Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 35

 

­

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

   Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,

   Улсын яллагч: А.Амгалан,

   Шүүгдэгч: Н.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг морьт овогт Норовын От холбогдох эрүүгийн 1929000000021 дугаартай  хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Н.О нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Өгөөмөр багийн Бумбан-Овоогийн 7-717 тоотод согтуугаар иргэн А.Нарандэмбэрэлтэй марган улмаар аягатай цайгаа шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

Хохирогч А.Нарандэмбэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 18-19-р хуудас/,

Гэрч Г.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11, 20-21-р хуудас/,

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд Н.Энхцэцэгийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд Н.Оийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №115 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

Н.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-29-р хуудас/,

Шүүгдэгч Н.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/,

Шүүгдэгч Н.Оийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40-43-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Н.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Н.О нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Өгөөмөр багийн Бумбан-Овоогийн 7-717 тоотод согтуугаар иргэн А.Нарандэмбэрэлтэй марган улмаар аягатай цайгаа шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

-. Хохирогч А.Нарандэмбэрэлийн өгсөн: “...та нар миний дүүг зарж зарчихаад одоо хөөлөө гэхэд О зайл гээд над руу юм аваад шидсэн. Тэгэхээр нь би яасан гэж над руу юм шидэж байгаа юм бэ гээд бид хоёр хэрэлдээд байж байтал миний гарнаас цус гарахаар нь би хувцсаа тайлаад “миний цусыг арчиж өг” гэж Энхцэцэг эгчид хэлэхэд “би чиний цусыг арчдаг хүн мөн үү” гээд гэрээс намайг түлхээд гаргасан. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирсэн...” мэдүүлэг /хх-ийн 8-9, 18-19-р хуудас/,

- Гэрч Г.Ганхуягийн өгсөн: “...манай эгч Нарандэмбэрэл босч ирээд та нар ямар аймар хүмүүс вэ хүн алах нь байна цагдаа дууд гэхэд Энхцэцэг эгч та нар өөрсдөө дууд, бид нар мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд Нарандэмбэрэл эгч Цагдаагийн байгууллага дуудаж ирүүлсэн...” мэдүүлэг /хх-ийн 10-11, 20-21-р хуудас/,

- Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд Н.Энхцэцэгийн холбогдогчоор өгсөн: “...дахиад Оийнд хүмүүс шуугиад байхаар нь гэрт нь яваад очсон чинь Ганхуягийн эгч болох Нарандэмбэрэл буцаад ирсэн. Манай дүү Отэй хэрүүл хийгээд байж байсан. Тэгсэн О уурлаад цай ууж байсан аягаа Нарандэмбэрэл рүү шидсэн чинь гарыг нь онож, гарнаас нь цус гарсан. Тэгсэн Нарандэмбэрэл цусаа миний нүүрэнд арчих гээд дайраад байхаар нь би болиоч, хүний нүүрэнд цусаа арчих гээд дайраад байдаг хаашаа юм бэ гэж хэлсэн чинь О намайг татаад холдуулсан. Тэгсэн Нарандэмбэрэл цэвэрлээд өгчих гээд байна гэхээр нь би чадахгүй гэж хэлээд би гэрээс гараад явсан...” мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

- Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд Н.Оийн холбогдогчоор өгсөн: “...Би ууж байсан аягатай цайгаа шидсэн чинь Нарандэмбэрэл эгчийн гаран дээр нь оносон. Тэгээд Нарандэмбэрэл эгчийн гарнаас цус гарч Нарандэмбэрэл эгч цусаа Энхцэцэг эгчийн нүүрэнд арчих гэж дайраад байхаар нь би болиоч гэх хэлээд Энхцэцэг эгчийг татаад холдуулсан. Тэгээд Нарандэмбэрэл эгч гэрээс гараад явсан....” мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №115 дугаартай шинжээчийн: “...А.Нарандэмбэрэлийн биед зүүн тохойн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Зүүн тохойн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн, баруун мөрний зөөлийн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн тохойн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун мөрний зөөлөн эдийн няцрал нь 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

- Н.Оийн яллагдагчаар өгсөн: “...тухайн үед хагарч бутарсан байсан болохоор хогоор гаргаж хаяаад одоо хог ачаад устсан байгаа. Миний шидсэн аяга тунгалаг шилэн аяга байсан...”мэдүүлэг /хх-ийн 26-29-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

- хохирогч А.Нарандэмбэрэл нь шүүгдэгч Н.Оээс хохирог төлбөрт 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгч Н.О нь эмчилгээний зардалд хохирогч А.Нарандэмбэрэлд 310,000 төгрөг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.     

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг морьт овогт Норовын Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 500 / таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От оногдуулсан 500 / таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг 1 / нэг / сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

4. Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Нарандэмбэрэлд хохирол төлбөрт 310,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА