Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 82

 

                                  Д.С, Д.Б, Г.Д, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Батбаяр, П.Одонтунгалаг, Б.Мэргэн, Д.Төмөрбаатар, П.Баасанжав, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 129 дүгээр магадлалтай, Д.С, Д.Б, Г.Д, Т.Б нарт холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Т.Б-ны өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, П.Одонтунгалаг, Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн мэргэжилтэй, “Нэт капитал финанс” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Белла веста” хотхоны 000-1000 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Т овогт Д-ийн С,

2.Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Нэт капитал финанс” группт эрсдэлийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 00-00 тоотод оршин суух хаягтай,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Д-ын Б,

3.Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга ажилтай, цагдаагийн хошууч цолтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00-37 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй М овогт Т-ын Б,

4.Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч ажилтай, ахмад цолтой, ам бүл 4 эцэг, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 19-741 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Ө овогт Г-ийн Д.

1.Д.С нь Д.Б-тэй бүлэглэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-ын хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байсан “2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Велла веста” хотхоны 000 дугаар байрны 1000 тоотод оршин суух гэртээ Н.У нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” үйлдэлтэй ___ дугаартай хэргийг өөрт ашигтай шийдвэрлүүлж давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг Д.Б-өөр дамжуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Б-д 10,000,000 төгрөгийн,   

Д.Б болон нийтийн албан тушаалтан Т.Б нартай бүлэглэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-т 5,000,000 төгрөгийн хахууль тус тус өгөх гэмт хэргийг санаачлан зохион байгуулж, хамтран оролцсон,

2.Д.Б нь Д.С-тэй бүлэглэн, түүний зохион байгуулснаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-ын хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байсан “2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Велла веста” хотхоны 000 дугаар байрны 1000 тоотод оршин суух гэртээ Н.У нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” үйлдэлтэй____ дугаартай хэргийг Д.С-д ашигтай шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахуульд өгүүлсэн 20,000,000 төгрөгөөс,

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Б-д Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч Г.Д-тай урьд хамт ажиллаж байсан, түүнчлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн даргын албан тушаалын нэр нөлөөг ашиглан, түүнд хууль бусаар нөлөөлж, Д.С-ийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтныг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгүүлсэн буюу “Н.У бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн ____ дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.У-ын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгуулж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж давуу байдал олгуулсны хариуд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг,

мөн нийтийн албан тушаалтан Т.Б-тай бүлэглэн, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-т албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан буюу “2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Велла веста” хотхоны 700 дугаар байрны 1701 тоотод оршин суух гэртээ Н.У нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” үйлдэлтэй ____ дугаартай хэргээс хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.У-ын биеийн гадна хэсэгт үүссэн гэмтлийг харуулсан 26 кадр фото зургийг устгуулж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсний хариуд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг хахуульд өгсөн,

Д.Б-с 2019 оны 5 дугаар сард Д.С-гээс хууль бус үйл ажиллагаанд зориулж хахууль өгөх гэмт хэрэгт зарцуулахаар түүнд шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс, зөрж гүйцэтгэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 5,000,000 төгрөгийг авч залилсан,

мөн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нийтийн албан тушаалтан Г.Д-тай бүлэглэн, Д.Сгийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтныг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгүүлэх буюу “Н.У бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн____ дугаартай хэргийг хааж эцэслэн шийдвэрлүүлэхээр амлаж, дээрх үйлдлийг гүйцэтгэхийн тулд дахин 20,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

3.Шүүгдэгч Г.Д нь хууль сахиулагч буюу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Б-тай бүлэглэн 2019 оны 5 дугаар сард өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан “Н.У бусдад зодуулсан” үйлдэлтэй хэрэг бүртгэлтийн _____ дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.У-ын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгасан,

Нийтийн албан тушаалтан буюу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа “Н.У бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн _______ дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.У-ын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгаж, Д.С-ийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсний хариуд Д.Б, Т.Б нараар дамжуулан, Д.С-ээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн хахууль авсан,

