Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ат холбогдох эрүүгийн 1929000000025 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч О.А нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А: Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Гашуун сухайт хилийн боомтоор каффейн биедээ нууж оруулж ирсэн. Би өөрөө өвчтэй болохоор өвчинд  хэрэг болох байх гэж бодож оруулж ирсэн гэв.

   - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

- Бараа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9, 14-17-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 26-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Батхоролын өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019,03,12-ны өдрийн 286 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 33-34-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 1678 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

- Шүүгдэгч О.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/

- Шүүгдэгч О.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 56-63-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч О.А нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн болох нь:

- гэрч Т.Батхоролын: “...Оюунчулуун овогтой А гэх эмэгтэй биедээ олон ширхэг сонингийн цаасанд ороосон нунтаг цагаан өнгийн зүйл нуусан байсныг нь илрүүлсэн. О.А гэх эмэгтэйг тусдаа өрөөнд оруулан эмэгтэй байцаагчаар биед нь үзлэг хийхэд өмсөж явсан хар өнгийн куртикны халаас болон хөхөвчиндөө нийтдээ 50 ширхэг зүйлийг сонингийн дөрвөлжилж эвхсэн цаасанд хийсэн байсан. О.А нь уг зүйлийг Ми-ми гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019,03,12-ны өдрийн 286 дугаартай: “Монгол Улсын эмийн түүхий эдийн бүртгэлд БНХАУ-ын 2 үйлдвэрийн Каффейн бүртгэлтэй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.” гэх  албан бичиг, хавсралт /хх-ийн 33-34-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 1678 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлээс каффейн /Caffiene/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн каффейн нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай”, “Мансууруулах эмийн тухай” конвенцууд багтдаггүй болно. Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтанд хамаардаггүй болно.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/ болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэхүү үйлдэл каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн буюу импортлосон үйлдлийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хохирол төлбөрийн хувьд:

Хэргийн материалд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байхын дээр түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасантай нийцэж байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч О.А нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний өрхийн орлого тодорхойгүй байгаа нөхцлөөс хамаарч торгох ял шийтгэх нь тохиромжгүй учир дээрх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар тортой сонингийн цаасанд хуйлж ороосон 50 ширхэг 510 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг бодис каффейн буюу эмийн түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаат овогт Оюунчулууны Аийг каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр импортолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч О.Аийг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар тортой сонингийн цаасанд хуйлж ороосон 50 ширхэг 510 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг бодис каффейн буюу эмийн түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА