Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Хохирогч О.Мөнгөнчимэг,

Шүүгдэгч Э.Х /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзанбаяр овогт Эрэнхүүгийн Хд холбогдох 1929000470026 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Х нь  2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд иргэн О.Мөнгөнчимэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ:   “...Тухайн үед 2019 оны 02 дугаар сарын 04-нд Мөнгөнчимэг гэрт ирээд манай нөхрийг аваад явсан байсан. Би залгаад байхад утсаа авахгүй байсан. 2019 оны 02 дугаар сарын 09-нд Мөнгөнчимэг рүү задгаад чамтай хамт архи уусан юм чинь намайг ирсэн гээд нөхөрт хэлчихээрэй гэсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь сурагласан чинь энд явж байна гээд ярьсан. Такси бариад гэрт аваад ир гэсэн чинь Мөнгөнчимэг гэр рүүгээ аваад явсан байсан. Тухайн үед би толгой угаасан байсан угаадас  Мөнгөнчимэг рүү цацаад цохиж авсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч О.Мөнгөнчимэг мэдүүлэхдээ:  “...Учралбаяр, Насанжаргал, Ганхуяг бид нар хамт цагаан сараар шинэлсэн. Битүүнд Хгийн нөхар согтуу явж байсан. Тэгэхээр нь би нэг нутгийн хүмүүс юм чинь гээд усанд оруулж гэртээ аваачсан. Тэгээд Х дэлгүүрт явж байсан чинь залгасан. Тэгээд утсаа авсан чинь нөхрөө сурсан. Тэгээд аваад явж байсан чинь Хандаа ирчихлээ Мөөлөө хаана байна гээд сураглахад нь сая энд байсан чинь алга болчихлоо гэж хэлсэн. Маргааш нь засмал дээр явж байсан. Тэгээд гэрт нь авчирч өгсөн. Тэгсэн гараад зугтсан чинь намайг нөхөр олоод ир гээд загнаад байсан. Х нөхөртэйгөө муудсан уурандаа угаадас цацаад шал мөргүүлсэн. Манай нөхөр Х бид 2-г салгасан. Би биеэ хамгаалах гээд галын дэгээ бариад зогсож байсан чинь өөдөөс дайраад байсан би цохиж авах бодол байгаагүй. Гомдолтой байна. Хохирол төлбөрт нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 Хохирогч О.Мөнгөнчимэгийн “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найз Энхтүвшингийн гэрт байхад Х гаднаас орж ирээд толгой угаасан угаадас надруу цацаад намайг үсдэж дараад шалан дээр унагаад  үснээс зулгааж шал мөргүүлсэн. Миний шүд хөдөлсөн гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-12-р хуудас/

Гэрч Я.Ганхуягийн “...Х Мөнгөнчимэгийг үстэж дугтраад, сэгсрээд  байх үед Мөнгөнчимэг шал мөргөсөн. Тэрнээс болж Мөнгөнчимэгийн шүд хөдөлсөн ... Тухайн хэрүүл маргаан болсны дараа Мөнгөнчимэгийн амнаас бага зэрэг цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-19-р хуудас/

Гэрч Энхтүвшингийн “...Х Мөнгөнчимэгийг үстээд газар шалан дээр дөрвөн хөллүүлээд дараад унагасан ...Мөнгөнчимэг Хтай зодолдсоны дараа Мөнгөнчимэг надад хэлэхдээ Хандаад зодуулсны улмаас миний шүд хөдөлсөн. Мөн уруулын дотор талд язралт үүссэн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт “О.Мөнгөнчимэгийн биед тархины доргилт, 1 шүд унасан, дагзны хэсэгт үс халзарсан, баруун шанааны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 1 шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тус тус хамаарна. шүдний гэмтлээс бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-н 28-р хуудас/

Э.Хгийн яллагдагчаар өгсөн “...Мөнгөнчимэг манай нөхөртэй архи уугаад утасны цаанаас хэрүүл хийгээд байсан. Тухайн өдөр 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Төгөөгийн гэрт ...түмпэнд байсан угаадсыг Мөнгөнчимэгрүү цацаад, үсдээд авсан чинь сөхрөөд шалан дээр суусан. Би ар нурууны хажууд зогсож байгаад үснээс нь 3-4 удаа дугтарсан. Мөнгөнчимэгийн нөхөр гаднаас орж ирээд салгасан. Мөнгөнчимэг босч ирээд галын дэгээ бариад чичээд, миний гарлуу цохисон. Тэгэхээр нь би барьж аваад баруун талын орон дээр дараад унагахад нөхөр нь дахиад салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 36-38-р хуудас/

Шүүгдэгч Э.Хгийн хувийн байдалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 29, 41-63 дугаар хуудас/,

Э.Хгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр  хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Э.Х нь  2019 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд иргэн О.Мөнгөнчимэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч О.Мөнгөнчимэгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Хгийн хохирогчийн үснээс нь 3-4 удаа дугтарч шал мөргүүлсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Э.Хг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч О.Мөнгөнчимэгийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт “О.Мөнгөнчимэгийн биед тархины доргилт, 1 шүд унасан, дагзны хэсэгт үс халзарсан, баруун шанааны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 1 шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тус тус хамаарна.” /хавтаст хэргийн 28 дугаар хуудаст/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн  хохирогч О.Мөнгөнчимэг нь “гомдолтой гэсэн хэдий ч  нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлгийн болон прокурорын шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600  /зургаан зуун /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган /-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзанбаяр овогт Эрэнхүүгийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг 600 /зургаан зуун /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  / зургаан зуун мянган /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Мөнгөнчимэг нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Хгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Хд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ӨЛЗИЙ-ОТГОН