Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь  Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч С.Т,

Нарийн бичгийн дарга Х.Ууганбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь  Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тод холбогдох 1929000000009 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Тыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Билгэх 2 дугаар баг Баруун суугийн 4-3 тоотод оршин суух иргэн Ц.Түмэнжаргалын орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1,868,000 /нэг сая найман зуун жаран найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотоос ахтайгаа хамт Цогтцэций суманд ирсэн бөгөөд орой 20 цаг өнгөрөөгөөд 2 найзтайгаа “Марал” гэх газар орж архи, пиво уусан. Мөн “Соёмбо” гэх газар орж архи уусан.  Тэгээд эгчийндээ очтол эгч архи уулаа гэж загнахаар нь цүнхтэй хувцсаа аваад явлаа гэж хэлээд гарсан. Түмэнжаргал ахын гэрийн цонхоор ороод  дулаан хувцас, 3 ширхэг гар утас байсныг аваад гадаа гаражинд байсан улаан өнгийн мотоциклыг унаад явсан” гэв.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 17-21 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Түмэнжаргалын ”... “Би эхнэр Болдмаагийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуийн ажлаар Улаанбаатар хот орсон. Хотод эхнэрийн дүү Бямбацогтынд буусан. Тэнд манай сумын зүс таних Т гэж залуу өндөр настай эмээгийнхээ хамт байсан. Эхнэр бид хоёр тэнд байсан хүмүүст “хотоос Замын-Үүд боомт явна, ойрын хугацаанд гэртээ очихгүй” талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

Гэрч Н.Болдмаагийн “... Манай гэрийн цонхоор хулгай орж нөхрийн өвлийн дотортой гутал 1 хос, ажлын куртик 1 ширхэг, хөвөнтэй нудрагатай ногоон өнгийн дээл 1 ширхэг, 4 метр орчим дурдан бүс 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж кулон 3 хос 1 ширхэг, жижиг өрөөсөн алтан ээмэг 1 ширхэг, самсунг Эс-3 маркийн гар утас 1 ширрхэг, самсунг эс-5 маркийн гар утас  1 ширхэг, самсунг Ноте-5 маркийн гар утас 1 ширхэг, мөн гадаа гражид байсан улсын дугааргүй ява мотоцикль зэрэг эд зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

Гэрч Т.Батхааны “... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө Цогтцэций сумын төвд гэртээ унтаж байхад Очбаяр гэдэг залуу миний утасруу залгаад “Түмэнжаргал ахын гражийн хаалга онгорхой бас байшингийн урд талын цонх онгорхой байна. Чи ирж үзэх үү, хулгай орсон юм шиг байна” гэхээр нь аавд утсаар хэлчихээд гэрт нь очиход гражийн хаалга онгорхой. Дотор нь байсан мотоцикль байхгүй. Байшингийн цонхыг гаднаас нь онгойлгосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн                             34-35 дугаар хуудас/,

Гэрч М.Бадамсүрэнгийн “... Т тухайн үед Улаанбаатар хотод эмээгээ сахиад нилээд удаан хугацаанд байсан. 2019 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цагийн үед Т гэнэт хүрээд ирсэн. Ирэхдээ нилээн согтуу, цүнхтэй хувцастайгаа ирсэн... хувцас хийсэн цүнхэн дотор нь 3 ширхэг гар утас байсан. ...2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой Тыг манай гэрт байхад цагдаа нар ирээд аваад явсан. Сүүлд Тоос асуухад айлын гэрээс мотоцинкль, гар утас зэрэг зүйлсийг хулгайлсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Ц.Зоригтбаатарын “... Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой гэртээ байж байтал Хонгорзулын утсаар Т надтай ярьж уулзая гэсэн ингээд 19 цагийн үед Цогтцэций сумын төвд байх “Хишиг” бөөний төвийн ойролцоо уулзаад хамт “Марал” караокед орсон тэнд пиво захиалж уусан, манай найз Алтангэрэл бас хүрч ирсэн тэндээс гурвуулаа 22 цаг өнгөрч байх үед гараад “Соёмбо” паб руу орж мөн архив пиво ууж байгаад 00 цагийн үед тэндээс гараад Алтангэрэл гэрлүүгээ явсан би Тын хамт гэрт нь очиход нь манай хадам Мөнгөнцагаан бид хоёрыг архи уулаа гэж загнасан. Төрөө эгчтэйгээ хэрэлдээд явлаа гээд цүнхтэй хувцасаа аваад гэрээс гараад явсан, би ч тэнд унтсан, Төрөө дахиж ирээгүй цаашид юу болсон талаар мэдэхгүй байна “ гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч С.Алтангэрэлийн “... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой манай найз Зоригтбаатар гадагшаа гаръя гээд утсаар дуудахаар нь “Марал” караокед яваад очтол тэнд Тын хамт сууж байсан ингээд бид гурав тэнд пиво ууж байгаад тэндээс 22 цагийн үед гарсан байх явсаар “Соёмбо” пабад орж 1 шил арха бас пиво захиалан авч ууцгаасан ба 23 цаг өнгөрч байх үед тэндээс гарч би гэрлүүгээ явсан Т, Зоригтбаатар хоёр Тын гэр лүү явлаа гэж байсан түүнээс хойш тэр хоёртой дахин уулзалдаагүй..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Г.Очбаярын “... Манайх Цогтцэций сумын төвд Түмэнжаргал ахынхтай хөрш, зэргэлдээ амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед  ажлаасаа буугаад гэрлүүгээ орохоор хашааруугаа ороод харахад Түмэнжаргал ахын байшингийн урд талын цонхны голын порчик болон гражны хаалга нь онгорхой байсан. Тэднийхэн нэлээд хэд хоногийн өмнө Улаанбаатар хот руу явчихсан хүнгүй байгааг нь би мэдэж байсан учир урд шөнө хулгай орчихсон юм биш байгаа гэж бодоод энэ байдлыг Түмэнжаргал ахын хүү Батхаанд утсаар холбогдож хэлчихээд гэртээ орж амарсан түүнээс хойш юу болсон талаар бол  мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/11 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

Яллагдагч С.Тын “... Би байшингийн урд талын том цонхны голын жижиг порчикоор дотогшоо орж гал тогооны өрөөнд байх ширээний шургуулганаас хэлхээтэй 4 ширхэг түлхүүр, коридороос хуучин ажлын куртик 1 ширхэг, хуучин дээл, бүс, өвлийн дотортой гутал, тус бүр 1 ширхэг, том өрөөнд байсан тавиур дээрээс самсунг Эс-3, самсунг Эс-5, самсунг Ноте-5 маркийн хуучин гар утас тус бүр 1 ширхэг, гадаа гражид байсан мотоцикль зэрэг зүйлсийг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас/,

С.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хавтаст хэргийн 63-83 дугаар хуудас/,   

Хохирогч Ц.Түмэнжаргалын ирүүлсэн тайлбар /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, мөн гэм буруутай этгээд нь өөрөө хүсэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч С.Тыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Билгэх 2 дугаар баг Баруун суугийн 4-3 тоотод оршин суух иргэн Ц.Түмэнжаргалын орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,868,000 /нэг сая найман зуун жаран найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-13 дугаар хуудас/,

- Хохирогч Ц.Түмэнжаргалын ”... “Би эхнэр Болдмаагийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хувийн ажлаар Улаанбаатар хот орсон. Хотод эхнэрийн дүү Бямбацогтынд буусан. Тэнд манай сумын зүс таних Т гэж залуу өндөр настай эмээгийнхээ хамт байсан. Эхнэр бид хоёр тэнд байсан хүмүүст “хотоос Замын-Үүд боомт явна, ойрын хугацаанд гэртээ очихгүй” талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

- Гэрч Г.Очбаярын “... Манайх Цогтцэций сумын төвд Түмэнжаргал ахынхтай хөрш, зэргэлдээ амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед ажлаасаа буугаад гэрлүүгээ орохоор хашаа руугаа ороод харахад Түмэнжаргал ахын байшингийн урд талын цонхны голын порчик болон гражны хаалга нь онгорхой байсан. Тэднийхэн нэлээд хэд хоногийн өмнө Улаанбаатар хот руу явчихсан хүнгүй байгааг нь би мэдэж байсан учир урд шөнө хулгай орчирсон юм биш байгаа гэж бодоод энэ байдлыг Түмэнжаргал ахын хүү Батхаанд утсаар холбогдож хэлчихээд гэртээ орж амарсан. Түүнээс хойш юу болсон талаар бол  мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

- Гэрч Т.Батхааны “... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө Цогтцэций сумын төвд гэртээ унтаж байхад Очбаяр гэдэг залуу миний утасруу залгаад “Түмэнжаргал ахын гражийн хаалга онгорхой бас байшингийн урд талын цонх онгорхой байна. Чи ирж үзэх үү, хулгай орсон юм шиг байна” гэхээр нь аавд утсаар хэлчихээд гэрт нь очиход гражийн хаалга онгорхой, дотор нь байсан мотоцикль байхгүй. Байшингийн цонхыг гаднаас нь онгойлгосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн                             34-35 дугаар хуудас/,

- Гэрч М.Бадамсүрэнгийн “... Т тухайн үед Улаанбаатар хотод эмээгээ сахиад нилээд удаан хугацаанд байсан. 2019 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цагийн үед Т гэнэт хүрээд ирсэн. Ирэхдээ нилээн согтуу, цүнхтэй хувцастайгаа ирсэн... хувцас хийсэн цүнхэн дотор нь 3 ширхэг гар утас байсан. ...2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой Тыг манай гэрт байхад цагдаа нар ирээд аваад явсан. Сүүлд Тоос асуухад айлын гэрээс мотоцинкль, гар утас зэрэг зүйлсийг хулгайлсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/11 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Тын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Билгэх 2 дугаар баг Баруун суугийн 4-3 тоотод орших орон сууц нь хохирогч Ц.Түмэнжаргалын байнга амьдардаг орон байр болох нь

- Гэрч Г.Очбаярын “... Манайх Цогтцэций сумын төвд Түмэнжаргал ахынхтай хөрш, зэргэлдээ амьдардаг юм.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

- Гэрч Т.Батхааны “... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө Цогтцэций сумын төвд гэртээ унтаж байхад Очбаяр гэдэг залуу миний утасруу залгаад “Түмэнжаргал ахын гражийн хаалга онгорхой бас байшингийн урд талын цонх онгорхой байна. Чи ирж үзэх үү, хулгай орсон юм шиг байна” гэхээр нь аавд утсаар хэлчихээд гэрт нь очиход гражийн хаалга онгорхой, дотор нь байсан мотоцикль байхгүй. Байшингийн цонхыг гаднаас нь онгойлгосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн                             34-35 дугаар хуудас/,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

- Ц.Түмэнжаргалын иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Тын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөнд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох тул С.Тыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч С.Т нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь Ц.Түмэнжаргалын “...1,868,000 /нэг сая найман зуун жаран найман мянга/-н төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлбөрийг С.Т 2019.02.27-нд барагдуулсан тул хохиролгүйг зөвшөөрөв.” гэсэн тайлбар /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/-ыг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хор уршгийг арилгасан гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч С.Тод ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид учруулсан хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иймд шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/-н жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх, дээрх хугацаан дээр 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэх ялын эдлээгүй үлдсэн хугацаа болох 6 /зургаа/-н сарын хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар оногдуулах саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Тод 1 /нэг/ жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Тод оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 6 /зургаа/-н сар 11 /арван нэг/ хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, С.Тын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Түмэнжаргал нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаан давуу овогт Сонинболдын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Сонинболдын Тод 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгчдэгч С.Тод 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 6 /зургаа/-н сар 11 /арван нэг/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тод оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.Тын  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Түмэнжаргал нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тус хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар С.Тод  урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН