| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2019/0036/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Боорчи,
Хохирогч Б.Цэцэг-Өлзий,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч: С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дд холбогдох 1929000210031 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Номгон” хүнсний дэлгүүрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, бэлнээр 540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөг, гар утас 2 ширхгийг хулгайлж, бусдад нийт 1 440 000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цэцэг-Өлзий мэдүүлэхдээ: 2019 оны 01 дугаар сарын 19-ний өглөө би гэртээ байж байхад манай дэлгүүрийн худалдагч гэрт орж ирээд “Манай дэлгүүрт хулгай орсон байна” гэсэн тэгээд дэлгүүртээ орж очоод камераа шүүсэн. Би урьд шөнө орлогоо авж чадаагүй байсан тэгтэл камераа шүүж байх явцад камерт нэг хүн кассын араар орж 400 000 төгрөгийн орлогыг эхлээд авчхаад гараад явсан байсан, тэгээд нэлээн байж байгаад эргэж орж ирээд гар утасны лангууны арын сандал дээр суугаад лангууг онгойлгох гэж оролдоод байх шиг байсан. Шөнийн камер учир сайн харагдаагүй, тэгээд эргэж очиж касс онгойлгоод 1000-тын дэвсгэртүүдийг авж байгаа харагдсан гэв.
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 25-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21-р хуудас/,
- Хохирогч Б.Цэцэг-Өлзийд хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хх-ийн 32-р хуудас/,
- Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн №01/19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эрдэнэчулууны мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
- Шүүгдэгч С.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/,
- Шүүгдэгч С.Дын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, /2-р хавтас, 61-67-р хуудас/,
- Оргодол эрэн сурвалжилсан мэдээлэл /хх-ийн 58-60-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч С.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Номгон” хүнсний дэлгүүрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, бэлнээр 540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөг, гар утас 2 ширхгийг хулгайлж, бусдад нийт 1 440 000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Цэцэг-Өлзийн: “...2019 оны 01 сарын 19-ний өглөө намайг гэртээ байж байхад манай худалдагч Б.Оюунтуяа дэлгүүрт хулгай орж лангууны толь нь хагарсан байна гэхээр нь орж үзтэл дэлгүүрийн гадна төмөр хаалгыг түгжсэн цоожийг эвдэж дэлгүүрт ороод касснаас 01 сарын 18-ны өдрийн орлого болох 450 000 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэртүүд болон лангуун дотор зарж байсан утаснуудаас I phone 6s маркийн цагаан өнгийн нүүртэй Gold утас 1 ширхэг, Rose gold утас 1 ширхэг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн №01/19 дугаартай “...iphone 6s гар утас 1 ширхэг-450 000 төгрөг, нийт 900 000 төгрөгөөр тогтоогдсон.” гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/
Гэрч Эрдэнэчулуун: “...01 сарын 17-ны өдөр манай ээж хөдөөнөөс над руу утсаар яриад шар будаа аваад ир гэж захихаар нь дэлгүүр явах замдаа Дын гэрээр дайрсан. Д намайг хаачих гэж байгаа талаар асуухаар нь би замаараа дэлгүүр орж шар будаа авчхаад эмээгийнд очиж хононо гэхэд хамт явъя гээд надтай хамт Номгон дэлгүүрлүү ороод шар будаа асууж, Д утасны лангуунаас нь утас үзээд үнийг нь асуучхаад бид хоёр тэр дэлгүүрээс гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
Шинжлэн судалсан шүүгдэгчийн гэмт хэргийг үйлдсэн талаарх дүрс бүхий бичлэг
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар:
хохирогч Б.Цэцэг-Өлзий “хохирол төлбөр болох 1 440 000 төгрөгийг хүлээн авлаа.” гэх баримт /хх-ийн 32-р хуудас/ байх тул шүүгдэгч С.Д хохиролд 1 440 000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Дд эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэх нөхцөл байдлуудад хамаарууллаа.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн хохирлоо нөхөн төлсөн үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хариуцлагын доод хэмжээний 2-ний нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулбал зохино гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн A DATA USB 2.0 1GB гэсэн бичигтэй хар өнгийн флаш диск 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, бараан ногоон өнгөтэй, үсэгтэй малгайтай, малгай нь хоёр талдаа хар өнгийн бүчтэй, зүүн энгэр хэсэгт хар өнгийн бөөрөнхий дотор таван хошуу дүрс бүхий логотой, размер тодорхойгүй, зүүн ханцуйн гадна талд хар өнгийн цахилгаантай, хүрэн эрээн өнгийн дотортой, дотор нь зүүн суга хэсэгтээ оёдлын дагуу 19 см орчим урагдсан, гадна талдаа хөндлөн оёдолтой эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, хар өнгийн резинэн ултай, хоёр хажуу хэсэгтээ улаан NIKE гэсэн логотой улны дээд хэсэгт дотор гадна талдаа улаан өнгийн оруулгатай, хар өнгийн үдээстэй, хэлэн дээрээ улаан өнгийн логотой, улан дээрээ хар өнгийн NIKE логотой эрэгтэй хүний хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Эрдэнэчулуунд буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Сүрмаагийн Дыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн A DATA USB 2.0 1GB гэсэн бичигтэй хар өнгийн флаш диск 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, бараан ногоон өнгөтэй, үсэгтэй малгайтай, малгай нь хоёр талдаа хар өнгийн бүчтэй, зүүн энгэр хэсэгт хар өнгийн бөөрөнхий дотор таван хошуу дүрс бүхий логотой, размер тодорхойгүй, зүүн ханцуйн гадна талд хар өнгийн цахилгаантай, хүрэн эрээн өнгийн дотортой, дотор нь зүүн суга хэсэгтээ оёдлын дагуу 19 см орчим урагдсан, гадна талдаа хөндлөн оёдолтой эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, хар өнгийн резинэн ултай, хоёр хажуу хэсэгтээ улаан NIKE гэсэн логотой улны дээд хэсэгт дотор гадна талдаа улаан өнгийн оруулгатай, хар өнгийн үдээстэй, хэлэн дээрээ улаан өнгийн логотой, улан дээрээ хар өнгийн NIKE логотой эрэгтэй хүний хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Эрдэнэчулуунд буцаан олгосугай.
6. Ялтан С.Дд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА