Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 653

 

 

 

 

 

           2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2016/00653

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Өндөрширээт сумын Сантын 4 дүгээр багийн Байшинтын 10-ын 02 тоотод суух, Даадуу овгийн Жадамбын Сүрэнжав.

 

Нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Сүрэнжав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1956 оны 06 сарын 07-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Өвөөдий гэх газар ард Жадамбын 3 дугаар хүү болж төрсөн.

1964 онд 8 настайдаа Өндөрширээт сумын найман жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод 1969 онд төгссөн. 1968 онд хүнд өвчин тусаж, 1 жил улираад 1969 оноос 1971 онд Эрдэнэсант сумын 8 жилийн сургуульд,  1971 оноос 1973 онд Алтанбулаг сумын 8 жилийн сургуулийг, 1973 оноос 1975 онд Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангиа төгссөн юм.

1976 оны хавраас Баянжаргалан сумын сургуульд бага ангийн багшаар, 1977 онд Баян-Өнжүүл суманд багшаар тус тус ажиллаж байгаад 1979 онд ардын цэргийн албанд алба хааж, 1982 онд Баян-Өнжүүл сумандаа түүх газар зүйн багшаар, 1989 оноос 1997 оны хугацаанд Өндөрширээт сумын сургуулийн захирал, 1997 оноос одоог хүртэл багшаар ажиллаж байна.

Гэтэл 2012 онд иргэний үнэмлэх авахад төрсний бүртгэлийн лавлагаагаар 1957 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн гэж гарсан тул 1957 онд төрснөөр иргэний үнэмлэхээ авсан.

Харин Өндөрширээт сумын 1964 оноос 1965 оны хичээлийн жилийн бага сургуулийн ангийн журналд намайг 8 настай гэж бүртгэсэн 1977 онд олгосон цэргийн батлах, гэрлэлтийн гэрчилгээ, 196417 тоот нийгмийн даатгалын дэвтэр дээрх хугацаанд ажиллаж байсан талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэрт миний төрсөн он сар өдрийг 1956 оны 06 сарын 07-ны өдөр гэж бүртгэсэн байна. Надтай хамт 1 дүгээр ангид суралцаж байсан Ч.Эрдэнэбат мэдэж байгаа. Иймд намайг 1956 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Сүрэнжав нь 1956 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах  эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу өөрийн насыг тогтоолгохыг хүссэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Жадамбын Сүрэнжавд 2012 оны 07 сарын 30-ны өдөр олгосон иргэний үнэмлэх дээр түүний төрсөн огноог 1957 оны 06 сарын 07-ны өдрөөр, регистрийн дугаарыг ЧО57060712 гэж, Улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлд мөн огноогоор төрснөөр бүртгэсэн байх боловч

Ж.Сүрэнжав 1956 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн болох нь Төв аймгийн Өндөрширээт сумын Бага сургуулийн 1964 оноос 1965 оны хичээлийн жилийн  1 а ангийн журналын 3 дах хуудаст сурагчдын нэрсийн жагсаалтын 8 дугаарт Сүрэнжав 8 настай халх гэж, 

Монгол ардын хувьсгалт намын гишүүний 122465 дугаартай бат илэрхийлэх,   1977 оны 01 сарын 22-ны өдөр нээсэн 343984 тоот Цэргийн батлахад төрсөн оныг 1956 он гэж, 196417 тоот Нийгмийн даатгалын дэвтэрт 1956 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн ЧО56060712 тоот регистр, 1976 оны 09 сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр мөн Ж.Сүрэнжав, Б.Батжаргал нарын гэрлэлтийг 1978 оны 10 сарын 28-ны өдөр бүртгэсэн гэрлэлтийн 18 тоот гэрчилгээнд төрсөн оныг 1956 он гэж тус тус бичигдсэн байдал мөн 1 дүгээр хамт суралцаж байсан гэрч Ч.Эрдэнэбатын мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Даадуу овгийн Жадамбын Сүрэнжавыг   1956 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН