Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/0021

 

 

Т.М-гийн гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                             Х.Батсүрэн

Танхимын тэргүүн:                          Д.Мөнхтуяа

шүүгчид:                                              Г.Банзрагч

                                                                М.Батсуурь

Илтгэгч шүүгч:                                  Д.Батбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/22 дугаар тогтоол,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШШ2022/0036 дугаар магадлалтай,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд П.Т нарыг оролцуулан гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Өмгөөлөгч Т.М нь иргэний үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулахад нь байлцсан, түүний өмнөөс бүртгэлийн газарт хүсэлт гаргаж байсныхаа эсрэг талд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн нь Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэн “сануулах” хариуцлага хүлээлгэсэн.

3.Гомдол гаргагч Т.М “... өмгөөлөгч миний гаргасан тайлбар, нотлох баримтыг огт үнэлээгүй, П.Т-ыг огт доромжилж байгаагүй, эсрэгээрээ намайг доромжилдог байсан, хэний дуу хоолой болохыг таниулаагүй атлаа хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус, нотариатчтай холбоотой маргаанд би хамааралгүй, бэлэглэлийн гэрээг би хийгээгүй, С.Х өөрөө хийсэн, П.Т-ын өмгөөлөгчөөр ажиллаж байгаагүй” гэж маргажээ.

4.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/22 дугаар тогтоолоор “Өмгөөлөгч Т.М-г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасан “сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “... өмгөөллийн гэрээ байгуулаагүй ч бэлэглэлийн гэрээ хийхэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн, уг маргааныг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн, зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан эсэхээс үл хамаарч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр өмгөөлөгч Т.М-д “сануулах” хариуцлага хүлээлгэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Гомдол гаргагч Т.М давж заалдах гомдолдоо:

6.1.П.Т миний үйлчлүүлэгч биш байтал надад хариуцлага хүлээлгэсэн нь Мэргэжлийн ёс зүйн дүрмийг илтэд зөрчлөө.

6.2.Гэрч “Т.М гэдгийг хэзээ ч харж байгаагүй” гэдгээ мэдүүлсэн байгаа.

6.3.Гэрээнүүдийг батлах явцад өмгөөлөгч би огт байгаагүй, хороо тэдний өмгөөлөгч байгаагүй гэдгийг шалган тогтоогоогүй.

6.4.Мэргэжлийн хариуцлагын хороо хянан шалгах ажиллагааг буруу явуулсан, илтэд хуулийг буруу тайлбарласан.

6.5.Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны МТ/22 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 221/ШШ2022/0036 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Анхан шатны журмаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8.Өмгөөлөгч Т.М Хавдар судлалын эмнэлэгт эмчлэгдэж байсан талийгч С.Х-гээс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төрсөн эгч С.Д болон охин Т.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхэд байлцсан”, мөн “талийгч С.Х-гээс Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийг бичиж өгсөн” нь түүний өөрийн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдсон талаар шүүх дүгнэжээ.

9.Өмгөөлөгчид Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэх, эсхүл хэрэг, маргааны эсрэг талд ашигтай аливаа үйлдэл хийх, үйлчлэх, мэдээлэл дамжуулах“ үйл ажиллагаа явуулахыг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ дүрмийн 19.3-т зааснаас бусад тохиолдолд өмгөөлөгч үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нь тухайн өмгөөлөгчид ашиг сонирхлын зөрчил бий болгохоор байвал үйлчилгээ үзүүлэх”-ийг тус тус хориглохоор заасан.

10.Өмгөөлөгч Т.М талийгч С.Х-гийн өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлэх үйл ажиллагаанд оролцсон атлаа түүнийг нас барсны дараа бэлэглэлийн гэрээний оролцогч талуудын хооронд үүссэн захиргааны болон иргэний маргаанд нэг талын ашиг сонирхлыг хамгаалж буюу иргэн С.Д-д хууль зүйн туслалцаа үзүүлж оролцсон, Тодруулбал, “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр зөвхөн С.Д-г бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус гэж үзсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэрэгт,

Т.Мядагмаагийн эцэг П.Т-ын нэхэмжлэлтэй, С.Д-д холбогдох, “2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Y-2206028613 дугаартай ... хоёр өрөө сууцыг С.Д-гаас албадан чөлөөлүүлэх тухай”,

“… үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр Т.М-г тогтоож, С.Д-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, …” шаардлага бүхий иргэний хэргүүдэд С.Д-гийн өмгөөлөгчөөр тус тус оролцсон нь Өмгөөллийн тухай хуулийн болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн дээр дурдсан заалтуудад нийцээгүй, зөрчсөн гэх үндэслэл болно.

11.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээжээ.

12.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч Т.М-д холбогдох маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т нийцүүлж шийдвэр гаргасан байх тул гомдол гаргагчийн “Мэргэжлийн хариуцлагын хороо хянан шалгах ажиллагааг буруу явуулсан, хуулийг илтэд буруу тайлбарласан“ гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

13.Шүүх магадлал гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, ... тусгана” гэж заасны дагуу Тогтоох хэсэгт маргаанд холбогдох хуулийг баримтлаагүйг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШШ2022/0036 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.” гэсний дараа “Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасныг баримтлан” гэж нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Т.М-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.БАТСҮРЭН

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Д.МӨНХТУЯА

                                   ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                       М.БАТСУУРЬ

                                                                                                       Д.БАТБААТАР