Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

   Нарийн бичгийн дарга: Б.Боорчи,

   Улсын яллагч: Д.Ганчимэг,

   Шүүгдэгч: Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дугар овогт Ганхуягийн Гт холбогдох эрүүгийн 1929000630028 дугаартай  хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Г.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаанхад” гэх газарт “НБТранс” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд 2019 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө иргэн Ж.Баттулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 8-ны орой найзынхаа машины кабинд очоод байж байтал хохирогч Ж.Баттулга цүнхтэй хувцсаа бариад бид 2 дээр ирсэн, Манай найз Ө.Отгонмөнх утасныхаа сим картыг сэргээнэ гээд 3 уулаа хамт явах уу? гээд 3 уулаа цагаан хад гэх газар луу алхаж очоод сим картыг нь сэргээгээд явж байтал хохирогч Ж.Баттулга нь 1 шил архи авсан хувааж ууя гэхэд би гэр буудалд утсаа тавьсан байгаа утсаа авчихаад араас чинь очъё гээд үлдсэн, тэгээд би утсаа аваад эхнэртэйгээ ярьж ”10.000 төгрөг явуулчих би буудлынхаа мөнгийг төлөх гэсэн юм” гээд ярьчихаад байж байтал манай найз залгаад ”юу болж байна ирэх болж байгаа юм уу?” гэхэд би ”эхнэр мөнгө хийгээгүй байна” гэхэд манай найз ”чи тэгвэл Баттулгаас тэр мөнгөө авчих, эхнэрээ тэр мөнгийг шилжүүлэхээр нь Баттулгад өгчих” гэсэн тэгээд зөвшөөрөөд машинд нь очсон тэгээд 10.000 төгрөг Баттулгаас аваад буудлынхаа мөнгийг өгчихөөд сим авсан  газраас дахиад 1 шил архи аваад  очсон тэгтэл манай найз Ө.Отгонмөнхийн найз гэх Цогбадрах гэдэг залуу ирээд тэгээд 4 үүлээ тэр 1 шил архийг хувааж уусан,  тэгээд Цогбадрах гэх залуу “би болсон одоо машиныхаа кабинд орж унтлаа” гээд явсан тэгээд бид 3 Отгонмөнхийн машины кабинд ороход Отгонмөнх “ 2-ын хооронд уучлаа танай эхнэрийн мөнгө орж ирсэн үү?” гэхэд би “ороогүй байна” гэхэд Отгонмөнх “за тэгвэл надад 13.000 төгрөг  байна гээд надад өгөөд 1 шил архи өвөөд ир”  гэсэн тэгээд би 1 шил архи авж ирсэн тэгээд Отгонмөнхийн машины кабинд уугаад нилээн халцгаасан тэгтэл Отгонмөнх жолооны хүрдийг тэврээд унтаад өгсөн, тэгтэл хохирогч Ж.Баттулга Отгонбаярын гарлуу нь өшиглөөд байсан тэхээр нь би ”наад чинь тасарсан байна болиоч” гэсэн тэр үеэс хойш маргалдаад хохирогч Ж.Баттулга намайг үсдэж авсан би гарын тавиулах гээд чадахгүй би 2, 3 удаа цохисон тэгээд нэг хутаг байсан айлгах зорилгоор аваад айлгах гэтэл зүссэн байсан тэгээд би Өө найз нь чамайг зүсчихлээ яах уу? гэтэл хохирогч Ж.Баттулга уурлаад намайг 2, 3 удаа цохисон.” гэв.

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-11-р хуудас/,

Хохирогч Ж.Баттулгын өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-18-р хуудас/,

Гэрч Б.Баатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Б.Цогбадрахын өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

Гэрч Ө.Отгонмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

Г.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №3356 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

Г.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-41-р хуудас/,

Шүүгдэгч Г.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 62-63-р хуудас/,

 зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Г.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Г.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаанхад” гэх газарт “НБТранс” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд 2019 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө иргэн Ж.Баттулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

- Хохирогч Ж.Баттулгын өгсөн: “...Миний биед хэвлийн зүүн хэсэгт нэг удаа хутгалж, зүүн нүд хөхөрч хавдсан. Үүдэн дээд нэг шүд эмтэрсэн, зүүн чих рүү цохисон...” мэдүүлэг /хх-ийн 15-18-р хуудас/,

Гэрч Б.Баатарын өгсөн: “....Тэр залуугийн зүүн хэвлий орчимд хутгалж, цус гоожсон байдалтай байсан. Тэр залуу хэлэхдээ нэг залуу хутгалчихаад эргэж ирээд уучлаарай гэж хэлээд гүйгээд явчихсан гэж хэлсэн...” мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Б.Цогбадрахын өгсөн: “...21 цагийн үед Г миний машинд орж ирээд ус уучихаад надтай хөзөр тоглож сууж байгаад 30 гаруй минут болоход нь би амарлаа гэж хэлэхэд Г буугаад явсан. 03 дугаар сарын 09-ний өглөө босоход шөнө Г Баттулгыг хутгалсан гэж сонссон...” мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

Гэрч Ө.Отгонмөнхийн өгсөн: “...Энэ миний хоолоо хийдэг хутга байгаа юм. Тухайн үед миний машины кабинд хөгжмийн доод талын тавиур дээр ил байсан...” мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

Г.Гийн гэрчээр өгсөн: “....Тухайн үед би Тулгааг зүссэнээ мэдээд хөгшин нь чамайг хутгалчихлаа уучлаарай гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №3356 дугаартай шинжээчийн: “...Ж.Баттулгын биед хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чихний цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээр гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

Г.Гийн яллагдагчаар өгсөн: “...Би Баттулгын гэдэс рүү хутгаар нэг удаа хатгасан. Тухайн үед гэдэснээс нь шүүс мэт зүйл гоожиж байсан. Намайг үсдэж доош нь дарахад нь би үсээ тавиулах гэж гараараа цохисон. Тухайн үед хаана нь цохисныг мэдээгүй. Дараа нь Баттулгын нүд нь хөхөрсөн, шүд нь эмтэрсэн талаар хэлж байсан...” мэдүүлэг /хх-ийн 38-41-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

- хохирогч Ж.Баттулга нь шүүгдэгч Г.Гоос хохирол төлбөрт 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 145,050 төгрөгийн баримт ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Г.Гоос 145,050 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Баттулгад олгох нь зүйтэй.    

Хохирогч Ж.Баттулга нь шүүгдэгч Г.Гоос гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Гт түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дугар овогт Ганхуягийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 800 /найман зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 800 /найман зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Гоос 145,050 төгрөг гаргуулан хохирогч Ж.Баттулгад олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Баттулга нь шүүгдэгч Г.Гоос гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Сумъяасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА