Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

            Улсын яллагч: А.Амгалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Боорчи,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

            Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 1929000000019 дугаартай  хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.­           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн 215 дахь километрт 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 00-91 УБЧ улсын дугаартай 4R runner маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, 29-49 УНЭ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Д.Отгонбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн цаг хугацаанд авто тээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-27-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Г.Занданхүүгийн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Хатанболдын мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ууганболдын мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баасанжавын мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн №2251 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/

2019 оны 03 сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 6290 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-58-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 41-р хуудас/

Шүүгдэгч Б.Мын жолоочийн мэдээлэл, лавлагаа /хх-ийн 80-р хуудас/

Шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/

Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 96-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн 215 дахь километрт 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 00-91 УБЧ улсын дугаартай 4R runner маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, 29-49 УНЭ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Д.Отгонбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн цаг хугацаанд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

-хохирогч Д.Отгонбаярын: “...Би хэсэг зуур болсон зүйлийг огт санахгүй байгаа юм. Хотод 2 сарын 6-нд эмнэлэгт эхнэрээ хараад ухаан орсон. Намайг зам тээврийн осолд орсон гэж эхнэр хэлсэн. ...нэг талдаа 5, нөгөө талдаа 3 хавирга хугарсан. Эрүүний яс 2-3 газар хугарсан. Тагнайны яс хугарсан зэрэг олон тооны гэмтэл авсан. ...цаашид их эмчилгээ хийлгэх, их мөнгө шаардагдах байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

- иргэний нэхэмжлэгч Г.Занданхүүгийн: “...2019 оны 02 сарын 04-нд 10 цагийн үед Энхбаатар гэдэг ах маань машины чинь араас машин орсон байна. Араас нь мөргөсөн жолооч зугтсан. Говийн замын ажилчин араас нь хөөгөөд явсан гэж хэлэхэд зам тээврийн ослын талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

- гэрч Г.Хатанболдын: “...Цагаан хадны хойд хэсэгт байдаг Ойл гэдэг колонкоос бензин авчихаад Цагаан хадны төв рүү явж байхад Ханбогд дэлгүүрийн харалдаа засмал зам дээр нэг эрэгтэй хүн гар өргөхөөр нь би машинаа зогсооход тэр залуу  машины баруун хойд хаалгаар жолоочийн ар талд суугаад Цагаан хадруу дөхөөд бууя гэхээр нь машинаа хөдөлгөөд 50 метр орчим явж байхад гэнэт араас машин ирээд маш хүчтэй мөргөсөн. Тэгээд миний жолоодож явсан машин мөргүүлээд гэнэт мотор нь ээрээд замын зүүн тал руу шарваад шороон дээр гарахад нь би түлхүүрээ хариулж унтрааж машинаа зогсоосон. Тэгээд би Баасанжавыг буугаад мөргөсөн машины номерийг хараатах гэхэд Баасанжав машинаас буухад нөгөө мөргөсөн машин гэрлээ унтраагаад зугатаачихсан. Араас нь Говийн замын эргүүлийн машин ирэхээр нь машины араас мөргөчихөөд зугтаачихлаа гэж хэлээд зогсоогоод өгөөч гэхэд говийн замын эргүүлийн машин хойноос нь явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/

- гэрч Б.Ууганболдын: “...Би 2019 оны 02 сарын 04-нд Гашуун сухайт авто замын 121-237 дахь км-т хяналт тавьж хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 18 цаг 40 минутын үед урдаас хойшоо чиглэлтэй явж байтал 214 дэх км-т зорчих хэсэг дээр хар өнгийн жийп машин зогсож байсан. Тухайн машины урд талд зам дээгүүр их хэмжээний шил бутарсан байхыг хараад өнгөрч зогсоод юу болов гээд буцаад эргэтэл нөгөө зогсож байсан жийп машин хөдлөөд явсан. Замын зүүн талаас 2 залуу гүйж ирээд саяны машинтай хүн мөргөчихөөд явчихлаа, арын хүний бие муу байна, араас нь яваад зогсоогоод өгөөч гэсэн. Тэгээд араас нь хойд гэрлийг нь хараад явж байтал Оюу толгойн уулзвараар баруун гар тал руугаа эргээд нүүрсний шороон замаар 8 км явж байгаад баруун эргээд уул руу гараад явсан. Тэндээ Өнөрбаяр цагдаатай мөрийг нь дагаж нилээд явж байтал том хаданд тэгнээд зогссон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/

- гэрч Б.Баасанжавын: “...найз Хатанболд машин бариад МТ колонкоос бензин авах гээд очсон бензин байхгүй болохоор нь хойд талын ногоон колонкоос бензин аваад буцаад харихаар явж байтал нэг хүн Ханбогд дэлгүүрийн урд зам дээр гар өргөөд Цагаан хад руу дөхөөд бууя гэхээр нь аваад хөдлөөд явж байтал удаагүй араас машин мөргөсөн. Тэгээд тэр хүчээрээ замаас зүүн тийш гараад зогссон. Буугаад мөргөсөн машинаа харах гэтэл зугтаагаад явсан. Говийн замын машинд машин мөргөөд зугтаачихлаа гэж хэлэхэд говийн замын машин хойноос нь хөөгөөд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн №2251 дугаартай шинжээчийн: “...Д.Отгонбаярын биед баруун талын 3.4.5.6.7.8-р хавирга, зүүн талын 3,4-р хавирга суганы урд шугамаар хугарал, зүүн уушгины бүрэн авчилт, цээжний зүүн гялтангийн хөндий дэх агаар хуралт, цээжний хөндий дэх шингэн хуралт, эрүү ясны олон хэлтэрхий бяцарсан хугарал, хоёр талын гайморын хөндийн урд ханийн хугарал, эрүүнд шарх, цээжинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, хэлний бүрэн бус тасарсан шарх, буйланд шарх, зүүн доод 1.2.3.4-р шүдний булгарал, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлнь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэл эмчилгээнийүр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/

2019 оны 03 сарын 07-ны өдрийн Шинжээчийн: “...Мазда маркийн 29-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ганбат овогтой Хатанболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б/-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тухайн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. 4Runner маркийн 00-91 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Бумцэнд овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а/-д заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх.”, 3.7.а/-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусадтохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. Ганбат овогтой Хатанболд /РД:ГЮ91102216 нь ВСЕ ангиллын №842020 дугаартай жолоочийн үнэмлэхтэй, уг үнэмлэх нь хүчинтэй, Бумцэнд овогтой М /РД:УШ88082815 нь В ангиллын №791967 дугаарын жолоочийн үнэмлэх хүчинтэй байна. Өмнөговь аймаг дахь Гэрээт цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Батмөнхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 6290 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

            Хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээгүй тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

           

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Отгонбаярт 38 500 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Занданхүүд 2 190 000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд хохирол төлбөрийн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул хохирлыг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Д.Отгонбаяр “...цаашид их эмчилгээ хийлгэх, их мөнгө шаардагдах байх.” гэж /хх-ийн 30-31-р хуудас/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлтэй учир мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үнэлж, шүүгдэгч Б.Мыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учир түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр буюу нийгмээс тусгаарлахгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж үзлээ.  

  Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Мын №791967 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цорос овогт Бумцэндийн Мыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 /мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх                                                       хязгаарлалт тогтоож, энэхүү үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

  Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч Б.М нь хохирол төлбөрт хохирогч Д.Отгонбаярт 38 500 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Занданхүүд 2 190 000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Отгонбаяр нь шүүгдэгч Б.Маас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Мын №791967 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө  гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА