.4.4, 3.4.6, 4 дэх заалтуудыг зөрчсөн. Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 33908821 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй, төлөх санаачлага гаргаагүй. Иймд Хас банкны Дундговь салбарын “Ихговийн шим” ХХК-тай байгуулсан 1190007209 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаанд тавьсан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, банкинд учирсан хохирол, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг төлүүлж өгнө үү. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар төлөөгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 33908821 төгрөг болсон байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч “Их говийн шим” ХХК-ий захирал С.Отгонжаргал шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Их говийн шим” ХХК тус зээлийг 3 жилийн хугацаатайгаар зээлсэн. Сүүлийн хэдэн сар маргаан үүссэнээс хойш зээлийг төлөөгүй. 80000000 төгрөгний үнэтэй тоног төхөөрөмжийг байрлуулсан. Сүүлийн үед эдийн засгийн

хямрал болж, төлөвлөсөн бизнесийн төлөвлөгөө маань амжилтгүй болсон. Миний бие 60000000 төгрөгийг нь хувиасаа болон хүмүүсээс зээлж зээлээ төлж барагдуулсан. Дараа нь хүмүүсээс зээлсэн мөнгө нь нэхэгдсэн учраас одоо нэхэмжилж байгаа мөнгийг нь зээлж хүмүүсийн өрийг төлж барагдуулсан юм. Зээлийн хугацаа дуусаагүй байгаа учраас дуусах хүртэл нь үйл ажиллагаагаа явуулаад зээлээ төлөөд явах саналтай байна гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлийг зөрчсөн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр болон шаардлага нь тодорхой бус мөн эд хөрөнгө нэхэмжилж байгаа юм уу, эсхүл мөнгө нэхэмжилж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Хамтран эзэмшигч байхгүй байхад С.Отгонжаргалаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. 2 хариуцагчтай гэж байгаа бол давхар хариуцагчтай байх ёстой. Мөн хуулийн хугацаа дуусаагүй учраас боломжит нөхцөлөөр хангаад хуулийн хугацаандаа төлье гэсэн саналыг тавьсан боловч хүлээн авсангүй. Иймээс хуулийн хүрээнд гаргасан нэхэмжлэл биш гэж үзэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч давхар С.Отгонжаргалаас нэхэмжилж байна гэж тайлбарласан. Ш.Оюумаа өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

Анхан шатны шүүх:

Хас банкны Дундговь салбарын “Их говийн шим” ХХК-тай байгуулсан 1190007209 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаанд тавьсан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, банкинд учирсан хохирол, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327494 /гурван зуун хорин долоон мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Туяацэцэг давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 139/ШШ2016/00115  дугаар  шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

     Хас банк нь “Их говийн шим” ХХК буюу хуулийн этгээдэд холбогдуулан 1190007209 дүгээр зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөр болон зээл төлүүлэхтэй холбогдон гарсан  зардлыг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхээс дараах болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ажиллагаа явуулж, зохигчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж улмаар хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Үүнд:

          1.Хас банк нь 1190007209 дүгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар  “Их говийн шим” ХХК буюу иргэний эрх зүйн субъект болох хуулийн этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т заасны дагуу тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирлын мэдээллийн нэхэмжлэлийг гардуулж өгөх, холбогдох буюу шүүхийн ажиллагаанд хэрэгтэй гэж үзэж хариуцагчийн нэрийн ард оруулж,  хаяг,  утасны дугаарыг тусгасан.  Гэтэл шүүх хариуцагчаар хуулийн этгээдийг бус иргэн С.Отгонжаргалыг татаж, харин банкны хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан  Зээлийн гэрээний тал буюу зээлдэгч  Их говийн шим ХХК-ийг хариуцагчаар татаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 28 дугаар зүйлд заасан   “Нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхтэй байх зарчим” –ийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна.

         2.Иргэн С.Отгонжаргалыг шүүх өөрөө, дураараа хариуцагчаар татсан. ...

         3.Шүүх ингэж иргэнд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн учраас хариуцагч түүнд холбогдуулж гэрч асуулгах, цаашлаад түүнд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх зэргээр ажиллагаа бүхэлдээ буруу агуулгаар явагдсан.  С.Отгонжаргалын  уг  татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа иргэн С.Отгонжаргалаас биш Их говийн шим   ХХК-иас зээлийн төлбөрөө гаргуулах хүсэл зорилготой байсан. Энэ байдлыг хариуцагчийн өмгөөлөгч, хариуцагч удаа дараа хэлсээр байхад шүүх ямар үндэслэлээр ийнхүү шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа юм.  Иргэний хуулийн 213 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д Зээлийн гэрээнд авсан зээлээ бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөл буюу гэрээгээр хүлээсэн үүргийн хувьд гүйцэтгэх хугацаа нь хэсэгчлэн байж болохыг  хуульчлан заасан байдаг. Эдгээрийн дагуу гэрээгээр зээлийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон бөгөөд энэ нь зээлдэгчийн гол үүрэг юм.  Харин зээлдэгч уг үүргээ зөрчсөн буюу сүүлийн саруудад төлөөгүй гэдгийгээ зээлдэгчийн төлөөлөгч  өөрөө хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 135 хоног, шүүхээр хэргийг шийдвэрлэх явцад гээд 200 гаруй хоног хугацаа хэтэрсэн буюу 5 сар зээлээ төлөөгүй, 5 удаа гэрээний үүргээ зөрчсөн гэдгийг зээлдэгч өөрөө мэдэж байгаа, хүлээн зөвшөөрсөн буюу уг асуудлаар талууд маргаагүй учраас  үүнд нотлох баримт заавал шаардлагагүй гэж үзэж байна.  Хавтаст хэрэгт зээлдэгч зээлээ сүүлийн 5 сар төлөөгүй, зээлийг төлөхийн тулд  бусдаас зээл авсан, одоо ч эдийн засаг хямарч компанийн үйл ажиллагаа доголдсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна. Мөн тус компанийн  хувьцаа эзэмшигч нарын хооронд , эсхүл хэн нэгэнд нь холбогдуулан  эрүүгийн журмаар хэрэг үүсгэсэн , маргаантай байгаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тусгагдсан байна. Иймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т заасан нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой байгаа нь хэргийн баримтуудаар тогтоогдож байхад нотлогдохгүй байна гэж  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, түүнчлэн нотлох баримттай холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.  Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 139/ШШ2016/00115/ дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний  улмаас хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ашигт нөлөөлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэлд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч “зээлийн гэрээнийн 3.4.1, 3.4.2, 3.4.4, 3.4.6.4 дахь заалтуудыг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болсон тухай дурдсан байна.

          Хариуцагчийг  гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй  шалтгаанаар гэрээг цуцалж дуусгавар болгох,  гэрээнээс  татгалзах гэсэн 2 өөр үр дагавар үүсэх шаардлагыг нэг нэхэмжлэлд гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус бөгөөд 3.4.1, 3.4.2, 3.4.4, 3.4.6.4 гэсэн заалт зээлийн гэрээнд огт байхгүй байхад шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн байна.

 

            Нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №19/59 тоот нэхэмжлэлийг / хавтаст хэргийн 1 дүгээр талд/ шүүх 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч дардас даржээ.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “ Нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэн бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бичнэ.” гэжээ. Шүүхийн захиргааны ажилтнаас хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч баталгаажуулсан байх боловч нэхэмжлэл бичигдэхээс 2 хоногийн өмнө хүлээн авсан нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд хуулийн этгээдийн итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх,  итгэмжлэлийг олгосон буюу ямар хугацаагаар олгож байгааг заах, хуульд заасан бол нотариатаар батлуулах, энэ зүйлд заасан шаардлага хангагдаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байх, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичих, хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн  64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзэх, 41.3-т Нотариатч итгэмжлэл олгохдоо Иргэний хуулийн 62.6, 64.5-д заасан хугацааг баримтлах ба хугацаатай олгох итгэмжлэлд хугацааг тоо болон үсгээр бичнэ гэх мэтээр нарийвчлан зохицуулсан байна.

 Гэтэл Хас банкнаас төлөөлүүлэгчдээ олгож буй итгэмжлэл нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5, 36.5.2 дахь заалтыг зөрчсөн байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.”, 35.2-т “ Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.”,  Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “ Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах,  компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж  заасан байна. Гэтэл Хас банк болон Их говийн шим ХХК-ний  хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан,            Их говийн шим ХХК-д холбогдуулж нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргасан байхад компанийг бус иргэн С.Отгонжаргалыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн этгээдийн төлөөлөл болон эрх зүйн байдалд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

            2016 оны 02 сарын 29-ний өдрөөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан баримт огноологдсон байхад нэхэмжлэгч 2016 оны 3 сарын 29-ний өдөр гардаж аваад 3 сарын 14-ний өдөр хариу тайлбараа ирүүлэх үүрэг хүлээсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг орон нутагт 14 хоногийн дотор гардуулах, 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд хариу тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

             Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн хуульд заасан эрх хангаагдаагүй байдлыг Давж заалдах шатны

шүүхээс зөвтгөн залруулж шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар тогтов.

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2016/00115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж, Хас банкны Дундговь аймаг дахь салбарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327494 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                                                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БЯМБАЖАВ

                       ШҮҮГЧИД                          Ш.ТӨМӨРБААТАР

                                                               Ц.ОТГОНЦЭЦЭГ