Д.Б-тэй бүлэглэн, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Д.С-ийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтныг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу “Н.У бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн ____ дугаартай хэргийг хаах шийдвэр гаргуулахаар мөрдөгчийн санал гаргасны хариуд урьд авсан 5,000,000 төгрөг дээр нэмж дахин 20,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

4.Т.Б нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн даргын албан тушаалтай, мөн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Г.Д-тай урд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хамт ажиллаж байсан давуу байдлаа ашиглан хууль бусаар нөлөөлж, түүний мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан “Н.У бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн _____ дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.У-ын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгуулахаар ятгаж, зааж зөвлөж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгасан,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч Г.Д-тай урьд хамт ажиллаж байсан, түүнчлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн даргын албан тушаалын нэр нөлөөг ашиглан, түүнд хууль бусаар нөлөөлж, Д.С-ийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтныг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгүүлсэн буюу “Н.У бусдад зодуулсан” гэх  хэрэг бүртгэлтийн _____ дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.У-ын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгуулж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж давуу байдал олгуулсны хариуд Д.Б-өөр дамжуулан Д.С-ээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийн хахууль авсан,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч Г.Д-тай урьд хамт ажиллаж байсан, түүнчлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн даргын албан тушаалын нэр нөлөөг ашиглан, түүнд хууль бусаар нөлөөлж, Д.С-ийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтныг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгүүлсэн буюу “Н.У бусдад зодуулсан” гэх хэрэг бүртгэлтийн ______ дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.У-ын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгуулж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэх талаар нөлөөлж, давуу байдал олгуулсны хариуд, Д.С-ээс өөрт холбогдох хэргийг хаалгаж шийдвэрлүүлэх ашиг сонирхлын үүднээс Д.Б-өөр дамжуулан хахуульд өгсөн, 20,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг Д.Б-тэй хамт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгч Г.Д-т дамжуулан өгч хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцож, хамтран гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоолоор Нийслэлийн прокурорын газраас Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар,

Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

Д.С-г бусадтай бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

Д.Б-ийг бусадтай бүлэглэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

Г.Д-ыг бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан, мөн хахууль өгөхийг шаардсан,

Т.Б-ыг бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон,

хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан,

бусадтай бүлэглэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.С-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 14,000,000 төгрөгөөр торгох,

Г.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих,

Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих,

мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Г.Д-т мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг,

түүнд мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, Г.Д-ын биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих,

Т.Б-д Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг,

мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих,

мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Б-ны биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.С, Г.Д, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 14,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д, Т.Б нарын тус бүр цагдан хоригдсон 01 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.С, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Д.С, Г.Д, Т.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс, Д.С-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, Г.Д-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, Т.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг тэдэнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Нийслэлийн прокурорын газрын ___ дугаартай дансанд байршуулсан Д.Б-ийн 5,000,000 төгрөг, Г.Д-ын 5,000,000 төгрөгийг, Т.Б-ны 10,000,000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын  гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж 129 дүгээр магадлалаар Нийслэлийн прокурорын газраас Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч Г.Д-ыг хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн,...”,

“...шүүгдэгч Г.Д-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, бусдаар дамжуулан хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн,

Т.Б-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, нийтийн албан тушаалтан бусадтай бүлэглэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...”,

4.1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар,...”,

4.3 дахь заалтын “...шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар ...”,

5 дахь заалтын “...шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, ...” гэснийг хүчингүй болгож,

5 дахь заалтын “...Г.Д-ын биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 3 жилийн хорих ялаар,...”,

"...шүүгдэгч Т.Б-ны биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 3 жилийн хорих ялаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Г.Д, Т.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Гэм буруутайд тооцсон хүн, хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоох нь шүүх, шүүгчийн бүрэн эрхэд хамаарах боловч ялын хэмжээг тогтоохдоо тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэхийг шүүх заавал харгалзан үзэж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож шийдвэрлэх учиртай. Авлигын гэмт хэргийн цаана нийтийн эрх ашиг хөндөгдөж байдаг билээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...шүүгдэгч Д.С, Г.Д нарын хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ” гэж дүгнэн, шүүгдэгч Д.С-д анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялын хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял болгон, шүүгдэгч Г.Д-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жил болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-ыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхийн уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч нар хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрээс хамааралтайгаар зөвхөн шүүхээс оногдуулах ялыг багасгах зорилгоор хэлбэрийн төдий үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа гэсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчилсан ба уг хуулийн 1 дэх хэсэгт үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар дурдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Б нь Г.Д-ыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан “Н.У бусдад зодуулсан" гэх хэрэг бүртгэлтийн ___ дугаартай хэргээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.У-ын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр фото зургийг устгасан гэмт үйлдлийг гүйцэтгүүлэхээр ятгаж, зааж зөвлөж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа болон бусад нотлох баримтуудаар давхар батлагдан тогтоогдсон байдаг.

Мөн Т.Б-ны Г.Д-т хууль бусаар нөлөөлсөн үйлдлийн улмаар Г.Д нь нотлох баримтыг устгасан үйл баримт тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүх нь Т.Б-ны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Аливаа гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал (нийтлэг эсхүл тусгай шинж бүхий субъект) нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно.

Эдгээр шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд тухайн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон тохиолдолд энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулын багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлын эерэг эсхүл сөргөөр үнэлэхэд хүргэж, шүүхээс сонгон хэрэглэж буй ялын бодлогод зайлшгүй нөлөөлдөг онцлогтой. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлтийг оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт   заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргав.

Давж заалдах шатны шүүх 129 дугаартай магадлалынхаа тодорхойлох нь: хэсэгт миний үйлчлүүлэгч Г.Д-ын үйлдсэн гэх “нотлох баримтыг устгах’’ гэмт хэргийг үйлдсэн “цаг хугацаа, арга”-ыг тогтоосон нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг зөрчсөн нь мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь зааснаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх, магадлалынхаа тодорхойлох нь хэсэгт /25 дугаар хуудсанд/ “ ... шүүгдэгч Г.Д нь ... мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сард ... хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Н.М-өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Н.У-ын биеийн гадна хэсгийг харуулсан 26 кадр зургийг устгасан болох нь нотлогдон тогтоогдсон байна” гэжээ. Энэхүү дүгнэлтээс харахад, гэмт хэргийг чухам хэзээ, хэдний өдөр, ямар аргаар /урсан, шатаасан гэх мэт/ хэрхэн устгасан талаар дүгнэлт хийгээгүй байна. Гэмт хэргийг хэзээ хэрхэн үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл бий болсон гэж үзнэ.

Мөн давж заалдах шатны шүүх магадлалынхаа тодорхойлох нь хэсэгт “шүүгдэгч Г.Д нь ... дээрх нотлох баримтыг устгаж, Д.С-ийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсний хариуд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Д.Б, Т.Б нараар дамжуулан Д.С-ээс 5,000,000 төгрөгийн хахууль авсан ... болох нь нотлогдож тогтоогдсон байна гэжээ. Энэ дүгнэлтээс харахад “нотлох баримт устгасан" гэх үйлдэлд нь Г.Д-ыг 2 удаа буруутгаж, 2 удаа ял оноожээ.

Миний үйлчлүүлэгч Г.Д-ын зүгээс гэм буруугийн талаар хэдийгээр маргадаггүй боловч хууль хэрэглээний хувьд өмгөөлөгч миний бие, дээрх “нотлох баримт устгасан” гэх үйлдлийг хахууль авсан гэмт хэргийн үйлдлийн арга хэмээн үзэж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол тайлбартаа дурдсан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй. Иймд, хэзээ хэрхэн ямар аргаар үйлдэгдсэн нь нотлогдож тогтоогдоогүй “нотлох баримт устгасан’’ гэх үйлдлийг хахууль авсан гэмт хэрэгт нь багтаан шүүгдэгчид ашигтайгаар зүйлчилж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

Нөгөөтэйгүүр, хэдийгээр миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялаас давж заалдах шатны шүүх 1 жилийг хасч хөнгөрүүлсэн боловч, зорчих эрхийг хязгаарлах болон торгуулийн ял оноож өгнө үү гэсэн өмгөөлөгч миний гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн үндэслэлээ магадлалдаа тусгаагүйд гомдолтой байна. Хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим Г.Д-т ч нэгэн адил үйлчлэх ёстой бөгөөд түүнд хорихоос өөр төрлийн ял оноосноор Эрүүгийн хуулийн зорилт, зорилго гажуудахгүй гэж үзэж байгаа тул ялыг хөнгөрүүлж, түүнд хорихоос өөр төрлийн ял болгон оногдуулж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.М гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-ыг гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулахдаа, мөн давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэгт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар Д.Б торгох ял, Д.С, Г.Д, Т.Б нарт хорих ял оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул гэж үзэж Т.Б-ны хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болон хувийн байдлыг харгалзан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн атал Д.С болон Г.Д нарыг хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийн гэмшиж байгаа зэргийг харгалзан хөнгөрүүлэн зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн Шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа бөгөөд гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл Т.Б-ыг гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн даргын албан тушаал хашиж байсан төрийн тусгай албан хаагч байсан байдлыг нь хүндрүүлэх нөхцөл болгож дүгнэлт хийж түүний үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бусад оролцогч нартай адил тэгш эрхийн хүрээнд хэрэглээгүй Монгол улсын Үндсэн хуульд заасан Монгол улсын иргэн болон аливаа этгээд нь хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх үндсэн эрхийг зөрчиж бусдаас ялгамжтай байдлаар ял шийтгэж байгаа нь хүний эрхийн үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нийтийн албан тушаалтан бусадтай бүлэглэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд санаатай татан оруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хатгагч, гэмт хэргийн хамжигч, мөн хуулийн 3.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарыг өөрт давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан зохион байгуулагч болох шүүгдэгч Д.С-г гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэн, хамтран үйлдсэн гэж журамласан нь гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал, эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн бодит нөхцөл байдалтай тохирохгүй байгаа бөгөөд хуулийг буруу хэрэглэж, гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрийг журамлахдаа Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь шүүгдэгч Т.Б-д ял шийтгэл оногдуулахад бусад оролцогч нараас ялгавартай шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байх тул Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийлгэхээр хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр нар хамтран гаргасан гомдолдоо: “Шүүхээс Т.Б нь Д.Б-тэй бүлэглэн Г.Д 5,000,000 төгрөгний хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5-д заасан агуулгаас буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж өмгөөлөгчид үзэж байна. Учир нь Т.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс бусдад хээл хахууль өгсөн үйлдлийн талаар маргаагүй боловч хээл хахууль өгсөн үйлдлийн талаар хэрэгт бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудад дүгнэлт хийхэд Т.Б нь хууль бус ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Г.Д-т үйлдэл хийлгэхээр, эсхүл үйлдэл хийхээс татгалзуулах талаар мөнгө, эд зүйл, бусад зүйлсийг амлаагүй мөн тийм нөхцөл байдлыг бий болгосон тухай баримт авагдаагүй байдаг.

Учир нь Д.Б, Т.Б-д мөнгө өгсөн мөн Г.Д-т мөнгө өгч байхыг харсан болохоос “мөнгө өгье” гэсэн санаа зорилго, сэдэлтийг бий болгоогүй ба тийм баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс өөрийнхөө хувийн хууль бус эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор хахууль өгсөн болох нь тогтоогдоогүй гэж үзэж байгаа болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 1 “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон гэх гэмт хэргийн шинжийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхүүд түүнийг агуулгаар нь буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Т.Б-ны холбогдох бусдад хээл хахууль өгсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүх Т.Б-ыг Д.С-ийн ашиг сонирхлын үүднээс Г.Д-т хууль бусаар нөлөөлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө Д.Б-өөр дамжуулан 10,000,000 төгрөгийн хахууль авсан, Д.Б-тэй бүлэглэн Г.Д-т 5,000,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн, уг зүйлчлэлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Тодруулж хэлбэл хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Авлигын гэмт хэрэг нь төр, нийгмийн амьдрал хөгжил дэвшилд сөрөг нөлөөлөл бий болгохоос гадна хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх шударга байдал, хууль ёс алдагдах, олон түмний төрд итгэх итгэлийг бууруулах зэрэг нийгмийн аюулын шинж чанар хор уршигтай гэдэг нь ойлгомжтой боловч, Эрүүгийн хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйн ялгаа зааг шинж чанарыг зөв тодорхойлохгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр мөн л нийгмийн үнэт зүйл шударга байдал хууль ёсны байдал алдагдаж хүний эрхийн зөрчил гарах сөрөг талтай юм.           

Т.Б нь хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэх тасгийн дарга буюу Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасанчлан нийтийн албан тушаалтан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан "хахууль авах" гэмт хэргийн субъект мөнөөс гадна мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн "хахууль өгөх" гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэсэн субъект юм.

Нийтийн албан тушаалтан гэсэн субъектын шинж нь дан ганц хахууль авах гэмт хэрэгт гэмт хэргийн шинж ойлголтын шалгуур шинжээс гадна хахууль өгөх гэмт хэрэгт мөн адил хүндрүүлэх бүрэлдэхүүний субъект болгон хуульчилсан байна. Иймд дээр дурдсан авилга, албан тушаалын эсрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, уг гэмт хэргийн субъектын шалгуураас гадна Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн үйлдэл, үйлдэхүйн шинж ойлголтыг бүрэн дүүрэн хангасан нөхцөлд л эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны зарчимд нийцэх юм.

Иймд авилга албан тушаалтны гэмт хэрэг нь эрүүгийн хуульд заасан нийгмийн аюулын шинж чанар ихтэй гэмт хэрэг бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй гэдгийг өмгөөлөгчийн хувьд маргах зүйлгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйн гэмт хэргийн шинжийг ялгалгүйгээр хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийг өөр хоорондоо зарчмын болон хууль зүйн ялгамжтай хахууль өгөх авах гэмт хэрэг гэж 2 бие даасан гэмт хэрэгт буруутган ял шийтгэсэнд гомдолтой байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар хээл хахууль өгч авахад зуучилсан үйлдлийг уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан зохих зүйл, хэсгийг журамлан хээл хахууль авах, эсхүл хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж зүйлчлэхээр хуульчлагдсан байдаг.

Хээл хахуульд зуучлах гэмт хэрэг нь хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд хахууль болгон өгч байгаа мөнгөн хөрөнгө, эд зүйлийг авч албан тушаалын эрх мэдлийг хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх, эсхүл албаны эрхээ хэрэгжүүлэхгүй байлгах эс үйлдэхүйгээр илэрдэг ба мөнгөн хөрөнгө, эд зүйлийг бүрэн хүлээлгэн өгөх идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд өгөгч, авагч талууд түүнийг зуучлагчийн үүрэг гүйцэтгэснийг бүрэн ойлгосон байдгаараа хахуулийн гэмт хэрэгт оролцох оролцоо ялгагдаж байдаг.

Гэтэл Т.Б нь Д.С буюу хахууль өгөгчийн сонирхлыг гүйцэлдүүлэхээр Д.Б-ийн хамт мөрдөгч Г.Д-тай холбогдож байгаа мөн Г.Д хахууль авах явцад Г.Б-тэй хамт байлцан мөнгө өгч байгаа үйлдлийг хахууль өгөгч болон авагч нар зуучлалын үүрэг гүйцэтгэж байгааг бүгд мэдэж хүлээн зөвшөөрч байсан болно. Ийнхүү хахууль өгөгчийн буюу Д.Сгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэн түүний эрх ашгийн өмнөөс Д.С-ийн ашиг сонирхолд нийцүүлсэн үйлдэл хийлгэхээр Г.Д-т хахууль өгөхөд зуучилж өөрөө 10,000,000 төгрөг авсан үйлдлийг хахууль өгөгч авагч талууд түүний зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгааг мэдэж байсан байдал нь өгөгчийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн болохыг харуулж байгаа ба хахууль өгөх гэмт хэргийн хамтран оролцоотой уг үйлдэл нь хүндрүүлэх буюу нийтийн албан тушаалтан үйлдсэн гэмт хэргийн ойлголт шинжтэй байна.

Гэтэл түүний хахууль өгөгчийн эрх ашгийг хамгаалан хахууль өгөх явцдаа авсан 10,000,000 төгрөгийг хахууль авах гэмт хэрэгт буруутган нэг гэмт хэргийн сэдэл санаа зорилго, үйлдэгдсэн байдал зэргийг буруу тайлбарлан 2 гэмт хэрэгт мөнгийг хуваан зүйлчлэн ял шийтгэсэнд гомдолтой байна.

Т.Б нь Г.Д-т мөнгө өгөөгүй бол хахууль авах гэмт хэрэг байж болох ба харин хахууль өгөгчийн мөнгө Г.Д-т очсон байхад яагаад түүний зуучилсан үйлдлийнхээ төлөө авч байгаа мөнгө буюу 10,000,000 төгрөгийг хахууль авсан гэж буруутган зүйлчилж байгаа нь ойлгомжгүй байна. Өгөгчийн зуучлагч мөнгө төлбөр аваагүй байна гэсэн хуулийн шаардлага ойлголт байхгүй ба харин нийтийн албан тушаалтны үйлдэл нь цааш бусдад өгч байгаа үйлдлээрээ өгөгчийн хамтран оролцогч гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд хахууль өгөгчөөс тодорхой мөнгөн хөрөнгийг өөрөө авч тодорхой хэсгийг нь хахууль өгөгчид өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хуулийн практик тогтоон хянан шийдвэрлэж өгнө үү. Бусдаас хахууль авна гэж авсан мөнгөө бүгдийг нь өгөхгүй өөртөө авбал авагчийн хамтран оролцогч гэж үзэх үү талыг нь өгсөн бол өгөгчийн хамтран оролцогч гэж үзэх үү, эсхүл нийтийн албан тушаалтан л бол гэдэг шалгуураараа авсан өгсөн гэж хуулийг хэрэглэх үү гэдэг үүднээс хуулийг нэг мөр ойлгох боломжийг олгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг гурван зүйл ангиар гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар маргахгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Д.Б Д.С-ийн өмнөөс Г.Д-д мөнгө өгсөн болохоос миний үйлчлүүлэгч өгөөгүй. Зөвхөн хамт явснаар нь гэмт хэрэгт оролцсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, бусдаас авсан мөнгийг төлж барагдуулсан. Зарим шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргасан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломж гараагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл нь сонгох санкцтай учир шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, түүний эхнэр өвчтэй зэрэг байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжин оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Мэргэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт ямар нэгэн санал, гомдолгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Хуульд хэлбэрийн төдий гэмших гэсэн ойлголт байхгүй. Давж заалдах шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн байдлыг харгалзан шийдвэр гаргасан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Д.Б-ийн хувьд аль аль шатны шүүхэд гомдол гаргаагүй. Ямар нэгэн тайлбаргүй гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийн агуулгыг танилцуулъя. Шүүгдэгч Д.С, Г.Д нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Мөн шүүгдэгч Т.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.С, Д.Б, Г.Д, Т.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийн гэмшиж байгаа зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээгээр оногдуулсан 3 жил хорих ялыг 6 сар болгон багасгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүгдэгчид оногдуулсан ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох нь хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар...” гэсэн өөрчлөлт оруулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх шинжийг журамласан хэрнээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь илт зөрүүтэй дүгнэлт болсон байна. Авлигын гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нийгмийн бүхий л салбарт нөлөөлж, Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, төрийн байгууллагын тогтолцоо, түүний чиг үүрэг, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг, нийгмийн хор аюул өндөр зэргээр онцлог гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг маш тодорхой дүгнэсний эцэст ял оногдуулах нь зүйтэй. Гэвч давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийж чадаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.С-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ хэсэгт оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Д.Б-ийн хувьд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээг харгалзан тохирох ял шийтгэл оногдуулах хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу түүнд оногдуулсан ял хөнгөдсөн. Бусад шүүгдэгч нартай харьцуулахад эрс өөр буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Т.Б, Г.Д нарын хувьд хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Харин давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурорын эсэргүүцэлд 3 жил хорих ялыг 2 жил болгон бичсэн нь техникийн алдаа гарсан байна. Гэм буруугаа хэлбэрийн төдий хүлээн зөвшөөрсөн талаар эсэргүүцэлд дурдсан нь шүүгдэгч Д.Сд холбогдох хэргийн тухайд бичигдсэн гэдгийг тодруулах нь зүйтэй. Шүүгдэгч Т.Б-ны хувьд хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон. Т.Б, Д.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож, мөрдөгч Г.Д-тай харилцаа холбоо тогтоон мөнгийг автомашин дотор өгсөн үйл баримт тогтоогдсон байдаг. Г.Д-ын нэг үйлдэлд хэд хэдэн ял оногдуулсан гэх гомдлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг боломжит бүхий л хэлбэрээр тогтоосон. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ” гэж хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлон заасан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, хэргийн үйл баримт, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ял шийтгэлийг талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хяналтын шатны шүүх хянах эрх, үүрэгтэй юм.

Хуулиар тодорхойлсон дээрх эрх хэмжээний хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар Д.С нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол болон магадлалын зарим хэсэг нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Тухайлбал, анхан шатны шүүх нь хоёр өөр хэрэгт Т.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэх, түүнчлэн давж заалдах шатны шүүх нь Д.С, Г.Д нарт шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Анхан шатны шүүх нь Т.Б-ны хувьд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэхдээ алдаа гаргасан бол давж заалдах шатны шүүх нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заагаагүй үндэслэлээр Д.С, Г.Д нарын ялыг хөнгөрүүлж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол болон магадлалын Т.Б-д холбогдох зарим хэсэгт өөрчлөлт оруулах, түүнчлэн магадлалын Д.С, Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйл, хэсэгт заасан нэг төрлийн нэмэгдэл ялыг оногдуулсан тохиолдолд тэдгээрийг зайлшгүй нэмж нэгтгэх ба ийнхүү нэгтгэсэн ял нь мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасан энэ ялын дээд хэмжээ болох 8 жилээс хэтэрсэн байж болохгүй.

Харин мөн зүйл, хэсэгт заасан “нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, бусад тодорхой эрх”-ийг хасах гурван төрлийн ялаас өөр өөрийг хэрэглэсэн бол, тухайлбал, нэг хэрэгт нь нийтийн албанд ажиллах, нөгөөд нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон тохиолдолд тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр тус тус хасаж эдгээр ялуудыг шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар нэмж нэгтгэхээр (хэргийн 5 дахь хавтас, 240 дэх тал) шийдвэрлэсэн мөртлөө түүний биечлэн эдлэх ялыг “... нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах”-аар тогтоож тооцооллын шинжтэй алдаа гаргасан, үүнийг нь давж заалдах шатны шүүх зөвтгөхгүй орхигдуулсан байх тул дээр дурдсан хуулийн зүйл, хэсэгт заасан хязгаарын дотор уг асуудлыг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эдгээрээс Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд жагсаан заасан нөхцөл байдлууд нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг хүчин зүйл болдог онцлогтой.

Учир иймд ялыг багасгах эсхүл чангатгахад шууд нөлөөлдөг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зөвхөн дээрх зүйл, хэсгүүдэд заасан хүрээ, хязгаарын дотор л хэрэглэхээс бус тэдгээрт зааснаас өөр үндэслэлээр уг асуудлыг шийдвэрлэж болохгүй.

Тиймээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно”, 6.6 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж тусгайлан зохицуулсан байна.

Үүнээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т заасан “онцгой нөхцөл байдал” гэдэгт ял шийтгүүлж буй этгээдийн биеийн эрүүл мэндийн байдал, нас өндөр болсон, хөгжлийн бэрхшээлтэй, нийтийн төлөө хийсэн сайн үйлс, онцгой байдал, гамшиг, аюултай үзэгдлийн үед болон улс орныг батлан хамгаалахад гавъяа зүтгэл гаргасан зэрэг зөвхөн тухайн этгээдийн хувийн байдалтай холбоотой хүчин зүйлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн  эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Түүнчлэн мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д нэрлэн заасан нөхцөл байдлууд нь гэмт үйлдэл болон гэм буруутай этгээдийн нийгмийн аюулын хэр хэмжээг ихэсгэхэд шууд нөлөөлж, уг хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний аль хүндийг шүүх сонгон хэрэглэхэд удирдлага болгодог хүчин зүйл тул дээрхээс бусад тохиолдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохыг хуулиар хоригложээ.

Иймд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д тусгайлан заагаагүй, мөн зүйлийн 3-т заасан “онцгой нөхцөл байдал”-д хамаарахгүй (магадлал, хэргийн 6 дахь хавтас, 209 дэх тал) үндэслэлээр анхан шатны шүүхээс Д.С-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих, Г.Д-т мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг давж заалдах шатны шүүх тус тус хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын дээрх хоёр шүүгдэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.С өөрт нь холбогдуулан шалгаж байсан эхнэрээ зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг хууль бусаар шийдвэрлүүлэх зорилгоор 20,000,000 төгрөгийг цагдаагийн алба хаагч нарт хахуульд өгүүлэхээр Д.Б-д өгснөөс тэр нь цагдаагийн алба хаагч Т.Б-д 10,000,000 төгрөг,  Г.Д-т 5,000,000 төгрөгийг хахуульд өгсөн,

шүүгдэгч Д.Б дээрх зорилгоор цагдаагийн хоёр алба хаагчид 15,000,000 төгрөгийг хахуульд өгсөн,

шүүгдэгч Г.Д нь Д.С-н хууль бус хүсэл зоригийг гүйцэлдүүлэх үүднээс эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад цугларсан баримт сэлтээс заримыг (гэрч Н.М-ийн мэдүүлэг, хохирогч Н.У-ын биеийн гаднах хэсгийг харуулсан 26 кадр фото зураг)  устгаж, үүний хариуд Д.Б, Т.Б нараар дамжуулан Д.С-ээс 5,000,000 төгрөгийг хахуульд авсан, мөн 20,000,000 төгрөгийг хахуульд нэмж өгөхийг шаардсан,

шүүгдэгч Т.Б нь Д.С-ийн хууль бус хүсэл зоригийг гүйцэлдүүлэхээр түүнээс 10,000,000 төгрөгийг Д.Б-өөр дамжуулан авсан, мөн дээрх зорилгоор Г.Д-т 5,000,000 төгрөгийг Д.Б-тэй бүлэглэн өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгасан байна.

Мөн шүүх нь Д.Б-д прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн залилах, хахууль авах гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, Д.С, Д.Б нарт холбогдох бусдад хахууль өгсөн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн, давж заалдах шатны шүүх Т.Бд холбогдох нотлох баримтыг устгах хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх нь энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчдийн гэм буруу (Т.Б-д холбогдох нотлох баримт устгасан гэх хэргээс бусад) тэдгээрт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь (Т.Б-д оногдуулсан нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэхээс бусад) хуульд нийцсэн ба үндэслэсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Иймд магадлалын Д.С, Г.Д нарт холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Т.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ял шийтгэснийг хүчингүй болгож, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээн, түүнд оногдуулсан нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэх заалтыг зөвтгөж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Х.Мөнгөнсүх, П.Одонтунгалаг, Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 129 дүгээр магадлалын 2 дахь заалтын Д.С, Г.Д нарт холбогдох бүх заалтыг хүчингүй болгосугай.

2.Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоолын 5  болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 129 дүгээр магадлалын 2 дахь заалтын “...шүүгдэгч Т.Б-ны биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж...” гэснийг “...шүүгдэгч Т.Б-ны биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж...”, шийтгэх тогтоолын 11 дэх заалтын Т.Б-д холбогдох хэсгийг “...нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж,  шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Т.Б-ны өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, П.Одонтунгалаг, Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

        

                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН