| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00635/и |
| Дугаар | 651 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 651
| 2016 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2016/00651 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 2 дугаар баг, Цээл гэх газар оршин суух хаягтай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн задгайд оршин байдаг, Бадрах овгийн Доржпүрэвийн Батчимэг /НГ89021167/
Хариуцагч: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 2 дугаар баг, Цээл гэх газар суух, Харчин овгийн Цэрэннадмидийн Батнасан /НГ87051476/ -д холбогдох,
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батчимэг, хариуцагч Ц.Батнасан, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Ц.Батнасантай 2006 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж 10 жил хамт амьдарсан. 2010 онд хүү Б.Батсүрэнг төрүүлсэн.
Ц.Батнасан нь сүүлийн 2 жилд ажил хөдөлмөр эрхлэхгүй, ааш зан нь өөрчлөгдөн найз нөхөдтэйгээ нийлж архи дарс их уудаг болсон. Ц.Батнасанг засрах байх гэж бодож хүлээж байсан боловч эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болсон.
Бид цаашид эвлэрэн амьдрах хүсэлгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Батсүрэн нь 6 настай, 1 дүгээр ангид орно, миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь тогтоож өгнө үү.
Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 111 тооны малаас Ц.Батнасан нь хүү Б.Батсүрэнд унагатай гүү 1, хургатай хонь 16, төлөг 10, ишигтэй ямаа 5, шүдлэн ишиг 4, эр бяруу 1, бүгд 59 тооны мал өгнө гэж эвлэрэн хэлэлцсэн болно гэжээ.
Хариуцагч Ц.Батнасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Д.Батчимэгтэй 2006 оноос хойш Д.Батчимэгтэй гэр бүл болж хамтран амьдарч байгаад гэрлэлтээ бүртгүүлж, 2010 онд хүү Б.Батсүрэнг төрүүлсэн.
Бид хамтран амьдрах хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохирдоггүй байсан бөгөөд 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах хүсэлгүй , гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон болно.
Хүү Б.Батсүрэн нь 6 настай эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, харин хүссэн үедээ уулзаж, утсаар яриулж байхыг хүсье. Тэтгэлэг төлнө.
Миний нэр дээр 500 гаруй толгой мал тоологдсон байдаг. Энэ мал хөрөнгө нь миний эцгээс ах дүү бидний 5 ам бүлд өвлөгдөж ирсэн хөрөнгө юм. Би өөрөө ч энэ малаа хариулдаггүй.
500 гаруй толгой малаас надад ногдох хэсэг болох 111 тооны малаас өөрийн хүү Б.Батсүрэнд унагатай гүү 1, хургатай хонь 16, төлөг 10, ишигтэй ямаа 5, шүдлэн ишиг 4, эр бяруу 1, бүгд 59 тооны мал өгөхөөр хоорондоо тохиролцсныг хүлээн авна уу гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батчимэг хариуцагч Ц.Батнасанд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Доржпүрэвийн Батчимэг, Цэрэннадмидийн Батнасан нар нь 2008 оны 05 сарын 14-ний өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2009 оны 09 сарын 21-ний өдрийн 0011 дугаарт бүртгүүлж, 2010 оны 06 сарын 29-ний өдөр Батнасангийн Батсүрэнг төрүүлж өсгөн, гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн 0074376 -0011, төрсний бүртгэлийн 0000515320-31 тоот гэрчилгээнүүд мөн зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас 2014 оноос эхлэн тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн тэдгээрт эвлэрэх хугацаа өгөхгүйгээр цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага насны хүүхэд Б.Батсүрэнг эхийн асрамжид үлдээж, эцгээс тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулан, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгийг тэдгээрийн харилцан тохиролцсноор дараахь байдлаар хувааж шийдвэрлэв. Үүнд: Хариуцагч Ц.Батнасан өөр ногдох хөрөнгөөс хүү Б.Батсүрэнд унагатай гүү 1, хургатай хонь 16, төлөг 10, ишигтэй ямаа 5, шүдлэн ишиг 4, эр бяруу 1, бүгд 59 тооны мал өгөхөөр тохиролцсон болно.
Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн дээрх байдлаар хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Ц.Батнасан нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бадрах овгийн Доржпүрэвийн Батчимэг /НГ89021167/, Харчин овгийн Цэрэннадмидийн Батнасан /НГ87051476/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 06 сарын 29-ний өдөр Батнасангийн Батсүрэнг эх Д.Батчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар Б.Батсүрэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай / болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Батнасангаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч Ц.Батнасангаас унагатай гүү 1, хургатай хонь 16, төлөг 10, ишигтэй ямаа 5, шүдлэн ишиг 4, эр бяруу 1, бүгд 59 тооны малыг хүүд Б.Батнасан өгөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Батчимэгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Ц.Батнасангаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батчимэгт, 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН