| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0037/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч О.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Отгонбаатарын Ад холбогдох 1929000150020 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.А нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ”Оюутолгой” ХХК-ийн хашаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-д багтдаг сэтгэцэд нөлөөт бодис болох Дельта-9 тетрагидроканнабинолыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-13 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 14 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 8 дугаар хуудас/,
Н.Өнөрбатын гэрчээр өгсөн: ”...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн ээлжинд ажиллахаар 19 цаг 45 минутын үед ээлжээ хүлээж авчихаад 51-ийн нэмэлт мастер, 500 гэрүүдэд эргүүл шалгалтаар ажиллаж байх хугацаанд тамхины цэг дээр тамхи татахаар очиход тамхины цэг дээр нэг залуу ганцаараа сууж байхаар нь хажууд нь очиж тамхи татах үед тэр залуугийн татаж байгаа тамхины цог үйрч газарт унаад утаанаас нь ургамлын гэмээр үнэр үнэртэж байсан. Би тамхиа татаж дуусчихаад оператор руу мэдээ өгөхөд “очиж шаардлага тавь” гэсний дагуу эргээд очиход нөгөө залуу сууж байхаар нь АйДи картаа шалгуулахыг шаардахад “гэртээ орхисон” гэхээр нь “та ямар алкольны зүйл хэрэглэж байгаагаа мэдэж байна уу” гэхэд “мэдэж байгаа” гээд ахтайгаа бололтой нэг хүнтэй утсаар яриад “MG-ийн мастер 500 гэрийн ойролцоо бамбайд баригдчихлаа” гээд уучлалт гуйгаад байсан. Тэгээд намайг тэвэрч аваад “чи намайг явуулах гэж байгаа юм уу, хүнд битгий хэлээч” гээд гуйсан. Тэгээд байж байхад 51 парольтой хамгаалагч ирээд тэр залуугаас “татаж байгаа зүйлээ гаргаад ир” гэсэн шаардлага тавихад куртикныхаа халааснаас гялгар ууттай зүйл гаргаж ирээд ардаа барьж байгаад задлаад асгачихсан. Тэгээд тэр залуугаас ууттай зүйлийг нь авахад асгараад жаахан үлдсэн байсан. Үүний дараа манай ахлах менежер ирээд тэр залууг аваад явсан. Би тэндээс эргэж тамхины цэг дээр очиж үзэхэд тэр залуугийн татаж байсан зүйлийн иш болох хуйлсан цаасыг олж авсан” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 994 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт” /хх-н 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Аийн яллагдагчаар өгсөн: “...Энхээ гэх хүн надад өвс байна авах уу гэж санал болгосон бөгөөд бид 2 хүмүүсээс жаахан холдсон байсан болохоор Энхээ надад жижиг ууттай ургамал халааснаасаа гаргаж өгсөн. “...байрандаа амарч байгаад ил тавьсан цүнхээ хараад карманд нь хийсэн нөгөө өвсийг санаад очиж үзэхэд ууттай зүйл байсан. тэгээд амарч байгаа юм чинь татаж үзий гэж бодоод паданы цаасанд ороож аваад хоолондоо явчихаад буцаад байрлуугаа явах замдаа мастер гэрүүдийн 25 гэсэн дугаартай гэрийн хажуугийн тамхи татах цэг дээр хүн байхгүй болохоор ганцаара нөгөө ороосон өвсөө татаж байхад эхлээд нэг хамгаалагч ирж тамхи татсан. “...нөгөө ороосон өвсөө татаж арай дуусаагүй байсан чинь нөгөө хамгаалагч залуу буцаж ирээд “өөрөө юу хэрэглэж байгаагаа мэдэж байна уу” гэж хэлсэн. “...тэгээд хамгаалагч нар картаа гаргаад ир гэхээр нь сандраад нөгөө үлдсэн өвсийг нь асгах гээд уутыг нь ураад сэгсэрхэд тэр уутанд үлдсэн жаахан өвс асгараад уутны буланд нь маш жоохон өвс үлдсэн”. Тэр үлдсэн өвсийг ууттай нь хамгаалагч нар авсан гэх мэдүүлэг /хх-н 27-28 дугаар хуудас/,
О.Аийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 30-52, 56-62 дугаар хуудас/,
О.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч О.Аийн хадгалж байсан гэх түүхий эд нь Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан НҮБ-ын конвенцийн жагсаалтын 2 дугаар жагсаалтад “delta-9-tetrahydro-каннабинол болон түүний стерохимийн хувилбарууд” гэх нэршлээр бүртгэгдсэн байх бөгөөд Монгол улс 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Конвенцод нэгдэн орох тухай Монгол улсын хуулиар тус Конвенцод нэгдэн оржээ.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний хэлтсийн химийн лабораториос ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 994 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
Шүүгдэгч О.А нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинол гэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” ХХК хүртэл тээвэрлэн, хууль бусаар хадгалж байсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-13 дугаар хуудас/,
- Гэрч Өнөрбатын: ...”Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн ээлжинд ажиллахаар 19 цаг 45 минутын үед ээлжээ хүлээж авчихаад 51-ийн нэмэлт мастер, 500 гэрүүдэд эргүүл шалгалтаар ажиллаж байх хугацаанд тамхины цэг дээр тамхи татахаар очиход тамхины цэг дээр нэг залуу ганцаараа сууж байхаар нь хажууд нь очиж тамхи татах үед тэр залуугийн татаж байгаа тамхины цог үйрч газарт унаад утаанаас нь ургамлын гэмээр үнэр үнэртэж байсан. Би тамхиа татаж дуусчихаад оператор руу мэдээ өгөхөд “очиж шаардлага тавь” гэсний дагуу эргээд очиход нөгөө залуу сууж байхаар нь АйДи картаа шалгуулахыг шаардахад “гэртээ орхисон” гэхээр нь “та ямар алкольны зүйл хэрэглэж байгаагаа мэдэж байна уу” гэхэд “мэдэж байгаа” гээд ахтайгаа бололтой нэг хүнтэй утсаар яриад “MG-ийн мастер 500 гэрийн ойролцоо бамбайд баригдчихлаа” гээд уучлалт гуйгаад байсан. Тэгээд намайг тэвэрч аваад “чи намайг явуулах гэж байгаа юм уу, хүнд битгий хэлээч” гээд гуйсан. Тэгээд байж байхад 51 парольтой хамгаалагч ирээд тэр залуугаас “татаж байгаа зүйлээ гаргаад ир” гэсэн шаардлага тавихад куртикныхаа халааснаас гялгар ууттай зүйл гаргаж ирээд ардаа барьж байгаад задлаад асгачихсан. Тэгээд тэр залуугаас ууттай зүйлийг нь авахад асгараад жаахан үлдсэн байсан. Үүний дараа манай ахлах менежер ирээд тэр залууг аваад явсан. Би тэндээс эргэж тамхины цэг дээр очиж үзэхэд тэр залуугийн татаж байсан зүйлийн иш болох хуйлсан цаасыг олж авсан” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний хэлтсийн химийн лабораториос ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 994 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд О.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Аийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч О.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн бүлэгт хамаарагдах бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, хохирол төлбөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 4 /дөрөв/-н сарын хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Аийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан өвс мэт зүйлийн гялгар ууттай жин 0,5942 грамм, шаргал өнгөтэй цаастай, жин нь 0,2986 грамм, цэвэр жин нь 0,0361 грамм түүхий эд болох ургамалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комиссд даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотгойд овогт Отгонбаатарын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Аийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч О.Ад ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар О.А нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан өвс мэт зүйлийн гялгар ууттай жин 0,5942 грамм, шаргал өнгөтэй цаастай, жин нь 0,2986 грамм, цэвэр жин нь 0,0361 грамм түүхий эд болох ургамалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комиссд даалгасугай.
6. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Ад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН