Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 622

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг  1 дүгээр байрны 7 тоотод суух, Жагварал овгийн Дашнямын Алтантунгалаг /НЭ66010209/.

 

Б.Отгонзаяаг 2004 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Алтантунгалаг, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтантунгалаг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь 1987 оны 11 сарын 01-ний өдөр охин Б.Ундармааг, 1998 оны 04 сарын 27-ны өдөр бага охин Б.Отгонзаяаг төрүүлсэн. Б.Ундармаа, Б.Отгонзаяа нар нь уушигны хүнд хэлбэрийн өвчтэй байсан, эмчилгээ хийсэн боловч эмэндээ дасал болж, эмчлэгдэхгүй байсаар Б.Ундармаа нь 2003 оны11 сарын 25-нд, Б.Отгонзаяа нь  2004 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан.

2006 онд охидуудынхаа нас барсаны гэрчилгээ авах үед миний сэтгэл санаа хямралтай байснаас шалтгаалж, тэдгээрийн нас барсан оныг зөрүүлж, Б.Ундармааг 2004 онд, Б.Отгонзаяаг 2003 онд нас барсан гэж бүртгүүлсэн байна.

Миний бие нь бие муутай, уушигны өвчнөөр хагалгаанд орсон, одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох шаардлагатай байна. Гэтэл бага охин Б.Отгонзаяагийн 2004 онд нас барсныг буруу бүртгүүлснээр миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байгаа юм.

Иймд талийгаач охин Б.Отгонзаяаг 2004 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.


Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтантунгалаг нас барагч Б.Отгонзаяаг 2004 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Хүсэлт гаргагч Д.Алтантунгалаг нь нас барагч Б.Отгонзаяагийн төрсөн эх бөгөөд түүний нас баралтыг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох эрх бүхий этгээд гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8-д зааснаар Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд 1998 оны 04 сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, Баясгалангийн Отгонзаяаг 2003 оны 07 сарын 10-ны өдөр нас барсныг 2006 оны 01 сарын 26-ны өдөр нас барсны бүртгэлийн 21 дугаарт бүртгэсэн, мөн түүнийг 2003 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан  тухай Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 242/002383 тоот лавлагаа гарчээ.

Харин хүсэлт гаргагч Д.Алтантунгалаг нь Б.Отгонзаяаг 2004 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан болохыг 2006 оны 01 сарын 26-ны өдөр нас баралтын бүртгэлд бүртгүүлэхдээ 2003 оны 11 сарын 25-ны өдөр нас барсан Баясгалангийн Ундармаагийн нас барсан онтой  андуурч буруу бүртгүүлсэн болох нь  Д.Алтантунгалагийн шүүх хуралдаанд гаргасан “ 2006 оны 01 сарын 26-ны өдөр 2 охиныхоо нас барсаны гэрчилгээ авахдаа Б.Ундармаагийн 2003 он нас барсан онтой бага охин Б.Отгонзаяагийн 2004 нас барсан онтой андуурч бичүүлсэн” гэх тайлбараар,

Гэрч Д.Цэрэнчимэд, Д.Шийтэрцэрэн нарын гэрчээр өгсөн “ Д.Алтантунгалаг нь 4 хүүхдээ төрүүлж өсгөөд, эдгэршгүй өвчний улмаас бүгдийг нь алдсанд харамсаж байдаг, түүний бага охин Б.Отгонзаяа эмэндээ дасал, сүрьеэ өвчний улмаас 2004 оны 07 сарын 10-ны нас барсан” гэх мэдүүлгээр,

Нас барагч Б.Ундармааг 2004 оны 11 сарын 25-ны өдөр нас барсныг 2006 оны 01 сарын 26-ны өдрийн 20 дугаарт, нас барагч Б.Отгонзаяаг 2003 оны 07 сарын 10-ны өдөр нас барсныг 2006 оны 01 сарын 26-ны өдрийн 21 дүгээрт бүртгэсэн байдлаар буюу нас барагчдыг нэг өдөр бүртгүүлсэн 0027311, 0027310 тоот гэрчилгээгээр,

Б.Ундармааг 2003 онд, Б.Отгонзаяаг 2004 онд нутаглуулсан тухай гэрэл зургаар бэхжүүлсэн хөшөө зургаар тус тус тогтоогдож байна.   

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

 

  Иймд нас барагч Б.Отгонзаяаг 2004 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоож, энэ талаар улсын бүртгэлд сэргээн бүртгэхийг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар Монгол улсын иргэн, 1998 оны 04 сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, Баясгалангийн Отгонзаяа /НЭ98042708/ -г 2004 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар Улсын бүртгэлийн хэлтэст нас барагч Б.Отгонзаяаг 2004 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан бүртгэлийг сэргээн тогтоохыг даалгасугай.

   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН