Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

   Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

   Улсын яллагч: В.Төгсбаяр,

   Шүүгдэгч: Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зана овогт Батчулууны Сд холбогдох эрүүгийн 1929000000024 дугаартай  хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хашаанд Д.Цэцэгсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар тамхины асаагуур шидсэний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Д.Цэцэгсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

Гэрч Б.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Ц.Нэргүйбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №3261 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,

Б.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Шүүгдэгч Б.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/,

Шүүгдэгч Б.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 38-р хуудас/,

 зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хашаанд Д.Цэцэгсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар тамхины асаагуур шидсэний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

- Хохирогч Д.Цэцэгсүрэнгийн өгсөн: “...С гээд надтай хамт явдаг залуу ирсэн би тухайн үед цайны цаг болсон байсан болохоор машины хойд орон дээр хэвтэж байтал жолооч талын хаалгаар орж ирээд намайг таксины мөнгө нэхэж хөл гар руу цохиод байсан, тэгсэн машины хажууд зогсож байсан Нэргүйбаатар ах ирээд Сг салгаж аваад гадаа гарсан тэгээд би хаалгаа хаачаад кабин дотроо сууж байтал надаас таксины мөнгө нэхээд байхаар нь хаалгаа нээгээд таксины мөнгө өгөх гэтэл миний өөдөөс нэг юм шидсэн би тэр зүйлийг тухайн үед сайн хараагүй сүүлд сонсоход тамхины асаагуур шидсэн байсан...” мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

Гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: “...намайг машин дотор суух байхад 20 орчим насны архи үнэртүүлсэн залуу “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хашаа руу хүргүүлнэ очоод мөнгийг нь өгье” гэсэн тэгээд би тэр залууг суулгаад “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 15-р постон дээр очтол хамт явсан залуу “би машинаас мөнгө аваад өгье” гээд явахаар нь би араас нь дагаад явсан. Тэгсэн улаан хүрэн өнгийн Потон машины кабин дотор нэг эмэгтэй хаалга онгойлгосон дотор нь ороод муудалцаж байсан тухайн үед хажууд нь байсан нэг ах кабин дотор нь орж салгаад гаргасан. Тэгсэн нөгөө залуу кабинд байсан эмэгтэйрүү гартаа байсан тамхины асаагуурыг шидэж нүүр хэсэгт нь оносон. Тэгээд хажууд нь байсан нэг ах тэвэрч аваад “боль” гэсэн тэгсэн нөгөө эмэгтэй хаалгаа хаагаад кабин дотороо сууж байсан. Тэр үед нөгөө залуу “чамайг ална” гээд давшлаад л байсан нөгөө ах тайвшруулаад юм яриад үлдсэн...” мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Ц.Нэргүйбаатарын өгсөн: “...Цэцэгсүрэнгийн биед С гэж залуу тамхины асаагуур шидэж гэмтэл учруулсан бас кабин дотор зодож байхад нь би орж салгаж гаргаж ирсэн...” мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №3261 дугаартай шинжээчийн: ... Цэцэгсүрэнгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн цадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“” дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,

Б.Сгийн яллагдагчаар өгсөн: “...Цэцэгсүрэн машин дотроо байж байхаар нь би ороод таксины мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд би хоёр машины кабин дотор маргалдаж байсан чинь араас Нэргүйбаатар ах орж ирээд намайг татаад буулгасан. Тэгсэн Цэцэгсүрэн миний цүнхтэй хувцас гаргаж шидээд байхаар нь би тамхи асаагуур шидэж зүүн талын нүд хэсэгт нь оносон...” мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

- хохирогч Д.Цэцэгсүрэн нь шүүгдэгч Б.Сд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Сгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зана овогт Батчулууны Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 800 /найман зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 800 /найман зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.   

4. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА